Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, “Этүгэн ирвэсүүд” багийг үүсгэн байгуулагч О.Баярцогттой уулзаж ярилцлаа. Түүний хувьд сагсан бөмбөгийн спорттой амьдралаа холбоод 34 жил болж байгаа юм. Эдгээр он жилүүдийн талд нь тэрбээр тамирчин, үлдсэн хугацаанд нь дасгалжуулагчийн амаргүй бэрх хөдөлмөрийг эрхэлж байна.
-“Этүгэн ирвэсүүд” багийг үүсгэн байгуулж, дасгалжуулагчаар нь ажиллаж эхэлсэн нь хүсэл мөрөөдлийн тань нэгээхэн хэсэг байсан уу?
-Анх 2013 онд Этүгэн их сургуулийн ТУЗ-ийн дарга н.Нямзагд багш намайг хүлээж авч уулзсан. Тэрбээр АНУ-д байх хугацаандаа багийн спортын хөгжил маш чухал юм байна гэдгийг олж харсан байсан. Надтай уулзаад “Манайд шинэ спорт заал ашиглалтад орж байгаа. Энэ зааланд чи сагсан бөмбөгийг хөгжүүлээд, “Этүгэн их сургуул”-ийн багийг Монголд брэнд болгож гаргаж ир” гэсэн. Энэ тал дээр бид тохиролцоод 2013 оноос хойш ажилласан. Явцын дунд “Этүгэн ирвэсүүд” сагсан бөмбөгийн клубийг үүсгэн байгуулсан. Этүгэн их сургууль маань “Этүгэн ирвэсүүд” клубийг ивээн тэтгэх байдлаар явдаг.
“Этүгэн ирвэсүүд” клубийг байгуулсан хамгийн том зорилго бол тухайн үед бэлтгэл хийж байсан хүүхдүүд маань “Багш аа, энэ багаараа дээд лиг рүү оръё” гэсэн санал тавьж байсан юм. Хоёрдугаарт, хүүхдүүдтэй ажиллаад ирэхээр тэдний дунд хүнд хэцүү амьдралтай хүүхэд маш их орж ирж байсан. Тиймээс хүүхдүүдийг сагсан бөмбөгөөр дамжуулан амьдралд зөв зам руу нь оруулах, нийгэмд нэг ч гэсэн тогтвортой гэр бүл, сайн аав ээжийг бий болгохын төлөө ажиллаж эхэлсэн дээ.
-Дасгалжуулагч хүн амжилтын төлөө явах ёстой юу. Сагсан бөмбөгөөр дамжуулж нэг ч гэсэн хүүхдийг зөв зүг рүү чиглүүлэх ёстой юм болов уу?
-Эхлээд хүний төлөө, хүүхдийн төлөө, тамирчны төлөө явах ёстой. Мэдээж багш дасгалжуулагч хүн болгон амжилтын төлөө явдаг. Гэхдээ нэг жил аварга авчихаад алга болохыг амжилт гэж хэлэхгүй. Харин маш олон жилийн турш тогтвортой барьж байгаа балансыг амжилт гэж ойлгодог.
-Өөрөө “Бизнесийн чөтгөрүүд” хэмээх Лигийн хошой аварга багийн гол тоглогчдын нэг байсан хүн. Тэр үед зөвхөн өөрийнхөө тоглолтын тухай боддог байсан байх. Харин дасгалжуулагч хүн багийн хүн бүрд хүрч ажиллах шаардлагатай. Үүнтэй санал нийлэх үү?
-Санал нийлнэ. Би тоглогч байхдаа хувийн амжилт, хувийн амбицийн төлөө тэгтлээ их явдаггүй, багийнхаа амжилтын төлөө явдаг байсан. Одоо эргээд бодоход тухайн үед хувийн амжилтынхаа төлөө жаахан ч гэсэн амбицтай байж, лигийн тэргүүн тоглогч болохын төлөө өөртөө зорилго тавьж яваагүй жаахан алгуурласан байдалтай тамирчин байсан юм байна гэж өөртөө дүгнэлт хийдэг. Багш дасгалжуулагч болоод ирэхээр нэгдүгээрт, өөрөө маш зөв хүн байх ёстой. Дасгалжуулагч хүн эхлээд өөрөөрөө шавь нартаа үлгэрлэх хэрэгтэй болдог. Тэгэхээр өөртэйгөө маш их тэмцэлдэж эхэлнэ, өөрийгөө маш их өөрчилж эхэлнэ, өөртэйгөө ажиллаж эхэлнэ. Хоёрдугаарт, шавь нарынхаа төлөө ажиллахдаа хүн бүртэй яг ижил нэг түвшинд харьцах шаардлага гардаг. Нэгийг нь ад үзэж, нөгөөг нь илүүд үзэх хандлага гаргаж болохгүй. Ер нь л маш олон зүйлийг өөрчилж, өөртэйгөө маш их ажиллаж, өөрийнхөө сурч мэдсэн зүйлээ тамирчдадаа ойлгуулж, ойлгосон зүйлийг нь тамирчдаараа талбай дээр гаргуулах шаардлагатай гардаг. Энэ бол тоглогчоос хэд дахин илүү ачаалалтай, өндөр хариуцлагатай ажил.
Сагсан бөмбөг өдөр ирэх тусам хөгжиж байгаа спорт. Миний сагс тоглож байсан үе одоогийн сагсан бөмбөг хоёр хоорондоо асар их ялгаатай болсон. Бидний үед өндөр ур чадвартай тоглогч дээр суурилсан тоглолтууд, хувийн ур чадвар дээр суурилсан тоглолтууд голдуу явагддаг байсан бол одоо багаар ажиллах, баг дотор хамгаалалтын систем, довтолгооны систем гэдгийг тогтоож, зурсан зураглалын дагуу тоглодог сагсан бөмбөг манай улс оронд зонхилж байна.
-“Би зөв юмны хойноос яваад муу хэлүүлэхийг хүлээн зөвшөөрдөггүй юм” гэж нэгэнтээ хэлсэн байсан. Энэ ямар учиртай, хэнд хандаж хэлсэн үг вэ?
-Хүн бүхэн өөрийн гэсэн зарчим, байр суурьтай. Өөрийнхөө зөв гэж бодсон тэр замаараа л явж байна. Хийсэн нь нүдэн дээр нь илт, гарт баригдахаар тамирчдын төлөө хийсэн ажилтай байхад түүнийг нь мушгин гуйвуулж, ямарваа нэгэн байдлаар тэр ажлыг нь унагаах гэсэн оролдлогуудыг би хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тухайлбал, 2016 оноос хойш би “Этүгэн ирвэсүүд” клубт оюутны тэтгэлэгт хөтөлбөр гэдгийг анх санаачилсан. Одоо ес дэх жилдээ хэрэгжиж байна. Жилд 75-100 хүүхэд энэ тэтгэлэгт хамрагддаг. Хамрагдсан хүүхдүүд 30-100 хувийн тэтгэлэг авдаг. Жилдээ 100-150 сая төгрөгийн тэтгэлэг олгогддог. Зарим сургууль үүнийг дуурайж янз бүрийн байдлаар иймэрхүү ажлыг хийж байгаа. Дөрвөн жил сурахдаа нэг ч төгрөг төлөхгүйгээр сургуулиа төгсчихсөн, өнөөдөр эхнэр хүүхэдтэйгээ сайхан амьдарч байгаа хүүхдүүд ч байгаа. Янз бүр байна. Гэхдээ энэ тэтгэлгийг зөвхөн сагсан бөмбөг сайн тоглодог гэдгээр нь олгодоггүй. Тухайн хүүхдийн талбай дээр болон талбайн гадуур биеэ авч явж байгаа ёс зүй, харилцаа хандлага, хувь хүний хүмүүжил мөн хамгийн чухал нь өөрийнхөө боловсролд анхаарч байгаа байдлыг хардаг. Үүнийг тодорхойлох сурлагын дүн, ирц. Энэ бүгдийг сургалтын алба, сургууль, багш нараас нь аваад ёс зүй талаас нь үнэлж дүгнээд үүнд сагсан бөмбөгийн ур чадвар, техникийг нь хамтад нь дүгнэснээр энэ тэтгэлгийн хувь хэмжээ гарч ирдэг. Хоёрдугаарт, “Авьяастны эрэлд” гэдэг хөтөлбөрийг санаачлаад гурван жил болсон байна. Энэ хөтөлбөр нь хөдөө орон нутгийн хүүхдүүд рүү хандсан боломжуудыг олгодог. Бидний зорилго бол хөдөө байгаа сагсан бөмбөгт маш дуртай, хайртай атлаа амьдралын боломжгүй, хагас өнчин эсвэл бүтэн өнчин тэр суутнуудыг л хайж олох явдал юм. Тэр хүүхэд сагсан бөмбөгт маш дуртай ч түүнд хэн ч заагаагүй байж болно. Тэр хүүхдийг бид сургаж, хүмүүжүүүлж амьдралд хөл тавиулж, зөв зам руу нь оруулж, зорилготой болгож, хийх зүйлтэй, хүсэл тэмүүлэлтэй болгож өгдөг. Энэ замаар хүмүүжсэн маш олон хүүхэд байгаа. Тэдгээр хүүхдийг ирээдүйд мэргэжлийнхээ дагуу ажил хийгээд, зарим нь мэргэжлийн тамирчин болоод сайхан амьдарч байгааг харах л хамгийн том жаргал байдаг. Гэтэл “Авьяастны эрэлд” гэж хөтөлбөр хэрэгжүүлээд хамаг сайн тоглодог хүүхдүүдийг нь түүж аваад, Этүгэн амжилт гаргаад байдаг” гэж ярихыг нь би тэвчдэггүй. Хамт олон дотор нэгийгээ өргөж дэмжихийн оронд доош нь зулгаасан тиймэрхүү үйлдлүүд байдаг. Ер нь манайхан дээд түвшиндээ ч гэсэн тийм байгаа. Хамтарч ажиллаж чаддаггүй.
Гэхдээ багийн спорт манайд сүүлийн жилүүдэд хөгжиж байгаа. Энэ нь нийгэмд эерэг үр дагавар авчирна гэж боддог. Яагаад гэвэл багийн спортоор хичээллэж байгаа хүмүүс л хамт олноороо ажиллаж сурна.
-“Бизнесийн чөтгөрүүд” их сайн баг байсан. Сайн ч нягтарсан хамт олон байсандаа Лигийн аваргаар хоёронтоо тодорсон байх гэж боддог. Тэр багаа, залуу насаа эргэж дурсвал…?
-Тийм ээ. Маш гайхамшигтай баг байсан. Бүгд сэтгэл, зорилго нэгтэй. Хэзээ ч нэгнийхээ дээр гарна гэж зүтгэдэггүй, нэгнийгээ хүлээн зөвшөөрч чаддаг, дэмжиж чаддаг тийм л баг байсан. Бэлтгэлийг маш ихээр хийдэг байсан. МУГТ Түвшинбаяр бид хоёр ТИС дээр бэлтгэл хийдэг байхад ядаргаанд ороод толгойн үс халцраад унах хэмжээнд хүртэл бэлтгэлээ хийж явсан байдаг. Түүний үр дүнд зохих түвшний амжилтад хүрсэн гэж боддог. Бид одоо ахмадын улсын аваргад ордог. Ахмадын улсын аваргад ороод нэлээн хэд түрүүлж амжилт гаргаж байсан. Сая хамгийн сүүлд бидний төгссөн 57 дугаар сургуулийн 50 жилийн ой болсон. Тэр үед 57 дугаар сургуулийг төгссөн “Бизнесийн чөтгөрүүд”-ийн Түвшээ, Ариунболд, Абаа бид хэд нэгдэж байгаад тоглосон. Он оноороо орж байгаа учраас бид нараас хамаагүй дүү залуучуудтай өрсөлдсөн. Мэдээж биднийг хожих гэж, ялах гэж тэд маш их хичээсэн. Бид ч өөрсдийнхөө зиндааг үзүүлэх гэж маш их зүтгэсэн. Тэр тэмцээнд түрүүлсэн маань хамгийн сүүлийн тэмцээн болоод байна даа.
-Уучлаарай, одоо Монголд 5×5 гэсэн багийн тоглолт бараг үгүй болжээ. Үүнд Та харамсдаг уу?
-Үүнтэй санал нийлэхгүй. Би 2009 оноос шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаад, 2010 оноос шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажилласан. Энэ хугацаанд Монголын “5х5”-ын сагсан бөмбөгийн шигшээ багийг Азийн аваргад оруулахаар зорилго тавьж, хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Тухайн үед хоёр холбооны асуудлаас болж шигшээ баг Спортын төв ордон дээр бэлтгэл хийж чаддаггүй байлаа. Тэгээд “Этүгэн” их сургуулийн зааланд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг бэлтгэл хийх цагийг захирлаасаа гуйж гаргуулаад тэнд бэлтгэлээ хийж байсан. Мөн шигшээ багийн тамирчдаа өөрийнхөө санхүүжилтээр байрлуулж, хооллож, бэлтгэл сургуулилт хийж байсан цаг үе байгаа. 2010 онд Азийн наадамд бид урьдчилсан шатнаас үндсэн шатандаа шалгарч, үндсэн 16 багт орсон. Үүнээс өмнө Монголын сагсан бөмбөг урьдчилсан шатнаасаа ч гарч чаддаггүй, үндсэн 16 багт орж чаддаггүй байсан юм. Үндсэн 16 багт ороод бид 2-3 багийг хожиж эхэлсэн. Тэр үеэс хойш 18-20 залуусыг байнгын шигшээ багийн бүрэлдэхүүнд байлгаж, тухайн үед өөрийнхөө чадлаараа хамгаалалт, довтолгооны системийг тогтоогоод ажилласан. Ингэж явсаар 2014 онд Инчеоны Азийн наадамд Монголын сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн боломжийн сайн амжилт гаргаж, эрэгтэй шигшээ баг шилдэг найман багийн нэгээр шалгарсан. 2015 онд Хонгконг Монгол Улс хоёрыг хооронд нь тоглуулаад хожсон нь Азийн аваргад орох боломж сагсан бөмбөгийн “5х5” дээр гарч ирж байсан үе бий. Тухайн үед холбоо хоёр хуваагдаад аль нь явуулах, аль нь шийдэх нь мэдэхгүй явсаар тэр боломжоо алдсан. Тиймээс Хонгконг Азийн аваргад орж байсан юм. Бид тухайн үед Азийн аваргад орж, цааш нь олон улсын тэмцээн уралдаанд жил бүр тогтмол оролцоод явж байсан бол өнөөдөр “5х5” ийм хэмжээнд байхгүй. Бүтэн 6, 7 жил ямар ч олон улсын тэмцээнд оролцохгүй завсарлачихсан шүү дээ. Энэ хугацаанд “3х3” гэдэг шинэ сагсан бөмбөгийн төрөл хөгжөөд, маш олон уралдаан тэмцээнд ороод өнөөдрийг хүрлээ. Одоо “3х3” мэдээж маш амжилттай явж байна. Гэхдээ “5х5” тун удахгүй Азийн аваргад орох, улам илүү хөгжих, цаашилбал дэлхийн аваргад орох боломж бололцоо байгаа гэж би боддог. Үнэндээ “5х5”-ын хөгжил бол бидний дотоодын асуудлаас болж зогссон юм шүү.
-Таны төрсөн дүү “Алтайн бүргэдүүд”-ийн О.Баярсүх гэж маш сайн сагсан бөмбөгчин байлаа. Хэрвээ дүү тань их залуухнаараа тэнгэрт одоогүй бол ахыгаа гавьяатын тэмдгээ энгэртээ зүүгээд Төрийн ордноос гарч ирэхэд цэцэг бариад тосох байсан нь мэдээж. Дүүгээ хэр дурсдаг вэ. Ер нь та хоёр нэг багт тоглож болоогүй юм уу?
-Түвшинбаяр, Ганбат, Ариунболд, манай дүү бүгд 57 дугаар сургуульд сурч байсан. Тухайн үед шигшээд авахдаа манай дүүг аваагүй. Манай дүү үлдээд өөрөө маш шаргуу хөдөлмөрлөсөн. Бид дүүрэг, шигшээ гэж явж байгаад тухайн үед “Азийн чоно” гээд багт ороод явсан. Дүү маань “Алтайн бүргэд” гээд. Манай дүү, МУГТ Түвшинбаяр хоёр “Алдар спорт” хороо дээр сагсны тамирчин байсан. Энэ хугацаанд өөрийгөө маш их шахаж шаардаж бэлтгэлээ хийгээд, анхын лигт хоёр өөр багт орсон. Түүнээс хойш тоглосоор байсан. Мэдээж, өнөөдөр хүртэл миний зүрх сэтгэлд дүү минь байнга оршиж дурсагддаг. Бид хоёулаа нэг спортоор хичээллэж, хоорондоо маш эвтэй найртай байсан. Бид эхээс тавуулаа. Энэ дотроо бид хоёр амь нэгтэй. Нэгнийгээ бэлтгэл сургуулилтад нь явуулахын тулд түлээгээ хагалчихдаг, усыг нь авчихдаг байсан. Бие биеэ нөхдөг байсан учраас миний зүрх сэтгэлээс дүүгийн минь тухай дурсамж хэзээ ч арилахгүй гэж боддог.
-Өөрөө Монголын багш дасгалжуулагчдын холбоог тэргүүлдэг байх аа?
-Сагсан бөмбөгийг илүү хурдан хөгжүүлье гэвэл багш дасгалжуулагчийг мэргэжлийн түвшинд мэргэшүүлэх, тэдний чадавхыг сайжруулах шаардлагатай санагддаг. Тийм учраас би Монголын багш дасгалжуулагчийн холбоог үүсгэн байгуулаад ерөнхийлөгчөөр нь ажиллаж байгаа. Монголын сагсан бөмбөгийн холбоонд хүсэлт тавиад тус холбоотой хамтарч 2023 оноос “С” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт хийгээд эхний дасгалжуулагчийн сургалтаар 176 дасгалжуулагч үнэмлэх авсан байгаа. Дараа нь “В” зэрэглэлийн сургалтаа хийнэ. Зарим хүн “Биеийн тамирын дээд сургууль төгсчихөөд диплом авчихаад байхад заавал сагсан бөмбөгийн “С” зэрэглэл гээд байх ямар шаардлага байна” гэж ярьдаг. Гэтэл биеийн тамирын дээд сургуулийг тэр хүн төгсөөд волейбол ч зааж болно, сагсан бөмбөгч зааж болно, тэр бүү хэл, хөлбөмбөг, бокс зааж болно. Гэхдээ тэр хүн мэргэшээгүй байхгүй юу. Тэгээд л сагсан бөмбөгийн мэргэшсэн дасгалжуулагч бэлдэх гээд байгаа юм. Тэр мэргэшсэн дасгалжуулагчаас ямар үр дүн гарах вэ гэхээр мэргэжлийн тамирчид бэлтгэгдэж гарч ирнэ гэсэн үг. Энэ санаачилга маань Монголын сагсан бөмбөгийн хөгжилд зохих хувь нэмэр оруулна гэж бодож байгаа. Би энэ ажлыг хийгээд боломжийн түвшинд авчраад өгвөл цаашид сайхан аваад явчих залуучуудад шилжүүлж өгөөд явна гэж боддог.
Сагсан бөмбөгийн төлөө явахдаа аль болох албан тушаал, хувийн амбиц, би гэсэн өнцгөөс хандаж байсангүй. Сагсан бөмбөг гэх гайхамшигтай спортоор хүүхэд байхдаа тоглож эхлээд дараа нь багш дасгалжуулагч болдог ч юм уу ингээд бид энэ спортоос явна. Гэхдээ явахдаа хүн шиг байя л гэж боддог. Сагсан бөмбөгт миний өнгөрүүлсэн энэ цаг мөч бүр хийсэн ажил бүхэн дараа нь түүх болж үлдэнэ. Үр хүүхдэд минь аав чинь ийм хүн байсан гэхэд мундаг сайн нь хаашаа юм, зүгээр л хүн шиг хүн байж дээ аав минь, ямар ч байсан буруу юм хийгээгүй гэх тэр нэр хүндийг л зөв авч явах юмсан гэж дотроо бодож хичээж явдаг юм.
-Монголын сагсан бөмбөгийн спортыг илүү өндөр түвшинд хүргэхийн тулд юу хэрэгтэй гэж дүгнэдэг вэ?
-Сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхийн тулд маш олон хүний хичээл зүтгэл хэрэгтэй. Дөнгөж зургаан настай хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш дасгалжуулагчаас эхлэн шигшээ багийн дасгалжуулагч нарын хичээл зүтгэлийн үр дүнд үүсч байгаа амжилт. Тэгэхээр сагсан бөмбөгийн хөгжилд оролцож байгаа багш дасгалжуулагч нар нэгдүгээрт, хүүхдийнхээ төлөө маш сайн ажиллах ёстой, өөрсдөө маш сайн сурч боловсрох ёстой. Хоёрдугаарт, заавал хэн нэгнийхээ дээр нь гарах гэж биш, урдах урдах ажлаа л хариуцлагатайгаар хийж ажилламаар санагддаг. Тиймээс бодлогын түвшинд, тогтолцооны түвшинд цаашдаа нэлээд зүйл өөрчлөгдөж байж хөгжил, амжилт ирнэ дээ гэж хардаг.
Тэр сайн тоглогч самбараас хамгаалагч байсан бол одоо маш сайн дасгалжуулагч. Түүний удирддаг “Этүгэн ирвэсүүд” баг 2013 оноос оюутны лигт оролцож, өнөөдрийг хүртэл медалийн тавцангаас буугаагүй л байна. Таван багийнх нь хоёр аварга, нэг дэд аварга, нэг хүрэл медаль авч, дөрвөн баг медальд хүрсэн түүхэн амжилт ч тэднийх. Түүнд сагсан бөмбөгт хамтран зүтгэж явсан төрсөн дүүгээ, хоёр сайхан шавиа алдаж, сэтгэлийн гүн хямралд орж байсан үе бий ч өөрийнх бэлтгэсэн 200 шавийн харц, итгэл, сэтгэл эргэж босоход нь тусалсан гэдгийг ч тэр хэлсэн.
Ярилцсан
Н.Саранчимэг