Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Номинчимэг: Хувь хүний орлогын албан татварыг илүү ухаалаг байдлаар хийж, зохицуулах боломжтой DNN.mn

УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.


-Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан. Таны хувьд уг төсөлтэй танилцсан байх. Энэ удаагийн төсвийн төслийн гол онцлогийг юу гэж харж байна вэ?

-Ирэх оны төсөв бол хамтарсан Засгийн газрын оруулж ирж байгаа анхны төсөв. Тэр утгаараа яагаад хамтарсан Засгийн газар байгуулсан юм гэдгийг маш сайн гаргаж өгөх ёстой. Төсөв гэдэг өөрөө манай хөгжил хаана байна гэдгийг тодорхойлж байгаа том баримт бичиг байдаг. Энэ удаагийн төсөв бол том төслүүд дээрээ анхаарсан, Монгол Улсын эдийн засгийг тэлэх, хөгжлийг хязгаарлаж буй суурь хүчин зүйлүүдээ шийдвэрлэх, иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудаа шийдэх зэрэг зүйлүүд дээр төвлөрсөн гэж харж байгаа. УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцсэн. Үүгээр эдийн засгийн тэлэлт, өсөлт дээр үндэслээд бүтээн байгуулалтуудаа ирэх дөрвөн жилд яаж хийх вэ гэдгээ илүү сайн гаргасан. Үүн дээр үндэслээд энэ жилийн төсвөө оруулж ирсэн байна лээ. Өмнөх жилүүдийн төсөвтэй харьцуулахад гол мега төслүүд дээрээ анхаарч, жижиг бүтээн байгуулалтуудын хөрөнгө оруулалтыг энэ удаад өнжих бодлого барьсан. Энэ нь хэтэрхий жижиг олон зүйл дээр хөрөнгө оруулалтаа тарамдахгүйгээр чухал асуудлуудаа шийдье гэж зорьсон байна гэж харсан.

-Нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд ихээхэн анхаарсан гэж харагдсан. Ингэж шууд нэг дор нь бүх асуудлаа шийднэ гээд тавьчихсан нь хэр зохимжтой юм. Дээрээс нь энэ тал дээр ямар, ямар гол төсөл байгаа юм бэ?

-Энэ удаагийн төсөв зөвхөн нийслэл Улаанбаатар руу чиглэчихсэн юм биш л дээ. Өмнө нь хийсэн төсвийн тодотголоо нийслэл рүү чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг түлхүү хийе гэж орж ирсэн. Харин ирэх оны төсөв дээр улс орон даяарх төслүүдээ хэрхэн хөдөлгөх вэ гэдэг дээр илүү анхаарсан. Бидний хувьд эрчим хүчний хараат байдлаас гарах, ямар төслүүдийг явуулснаар бид илүү орлого олох вэ гэдгээ Засгийн газар тооцоолоод оруулж ирсэн байх.

Ер нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төсөл гэдэг зүйл явж байгаа. Гэхдээ эдгээрээс энэ ондоо алинд нь түлхүү анхаарах вэ гээд дөрвөн төслийг сонгосон байсан.

-Тэр нь юу юу байна вэ?

-Нэгдүгээрт, Гашуунсухайт-Ганц модны төмөр зам. Нийт 18 жилийн турш яригдаж байгаа асуудал. Энэ төмөр замын холболтыг хийснээр гол орлого олдог экспортын бараа бүтээгдэхүүн шуурхай гарах боломжтой болно. Хоёрдугаарт, Монгол-Францын хамтарсан ураны хөтөлбөр. Энэ төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд хүртэл яригдсан. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг стратегийн салбарт оруулж ирэх нь маш чухал ач холбогдолтой гэж харж байгаа. Гуравдугаарт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Манай улсын хөгжлийг хязгаарлаж байгаа гол зүйл бол эрчим хүчний асуудал. Тийм болохоор ийм тохируулагч станц бол бидний эрчим хүчний тогтвортой, найдвартай байдлыг хангаж, хараат байдлаасаа гарахад том түлхэц болно. Тиймээс энэ төслийг явуулах тал дээр БНХАУ-ын Экзим банктай хамтран анхааръя гэж байгаа. Дөрөвдүгээрт, Тавантолгойн цахилгаан станцын төсөл байна. Олон жил яригдаж ирсэн уг төслийг явуулж, Оюу толгойн эрчим хүчийг дотоодоосоо хангахаар зорьж байгаа. Харин хотын хувьд төсвийн тодотголоор оруулсан хэд хэдэн бүтээн байгуулалт бий. Ялангуяа түгжрэлийг цогцоор шийдэх нь эдийн засгийг нэмэгдүүлэх, хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулах чухал ач холбогдолтой. Тиймээс хот тойрог замтай болох, хурдны замыг байгуулах дээр анхаарч байгаа. Ер нь замын сүлжээгээ сайжруулж байж, тэлж зөв болгосноор түгжрэлийн асуудлыг шийднэ. Дээрээс нь сүүлийн 1-2 жил бид нийтийн тээврийн шинэчлэлийг дорвитой хийсэн. Үүнийгээ нэмээд хэрхэн яаж төрөлжүүлэх вэ гэдэг асуудал дээр анхаарч байгаа.

-Төмөр зам, Туул голоор хот нь хуваагдчихсан учраас түгжирдэг гэдэг. Тэгэхээр эдгээр гарцуудыг нэмэгдүүлэх, давхар зам, гүүр байгуулах ажлууд хэр туссан бэ. Нийслэлд ажиллаж байсан хүний хувьд энэ талын мэдээлэл бий байх?

-Засгийн газраас улсын төсөвт нийслэлээс төвлөрүүлдэг орлогыг багасгах замаар эдгээр асуудлаа нийслэл өөрөө шийдэх боломжийг маш сайн гаргаж өгсөн. Манай улсын ДНБ-ий 65 хувь нь нийслэлд эргэлддэг. Ихэнх эдийн засаг нь энд эргэлддэг учраас татварын орлогоо ч бид нийслэлдээ авдаг байсан. Эндээсээ нийслэл маань улсын төсөв рүү мөнгө татан төвлөрүүлдэг байсан юм. Харин үүнийг нь багасгаад өөрсдөө олж байгаа орлогуудаа тулгамдаж байгаа асуудлуудаа шийдэхэд анхаар гэсэн боломжийг өгсөн. Үүнээс гадна таны хэлсэн гүүр, нүхэн гарцууд нийслэлийн төсөв дээр хийгдээд явж байгаа. Олон улсны хамтын ажиллагаа, зээл, тусламж болон өөрийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа юм.

-Манай улс нэг үеэ бодоход эрчим хүчний хараат бус байдлаас боломжийн хэмжээнд гарч байгаа. Тэгвэл шатахууны хараат байдлаас гаргах томоохон төсөл хөтөлбөрүүд юу байна вэ?

-Шатахууны хамаарлыг багасгах гээд бид олон жилийн өмнөөс Дорноговь аймагт нефть боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Харамсалтай нь жаахан удаашралтай байгаа. Гэхдээ саяхан Ерөнхий сайд энэ газар дээр очоод ажлын явцтай танилцсан байна лээ. Тэгэхээр цаашдаа хэрэгжээд, бүтээн байгуулалт нь хийгдээд явах байх.

-Засгийн газраас “20 минутын хот” гэсэн төлөвлөгөөг гаргаад нийслэлээ олон хот болгон задлах асуудал байгаа. Энэ тал дээр ямар ажлууд хийгдэх вэ. Улаанбаатар хотоо олон жижиг болгох нь ямар ач тустай юм бэ?

-Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулиар энэ асуудал шийдэгдээд явж байгаа асуудал. Яагаад нийслэлээ 14 хот болгон задлах гээд байна вэ гэхээр Х.Нямбаатар даргын баг нийслэл дээр очоод ажиллахад эрх мэдлийн төвлөрөл үнэхээр хэцүү болчихсон байсан. Гэрэл асахгүй байна, хогоо цэвэрлэ, зам харгуйгаа янзал гэдэг асуудлууд гээд бүгд дээр нь хотын дарга хүрч ажиллаж чадахгүй. Тийм учраас дүүрэг, хорооны Засаг дарга байдаг. Гэтэл асуудал болохоор нийслэл мэднэ гэчихээд төсөв мөнгө шийдэх болохоор гараад ирдэг байж болохгүй. Эрх мэдлийн тэнцвэртэй хуваарилалт, яхналт нь алдагдчихсан байсан. Тиймээс эхний алхам болгож дүүргүүдэд тохижилтыг нь хариуцуулсан. Улмаар хүнд хурдан хүрч ажиллахын тулд жижиг нэгж илүү чухал. Ингэхийн тулд өөрсдийн төсөв мөнгөтэй байх ёстой гэдгийг энэ хуульд бид оруулж өгсөн. Ер нь дэлхийн зарим томоохон хот жижиг хотуудын нэгдэл дээр дундын зохицуулалтыг нь хийдэг байдлаар явдаг.

-Татварын тодорхой бодлогууд оруулж ирж байгаа гэж ойлгосон. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Энэ олон бүтээн байгуулалтыг бүгдийг нь төсвөөр хийх боломжгүй. Тиймээс нийгмийн шинжтэй бүтээн байгуулалтыг хувийн хэвшил хийсэн тохиолдолд татварын хөнгөлөлт эдлүүлэх, буцаан олгох асуудлыг оруулж ирсэн.

-Татвар, дарамт их байна гэдэг шүүмжлэл үеийн үед байж ирсэн. Тэгэхээр цаашдаа ямар бодлого явуулах ёстой юм. Энэ тал дээр та ямар ажлуудыг санаачилж ажиллах вэ?

-Судлаад үзэхээр манай улс албан татварын хувь хэмжээний хувьд хэт их биш, бага ч биш байдаг. Нөгөө талаараа манай татварын орлогыг нөгөө л нэг хэдэн компаниуд бүрдүүлдэг. Мөн хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/-ыг нийгмийн даатгал төлдөг, хөдөлмөрийн гэрээтэй хүмүүс л төлдөг. Гэтэл үүний ард маш их орлоготой, хөрөнгөтэй хүмүүс ХХОАТ-аа хангалттай төлөхгүй байгаа. Үүнийг төлүүлж, ХХОАТ-ыг илүү ухаалаг байдлаар хийх боломжтой. Яг үнэнийг хэлэхэд Татварын ерөнхий газар, Сангийн яам тийм ч санаачилгатай ажиллахгүй байна гэж би боддог. Мөн газар, үл хөдлөхийн татвар зэргийг ч шударгаар авах ёстой. Одоо болохоор манайхан үл хөдлөхийн үнэлгээгээ ч зөв хийлгэхгүй байгаа. Мандхай зочид буудал л гэхэд 15 сая төгрөгийн үнэлгээтэй. Энэ үнэлгээнийхээ нэг хувиар л татвар төлдөг. Хангай зочид буудал бол бүр хэзээ ч үл хөдлөхийн татвар төлж байгаагүй. Тэгэхээр хөрөнгийн татварыг илүү ухаалагаар системийг нь бий болгож, татвараа шударга авдаг байдал руу шилжихгүй бол аж ахуйн нэгж дээр ирдэг татварын дарамт их хэвээрээ л байх болно. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллана.

-НӨАТ-ыг их сайн систем болсон гэж ярьдаг. Гэтэл амьдрал дээр НӨАТ-аа хасуулах, хасуулахгүй гэдэг сонголтыг иргэдэд өгдөг. Хувиа бодоод иргэд нь хасуулдаг. Энэ нь эргээд далд эдийн засгийг бий болгож байна гэдэг л дээ. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Анх далд эдийн засгийг ил болгох зорилгоор НӨАТ-ыг бий болгож, тодорхой хэмжээнд үр дүнд хүрсэн боловч буцаад ийм байдал руу л орж байна л даа. Уг нь хуулиараа НӨАТ-тай худалдан борлуулах ёстой. Дээрээс нь гаалиар орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн манай улсад зарагдаж байгаатай системийн хувьд нийлээгүй. Гаалийн систем учир дутагдалтай байгаа. Энэ асуудлыг Сангийн яам маш их анхаарх ёстой. Эдийн засгийн тооцооллоо хийгээд НӨАТ-аа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дээр багасгахгүй бол иргэдэд маш их дарамт авч ирж байгаа.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *