Болгарын Софи хотноо алдарт бөх Дан Колов болон Никола Петровын нэрэмжит 53 дахь удаагийн чөлөөт бөхийн тэмцээн болж байгаа юм.
Тус тэмцээний эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61, 74 кг, хоёр дахь өдөр 57, 86, 125 кг-ын жингүүдийн барилдаан болжээ. 86 кг-ын жинд 15 бөх барилдсанаас ”Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн Словакийн бөх Михаил Боднерийг ялж хүрэл медаль авчээ.
Мөн 57 кг-ын жинд 20 бөх өрсөлдсөнөөс “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Д.Цогтбаатар эхний тойрогт Италийн бөх К.Александрог ялж хүрэл медалийн төлөө барилдаанд Болгарын бөх, дэлхийн аварга В.Дубовт ялагджээ.
Харин 61 кг-ын жинд зодоглосон ”Гацуурт-Олимп” клубийн бөх, олон улсын мастер Т.Түвшинтулга, 74 кг-ын жинд зодоглосон “Арслан” клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж, жин өгсөж 86 кг-ын жинд зодоглосон “Хасу-Мегастарс” клубийн бөх, Гавьяат тамирчин П.Өнөрбат нар медальд хүрээгүй байна.
Өнөөдөр 65 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Номин дэвжээнд гарна.