Categories
мэдээ цаг-үе

Одтой найрагч Чойсүрэнгийн Дагвадоржийнд од түгтэл уянгаар жигүүрлэсэн өдөр

Бямба гаригийн үдээс хойхно Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын хорьдугаар байрны зургадугаар давхрын нэгэн хаалганы хонхыг дарахуй нас хэдий дал гарсан ч мөнгөлөг цагаан тэргүүнтэй залуу хүн шиг шалмаг хөдөлгөөнтэй эрхэм өтгөс үүд дэлгэн гэртээ урилаа. Энэ айл болбоос Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооны “Мөнгөн цом” наадмын тэргүүн шагналт найрагч, хэл бичгийн шинжлэх ухааны доктор Чойсүрэнгийн Дагвадоржийнх болой. Олон түмнээ “буурал” хэмээн алдаршсан өвгөн багш тэртээ хориод жилийн өмнө анх танилцахад ямар байсан тэр л жавхаа золбоогоо хадгалан, цогтой сайхан үгсээр мэнд амар мэдэх нь сэтгэлд нэг л дотно. Орон байр нь үүднийхээ өрөөнөөс эхлээд жаазалсан уран зураг, хатгамал нүднээ тусаж, том өрөөний нэг талын ханыг дүүргэн үргэлжлэх номын сан цогцлоожээ. Зэрвэсхэн харвал номын санд нь орос, англи, монгол том том ботиуд ярайх нь мэддэг нэгэнд мэргэн цоохор санагдаж, хорхойсох сэтгэл төрүүлэх нь лавтай. Гэрийн эзэн бурхан тахил, эрдэм номын авшиг шингэсэн том өрөөнийхөө буйданд тухлахыг урьж байна.

Гэрийн эзэгтэй аагтай шаргал цай аягалж, тун удалгүй шар тос мэлтгэнэсэн халуун хайлмаг таваглан ирлээ. Хотгойдууд хүндэт зочиндоо шинэхэн өрмөөр хайлмаг хайлан дайлах ясны дуртай гэнэ. Хайлмагийг холио гэж нутагт нь ярьдаг аж. Мөнгөн тэргүүнт найрагч маань Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1942 онд мэндэлсэн хотгойд ястан ажээ. Хөвсгөлийн хүн амын далан хувь нь буюу 11 сум нь хотгойд ястнууд гэнэ. Дэлгэр мөрний зүүн, баруун хөвөөнд төрж өссөн хотгойдуудаас ардын билэг зүйч, дууны их найрагч Жамцын Бадраа, Монголын их түвдэч, хэл бичгийн шинжлэх ухааны доктор Лхамсүрэнгийн Хүрэлбаатар, нэрт уртын дууч Ичинхорлоогийн Цоодол, “Бодлын цагаан хун”-г зохиосон яруу найрагч Дүгэржавын Амгалан нар Дагваа багштай нэг нутаг усны хотгойдууд. Хотгойдын гэгэлгэн дуу нулимс мэлтэсхийлгэм уянгатай.

Тэр л дууны эгшигт уярч өссөн болохоор эгшиг дууны хорвоод хэлний эрхшээлт эрдэмтэн мэргэд, утгын ярууд шүтэгч уяхан найрагч, аялгууны гайхамшгийг өргөсөн тэнгэрлиг хоолойт дуучин төрдөг биз ээ гэсэн сэтгэгдэл төрж байна. Тийм ч учраас Чойсүрэнгийн Дагвадорж хэмээх эл хотгойд

“Дэлтэй цэнхэр зовно уу, яана

Дэлгэр мөрөн бооно уу, яана

Өндөр цэнхэр зовно уу, яана

Өргөн Тэс нь бооно уу, яана

Яваад л яваад л барагддаггүй

Яасан ч арвин хөндий вэ хө

Явуулын хүнээр хэлүүлсэн

Ямар ч үйлтэй сэтгэл вэ хө” гэсэн нутгийнхаа дууг цовоо цолгин хоолойгоор аялан сонсгохдоо хүүхэд ахуйн энхэр хайртай нутгаа газрын цэнхэр диваажин болгон оюун бодолдоо тунгаана уу гэлтэй яльгүйхэн бодлогошроод авав. Тэгснээ

“Зураг саарал морь нь

Зуслангаас юундаа уйдаав

Зул шиг гэрэлтэй дүү минь

Надаас юундаа уйдаав” гэж сайхан дуу байна. Манай хотгойд дуу чинь хүнийг дандаа хайрласан сэтгэлээс төрсөн дуу байдаг. Ямар сайндаа л эхнэртээ хаягдсан нэгэн эр “Миний борлог морийг

Хүлгийн дээд гээрэй

Миний сайхан ханийг

Хүний дээд гээрэй” гэж зохиож дуулах билээ дээ” гэж яриагаа үргэлжлүүлэх аж. Энэ хүний цээжинд хэдэн мянган дуу, ардын сэцэн билэг багтаж байгаа бол гэх бодол төрнө. Хүний уруул угзрах гэж ирсэн биш ардын сайхан дуунуудын тухай ярианд нь уяраад, ухаажаад гарах төлөвтэй.

Бидний яриа хотгойд дууны тэр л гэгэлгэн шинжийн тухай, хүний сэтгэлийг бөмбөрүүлэн татах увдисын тухай үргэлжилсээр. Хотгойдууд дуундаа дотоод сэтгэлээ уусган шингээж, уянгалуулан дуулдаг учраас чихэнд сонсголонтой, сэтгэлд наалдацтай байдаг талаар аргагүй л эрдмийн хүний зиндаагаар тайлбарлах нь бахархмаар. Дэлгэр мөрнөө хөвөөлөн суугч Хотгойдын гэгэлгэн дуу маш олон нугалаатай гэнэ. “Дэлтэй цэнхэр” дууг сайн дуучин бол 17 нугалаа гарган дуулдаг гэж байгаа. Тиймээс хүний баярласан, гуньсан сэтгэлийг тэр чигээр нь илэрхийлдэг онцлогтой аж. Түүний төрсөн дэнж Дэлгэр мөрөн, угаасан ус нь Дэлгэр мөрнийх, амьсгалсан агаар нь ч тэр нутгийнх болохоор Дэлгэр мөрнийхөө чулуугаар хөөрөг хийлгэчихээд, хүмүүстэй тамхилж явдаг аж. Монгол түмнийхээ сэтгэлд хэдэн зуунаар домог болсон хүн бол Манжийн хааныг эсэргүүцэн тэмцэж, есөн зоосны нүхээр цувиулж нөхчсөн Хотгойдын Чингүнжав вантан. Үр удмаараа хиартал устгагдсан энэ чин зоригтон хэдийгээр цэргийн том жанжин, гүрнийг эзэлсэн хаан байгаагүй ч Монгол Монголоороо байхын бэлгэдэл болон хүн ардынхаа сэтгэл зүрхэнд мөнхөрсөн дөө гэж буурал эрдэмтнийг өгүүлэхэд нүдэнд нь харамслын ганц дусал гялтасхийгээд шингэх шиг санагдав. Хотгойдууд хонь олонтой болохоор “Хотгойдууд хонинд дуртай. Хон хэрээ нүдэнд дуртай” гэсэн үг хүртэл гарчээ.

Дагвадорж найрагчийнд хижээл насны нэгэн эр дайлуулж суусан нь Америк орноо сурахаар одсон зээ Сэрадарынх нь хадам аав Ж.Гүрбазар гэргийтэйгээ амралтынхаа өдрөөр зээнцэр Мөрөнгоог нь өндөр өвөө, эмээ хоёрт нь зочлуулж яваа аж. Хоёрхон ойтой Мөрөнгоо ч дураараа нэгэн бололтой. “Халуун савтай цай татчих вий. Халуун холионд амаа түлчих вий” гэсэн эмээ өвөө нараа үргэлжид хөөрхөн дэглээстэй. Сэтгэл дэгэлзүүлж догдлуулах үр ачтай байна гэдэг айл гэрийн баяр баясгалан гэлтэй. Өндөр өвөө нь хэвлэлээс саяхан гараад буй “Монгол голомт минь” номоо дэлгэн барих зуур зээнцэр охиндоо зориулсан “Мөрөнгоо” шүлгээсээ унших нь уянгатай. Тэрээр удмын улаачдаа

“Угаасан усаа ширтэнхэн суутал маань

Угтаад мишээсэн юм аа, Мөрөнгоо

Урсгал торгон жирэлзээн дундаас

Уяруулах эгшиг сонсогдсон юм аа, Мөрөнгоо

Мөрөнгоо, мөрөөдлийн минь оргил

Мөрөнгоо, Мөлхөж босох охин үр минь

Зүгээр чиг нэг өгсөн нэр биш шүү, Мөрөнгоо

Зүрхний дуудлага шингэсэн юм шүү, Мөрөнгоо

Зүйлийн хорвоод зүйтэй яваарай, Мөрөнгоо

Зөвшиж, бас өршөөж яваарай Мөрөнгоо

Дээдсийн чинь аршаалсан ус Дэлгэр мөрөн шүү, Мөрөнгоо

Дэвтэрлэн нандигнах удам чинь хотгойд яс шүү, Мөрөнгоо

Дээшилж мандлаа ч, доошилж гундлаа ч

Дэлгэр мөрөн ээжээ дуудаад өндийнө шүү, Мөрөнгоо” гэж аялгуулан уншихад цовоо сэргэлэн бяцхан охин үр нь цолмон нүдээ гялалзуулан сонсож инээмсэглэх нь өхөөрдмөөр.

Буурал найрагч тоодон бяцхан охиндоо зориулсан сургаал шүлгээ уншиж ахуйдаа хурга тугал хариулсан Ямаат уулынхаа энгэрт гүйж яваа тоодон бяцхан насандаа зочилж очив уу гэлтэй бодлогошролын гэгээ цацруулж сууна. Ч.Дагвадорж гуай гэргий Б.Чулуунтайгаа алдрай жаахан арван найман наснаасаа ижилдэн дасаж, өдгөө тавь гаруй жил ханилан амьдарчээ. Хань нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул хотгойд бүсгүй, таван сайхан хүүхдийг нь төрүүлж, хорь гаруй ач зээгийн өвөө эмээ болон аж төрж байна. Хөдөлмөр технологийн багш мэргэжилтэй гэргий нь намын ажил хийж, сэтгүүлч мэргэжлээр ч ажиллаж байж. Дагваа багш “Далийн цэцэг” анхны номдоо оруулсан “Дөлгөөн Дэлгэр мөрөн” шүлгээ ханьдаа зориулан идэр насандаа бичсэнээ дурдав.

“Дөлгөөн Дэлгэр мөрөн минь

Торгоны хээ шиг артай

Дөлгөөхөн ханьтайгаа учирсан

Энэхэн хорвоод жаргалтай” гэж уншихад хань нь “Бид хоёр ч одоо өвөл хавартаа Америк, Солонгост амраад, зун нь Хөвсгөл, Дэлгэр мөрөндөө очиж тарайгаад нүүдэлчин монгол гэдгийг амьдралаараа жинхэнэ баталж явна” гэж жаргалтайхнаар инээмсэглэж сууна. Мянга есөн зуун жаран нэгэн онд аавыгаа оюутан болох жил төрсөн ууган охин Цэцэнчимэг нь монгол үндэсний хувцасны уран оёдолчин мэргэжилтэй бөгөөд аав ээждээ ойр Монголдоо байдаг ганц үр нь гэж байгаа. Биднийг очих өдөр ч эл охин нь хоол унд бэлдэлцэн аав ээждээ туслахаар хүрэлцэн ирсэн байв. Удаахь хүү Энхбаяр Монголын тэшүүрийн холбооны ахлах дасгалжуулагч спортын мастер хүн юм. Тамирчдаа олон улсын тэмцээн уралдаанд бэлдээд огтхон ч зав зайгүй явдаг нэгэн. Эрхүү хотод химийн инженер технологич мэргэжил эзэмшсэн Туяа охин АНУ-д мэргэжлээрээ ажиллаж амьдарч байгаа аж. Түүний удаахь Цэцэнтуяа охин зураач мэргэжилтэй юм байна. Харин отгон хүү Энхбаатар нь Цагдаагийн академийг дүүргэж, Өмнөд Солонгосыг зорьсоор арваад жилийн нүүр үзжээ. Ач зээ нар нь бүгд л гадаадад аж төрдөг гэнэ. Тухайлбал, зээ хүү бизнесийн удирдлагын инженер Батчулууны Баярбаатар, эм зүйч Б.Ерөөлт, эдийн засагч Б.Баттүвшин нар нь Америк тивд аж төрж буй бол загвар өмсөгч Энхбаярын Түмэнжаргал Канад улсад амьдарч байгаа аж. Мөн зээ улс төр судлаач Балжийн Жамц, компьютерийн техник хангамжийн инженер Б.Содномдаржаа, утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй Ц.Сэрэдара нар АНУ-д ажиллаж сурч байгаа бол ач Энхбаатарын Чингүлэн нь БНСУ-ын Сонгнамын их сургууль дүүргэжээ. Генетикийн биологич Э.Дарасүрэн Солонгост ажиллаж байна. Тиймээс ч хоёр хөгшин Солонгос оронд очиж сайхан амарч байгаад Америк тив рүү тааваараа аялдаг заншилтай болсоор арав гаруй жилийн нүүр үзжээ.

Гэрийн эзний хувьд МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг 1966 онд төгсөж, “Монголын уран зохиол дахь ажилчин ангийн дүрийн хөгжил” сэдвээр хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн хүн. Уран бүтээлээ 1966 оноос эхэлж “Цэргийн албаны гоо зүй”, “Утга зохиолын шүүмжлэлийн тухай” зэрэг ганц сэдэвт зохиол, “Номоос төрсөн бодол”, “Зохиолч, цаг үе, уран бүтээл” шүүмжлэлийн түүврүүд, “Монголын нэвтэрхий толь”, “Дэлхийн уран зохиолын бага хураангуй толь”-д зохиогчоор оролцож, 1988 оноос яруу найраг бичиж “Далийн цэцэг”, “Далайн цэнхэр салхи”, “Ээж минь дээ”, “Атга шороо”, “Сэтгэлийн амраг”, “Нугас алаг нүд”, “Сэтгэлийн эгшиглэн”, “Хотгойд аялгуу”, “Богд нь уулын сүндэл” номуудаа хэвлүүлжээ. Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооны “Мөнгөн цом” шагналыг 2008 онд “Алаг тавилан” номоороо авсан авьяастай, онгодтой найрагч бол Чойсүрэнгийн Дагвадорж. Утга зохиолын шүүмжлэгчдийн олон улсын холбооны гишүүн гэж байгаа. Их сургуульд зохиолч Чинагийн Галсан, Говь-Алтай аймгийн Бугат сумын даргаар олон жил ажилласан хөдөлмөрийн баатар О.Ядамхүү нартай нэг ангид суралцсан. Ч.Галсан нь нэгдүгээр курсээ төгсүүт Герман улсад сургуульд сурахаар оджээ. Ч.Дагвадорж сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Хатгал сумын найман жилийн сургуульд хичээлийн эрхлэгчээр найман сар ажиллаад, аймгийнхаа “Эрх чөлөө” сонинд утга зохиолын ажилтан-захидал харилцааны эрхлэгчээр дэвшин ажиллаж байгаад их номч Чой.Лувсанжав багшийнхаа англи-монгол толь бичгийн туслах ажилтнаар татагдан Улаанбаатар хотын айл болон шилжиж ирсэн түүхтэй.

Түүнээс хойш “Ардын арми” сэтгүүлийн эрхлэгчийн алба хашиж, дэд эрдэмтний зэрэг хамгаалан, “Монголын нэвтэрхий толь”-ийн секторын эрхлэгч, ерөнхий редактороор томилогдсоноос хойш хорин найман жилийн дараа Монгол Улс нэвтэрхий тольтой болжээ. Эл тольд Монголын сор болсон 435 эрдэмтний хөдөлмөр бүтээл шингэсэн гэхээр ямархан ланжгар бүтээл болох нь ойлгогдоно. Ер аливаа соёлт улсын тусгаар тогтнолын нэгээхэн бэлгэдэл нь үндэсний театр, их сургууль, нэвтэрхий тольтой эсэхээр хэмжигддэг хэмээвээс Монгол Улсаа тэр нэвтэрхий тольтой болгох гэж олон жилийн нөр хөдөлмөрөө зарцуулжээ. Франц улсад анх нэвтэрхий толь нь хэвлэгдэхэд төрийн хүндэт харуул жагсаж байсан бол Японд бүтэн арав хоног улс орон даяар албан ёсны амралт зарлаж байсан гэдэг. Түүний үс цэл залуугаасаа цал буурал болсон нь чухамдаа энэ их нөр ажилтай ч холбоотой байж мэдэх юм. Нэвтэрхий толио бахархан үзүүлэх зуур элбэг баян эрдэнийн далай болсон номын сантай нь танилцав. Зургаан мянган номтой баялаг сайхан эрдмийн сан аж. Ном нь гэртээ багтахаа байгаад тагтан дээрээ бас номын сан хийж тавьжээ. Ер нь эрдэмтэн найрагч маань номоо цөөлж “Гурван-Эрдэнэ”, С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургууль, Хөвсгөл аймаг болон Арбулаг сумынхаа номын сангуудад бэлэглэж номын цагаан буян үйлджээ. Дагваа багшийн хойморт байгаа яруу найргийн охин тэнгэр Янжинлхамаас адис авч, айл гэрт аз жаргал бэлэглэгч амгалан тайвны бэлгэдэл заануудын цуглуулгыг үзсээр цаг нэлээд оройтсоныг анзаарахад бидний яриа дөнгөж эхэлж буй мэт санагдах нь хачин.

Найрагчийн зохиосон “Ээж минь дээ” дууг найман настай балчраас эхлээд наян настай буурлууд хүртэл аялах дуртай. Наяад оны сүүлээр олонд түгсэн энэ дууны шүлгийг бичсэн даруй ая зохиогч, дуучин С.Цэрэнчимэд агсан аялгуу зохиосноор түмний хайртай дуу болон түгжээ. Энэ тухай тэрээр “ Ээж минь дөчин тавхан насалсан хүн. Манайх жаахан ядмагдуу амьдралтай айл байсан ч уяан дээр морьд багширч, олон бужигнасан айл байлаа. Ээж маань тийм олонтой хүн байж. 1965 онд миний ээж насан өөд болсон юм. Түүнээс хойш 1988 оны сүүл хүртэл ээждээ зориулан нэг шүлэг бичих юмсан гэж хорь гаруй жил бодоод л явсан. 1989 оны дөрөвдүгээр сарын 18-ны өглөө ажил дээрээ ирээд ширээнийхээ ард суусан чинь гэнэтхэн шүлэг бичмээр санагдаад. Тэгээд л

“Газар холоос санахад

Гаднаа бүртийж харагдах юм

Галуу шувуу ганганахаар

Таныгаа дуудмаар, дуулмаар болох юмаа

Тун чиг холоос санахад

Тоосон дундаас торолзох юм

Тогоруу шувуу буцахаар

Таныгаа дуудмаар, дуулмаар болох юмаа

Нутаг холоос санахад

Нулимсан дунд минь бүрэлзэх юм

Нуурын шувууд ганганахаар

Таныгаа дуудмаар, дуулмаар болох юмаа” гэсэн мөрүүд, өөрөөр хэлбэл, дууны маань дахилтууд эхэлж санаанд орж ирээд, дараа нь

“Будантай юу буурал хорвоод нь

Бүүвэйлж өсгөсөн ээж минь дээ хө

Буруу юу, зөв хоёрыг минь

Ухааруулж өсгөсөн ээж минь дээ хө” гээд л үндсэн бадгууд ороод ирсэн.

“Ээж минь дээ” дууны шүлгийг ингэж зохиосон юм. Тэр үед манай авьяастай сайхан дуучин, ая зохиогч Самдангийн Цэрэнчимид агсан Зохиолчдын хорооны “Үлгэрийн танхим”-д дуучин байлаа. С.Цэрэнчимид надаас шүлгийг аваад, ээждээ зориулж ая хийгээд энэ дуу төрсөн түүхтэй. “Ээж минь дээ” дуу намайг дууны яруу найрагт хөтөлсөн. Утга зохиол шүүмжлэгч, судлаач хүн атлаа яагаад дууны яруу найраг руу орсон бэ гэхээр би ерөөсөө багадаа хотгойд дууны аялгуунд өссөн хүн. Ийм дууг би их багадаа дуулж, дуулсан ах, эгч нарыг сонсч өссөн. Тийм болохоор ер нь үүн шиг л ганц дуу зохиохсон гэж бодсон юм. Яахав “Ээж минь дээ” дуу бол Ази, Европт дуулагддаг л юм. Америкт ч бас дуулж байгаа хүнийг сонссон. Дундад улсад бол бүр дүрстэй, хятад хэлээр орчуулж дуулдаг. Ер нь дэлхийн монгол туургатан бараг бүгдээрээ “Ээж минь дээ” дууг дуулсан. 2000 онд БНХАУ-ын баруун хойт үндэстний дээд сургуулийн тэнд айлд байж байхад түвдээр орчуулаад дуулж байна гэсэн мэдээ ирж байсан. Тэгээд бодохоор “Ээж минь дээ” дууг ямар ч байсан тэрбум хүн дуулжээ. Намайг сургуульд явахад ээж минь “Миний хүү олны дунд эвтэй яваарай” гэж захьсан. Хүн ээжийнхээ хайрыг хэзээ хойно их мэдэрдэг. Дэргэд байхад нь түшиг тулгуур, хайр энэрлийг нь ухааралгүй гомдоочихдог хэрнээ хорвоогоос явсан хойно нь үгүйлэн дурсдаг шиг санагддаг” гэж гунигтайхан өгүүлсэн юм.

Тэрээр бас оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” наадамд “Атлантын далайн хөвөөнд ээжийгээ их саналаа” шүлгээ уншиж айргийн тавд орж байснаа дурдлаа. Хайрт ээждээ зориулж Арбулагийнхаа Ямаат уулын энгэр дэх өвөлжөөний ханан хаднаа уртаашаа есөн метр, өндрөөшөө арван метр эзлүүлэн “Ээж минь дээ” дууныхаа шүлгийг, аялгууны дүрстэй нь хамт сийлэн, ээжийнхээ хөргийг бүтээн шүншиглэснээ ярихдаа хоолойдоо бөн бөн гунигтай, хоёр нүдэндээ цэн цэн нулимстай уярч суувай. “Будантай юу буурал хорвоо”-д буянт ээжээ дээдэлсэн буурал найрагчийнхаас гарахын цагт одод тэнгэрт түгж, олон түмэн гэр гэрийн зүг яаран алхацгаах нь хүмүүний аж төрлийн нэгэн өдөр өнгөрөн одсоныг илтгэнэ.

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *