Categories
мэдээ цаг-үе

О.Машбат: Ерөнхийлөгч оруулж ирсэн төсөлдөө УИХ, Засгийн газар хоёрыг хэрэггүй гэчихэж

– ЭНЭ ТӨСЛИЙГ БИЧСЭН ХҮНД ҮНДСЭН ХУУЛИЙН ТАЛААР ЛЕКЦ УНШМААР САНАГДАЖ БАЙНА-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулахаар нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн барьсан. Уг төслийн талаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах дэд ажлын хэсгийн гишүүн, Үндсэн хууль судлаач О.Машбаттай ярилцлаа.


-УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож байгаа нь зөв үү?

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв. Үүнийг их олон судалгаа харуулдаг. Гэхдээ яг одоо боломжтой эсэхийг хэлж мэдэхгүй байна. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудлыг манай баг судалж байсан. Миний мэдэхийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар байгуулагдсан ажлын хэсгүүдээс энэ асуудлыг нэг ч удаа хөндөж байгаагүй. Үүнийг гэнэт гаргаж ирж байгаа. Санаа нь бол зөв. Гэхдээ яг одоо өөрчлөх цаг нь мөн эсэх нь эргэлзээтэй.

-108 гишүүнийхээ 50 хувийг нь нэг мандат бүхий сонгуулийн тойргоос мажоритар, мөн 50 хувийг сонгуулийн нэгдсэн нэг тойргоос пропорциональ тогтолцоогоор сонгоно гэж байна. Энэ нь хэр зөв шийдэл юм бэ?

-Чех хоёр танхимтай парламенттай. Нэг танхим нь мажоритар, нөгөөх нь пропорциональ тогтолцоогоор сонгогддог. Үүнийгээ ч Үндсэн хуульдаа тусгачихсан байдаг. Гэхдээ нэг танхимтай хэрнээ мажоритар тогтолцоогоор сонгууль явуулна гэдгийг би ойлгохгүй байгаа юм. Ямар мажоритар тогтолцоогоор явна гэж оруулсан юм, яг яах гээд байгаа юм гэдгийг нь огт ойлгоогүй. Ерөнхийлөгчийн барьсан төсөл дотроо маш зөрчилтэй, хууль зүйн техникийн талаас маш муу боловсруулсан байна.

-Одоогийн хуулиар 801 иргэн нэгдэж нийлээд нам байгуулах эрхтэй. Үүнийг 50 мянга болгон нэмэгдүүлж байгаа нь ямар үр дагавартай вэ?

-Энэ нь угаасаа боломжгүй зүйл. Зорилго нь шинээр нам байгуулахыг үгүйсгэчихсэн л юм шиг харагдаад байгаа юм. Улс төрийн зорилгын хувьд МАНАН-гийнхаа дэглэмийг хадгалж үлдэнэ л гэсэн үг. Хууль зүйн зохицуулалтын үүднээс үзэхэд энэ зохицуулалтыг Үндсэн хуульд тусгах ямар ч шаардлагагүй. Ийм зохицуулалтыг Үндсэн хуульд тусгасан газар нэг ч байхгүй. Хэдэн хүнээр яаж нам байгуулах асуудлыг ердийн хуулиар зохицуулж болно.

Хүмүүс эвлэлдэн нэгдэх эрхтэй байх ёстой. Нам гэдэг бол хүмүүсийн эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр. Нам бол төрийн бус байгууллага. Бусад төрийн бус байгууллагуудаас онцлог зүйл нь төрийн эрхийг авахын төлөө явж байгаа учраас л хянаж, зохицуулж байх ёстой юм. Гэхдээ хэт өндөр босго тавьж байгаа явдал нь агуулгаараа хүний эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлаж байгаа. Тиймээс үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Одоогийн хууль дахь 801 гэдэг тоо ч хүн амтайгаа харьцуулахад өндөрт тооцогдоно шүү дээ.

-Намууд хувьдаа үнэ бүхий хөрөнгө өмчлөхгүй гэсэн байсан. Энэ тухайд?

-ийм зүйлийг үндсэн хуульд тусгах шаардлагагүй л дээ. Үндсэн хуульд намын асуудлыг гурван янзаар л зохицуулсан байдаг. Намын зорилго, үйл ажиллагааны зарчим, намыг яаж тараах вэ гэсэн гурван зүйлийг л зохицуулдаг. Гэхдээ энэ гурвыг гурвууланг нь Үндсэн хуульдаа тусгасан жишээ бараг байхгүй. Намын зорилго, үйл ажиллагааг ч гэдэг юм уу, хоёр зүйлийг зэрэгцүүлж үндсэн хуульдаа тусгасан жишээ ч цөөн бий. Харин нам тарах нөхцөлийг л үндсэн хуульдаа тусгачихсан байдаг. Намын байр, гишүүний тоо зэрэг хэзээ ч үндсэн хуульд байдаггүй. Байх ч ёсгүй.

-Төв банкны эрх мэдэл дээр нэмээд Санхүүгийн зохицуулах хорооны эрх мэдлийг Монголбанкинд төвлөрүүлэх нь гэж шүүмжлэх хүмүүс байна. Үүнийг тодруулаач?

-үндсэн хуулийн төслийг өргөн барьж эхэлснээс хойш зохицуулах агентлагууд явцуу эрх ашгаар шавах болсон. үндсэн хуулийг өргөн барьснаас хойш Монголбанк өөрийнхөө асуудлыг тусгах гэж оролдсон. хөгжлийн газар бүр ч идэвхийлэн оролцсон. Хоёр, гурван жилийн өмнөөс Аудит, Төрийн албаны зөвлөл яваад байгаа. Товчхондоо энэ хэдэн байгууллага Үндсэн хуулийн байгууллага болно гээд л яваад байгаа. энэ асуудлуудыг үндсэн хуулийн төрийн ерөнхий зохицуулалтын үүднээс үзээд тусгах боломжгүй. Гэтэл өнөөх байгууллагууд нь очоод Ерөнхийлөгчийг лоббидчихсон юм уу, хаашаа юм. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл дээр бүгдээрээ л ороод ирчихсэн байна. ҮАБЗ, Монголбанк тэргүүтэй маш олон байгууллага орчихсон байгаа.

-Эдгээр байгууллагуудыг Үндсэн хуульд тусгах нь сөрөг нөлөөтэй юү?

-энэ байгууллагуудын зарчмуудыг үндсэн хуульд тусгах ёстой. Засгийн газрын бодлого тогтвортой байна, үндэсний хөгжлийн алсын хөтөлбөртэй байна, тэр нь үндэсний зөвшилцөл дээр суурилсан байна гэх мэтээр зарчмуудыг нь тодотгож болно. Түүнээс байгууллага нь байх ёстой гэж зааж өгч болохгүй. Төрийн албаны тогтвортой байдал, аудитын тухай асуудлууд функцээрээ одоогийн Үндсэн хуульд бий. Дахин хэлэхэд тэдгээрийг тодотгох боломжтой. Тодотгож ч байгаа. заавал байгууллага гэдэг үг шургуулах гээд байгаа нь явцуу амбиц.

-Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч гэж заажээ. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Уих-аар яг одоо хэлэлцэгдэж байгаа төсөл дээр 1992 оны заалт хөндөгдөөгүй. Түүнд “Бүх баялаг төрийн өмч байна” гэж заасан байдаг. Дахиад хэлэхэд энэ нь үндсэн хууль учраас байгууллага байгуулах, ашигт малтмалын лицензийг хэрхэн олгох тухай эсвэл гэрээний нөхцөл ийм байх ёстой гэсэн заалтууд орж болохгүй. Байгалийн баялгуудыг хэрхэн ашиглах вэ гэсэн зарчмуудыг л тусгах ёстой. үндсэндээ хоёр зарчим тусгах ёстой юм. Нэгдүгээрт, байгалийн баялаг яаж ашиглах. хоёрдугаарт, ашиглаад гарсан өгөөжийг хэрхэн хуваарилах ёстой вэ гэдгийг л тусгах ёстой. Гэтэл одоо Баялгийн сан гэж байгууллага байх ёстой гэж орж ирээд л байна. Угтаа хүлээж авч болшгүй зүйл байхгүй юу. Одоо бүр сүүлдээ ашгийнх нь тэдэн хувийг төр авна, болино гэж заах юм гэнэ. Үндсэн хуульд битгий хэл хуульд байх ёсгүй, гэрээн дээр л байх ёстой заалтууд ороод ирчихсэн явж байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг үнэхээр муу боловсруулсан байна.

-Гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд ямар заалтууд орж ирсэн бол?

-Өнөөх байгууллагуудын асуудал орж ирсэн. Ер нь Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төслийг үзэхэд УИХ, Засгийн газар хоёр хэрэггүй, үндэсний хөгжлийн газар л хэрэгтэй гэчихсэн. Жишээ нь, Ерөнхий сайд томилогдчихоод мөрийн хөтөлбөр боловсруулах юм байна. Мөрийн хөтөлбөрөө боловсруулчихаад өнөө-хөө эхлээд үАБз-өөс сайшаалгах ёстой. үАБз бүр шийдвэр гаргана гэж байгаа шүү. Мөн үүний дараа Үндэсний хөгжлийн газар өгч сайшаалгах ёстой гэнэ. Тус хоёр байгууллага зөвшөөрвөл сая УИХ руу оруулна. ҮАБЗ, Үндэсний хөгжлийн газар хоёр баталчихсан юм чинь УИХ батлахгүй гээд яах юм. хамгийн аюултай заалт нь энэ.

Бид яагаад Ерөнхий сайдыг Уих-аас, Уих-ыг ард түмнээс сонгодог юм бэ. Уих-д яагаад намууд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлдэг юм бэ. хэсэг бүлэг нөхдүүд улс орноо ингэж хөгжүүлнэ гэсэн санаа гаргаад, түүнийгээ бичээд, тэр нь мөрийн хөтөлбөр болоод ард түмэндээ танилцуулдаг. Түүндээ ард түмний дэмжлэгийг авах гэж оролдож байна. Ард түмний итгэлийг аван Уих-д ялж, олонх болчихлоо. ингээд үзэхээр мөрийн хөтөлбөрийг нь ард түмэн дэмжчихсэн байна гэсэн үг. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд нэг хүнийг үүрэгжүүлж байгаа нь Ерөнхий сайд шүү дээ. Гэтэл ард түмний сайшааж дэмжсэн мөрийн хөтөлбөрийг хүлээж авах эсэхийг яасан гэж ҮАБЗ, үндэсний хөгжлийн газар хоёр шийддэг юм бэ. Яалаа гэж цуцлах, буцаах, няцаах эрхийг энэ хоёр байгууллагад өгөх ёстой гэж. Ард түмнээс мандат аваагүй энэ хоёр газарт хэн тэр эрхийг өгсөн юм бэ. Ардчилал гээч зүйл чинь алга болох гээд байна шүү дээ. зүй нь бол үАБз, үндэсний хөгжлийн газар хоёр намдаа мөрийн хөтөлбөр боловсруулахад нь туслах ёстой. Түүнээс ард түмнээс сайшаагдсан төслийг алга болгох эрхгүй.

-Төрийн албан хаагчийг хариуцлагажуулах асуудалд санал гаргасан уу?

-Өргөн барьсан хуулийн төсөлд төрийн албанд тавигдах шаардлага, зарчмыг тусгачихсан. харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд тэдгээр бүх заалтыг ганцхан Төрийн нарийн бичигт хамаатай байхаар оруулчихсан. Тэгэхээр бусад төрийн албан хаагчид хамгаалалтгүй байх ёстой юм уу. Мөн Төрийн нарийн бичгийг арван жилийн хугацаатай сонгоно гэчихэж. энэ нь хэт явцуу болсон байна.

Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг шууд гардан хэрэгжүүлдэг хүмүүсийг заадаг. Эсвэл тэр төрийн эрх мэдлийг биечлэн зохион байгуулдаг хүмүүсийг зоодог. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, Ерөнхий прокурор зэрэг үүнд багтана. Тиймдээ ч тэдний үйл ажиллагаа Цэцийн хяналтад байдаг. Харин Төрийн нарийн бичиг төрийн эрх мэдлийг гардан хэрэгжүүлдэггүй, төрийн эрх мэдлийг биечлэн хэрэгжүүлдэггүй. Харин хуулийн хэрэгжилтийг Засгийн газрын чиглэлийн дагуу л байгуулдаг шүү дээ. Бид төрийн албаны зарчмыг тавьж байгаа болохоос нэг албан тушаалтанд зориулсан зарчим огт тавиагүй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчийн хариуцлагын зөвлөл байгуулахаар тусгагдсан. Гэтэл Ерөнхийлөгч Шүүхийн сахилгын хороог байгуулна гэж байна. Ялгаа нь юу юм бэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл арваад жил яригдсан. Энэ хугацаанд шүүгчийн хараат бус, хариуцлагатай байдлыг хангахыг гол зорилгоо болгосон нь мэдээж. шүүхийн ерөнхий зөвлөл, шүүгчийн хариуцлагын зөвлөлийг Ерөнхийлөгчөөсөө хараат бус байлгах ёстой. Харин шүүгчдээ мэргэжлийн хариуцлагыг тооцох ёстой юм. Шүүхийн сахилгын хороог яаж байгуулах, ямар бүрэлдэхүүнтэй байх, хэрхэн бие даан үйл ажиллагаа явуулах эсэхийг огт заагаагүй байна лээ.

-Иргэдийн хурал нь зөвшөөрөхгүй байсан ч аймаг, хот байгуулах, хил хязгаар тогтоохыг УИХ шийднэ гэж байгаа нь хэр зөв юм бэ?

-Нэгдмэл улсын тогтолцоогоороо тэр санаа нь зөв юм. Монгол Улс нэгдмэл улс учраас үүнийг төр нь өөрөө шийдэх учиртай. Нутаг, дэвсгэр дээр амьдарч байгаа хүмүүс өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлж болно. Тэр нь нэгдмэл бус учраас төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр болоод хууль журамд нь харшлахгүйгээр орон нутгийнхаа асуудлыг зохицуулах эрхтэй байх ёстой. Энэ агуулгаараа зөв санаа гэж харж байгаа. Гэхдээ энэ нь ард нийтийн санал асуулгаар дэмжигдэнэ гэдэгт эргэлзэж байна. Үндсэн хуулийн төсөл зөвхөн энэ заалтаасаа болоод уначихаж магадгүй.

Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр Засаг захиргааны нэгж хоёр шатлалтай байна гэж бий. Тэр нь аймаг, сум, эсвэл нийслэл, дүүрэг гэсэн хоёр шатлал. Гэтэл одоо нийслэл юунд хуваарилагдах нь тун ойлгомжгүй. Тодруулбал, аймаг, хот, нийслэлд хуваагдана гэж байгаа. Аймаг нь суманд, хот нь дүүрэгт. Тийм хэрнээ нийслэл нь хотод хуваагдана гэчихсэн. Хатуухан хэлэхэд энэ төслийг бичсэн хүнд Үндсэн хууль гэж ийм зүйл байдаг юм гэж лекц уншмаар санагдаж байна.

-Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл энэ чигээрээ дэмжигдчих вий гэх болгоомжлол Үндсэн хууль судлаачид, зарим иргэдийн дунд байна л даа. Энэ тухайд?

-Би өөрөө Үндсэн хуулийн эрхзүйг оюутан байхаасаа хойш судалж байна. Энэ чиглэлээр хоёр ч ном гаргаж байсан. Үндсэн хууль өөрөө улс төрийг зохицуулж байдаг зүйл. Энэ утгаараа улс төрийг ч судалдаг, багшилж байсан. Үндсэн хууль, улстөр судалдаг хүний хувьд хэлэхэд Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөс энэ нь арай дөнгүүр юм даа гээд оруулчих зүйл алга. Яахав зарим нэг зүйлийн санааг нь авч болох л юм. Түүнээс зүйл, заалтаар нь хүлээж авах нэг ч зүйл байхгүй. Үүнийг батлах хүмүүс нь энэ төслийг боловсруулсан хүнээс хэр боловсролтой байхыг би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бид тэдэнд найдахаас өөр арга байхгүй.

Үндсэн хуулийг судалж эрдэм шинжилгээний бүтээл туурвисан, ном бичсэн, манайхны хэлдгээр “Үндсэн хууль мөлжиж амьдардаг” 17 хүн л бий. Тэр хүмүүс өнгөрсөн 10 жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар саналаа нийлүүлж байж энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан. Тиймээс УИХ-д ажлын хэсгээс өргөн барьсан энэ төсөл 10 жилийн турш ус, тосоо шахуулчихсан, чамбайрчихсан. Ерөнхийлөгчийн энэ төслийг боловсруулсныг харахад тэр 17 хүнээс хэн нь ч оролцоогүй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *