Categories
мэдээ цаг-үе

О.Ундраа: Өвлийн өвгөнөөс хэзээ ч бэлэг авч байгаагүй, гэртээ гацуур мод засаж үзээгүй хүүхэд олон байна

“Лантуун дохио” ТББ-ын сайн дурын залуус шинэ жилийн өмнө 7000 орчим бэлгийг гэр хорооллын 1000 гаруй айл өрхөөр явж тараажээ. Ингэж явахад иргэдийн амьдрал ахуй улам дордож, хүчирхийлэлд өртөж, хоол унд, гал хөсгүй өдөр хоногийг аргацааж буй олон хүүхэдтэй таарсан тухай залуус хэлсэн юм. Энэ талаар “Ид шидийн орон-2” төслийн ерөнхий менежер О.Ундраатай ярилцлаа.


-Танай сайн дурын залуус хэд дэх жилдээ гэр хорооллоор явж сайн үйлс хийж байна вэ. Энэ жилийн тухайд хэд хоног явж бэлэг тараасан бэ?

-“Ид шидийн уут” аяныг тав дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жил бид 7000 орчим уут бэлэг тараасан. Зарим хүн зөвхөн бэлэг тараагаад яваад байгаа мэтээр ойлгодог. Тэгвэл тийм биш. Гол зорилго нь бэлэг тараахаас өөр юм. Айлуудаар явж бэлэг тараах залуусыг нэг сарын өмнөөс сургалтад хамруулдаг. Хүн харахад өвлийн өвгөн, цасан охин айлуудаар яваад бэлэг тарааж байгаа боловч бидний хувьд тухайн айлд ороод хэн гэж хүүхэд, хаана, ямар нөхцөлд амьдарч байна, хүчирхийлэлд өртөх магадлалтай нөхцөл байна уу, тусалж дэмжих боломжтой хүүхдүүд хаана байна гэх зэргээр судалж явдаг. Өвлийн өвгөн, цасан охин юу гэж асуух, тандагч ороод юу мэдэх ёстой гэх зэргээр тус тусын үүрэгтэй. Ингээд бид айлуудынхаа мэдээллийг нэгтгээд дата бааз үүсгэдэг.

Нөгөө талаас уг ажилд маш олон хүний сэтгэл цуглардаг. Манай байгууллага 200 гаруй сайн дурын ажилтантай. Тэд маань хонон өнжин сууж ид шидийн уутыг өөрсдөө оёдог. Мөн хүүхдүүд маань бэлэг бүрт сэтгэлийн үгтэй захиа бичдэг. Дээрээс нь маш олон үндэсний үйлдвэрлэгч компаниуд, гадаад дотоодод амьдарч байгаа гэр бүл, сайн санаат хүмүүс сэтгэлийн бэлэг бэлдэж өгдөг. Бид хүүхдүүдийг дулаахан, эрүүл байлгах талаас нь дэмжсэн бэлэг байвал зүгээр гэж уриалдаг юм. Ингэхэд хүмүүс сэтгэл дэвсэж бэлэг бэлдэж байна. Гэр хороололд усанд явдаг хүүхэд маш олон байдаг тул халтирдаггүй ултай гутал бэлэглэж байх жишээтэй. Мөн ороолт, бээлий, дотуур хувцаснууд гээд маш олон төрлийн бэлэг өгдөг. Мөн үйлдвэрлэгчид маань сүү, ундаа, витамин гэх зэргээр бэлэг өгч байна. “Маамуу” брэнд гэхэд 10000 жүүс, сүү өглөө. Маш олон компанийн дэмжлэг байгаа учир тэр болгоныг дурдаж чадахгүй нь ээ. Бид Улаанбаатар хотын бүх дүүрэг, ойрхон байгаа сумдаар бэлэг тарааж явлаа. 16-18 баг дөрөв хоногийн турш өглөөнөөс орой болтол явсан.

-Ингэж бэлэг тарааж явахад эмзэглэмээр зүйл олон байсан уу?

-Хотын хамгийн захын дүүрэг, бүртгэлгүй, гуу жалга, уулын орой дээр байдаг айлуудаар хүүхдүүдийг эрж хайж очдог. Мэдээж дандаа хүнд хэцүү айлууд дайралдахгүй. Сайхан ажиллаж хөдөлмөрлөөд, үр хүүхдээ чадлынхаа хэрээр аваад явж байгаа айл өрх олон байна. Жилээс жилд очих тусам дэвжиж байгаа айлууд ч олон бий. Манай хүүхдүүд олон жил яваад ирэхээр зарим айлаа мэддэг болчихдог. Гэхдээ эмгэнэлтэй зүйл гэвэл амьдрал улам л дордоод байна. Хоёр жилийн өмнө очиход аав нь ажилтай, ээж нь хүүхдээ хардаг байсан бол энэ жил ороход аав нь ажилгүй болчихсон, хүчирхийллийн хэлбэрүүд гараад ирчихсэн байх жишээтэй. Иймэрхүү тохиолдол нэлээн байна. Гол эмзэглэл энэ л байна даа.

-Танай сайн дурын ажилтнуудтай ярилцаж байхад хүйтэн гэртээ хоол идэлгүй хэд хоносон бол гэмээр хүүхдүүдтэй таарч байсан тухай хэлсэн. Улам л дордоод байна уу даа?

-Ер нь нийт массаар нь дүгнэвэл архинд орох, ажилгүй болох, амьдрал нь дордох үндсэн үзүүлэлтүүд нийт дүнгээрээ нэмэгдсэн байна. Өчигдөр л (энэ сарын 24-нд) манай аян дууслаа. Нарийн тоо баримт нэгтгэгдээгүй байна. Гэхдээ хүүхдүүд маань айлуудаар өдөр бүр яваад орой нь бүгд тойрч суугаад ямар байсан тухай ярьцгаадаг. Ингэхэд хүн бүрийн ярианаас дээрх дүр зураг харагдаж байгаа юм. Монголчууд бид Улаанбаатар хотод хааш хаашаа 10-15 км радиуст гэрэл гэгээ, гоё амьдрал яриад л байна. Тэрнээс цаашаа хардаггүй. Гэтэл захын бүсүүдээр үнэхээр хүнд байна. Айлуудаар бэлэг тараасан хүүхдүүд маань зарим айлыг галтай байгаад, тухайн орой хоол хийх үмх махтай байгаад нь баярлаад гарч ирж байна. Би ч бас айлуудаар явсан. Аав нь хэвтэрт байдаг. Ээж нь ганцаараа ажилладаг 10 хүүхэдтэй айлаар орлоо. Ганцаараа боловч зүтгээд л байгаа айл байсан. Бид бэлгээ өгч гарч ирчихээд буцаж очоод тэр айлд гацуур мод засаж өгсөн юм. Гацуур модоо засаад дуусч байтал хүүхдүүд “Хүмүүс гараад явахаар барьж үзнэ ээ” гээд ярьж байсан. Хэзээ ч өвлийн өвгөнөөс бэлэг авч байгаагүй, гацуур мод гэртээ засаж үзээгүй ийм хүүхдүүд олон байна. “Ид шидийн уут” аяны гэрэлтэй ганц зүйл нь хүүхдийн нүд. Бусад нь бүгд харанхуй байна. Галгүй, хоолгүй, ажилгүй, архины хамааралтай, энэ бүхнийг дагаад хүчирхийлэл үүсч байна. Энэ орчин нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийг харахаар зүрх шимширмээр шүү дээ.

-Мэдээж та бүхэн тусламж шаардлагатай хүүхэд бүрт туслах боломжгүй байх. Хүн хүч, хөрөнгө мөнгөнөөс эхлээд олон зүйл шаардлагатай. Гэхдээ зайлшгүй тусламж шаардлагатай хүүхдүүдэд хэрхэн тусалж байна вэ?

-Бидний хувьд 7000 бэлэг тарааж 1000 гаруй айлаар орж байна. Ингэснээр бид хаашаа чиглэж, хэнд зориулж үйл ажиллагаагаа явуулах юм бэ гэсэн үндсэн мэдээлэл олоод авчихаж байгаа юм. Нөгөө талаас бид буцаж эргэж очихын тулд энэ бүх судалгааг хийж байгаа. Энэ жил хүүхдүүд хүчирхийлэлд өртсөн, биед нь гэмтэл учирсан, зайлшгүй хамгаалах шаардлагатай хэд хэдэн айлуудыг олж илрүүлсэн. Холбогдох газруудад нь хэлээд хүүхдийг хамгаалалтад авах чиглэлээр холбон зуучлаад ажиллаж байна. Мөн шаардлагатай бол өөрийнхөө хамгаалах байранд авах хүртэл арга хэмжээ авч байгаа. Энэ бол хүнд хэлбэрүүд нь юм. Нөгөө талаас, ганц хоёр удаа дэмжлэг үзүүлэх, эсвэл хүүхдүүдийг нь сургалтад хамруулах зэрэг ажлууд байнга хийгддэг. Айлуудаар явж ирчихээд хүн болгон эмзэглэлтэй, нүдэндээ нулимстай байдаг. Хүүхдүүд маань айл руу орж бэлгээ өгчихөөд гарч ирээд машин дотор уйлаад суучихдаг. Тэгээд яаж туслах уу гээд явдаг. Энэ айлын хүүхэд өвчтэй, эмнэлгийн тусламж хэрэгтэй. Энэ айл амбаарт амьдарч байна, гэртэй болгоё гэх мэтээр шийдээд явсан жишээнүүд олон бий. Энэ бол бага тусламж л даа. Гол нь итгэл найдваргүй, харанхуйд байгаа хүүхдүүдэд “Ид шидийн орон” шиг хөгжлийн төвүүд хэрэгтэй байна. Хүн чинь сайн сайхан юм харж байж сайн сайхан руу тэмүүлнэ. Тэгэхээр гэртээ галгүй, хоолгүй, хөнжил дотроосоо босч чадахгүй байгаа хүүхдүүдийг бид хөгжлийн хөтөлбөрүүдэд хамруулж, энэ төвүүдэд авчирч ертөнцтэй танилцуулж, шаардлагатай бол бүх төрлийн сургалтад хамруулж ирээдүйг нь гэрэлтүүлмээр байна. Миний хувийн бодол шүү, гэртээ архи уугаад амьдралаа сүйтгээд сууж байгаа аавтай бид тэмцээд яах билээ. Харин түүний оронд гэрт нь байгаа гурван хүүхдийг ирээдүй рүү нь хөтлөхөд замч хиймээр байна. Ид шидийн орон маань энэ бүхний шийдэл болчихоод байгаа юм. Ялангуяа, “Ид шидийн орон-2” баригдсан Улиастай, Шар хад, Амгалан хэсэг бол өнгөрсөн жилүүдийн судалгаагаар хүүхэд хамгаалал нэн шаардлагатай, хүчирхийлэл өндөр, ядуурал ихтэй зэргээр толгой цохидог. Тэгэхээр энд хөгжлийн төв барьснаар хүүхдүүдийг хамруулж, гэрэл гэгээ рүү аваачихаар зорьж байна.

-“Ид шидийн орон-2” хэзээ бүрэн ашиглалтад орох вэ?

-Та анзаарсан байх. Ерөнхийдөө тохижилт, будагны ажлаас бусад нь хийгдчихсэн. Он гараад нэг сард энэ бүх ажил дуусна. Хоёрт, хүний нөөцийн бүрдүүлэлт чухал байна. Хамгаалах болон хөгжлийн гэсэн хоёр хөтөлбөртэй. Хамгаалах хөтөлбөр дээр хүүхэд хөгжлийн нэг цэгийн үйлчилгээ, сэтгэл засал, олж илрүүлэх, холбон зуучлах үйлчилгээнүүдэд нарийн мэргэжлийн чадварлаг хүмүүс хэрэгтэй болно. Үүнтэй зэрэгцээд суурь судалгааны ажил болон хөтөлбөрүүд байгаа. Бид мэддэг чаддаг хүмүүстэй нь хамтраад цогц хөтөлбөр гаргаад ажиллая гэж байгаа юм. Ингэхлээр дөрөвдүгээр сарын 1 гэхэд цэцэрлэг маань хүүхдээ авчихсан, хөгжлийн хөтөлбөр маань эцсийн байдлаар батлагдчихсан байна.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *