Categories
мэдээ нийгэм

О.Цагаанзам: Ариун цагаан сэтгэл, хайр Монголыг нэгтгэх ёстой гэж итгэдэг DNN.mn

Гэрэл зургийг Т.Чимгээ

Халимагийн алдарт туульч О.Цагаанзамтай долдугаар сард Улаанбаатарт ярилцсан юм.


-Таны дээлийн энгэр дэх тэмдэг содон харагдлаа. Таны залуугийн бичлэг, сүүлийн үеийнх дээр ч энэ тэмдэг давтагдаж байсан. Тэр нь ямар учиртай вэ?
-Овгийн тамга гэж байдаг. Баатад овгийн тамга ийм байсан.
-Гэр бүлийнхээ тухай яриач. Таныг тууль хайлахад яаж хүлээж авдаг вэ?
-Манайхан намайг тууль хайлахад хамт байсаар ижилдсэн хүмүүс шүү. Гурван хүүхэдтэй. Хоёр хүү, нэг хүүхэн. Гурван ачтай. Эхнэр маань авга нар овогтой. Төрөлх хэлний багш хүн.
-Ижил мөрний зүүн суга болох Ахтуба голын эрэг дагуу Алтан ордны нийслэл Бат хааны сарай (хот) байсан гэдэг. Халимагууд Бат хааныг дагалдаад Ижил мөрөн рүү очсон юм уу?
-Тэр бол анхны урсгал шүү. Бат хаан тийшээ очсон нь XIII зуун. Тэнд байршиж суурьшаад дайтаж, мөргөлдөөд тэгснээ Лалын шашинд орсон байна. Яваа яваандаа ногайчуудтай, холилдоод цугтаа байсан чинь XVII зуунд дахиад Монгол нутгаас торгуудын Хо өрлөг тайш энэ газрыг эзлээд, уугуул иргэдийг нь шахсан. Ногайчууд дунд бас монгол угсааныхан зөндөө шүү. Хонгирад, найман, хэрээд иргэд бас байсан. Тэд нь төрөлх хэлээ мартаад, турк хэлтэй болоод, Лалын шашинтай болж явсан үед Хо өрлөг Ижил мөрний хөвөөнд ирээд, ногайчуудыг эзэлж аваад, монгол угсаатныг тэднээс салгаж, заримыг нь буцааж үндэсний хэл, ёсонд оруулсан байдаг. 400 жилийн дараа ийм юм болж.
Одоо нэг сонин нь Биндэр сумын хавьд нэг нүдтэй хүний гавлын яс олдсон байна шүү. Дува сохорын түүхийг зөндөө хүмүүс худлаа гэдэг байсан. Дува сохор, Добу мэргэн ах дүү хоёр Бурхан халдун дээр зогсож байгаад, Дува сохор ганц нүдээрээ Алунгоог хараад, дүүдээ буулгаж өгдөг шүү дээ.
-Та Монгол Улсын иргэн болохыг хүсэж байсан. Ирлээ гэхэд элэг зүрхэнд ойрхон санагддаг нутаг ус байдаг уу?
-Надад хамгийн онцгой газар Бурхан халдун. Бурхан халдунаас Дува сохор, Добу мэргэн ах дүү хоёроос бид салбарлаад, явж явж Ижилийн хөвөөнд хүрсэн байна.Манайхны зарим нь өвөг дээдсийн нутаг Алтай гэдэг. Би бол бид Бурхан халдунаас гаралтай хүмүүс гэж боддог.
Бурхан халдун гэдэг нь бурхантай холбоотой гэсэн үг.Газрын хүйс гэж байдаг. Бурхан халдунаас бүгд гаралтай гэж би бодно.Хамгийн гол нь бид эцэг тэнгэртэй хэлхээ холбоогоо тасалж болохгүй.Орчлонгийн ёсоор амьдрах хэрэгтэй. Яаж амьдрах вэ гэхээр хариу нь “Жангар”-т бий.
-Таны хүсэлтийг хүлээж аваагүй, эсвэл хүлээж авах боломжгүй байсан тэр хүмүүст гомддог уу?
-Уралдаанд орсон морь толгойлж ирж чадахгүй бол юундаа гомдох билээ. Би ингэж боддог.Одоо Монгол гурван саяулаа. Үүн дээр гадагшаа гарсан монголчууд бас бий. Төв монгол гадагшаа гарсан монголчуудаа “шүүгээд” одоо хүртэл монгол чанараа алдаагүй хүмүүст давхар иргэншил өгөх хэрэгтэй гэж боддог. Тэгвэл Монгол гар, хөлөө сунгаж чадна.Нэг том дайсан учраад залгих гэтэл гар, хөл нь тэнийгээд, аманд нь багтахгүй шүү дээ.
Би заримдаа монгол найзуудтайгаа ярихдаа шоолно оо. Дээр үед дэлхийг эзлэх гээд сайн эрчүүд нь хурдан морио унаад, гараад явчихаж. Жижиг жаахан нусгай дүү нараа “Аав, ээжийгээ харж бай” гээд үлдээжээ. Олон жилийн дараа буцаад иртэл дүү нь ахыгаа танихгүй.(инээв) Миний бодлоор монгол геополитик бодох хэрэгтэй. Орос, Англи, Хятад, Америкт хүртэл монгол гаралтай эрдэм чадалтай хүмүүс олон бий.Тэдэнтэй холбоо, залгаатай байх учиртай.Хоёр иргэншлийн асуудлыг шийдчихвэл Монгол хүчирхэг, олуулаа болно шүү.
-Таны Бурхан халдунд тууль хайлж байгаа бичлэг харсан. Тэндээс их л эрчим хүч авсан байх гэж бодлоо?
– Бурхан халдуны хормойд нь тууль хайлсан юм. Бурхан халдундаа хүрээд, “Жангар”-ын хэсгээс хайлаад ирсэн. Бурхан халдунаа шүтээд, гал тахисан юм. Бид Бурхан халдунаас гаралтай хүмүүс шүү. Ижилийн хөвөөнөөс баатад Цагаанзам нь ирлээ, одоо хүртэл бид нь туулиа хайлаад, түүхээ мартаагүй явна гээд цэрэг маягаар илтгэсэн.
-Тууль хайлах зан үйл бөөгийнхтэй төстэй гэдэг. Ер нь туульчид бөөгийн онцгой чадвар байдаг болов уу?
-Тууль хайлж байхад зарим мэдрэмж төрдөг, харж үзэгдэж сонсогддог юм байдаг.
Алдарт богд Жангар бол үлгэр биш. Мухамед, Есүс, Буддагаас илүү манай бурхан
-Монгол гэрт, айл саахалтын цөөн хэдэн хүнд зориулж, тууль хайлж ирсэн уламжлалтай. Та Мексикт том танхимд “Жангар” тууль хайлж байсан. Том танхимд олон хүний өмнө тууль хайлахаар өөр мэдрэмж төрдөг үү, илүү их хүч шаарддаг уу?
-Эртний цагт амьдарч байсан өвөг дээдэс маань их л заяатай хүмүүс байж, дээрээс онгодоор тууль буулгаж өгсөн. Баруун Монголд 40 гаруй нэртэй тууль байсан гэж ярьдаг. Туулийг би тэнгэрийн их сургууль гэж боддог. 35 жил тууль хайлж байна. Хамгийн сонин нь гадаад хүмүүс хэл мэдэхгүй ч тууль их сонирхдог. 1200 хүн чимээгүй суугаад сонсож байсан. Манайхан өөрсдийнхөө үнэт зүйлийг анзаардаггүй, хүнийхийг шагшдаг. Гадаадад явахад тууль гэдэг агуу юм гэж мэдрэгдэж байна. “Хэл мэдэхгүй байж яагаад сонсоод байна вэ” гэхээр “Цаана нь нэг эмоци байна” гэдэг. “Жангар” туулийг дээрээс надад даалгасан. Зөв буруу, нүгэл буян, сайн, муу, хар цагааныг ялгах, олон хүмүүсийг нэгтгэж хамт амьдрахыг заадаг их ухаан туульд бий.
Анх тууль хайлж эхлэхдээ хүмүүс анзаарч байна уу гээд хардаг байсан л даа. Дараа нь тэр бүхнийг тоохоо байсан. Хүмүүс сонсвол сонсог. Би бол тууль хайлахдаа Алдарт Богд Жангараа магтаж, аав ээж өтгөсөө баярлуулан, дээд тэнгэртээ бид таны сургаалыг мартаагүй гэдгээ гэрчилж байгаа юм. Бид аав, ээжийнхээ заавраар амьдарч байна. Алдарт Богд Жангараа хайрлаж байна гэдгийг илтгэж байгаа юм. Танхимд мянган хүн сууж байна уу, сая хүн байна уу хамаагүй. Шашин гараагүй байхад тууль байсан гэж үздэг. Суут богд Чингис хаан туулийг сургаал болгож, олон ард түмнийг удирдаж байжээ.
Тууль хайлахад хүч шаардлагатай. “Халимагууд сонин хүмүүс, олуулаа цуглаад, дөрөв таван өдөр дараалан тууль сонсдог. Туулиа сонсож байхдаа зарим нь хашхирч уйлаад, малгайгаа газар шидээд, галзуураад байдаг” гэж Н.В.Гоголь гэж Оросын том зохиолч, халимагуудын түүхийг судлаад бичсэн байдаг. Тууль хайлахыг сонсогчид ч бас транст ордог, баатруудтай холбогдож, дотроосоо халуу дүүгэж, энерги хийморь сэргэдэг гэдэг.
Тууль бол манай эртний бурхан шашин шүү. Алдарт богд Жангар бол үлгэр биш. Мухамед, Есүс, Буддагаас илүү манай бурхан. Хэл, соёл бүх зүйлс нь манайх шүү. Жишээлбэл, дэргэд чинь эгэл хувцастай суугаа ээж, аавыгаа тоохгүй гадуур гүйсэн эрэгтэй, эмэгтэйг аав, ээж гэж дуудаад явж таарахгүй. Уг гарвалаа мэддэг байх хэрэгтэй. Жангар арван хоёр баатруудтайгаа догшин бурхад юм шүү. Тууль гэдэг бөөгийн үеийн үзэл суртал, тэнгэрийн үзэл суртал гэж би боддог.
-Та дунд сургуульд байхдаа хөлбөмбөг өшиглөх насандаа тууль цээжилж явжээ. Туулийг сурдаггүй, дээрээс өгөгддөг гэсэн байх аа.
-Би тав, зургаан насандаа “Жангар” туулийн хэсгээс сонсоод, их л айсан. Нэг морьтой хүн гарч зулаад (зугтаад), нөгөөдөх нь араас нь алахаар хөөж байгаа тухай хэсэг. Гал үдийн алдад хөөж гүйцээд, сэлмээр цавчиж байгааг дүрсэлдэг. Анх удаа “Жангар”-ын сцен сонсоод, айж цочсон. Дараа нь сургуульд сурч, хүзүүндээ улаан галстук зүүгээд, социализм, Карл Маркс гээд олон жил тэмцэв шүү. Тэгж яваад хорин хэдэн нас хүрээд, эргэн тойрноо харсан чинь дандаа худлаа, хулгай. Хүн юуны төлөө амьдардаг юм гээд сэтгэлээр унаад, үхмээр санагдсан. Тэгж байтал зүүдэнд Цагаан өвгөн ирж, хундагатай архи нүдэндээ нулимстай өгдөг юм байна. Түүний дараа дахиад нэг зүүдэнд ирж, арьсан гадартай ном өгөөд “Хүнд битгий үзүүл, аваад яв” гээд байсан. Өөрийн мэдэлгүй “Жангар”-ын замаар ороод тайвширсан. “Жангар”-ын хайр ивээлээр бүх дэлхийг тойрч явсан байна шүү. Энэ дэлхийн олон хүн “Жангар”-ын туулийг үнэхээр сонсох дуртай. Орчлон миний гэж хайрлаж суудаг гэсэн нь лав үнэн болж байна.
-Та Цагаанзам гэдэг нэрэндээ дуртай юу, Владимир Каруев гэдэг ч бас л таны нэр шүү дээ, тийм ээ?
-Намайг төрөхөд эмээ маань гэртээ харих сайхан замд төрсөн гээд Цагаанзам гэсэн нэр хайрласан юм билээ. Гагаа (манай аавын эгч) бол дөрөвдүгээр сард төрсөн юм чинь Лениний нэр өгье, Владимир гэж нэрлэе гээд эмээ, Гагаа хоёр булаацалдаад, надад хоёр нэр өгсөн. Халимагууд Сибирьт цөлөгдсөн байхад оросуудын дунд халимаг нэр өгнө гэдэг бас хэцүү байсан. Каруев гэдэг нь жинхэнэ монгол үг. Хар гэсэн үг юм шүү. Цагаанзам гэдэг эмээгийн өгсөн нэр миний хувьд их учир утгатай. Аав, ээжийн тухай дуулахдаа Цагаанзамаар нь явъя гэсэн юм. Халимагууд Сибирийн цөллөгөөс нутгаа тэмцэж, нутгийн захад орж ирж байхад би төрсөн гэдэг. Ээжийн өвөрт өсөөд, үгийг нь сонсоод явсан хүн шүү дээ
-Та Халимагийн ерөнхийлөгч К.Илюмжиновт зөвлөж байсан гэдэг. Бас Монголын төрийн тэргүүн нартай ч уулзаж явсан. Тэдэнд та юу хэлдэг вэ?
-Эгэл намайг хүлээж авсанд баярладаг. Миний ярьдаг хамгийн гол зүйлс Чингис хаан, Жангарын тухай байдаг. Салаад явсан ард түмнийг нийлүүлнэ гэдэг амаргүй, агуу хүч хэрэгтэй. Ариун цагаан сэтгэл, хайр Монголыг нэгтгэх ёстой гэж итгэдэг. Хамаатан садан, аав ээжийн хайрыг яг айргийн хөрөнгө шиг исгэх хэрэгтэй. Суут богд Чингис хааны аргаар гурван сая монголыг намаар бус хамаатан саднаар нь аравтын системээр хуваах учиртай. Хамаатны арван айл хэлэлцээд, толгойлох нэгнээ сонгоод гаргах юм. Арван айлынхан хэлэлцээд “Энэ л чадна даа” гэсэн зөв хүнээ аравтын даргаар сонгоно.
Аравтууд нэгдэж зуут болно. Зуутууд мянгат болно. Мянгатууд нь түмт болно. Монгол яг пирамид болоод, дээрээ 300 шилдэг хүнээ гаргана шүү. Тэр шилдэг хүмүүс нь ардаа ивээж чадах, хайр ивээлтэй хүмүүсээ УИХ-д гаргаж, Засгийн газрыг бүрдүүлж, монголчууд хад чулуу шиг хатуу, гаднаас дайсан халдаж чадахгүй болно. Дээрээс буусныг бүгдэд хуваагаад өгч чадна. Ийм системд хулгайч нар дургүй. Мэргэжил, ариун цагаан сэтгэлийг нь харгалзаж, төрд гаргах хүнээ батлах учиртай. Хэрвээ ариун цагаан сэтгэлгүй бол тэр хүнийг дээшээ гаргаж болохгүй.
-Ариун цагаан сэтгэлтэй биш бол аравтын дарга ч бүү болго гэсэн бил үү?
-Конфуцийн (Күнз) нэг үг бий. Дээр үед хулгай худалдаа дарагдсан цагт Конфуций тэргээ унаад явж байж. Нэг аймгийн дарга хүн тэрэг дагаад гүйнгээ асууж гэнэ. “Багш аа, хулгай худал ихдээд миний чадал хүрэхгүй байна, яах вэ” гэж. “Зөв хүмүүсийг буруу хүмүүсийн дээр гарга” гэсэн хариу сонсчээ. Зөв, буруу хүнийг яаж таних вэ гэхэд “Мэргэжилтэй, ариун цагаан сэтгэлтэйг нь сонго” гэж. Муу хүмүүс аргатай, мэдлэгтэй, эрх дархтай, шуундаа чадалтай байдаг. Гагцхүү тэдэнд ариун цагаан сэтгэл байхгүй. Тэд атгаад, шүүрээд л байдаг. Буддын шашинд зовлон шунаг сэтгэлээс үүдэлтэй гэдэг. Тэгэхээр Чингис хааны “Ариун цагаан сэтгэлгүй бол аравтын даргаар ч тавьж болохгүй” гэдэг үнэн. Жангар бол “Амьтай дэлхий цугаар минийх” гэж хайрлаж байна. Аравтын дарга бол арван өрхөө багтаагаад минийх гэж байна. Зуутын дарга бол зуутаа халаасандаа багтаана. Тэгж бүх юм тэгш тэнэгэр болно.
-Та сайн цэрэг байжээ. Халимагууд томоохон 28 дайнд оролцож байсан гэнэ. “Цавчихын тулд цавчсангүй, Оросын төлөө цавчлаа” гэсэн дууны үг хүртэл байх юм. Халимагууд дайнч гэгддэг ч тэд дайныг хүснэ гэж үү?
-Багад аав, ээж маань “Дайн дажин битгий болоосой” гэж ярьдаг байсан. Хуруугаараа бөмбөрдөхөөр “Битгий битгий, муу ёр дайн битгий дууд” гэдэг. Хөгшид дайнд дургүй. Өвчний нэр бүү хэл гэж бас цээрлэдэг байсан даа. Нэг хэсэг Чингис хааныг махчин, дайнч гэж ярьдаг байсан. Харин одоо “Мянган жилийн хамгийн соёлтой дайнч” гэж баталсан байна лээ.
-Украины дайнд жинхэнэ оросууд бус халимаг, тува, буриадууд үрэгдэж байна гэсэн жиргээ хараад шимширсэн. Хэний төлөө, юуны учир Монголын цусыг урсгана вэ?
-Зөв дайн, буруу дайн гэж бий. Украин, Оросын дайн зөв биш. Ард түмэн ярьж байна шүү “Олигархуудын дайн,энэ манай дайн биш” гэж байна. Энэ дайнд амиа өгөх учир шалтгаан байхгүй. Орос, Украин нэг цус, махтай хүмүүс.
-Таны ертөнцийг үзэх үзэлд нөлөөлсөн хүн гэж хэнийг нэрлэх вэ?
-Ээжийн өвөрт өсөөд, үгийг нь сонсоод явсан хүн шүү дээ. “Ээж минь” дууг гадаадад дуулахаар ямар утгатай вэ гэж их асуудаг. Олон юм ярихын оронд амраар нь “Би дэлхий дээр юу харна, бүх юм ээжийг минь санагдуулна” гэж тайлбарладаг юм. “Нялх бага наснаас минь өвөртөө шахаад, хүү минь мод ургаж байна. Хулс нахиалж байна, гол урсаж байна гэж бүх дэлхийг тайлбарлаж өгсөн. Ээж надад сайхан нутаг, дэлхийг таниулсан, дэлхийг харахаар ээж санагдана гэж дуулж байгаа юм” гэдэг.
-Та аавын тухай дуулдаг уу?
-“Жангар” тууль эрэгтэйчүүдийн тухай, аавын тухай гэж боддог.Аавыг маань Охин гэж нэрлэдэг. Эрэгтэй хүүхэд тогтохгүй болохоор түүнд ийм нэр өгсөн юм билээ. Ээж минь 57хүрээд нас барсан. Аавын ээж 103 насалсан. Аав 73-тай, эмээ 100 настай байсан үе. Би аавын хүү, ээж байхгүй. Нэг удаа аав уурлаад зогсохгүй байхаар нь “Өөрөө ээжтэй байж, ээж байхгүй намайг яагаад загнаад байгаа юм бэ” гэсэн.Тэгсэн чинь таг болж билээ.
-Дува сохорын дөрвөн хүүгээс дөрвөн ойрад салаалсан гэдэг. Халимаг хөгшид Дува сохор эргэн төрөхийг хүлээдэг гэж сонссон?
-Дөрвөн ойрад ядраад муудаад ирвэл дээд тэнгэрээс нэг нүдтэй хүү (Дува сохор) илгээнэ гэж ярьдаг. Гурав, дөрвөн удаа тэгж төрсөн байна. 1910 онд манай Цагааннуурт баатад овогтой эхнэр нэг нүдтэй хүү төрүүлсэн гэж эмээ маань ярьдаг. Төрөөд хашхирахад нь хүмүүс бүгд чихээ таглаад зугтсан байгаа юм. Хонины сүүл хөхүүлэхээр залгичихаад байж. Шашныхан нэг нүдтэй хүүхэд төрвөл ээжийн алтан уураг амлуулалгүй, шууд аваад явдаг гэж ярьдаг. Амьдаар нь гурвалжин модон хайрцагт хийгээд, ар зүг рүү харсан салаа зам дээр нүх ухаад булдаг. Дээрээс нь ном уншаад дардаг байсан гэдэг.Шарын шашин, социализмын үзэл суртал бидний олон зүйлийг мартуулсан. Анх юу байсныг босгож авах хэрэгтэй. Мартуулсан юмыг сэргээх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *