Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Чулуунбилэг: МАН-ын дарга У.Хүрэлсүх нь үндсэн хуулийн бус цэрэгжсэн үйл ажиллагаа явуулсан, фашизмыг дэмжсэн учир намын гишүүд нь огцруулах нь хамгийн зөв гарц

АНын дэд дарга, Улс төр судлаач О.Чулуунбилэгтэй ярилцлаа.


Ерөнхийлөгч Х.Баттулга МАНыг тараах захирамж гаргаж Дээд шүүхэд хүргүүлсэн. МАНыг цэрэгжсэн нам болсон нь үнэн гэж судлаачид, улстөрчид байр сууриа илэрхийлж байна. Таны хувьд өмнө нь Цэцэд энэ асуудлаар хандаж байсан байх аа?

-Ерөнхийлөгч хуулийн гэхээсээ илүү улс төрийн нүүдэл хийсэн. 2019 оны хавар дөрөвдүгээр сард МАН-ын дарга, Ерөнхий сайд (тухайн үед) У.Хүрэлсүх нь Монгол цэргийн Нэгдсэн холбоо гэгчийг байгуулж үндсэн хуулийн бус цэрэгжсэн байгууллага байгуулж байна гэсэн гомдлыг ҮХЦ-д өгсөн байдаг юм. ҮХЦэц 2019 оны 12 дугаар сард энэхүү гаргасан гомдлыг хэлэлцэх шаардлагагүй гэсэн хариуг өгсөн. Саяхан Ерөнхийлөгч мөн адил утга бүхий захирамжийг Улсын дээд шүүхэд гаргасан гэж ойлгосон. Гэвч үнэндээ Цэрэг армийнхныг улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулахыг оролдох ажил Х.Баттулга Ерөнхийлөгчөөс эхтэй. Нөгөө төмөр замын маргаан дэгдэж байхад тагнуул, армийн тэтгвэрт гарсан хурандаа нар олноор гарч ирснийг та бүхэн санаж байгаа байх. Түүнээс хойш цэргийн элдэв эвсэл холбоод үе үед хэвлэлийн хурал хийх болсон. Дараа нь ҮАБЗ-ийн нөгөө хоёр гишүүн болх У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар өөрсдөө ёслоод, цэрэгжсэн хувцас өмсөж, буу зүүж, элдэв холбоог дэмжээд уралдаад эхэлсэн. Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар гурав Монголын улс төрд цэрэгжсэн соёл нэвтрүүлсэн учраас хамтдаа хуулийн болоод улс төрийн хариуцлага хүлээх ёстой. ҮАБЗ-ийн хуулийг шинэчлэх ёстой. Энэ хэвээрээ байвал цэрэгжсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, их хурлын дарга гэсэн гурван диктаторын удирдлага үүсэх бодит эрсдэл байгааг л нотолж байна.

Өнгөрөгч бямба гаригт Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй хэмээн шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор ийн захирамж гаргалаа хэмээн зарим судлаачид дүгнэсэн байсан. Та юу гэж бодож байна.

-Ерөнхийлөгчийн нүүдэл У.Хүрэлсүх рүү чиглэж байх шиг. Монгол цэргийн нэгдсэн холбоо байгуулагдаж байхад Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө амжилт хүсч илгээлт илгээж байсан. Монголын Үндэсний нэгдсэн фронт гэдгийг байгуулж тэргүүн нь байсан генерал Б.Баярмагнай биднийг Ерөнхийлөгч дэмжиж байгаа гэж хэлж байсан хэвлэлийн мэдээллүүд хуучраагүй байгаа. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх ч Х.Баттулга ч Монголд үндсэн хуулийн бус цэрэгжсэн байгууллагууд байгуулахад хамтран оролцсон, дэмжсэн булчин нэгт андууд юм.

Өнөөдөр үндсэн хууль зөрчсөн асуудлыг хамтдаа хийчихээд муудалцахаараа нэгнээ шүүхдээд, буруутгаад байж болохгүй. У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр хамтдаа хариуцлага хүлээх ёстой. Улстөрчид хуулийн зөрчлийг өөрт ашиггүй бол үл тоодог, ашигтай үед гаргаж ирж хоорондын зодоондоо ашиглаж нийгмээ хуваадаг байж болохгүй.

-100 жилийн түүхтэй энэ намыг татан буулгах нь хууль эрх зүйн хүрээнд боломжтой юу?

-Үндсэн хуулийн бус үзэл санааг тээж, фашист үйл ажиллагаа явуулсан бол хууль эрх зүйн хүрээнд татан буулгах нь зөв. Манайд үндсэн хуулийн бус бослого үймээн, нийгмийн хуваагдал, хувьсгалт аллагад сошиал орчинд турхирч байдаг хаягтай олон ТББ, хөдөлгөөнүүд, улстөрчид бий. Үүнийг хууль хяналтынхан цэгцэлж чадаагүй байгаа нь үнэн. Яг МАН-ын хувьд ийм үйл ажиллагаа явуулсан гэж огт харагдахгүй байна. Харин намын дарга У.Хүрэлсүх нь үндсэн хуулийн бус цэрэгжсэн үйл ажиллагаа явуулсан, дэмжсэн нь тодорхой учир намын гишүүд нь даргаа ёс зүйн хувьд огцруулах нь зөв гарц болно. Фашист үзэлтэй намын даргадаа хариуцлага хүлээлгэж чадахгүй бол МАН нийгмийн дэмжлэг авч чадахгүй, хүмүүс дахин итгэхгүй. МАН боловсон хүчин сайтай, залуучууд нь мундаг. Тэд намаа цэвэрлэж чадах байх аа. АН-ын олон залуучууд ч фашист үзэл санаа тээсэн хүнийг дахин Ерөнхийлөгчид намаасаа нэр дэвшүүлэхгүй гэж тэмцэж ирсэн.

Танай сонинд өгсөн ярилцлагад баахан хов л ярьсан байна лээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигч байх өндөр магадлалтай МАН-ын кандидат ямар ч бодлого ярьсангүй. Бо үсэг ч алга. Цар тахлаар үхэж үрэгдэж буй иргэддээ ядаж эмгэнэл илэрхийлсэнгүй. Тэгээд яах юм, Ерөнхийлөгч болвол сөрөг хүчин нь шүүмжлэхээр дахиад ажил хийхгүй зугтах юм уу.

Ерөнхийлөгчийн уг захирамжийгДангаараа ноёрхох гэсэн дарангуйлал руу Монгол Улсыг чирэх гэж байгаа үйлдэл”, “..өнөөдрийн мэдэгдэл нь тангаргаа зөрчсөн үйлдэл боллооМАНын Удирдах зөвлөлөөс хэмээн мэдэгдсэн. Энэ талаар?

-Парламентын 76 суудлын 62-ыг нь авсан МАН ийм сул мэдэгдэл гаргаж байгаа бол их аймхай байгаагийн шинж. Учир нь үндсэн хуульд зааснаар Монгол Улс парламентын засаглалтай улс.

МАН-ын дарга У.Хүрэлсүх айгаад дуугарсангүй. Ил гарсангүй. Залуу гишүүдээрээ хийлгэсэн бэлгэдлийн төдий мэдэгдэл л гэж харагдаж байна.

Энэ нь Ерөнхийлөгчийг импичмент хийх хангалттай үйлдэл боллоо гэж зарим гишүүд харж байна. Ерөнхийлөгчийг импичмент хийх болов уу. Цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөх бол?

Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны мөрийн хөтөлбөр, өргөсөн тангаргаас удаа дараа зөрчсөн, няцсан үйлдэл хийж байгаа. Хувийн өмчид халдсан, цаазын ялыг сэргээх гэсэн, парламентын засаглалыг эсэргүүцсэн, хуулийн засаглалыг нураасан, ШХАБд элсэхийг уриалсан, ҮАБЗ-ийг ашиглаж цэргийн төсөвтэй болсон гээд маш олон бий. МАН 2016-2020 онд 65, 2020 оноос хойш 62 гишүүнтэй мөртлөө айгаад импичмент хийж чадаагүй. Энэ утгаараа Х.Баттулга бол МАН-ын бүтээл. Одоо ч импичмент хийж чадахгүй эрх баригчид.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *