Categories
мэдээ цаг-үе

О.Болдбаатар: Эстрадын алтан үеийнхнээс ердөө гуравхан хүн үлдсэний нэг нь би юм шүү

Арын эгнээний зүүн гар талаас Т.Рэнцэнханд, Н.Пүрвээ, Д.Ухнаа, Б.Нандинцэцэг, Х.Галхүү, Л.Оюунчимэг, Ж.Уранчимэг, С.Янжиндулам, Н.ГэрэлтОд, урд эгнээний зүүн гараас О.Болдбаатар, А.Зориг, Х.Төмөр, хөтлөгч В.Дүгэрмаа, Б.Бямбадорж. Соёлын төв өргөөнд тоглолтын дараа авахуулсан зураг. 1992 он. (энэ зургийг авах үеэр Б.Дамчаа гуай, Л.ЦэндАюуш гуай нар киноны зураг авалтад явсан байв)

Эстрадын алтан үеийнхэнтэй хамт Улсын Филармонийн “Баянмонгол” чуулгад дуулж явсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Очирын Болдбаатартай ярилцсанаа хүргэе.


-Довчингийн Отгонсүрэн гуайн шүлэг “Янзага” гэж сайхан дуу бий. Нэг хэсэгтээ л хит болж байсан бүтээл. Дууныхаа түүхээс ярихгүй юу?

-“Унаган хайр”, “Амьдралын анхны хонх” жүжгийн дуу зэрэг ард түмний сэтгэлд хүрсэн олон дууны хөгжим бичсэн урлагийн гавьяат зүтгэлтэн Гаадангийн Алтанхуяг анх санал болгосон юм. Тэр чинь наян он байх шүү. Тухайн цагт миний бие Улсын цагдан сэргийлэхийн газар ажиллаж байсан. Манай гэр бүлийн хүн Н.Пүрэвээ Улсын дээд шүүхэд ажиллаж байлаа. Бид хоёр далан дөрвөн оноос дуулж эхэлсэн. Үндсэндээ гэр бүлийн хос дуучдын анхдагч юм. С.Вандан, Д.Дуламсүрэн хоёр гавьяат бид хоёроос гурван жилийн дараа гэр бүл болж дуулж эхэлсэн түүхтэй. Алтанхуягийг дуудсаны дагуу драмын театрт яваад очлоо. “Говийн зэрэглээ”-гийн Арслан буюу алдарт найруулагч Г.Доржсамбуу, Г.Алтанхуяг хоёр сууж байна. “Буцах хаяг” гэж жүжиг хийх гэж буйгаа дуулгалаа. Уг жүжгийн дуу нь Д.Отгонсүрэнгийн шүлэг “Янзага” байж л дээ. Г.Алтанхуяг “Та хоёрт одоо би хөгжим дээр сонсгоё. Бараг л нэг сонсоод та хоёр дуулна, би мэдэж байна” гэдэг юм. Г.Доржсамбуу болохоор “Энэ том жүжгийн дууг энэ хоёр барах уу, чадах уу” гэсэн янзтай. Тэгж бодох нь арга ч үгүй биз дээ. Ямар мэргэжлийн дуучид биш. Ингээд үгийг нь хартал

“Хөвчин хангайн налгархан чөлөөнд

Хөөрхөн янзага ганцаар тоглоно

Хөнгөхөн хөлөөрөө шүүдэр өшигчин

Цэцгэн дундуураа дэгдэн тонгочно

Рашаан гээд шалбааг уувал яанам билээ

Ачтанаа гээд араатныг дагавал яанам билээ

Аясын салхинаас чамайгаа хамгаалж

Аадрын үүлнээс энхрийлэн халхална…” гээд маш гоё үгтэй дуу байсан. Г.Алтанхуягийг төгөлдөр хуур дарахад нээрээ л аялгуу нь шууд ороод ирсэн. Бид хоёрын дуулахыг сонсчихоод Г.Доржсамбуу нүдээ ирмээд жигтэйхэн баясалтай байж билээ. Ингэж л энэ бүтээл драмын театрын тайзан дээр төрсөн.

-Та бол цагдаагийн хүн. Гэвч Монголын эстрадын урлагийн түүхийг бичилцсэн хүний нэг. Ингэхэд ямар сургууль төгссөн юм бэ?

-МУИС-ийг санхүү эдийн засагч мэргэжлээр төгссөн. Аав минь Монголын цагдаагийн байгууллагын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албаны дарга, хурандаа цолтой хүн байсан. Аавынхаа зам мөрөөр цагдаагийн хүн болсон. Монголын цагдаагийн байгууллагад би хайртай. Шинэ үеийн залуучууд намайг тэр бүр сайн танихгүй байх. Хуучны нөхөд замд таарчихаад ёсолдог байлаа. Урлагийн зам мөртэй олон олон сэжмээр холбогдсон байдаг. Октябрын районд НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд улсын цагдан сэргийлэх газрын дарга, хошууч генерал А.Дунбуурай дуудаж “Хуучин сүмийн нууц” гэж кино хийх гэж байна. Түүний гол дүрд тогло гэсэн үүрэг өгч байлаа. Би зөвлөхөөр нь ажиллана гэв. Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг төгсч ирсэн Жамъянсүрэнгийн Сэлэнгэсүрэн гэж алдартай найруулагчийн бүтээл. Өмнө нь тэр хүний найруулсан “Тойрох хуудас” кинонд миний бие тоглосон юм. “Хуучин сүмийн нууц”-д Өвөрхангай аймгийн Бүрд сумын хэсгийн байцаагч Сүрэнхүү гэж хүний дүрийг наян хоёр онд хорин зургаан настайдаа бүтээсэн. Архангайн Өлзийт сумын нутагт зургийн натурт гарна. Тэгж л Шаравын Сүрэнжав гуайн шүлэг “Шөнийн эргүүл” дууг дуулах хувь тохиосон. Цэл залуу хорин хэдхэн насандаа детектив киноны гол дүрийг бүтээж, өөрөө дууг нь дуулна гэдэг сайхан. Сонирхуулахад, Пүрвээ бид хоёрын хуриман дээр Цэдэнбал Филатова ирж баяр хүргэж байлаа. Гадаадаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарын гэргий нарыг өөрийнхөө барьсан хуримын ордныг үзүүлж явахад нь бид хоёрын хурим таарсан байдаг. Далан таван онд Их сургуулийн оюутан ахуйдаа Сэнгийн Эрдэнийн зохиол “Өвлийн ойд” хэмээх богино хэмжээний уран сайхны кинонд тоглож байсан. Мөн “Дэгдээхий нас” кинонд тоглосон. Сүүлд Сорогдогийн Жаргалсайханы зохиол “Хубилай хааны зарлиг” кинонд тоглож байлаа. Мөн “Цагдаагийн тангараг”, “Зүрхэнд шингэсэн нулимс” зэрэг кинонууд байна. “Хуучин сүмийн нууц”-д тоглоход мэргэжлийн бус ганц хүн нь би байсан. Ардын жүжигчин Лоолийн Жамсранжав, Хандсүрэн, “Цоохор морь”-ны Сэдэд гуай олон аваргуудтай хамт тоглосон доо.

-“Манай гаригийн залуус” гэж дууг та гэр бүлээрээ анх дуулсан санагдана?

-Ханьтайгаа дуулсан. “Аль нь вэ” гэсэн киноны дуу шүү дээ. Бадар-Ууган, Оюунцэцэг хоёр анх дуулж байсан. Гэтэл уг киноноос тэр дууг хассан байдаг. Намын төв хорооны үзэл суртлын нөхөр “Манай залуучуудын өмнө олон салаа зам байхгүй. Коммунизм гэсэн ганцхан зам байгаа” гээд хасуулсан юм билээ. Дэлхийн залуучууд оюутны их наадамд оролцох гээд Гомбосүрэнгийн Баярхүү гэж найзаараа шүлгийг нь бичүүлж Алтанхуягаараа хөгжмийг нь бичүүлж энэ дуу төрсөн.

“Хүсэл мөрөөдлийн оч болон гялалзаад

Хүний орчлонд жаргалын гэгээ туяарсан

Хүж дэлхий нараа тойрон эргэж байна

Хөвчин дэлхий чамдаа хичнээн хайртай вэ

Дэлбээлж ургасан амьд цэцгүүд

Дэлхийгээ ээж шигээ хайрладаг залуус

Бүүвэйлж аялсан төрөлх гаригаа

Эвийн сэтгэлээр уярааж явна аа…” гэх залуу насны цог жавхааг харуулсан дуу. Гэр бүлийн “Бид” хамтлаг байгуулж, мөн чиг олон жил ард түмнийхээ хайр энхрийлэлд багтаж явсан байна.

-“Жар, далаад оны залуус наашаа” хэмээх супер тоглолтыг “Улаанбаатар палас”-ын их танхимд зохион байгуулж бужигнуулсныг санаж байна?

-Тийм ээ. Монгол түмэн маань өөрсдөө дуунд дуртай их дууч ард түмэн. Ялангуяа жар, далаад оны залуус дуунд бүр илүү их дуртай, маш эрч хүчтэй, доргио гэдэг нь тэрхүү тоглолтоос илт мэдрэгдсэн. Жар, далаад оны залуучууд эх орон ард түмнийхээ өмнө хэлэх үгтэй, хийсэн юмтай улс орныхоо хөгжил цэцэглэлтэд тав таван жилээр ажлаа төлөвлөж Улс ардын аж ахуйн бүхий л салбарт залуу нас, амьдрал тэмцлээ чин сэтгэлээсээ зориулж ирсэн үнэтэй эрхмүүд. Энэ цагийнхны бахархал болсон хүмүүс. Амьдралын хатуу хөтүү, баяр жаргал, зовлон зүдгүүрийг биеэр амсч, нийгмийн давалгаанд цохигдон тэсвэр тэвчээрийг мэдэрсэн “алтан үеийнхэн” юм. Өнөөдөр шиг компьютер, гар утас байхгүй тэр үед тэд хариуцсан ажлаа эзний ёсоор хийж, за бол ёогүй жинхэнэ “хүн” байхын утга учрыг үзүүлжээ гэж бодогддог. Миний бие гэр бүлийн хүн Н.Пүрвээгийнхээ хамт бүр оюутан ахуй цагаасаа эхлэн Улсын филармонийн “Баянмонгол” чуулгатай, энэ олон сайхан дуучинтай нэг баг болж концертын тайзан дээр хамтран дуулж, хөдөө бригадаар явж агуу их урлагийг түгээсэндээ бахархдаг. Түүх сөхөхөд, 1941 оны долдугаар сарын 12-ны өдөр Ардын хувьсгалын 20 жилийн ойгоор Улсын циркийн дагшаа найрал хөгжим анхны тоглолтоо наадамчин олон түмэнд толилуулахад өдгөөгийн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай “Чайка” дууг дуулж, Саксафон хөгжим тоглож байснаар Монголын эстрадын түүх эхэлсэн юм билээ. Саяхан би ардын жүжигчин, Монголын урлагийн амьд домог болсон П.Хаянхярваа гуайнд очиж хууч хөөрөхдөө мэдсэн. Хаянхярваа гуай надад “Чи Цогзолмаа гуайнд очихдоо үүнийг өгчихөөрэй” гээд нэгэн жижигхэн цаас өгсөн нь Цогзолмаа гуайн анх дуулж хөгжимдсан “Чайка” гэдэг дууны нот, мөн өөрийнх нь түүнд зориулан бичсэн зурвас үг байлаа. Би гэр бүлийн хүн Н.Пүрвээ, охин Ариунаа, Халиунаа нартайгаа нийлж гэр бүлийн “Бид“ хамтлагийг 2007 онд байгуулж мөн л олон газраар явж тоглолтоо хийсэн. Бидний урын санд орос, украин, монгол олон сайхан аялгуут дуу байдаг байв. Гэр бүл Н.Пүрвээ маань хүнд өвчний улмаас 2013 онд таалал төгсөж бидэнд болон түүний дууг сонсох дуртай үзэгч, сонсогч түмэнд хүнд гарз тохиосон юм. Мөн дараа бага охин Халиунаагаа алдаад амьдралын хүнд бэрхийг туулж л явна, ах нь. “БИД” хамтлаг дотнын анд, зууны манлай дуучин Х.Төмөрийнхөө гэгээн дурсгалд зориулж түүний дуулдаг байсан Ш.Шажинбатын шүлэг О.Бэгзийн хөгжим “Бидний дуулах дуртай дуу”-г нь дуулж клипжүүлсэн нь түмний талархал хүлээсэн билээ.

-Монголын эстрадын алтан үеийнхнээс Ухнаа гуай, Уранчимэг гавьяат бид гурав л байна гэж та хэлж байсан. Сар шинийн босгон дээр Ухнаа гуай ардын жүжигчин боллоо. Эстрадын алтан үеийнхнийхээ тухай дурсахгүй юу?

-Ухнаа гуайгаа өндөр цол хүртэхэд баярлаж л байлаа. Яалт ч үгүй амьд домог болсон хүний нэг мөн. Би “Зууны манлай” гэж сүүлд өргөмжлөгдсөн дуучин Х.Төмөртэй дотно үерхдэг байлаа. Яг өнөөдрийн өндөрлөгөөс харвал эстрадын ёстой жинхэнэ гайхалтай од нь байж дээ. Түүний уянгалаг, мэдрэмжтэй цээлхэн хоолойгоор дуулсан “Нарт тэнгэрийн дор”, “Аяны шувууд” “Үдэлт” “Бидний дуулах дуртай дуу” зэргийг нь барууны үзэл суртал үнэртүүлсэн гэж Монголын радиогоор явах эрхийг нь бүтэн зургаан жилээр хасч байлаа. Энэ тухай өөрөөс нь сонсоод зүрх шимширч байсан. 1989 оноос эхлэн “Эстрадын ахмад дуучдын тоглолт” гэж гайхамшигтай тоглолт болдог байсныг манай жар, далаад оны залуучууд андахгүй тод санана даа. Бид хамтдаа 512 удаа дүүрэн үзэгчтэй тоглосон бөгөөд бүх үзэгчид нь жар, далаад оны залуус байсан. Энэ тоглолтыг зохион байгуулсан Д.Ухнаа гуай нэг удаа тайзан дээрээс “Та нарын дотроос энэ тоглолтыг хамгийн олон үзсэн хүн байна уу” гэхэд үзэгчдийн дундаас нэг нь “Найм дахь удаагаа үзэж байна” гэснийг тодхон санадаг юм. Алтан үеийнхэн маань мөнгө хөлс нэхдэггүй байлаа. Тэдний маань гол шагнал нь үзэгчдийн халуун алга ташилт байсан. Энэ бол гайхамшиг. Тэр үед надад “Лада” нэртэй Оросын нэг муу хуучин машин байлаа. Тоглолтын дараа Төмөрийг гэрт нь хүргэж өгөөд харина. 50 мянгатын нэг байрны булангийн орцонд нэг умгар өрөөнд амьдардаг байв. Орос, англи хэлийг төгс эзэмшсэн, өндөр боловсролтой, тэр үеийн мундаг сэхээтнүүдийн нэг байлаа. Улаан тамхийг нимгэн цаасанд ороогоод ирийтэл нь жагсаагаад нэг саванд хийчихсэн байдаг сан. Их найзархуу, хааяа нэг зуу татна. Заримдаа тоглолтын үеэр намайг хөшигний ард дуулах ээлжээ хүлээгээд зогсож байхад чихэнд сэмээрхнээр “Боогий, найз нь жижигхэн юм аваад ирсэн, нааш ир” гээд дагуулаад хүнгүй газар очно. Үзвэл жижиг шилэнд архи хийчихсэн хуваана. Картаар өрх бүрт бараа тоо хэмжээтэй олгодог, аливаа юм ховор, архи нүдний гэм байсан тэр үед хаанаас ч юм цэвэрхээн самагон олоод ирдэг байж билээ. Тийм л үнэн түүх бидэнд байсан юм. Сүүлд хөгжмийн зохиолч З.Зундарийн байгуулсан “Мөнгөн хүрхрээ” хамтлагт Х.Төмөр, Пүрвээ бид гурав дуулдаг байж билээ. Буурангийн Нандинцэцэгийн тухай мөн л дурсах байна.

Нэгдүгээр дэлгүүрийн урд гэр нь байлаа. Нандиагийн гэрээр бишгүйдээ л орж гарч явжээ. Ээж нь надад их сайн байж билээ. Галхүүтэй хөдөөгүүр олон чиг удаа зам нийлж явжээ. Бүгдийнх нь тухай дурсмаар байх юм.

Ийнхүү Болдбаатар ахтай багагүй хугацаанд ярилцсанаа товчлон хүргэлээ. Өндөр соёл, хүнлэг сэтгэл нэвт ханхлуулдаг эл эрхэм хайрт охин Халиунаадаа зориулсан “Гэрэлтэй сүүдэртэй энэ хорвоод нэр төртэй явсан шүү, миний охин

Гэгэлгэн энэ дэлхийгээ дуу хуураар уярааж явсан шүү, миний охин” гэх шүлгээ хоолой зангируулан уншиж өгсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *