Categories
мэдээ цаг-үе

“Одод түгсэн шөнө”

Нидерландын алдарт зураач Винсент Ван Гогийн “Одод түгсэн шөнө” зураг нь дэлхийн шилдэг 33 бүтээлд багтдаг. Өдгөө Нью-Йоркийн Орчин үеийн уран зургийн музейд тавигдсан байдаг билээ. Ван Гог энэ бүтээлээ 1889 онд зурсан. Тухайн үед нэрд гараагүй, хэн ч мэддэггүй зураач Сен-Реми хотын нэгэн эмнэлэгт эмчлүүлж байхдаа энэ бүтээлээ туурвижээ. Урлаг судлаачид түүнийг Ван Гогийн сор болсон бүтээлүүдийн нэг гэдэг.

“Одод түгсэн шөнө”-ийг алдарт зураач эмчилгээ хийлгэж байхдаа зурсныг дахин дурдъя. Сэтгэл санаа нь тогтворгүй болж, үе үе ухаан алдаж, ааш зан нь нэлээд хувирсан байжээ. Нэрт зураачид эмчилгээ хийлгэж байхдаа зураг зурахыг эмч нар хориглосон гэдэг. Бие нь сайжирсан нөхцөлд уран бүтээлээ туурви хэмээн анхааруулж байжээ.

Ван Гог тэр үед итгэж, биширч явсан Христосын шашнаасаа татгалзсан байлаа. Залуудаа шашны номлогч болж, ядарч зүдэрсэн хүмүүст тусална хэмээн боддог байсан тэрээр ийнхүү огт өөр шийдвэр гаргасан байна. Шашнаас татгалзсныхаа дараахан бичсэн нэгэн захидалдаа “Надад шашин ихэд дутагдаж байна гэж хэлэхийг өөртөө зөвшөөрлөө. Яагаад гэхээр би шөнө гадаа гарч оддыг зурж эхэлсэн” гэжээ. Энэ бүтээлээ шөнийн тэнгэрийг харж байгаад бус сэтгэл санаанд нь хадгалагдан үлдсэн дурсамжаараа туурвисан гэдэг. Урлаг судлаачид “Одод түгсэн шөнө”-ийг нэрт зураачийн “Арвайн тал дахь хэрээнүүд” бүтээлтэй холбон тайлбарладаг. Эдгээр нь Ван Гогийн бүтээлийн онцлогийг хамгийн тод илэрхийлсэн зургууд.

Ер нь бол сарны туяанд гэрэлтэн харагдаж буй зүйлсийг дүрслэх нь Голландын уран зургийн нэгэн уламжлалт онцлог юм. Энэ бүтээлийг ойроос бус зайнаас анхааралтайгаар ажиглахад ер бусын гайхамшиг нь юундаа байгаа нь мэдрэгддэг аж. Түүнийг зурсан арга барил, техник зэргээр нь Ван Гогийн бүтээл болох нь шууд танигддаг. Өөр ямар ч зураачтай андуурахын аргагүй гэнэ.

Тэнгэр, одод, сарыг нэгэн хэмнэлээр дүрсэлсэн энэ бүтээлийг сэтгэлийн хөдлөлөөр бус нэлээд тунгааж бодсоны эцэст зурсан болохыг гэрчилнэ хэмээн судлаачид үздэг. “Одод түгсэн шөнө”-ийн амин сүнс нь алсад харагдах уулан дээгүүр, тэнгэрт түгсэн алтан шаргал өнгөтэй одод болон сар юм. Одод, сар хоёр нь хамгийн түрүүн үзэгчийн нүдэнд тусна. Харин уулын бэлд орших тосгон бараг анзаарагдахгүй. Үүгээрээ байгаль дэлхий юунаас ч илүү хүчирхэг гэдгийг нэрт уран бүтээлч харуулахыг хичээжээ.

Оддыг бөөрөнхий хэлбэртэйгээр дүрсэлж, тэдний эргэн тойронд салхи шиг юм хуйлран эргэлдэж байгаа нь тэнгэрийн заадас, сансар, огторгуй мөнхийн хөдөлгөөнд байгааг харуулсан байна. Цэнхэр өнгөөр дэвсгэр хийсэн нь бүх юм тайван тогтуун, ертөнцийн жамын дагуу амьдрал үргэлжилсээр байгааг илтгэсэн. Ван Гог энэ бүтээлдээ арваннэгэн одыг томоор зурж хажууд нь хавирган хэлбэртэй сарыг дүрсэлсэн байгааг та бид харна. Үүгээр Библид гардаг Христосын 12 үнэнч шавийг төлөөлүүлсэн хэмээн урлаг судлаачид тайлбарласан байдаг. Оддыг ер бусын томоор зурсан нь үүнтэй холбоотой. Тэдгээрийг шар өнгийн дугуй дотор байгаагаар зурсан нь мөнхийн хөдөлгөөнд байгаагийн илэрхийлэл болжээ.

Энэ зургийн бас нэгэн гайхамшиг нь эрс тэс өнгүүдийг хэрэглэсэн явдал. Гүн цэнхэр, алтан шар, ногоон, саарал өнгүүдийг гайхамшигтайгаар хослуулснаар Ван Гог өөрийн авьяас чадвараа харуулжээ. Зургийн урд хэсэгт дүрсэлсэн модыг санагдуулахуйц ургамал нь нэг талаас эрс тэс өнгөний хоршлыг илтгэж, нөгөө талаас тэнгэр, одод, хотын харьцааг тэнцвэржүүлж өгчээ. Мөн энэ мод, газар, тэнгэр зэрэг нь хоорондоо холбоотой гэдгийг илэрхийлсэн. Ван Гогийн хувьд мод маш чухал байсан гэдэг. Дээшээ тэмүүлэн ургаж буй нь нэг л мэдэхэд газраас салахын дохио аж.

Уулын бэлд орших тосгоны байшингийн цонхыг харагдахуйц тодоор дүрсэлснээр зураач сэтгэлийнхээ бас нэгэн гунигийг илэрхийлсэн гэдэг. Хүүхэд ахуй насандаа амьдарч байсан гэрээ санагалзжээ. Сүмийн оройг бусад байшингуудаас онцгойлон тэнгэр өөд шовойлгон зурснаар нэг хэсэг өөрийгөө шашинд зориулах хүсэлтэй байснаа илэрхийлсэн байна.

Зургийн баруун захад хэсэгхэн газар хар өнгийг хэрэглэсэн нь өөрөө нийгмээс тусгаарлагдсан байдлаа харуулсан хэмээн судлаачид үздэг. Харин тэнгэрт буй оддыг тойрсон зураасууд бүгдээрээ доошоо бөхийж буй мэтээр дүрсэлсэн нь эмнэлгээс гарах хүсэл эрмэлзэл дүүрэн байсантай холбоотой аж. Сэтгэл санааны хувьд тун гундуу байсан тул “Одод түгсэн шөнө” бүтээлд шөнийг дүрсэлсэн аж. Ийнхүү нэрт зураач Ван Гог уг бүтээлээрээ өөрийн сэтгэл санааны байдлаа илэрхийлж, амьдарч буй ертөнцийн талаар сэтгэлд нь хоногшин үлдсэн дүр зургийг буулгажээ. Хэдийгээр энэ бүтээл нь энгийн мэт санагдах боловч нэрт зураач түгээрээ дамжуулан ертөнцийг үзэх үзлээ илэрхийлсэн гэдэг. Судлаачид энэ бүтээлийн талаар ярихдаа Ван Гогийн голланд гаралтайг үргэлж дурддаг аж.

Ер нь Ван Гог нэг бус удаа тэнгэрийг дүрсэлсэн бүтээл туурвисан бөгөөд тэдний нэг нь “Ронын шөнийн тэнгэр” нэртэй зураг.

Дашрамд дурдахад түүний энэ бүтээлийг олон зураач хуулбарлан зурсныг хүмүүс гэртээ тавьсан байдаг. Ер нь зураачдаас Ван Гог шиг тэнгэрийг ийнхүү ер бусынаар дүрсэлсэн бүтээл байхгүй гэж болно. Алдарт зураач маань 1888 онд “Оддыг хараад би үргэлж мөрөөдөлд автдаг. Тэнгэрт буй тод цэгүүдэд яагаад бид Францын газрын зураг дээр байдаг хар цэгүүд дээр очдог шиг хүрч чаддаггүй юм бол” хэмээн бичсэн байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *