Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү: Хэвлэлээр гарсан шиг Ч.Хүрэлбаатар гадныхантай мөрийтэй тоглож, ууж, идээд явсан бол маш том ёс зүйн алдаа. Алдаа битгий хэл гэмт хэрэг ч байж болох үйлдэл DNN.mn

УИХ-ын гишүүн асан, хуульч, өмгөөлөгч О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн энэ долоо хоногт гурав дахь хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар явуулах гэж байна. Та хуульч хүний хувьд энэхүү асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Уг нь анхнаасаа төсөл гэж байгаагүй. Төсөлгүй байж Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсныг би одоо болтол гайхдаг. Гэхдээ зарим хүмүүсийн хэлж байгаагаар ҮХӨ-ийн төсөл иймэрхүү байвал яах вэ гэсэн санал асуулга л байсан юм болов уу гэж бодож байна. Тэр утгаараа ҮХӨ-ийн төсөлтэй холбоотой санаанууд янз бүрээр явж байсан. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн асуудал, парламентын гишүүдийн тоог нэмэх эсэх тэр битгий хэл Ерөнхийлөгчийн статусыг өөрчлөх асуудал яригдаж байсан. Эцэст нь өргөн баригдсан ганц хуулийн төсөл, заалт нь гишүүдийн тоог нэмэх л асуудал боллоо. Үүнийгээ л УИХ одоо хэлэлцээд явж байгаа юм болов уу гэж ойлгож байна.

-Тэгэхээр таныхаар ҮХӨ-ийг хэлэлцээд явж байгаа нь хууль зөрчиж байгаа гэж үзэж байна уу?

-Миний хувьд олон хэлсэн дээ. Хатуухан хэлэхэд МАН маш их аархалтай байна. Угаасаа нууц биш байсан мэдээллийг нууц байдалтай байсныг гаргасан юм шиг өдөр болгон ард түмэнд сенсацитай мэдээллийг гаргасаар байна.

Энэ нь бусад том асуудлаа олны анхаарлаас авч хаях гэсэн оролдлого л доо. Нэг шуугианыг нөгөө шуугианаар дараад байна гэсэн үг. Угтаа цаанаа Монголын эдийн засаг сүйрчихсэн байна. Хоёрдугаарт, одоогийн өргөн баригдсан хууль бол өөрөө хууль зөрчсөн асуудал. Би үүнийг олон хэлсэн дээ. Гэхдээ аархаж байгаа намыг хэн ч дийлэхгүй л дээ. Ингээд батлаад явна биз. Энэ намыг цөөнх болгохын тулд хоёрхон арга л бий. Нэгдүгээрт, сонгуулиар ялна, үгүй бол хувьсгалаар ялна. Гэхдээ хоёр том гүрний дунд оршдог манайх шиг улсын хувьд өнөөгийн цаг үед хувьсгал яриад дэмий л дээ. Тэгэхээр сонгуулиар л энэ асуудлыг ялах шаардлагатай.

-Таны хувьд Ардчилсан намд хуулийн зөвлөх, нарийн бичгийн дарга гэсэн албан тушаал дээр хэвээрээ байна уу?

-Хууль ёсны нам нь С.Эрдэнийн нам л байсан. Намайг энэ намын дарга л баталсан. Миний ойлгож байгаагаар одоо ч гэсэн ямар нэгэн албан тушаалд томилсон болоод шинээр өөрчилсөн шийдвэр гаргаагүй байх. Өөрөөр хэлбэл бид намын даргаа сольё гээд хууль ёсны дагуу Л.Гантөмөр гэдэг хүнийг сонгож, баталсан. Тэгэхээр Л.Гантөмөр дарга одоогоор шинээр хүн томилох болон хуучин хүмүүсийг чөлөөлсөн зүйл алга л байна.

-Боловсролын зээлийн сангийн асуудал нийгэмд шуугиан дэгдээж байна. Таны хувьд энэхүү асуудлыг юу гэж харж байна вэ?

-2020 оноос хойш л ярьж байгаа. Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлаар хүчтэй пиар хийж чадаж байгаа учраас олон нийтийн анхаарлыг татлаа.

Угтаа өмнө нь би ч гэдэг юм уу өөр хэн нэгэн энэ асуудлыг зөндөө л ярьсан. Олон нийтэд ингэж хүрээгүй л асуудал байгаа байхгүй юу. Миний хувьд Их хурлын гишүүн байхдаа ч тэр хэлж л байсан. Бүх зээлийн сан асуудалтай гэж. Өнөөдөр гэнэт шокроод хэрэггүй л дээ. Магадгүй хамгийн гайгүй зээлийн сан нь байж мэднэ шүү. Гайгүй гэдэг нь сайн муу ч Боловсролын зээлийн сан нь барьцаатай. Бусад сангууд бүр барьцаа ч байхгүй, үнэн дампуурчихсан системтэй. Түүнийгээ бүгдийг нь идэж ууж, цөлмөчихсөн. Тэр хүмүүс нь дандаа л дарга нар байдаг. Үүнээс юу харагдаж байна гэхээр монголчууд 30 жил ямар намыг гаргаж ирсэн юм бэ. Тэр намаа л жаргаагаад явж байна. Хуучин дал гаруй жил яг л ийм л байсан. Өөрөөр хэлбэл дарга нарын хүүхдүүдийг шударга, боловсролтой, мэдлэгтэй байх ёстой гээд ЗХУ руу явуулж сургадаг байсан. Харин одоо дарга нарын хүүхдүүд тэнэг байсан ч гэсэн сурах нэрээр барууны орнууд руу явдаг болж.

-Төрийн өндөр албан тушаалтнууд тэр дундаа улс төрийн албан тушаалтнуудын ёс зүйн дүрэм, эрх, үүргийг тусгайлан хуульчилж өгсөн байдаг шүү дээ. Нөгөөтэйгүүр МАН-ынхан дэндүү аархуу байна гэж та хэлсэн. Саяхан Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар шөнө оройн цагаар гадныхантай уулзалт хийлээ, хоол унд идлээ, уулаа гэсэн мэдээ нийгэмд тархсан. Үүнийг та юу гэж үзэж байна. Та бас төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн шүү дээ…?

-Ч.Хүрэлбаатарын тухайн гаргасан үйлдлийн талаар ярьж байгаа бол би мэдэхгүй байна. Өөрөө ч тайлбар хэлсэн байна лээ. Би тэр тайлбарыг нь харсан. Бас ч гэж муугүй тайлбар хийчихжээ л гэж ойлгосон. Шулуухан хэлэхэд би ч гэсэн гадна дотны хүмүүстэй төрийнхөө төлөө хүсэхгүй байсан ч гэр бүл бүх зүйлээ түр орхиод уувал уугаад, идвэл идээд, яривал яриад л явдаг. Учир нь улс эх орныхоо төлөө л гэж явж байгаа шүү дээ. Тэгэхээр үүнийг ёс зүйгүй үйлдэл гэж яримааргүй байгаа юм. Нөгөөтэйгүүр хэвлэлээр гарсан шиг Ч.Хүрэлбаатар гадныхантай мөрийтэй тоглож, архи дарс ууж идээд явсан бол энэ нь маш том ёс зүйн алдаа. Алдаа битгий хэл гэмт хэрэг ч байж болох үйлдэл. Гэхдээ мань нөхрийн хэлж байгаа шиг гадныхантай хоол унд идээд, төрийн ажил хийгээд явж байгаа нь өөрөө зарчимын л асуудал шүү. Угаасаа аль ч улсад ийм соёл байдаг. Тухайлбал, бид Солонгост очлоо гэж бодъё. Тэгвэл яах вэ, тэд зочдоо хүндэтгээд орой ч байна уу, өдөр ч байна уу дагуулж яваад хоолонд оруулж, цайлна. Үүнийг бид өнөөдөр ёс зүй гэж яриад улсаараа тоглож болохгүй.

-Ер нь хууль ном нь ямар байдаг юм бэ. Төрийн өндөр албан тушаалтан гадны хүмүүстэй хаана, ямар уулзалт хийж, яаж харилцах ёстой вэ гэдгийг л асуугаад байгаа юм?

-Би харин танд хэлээд байна шүү дээ. Америкт ч юм уу Хятадад бүр аль ч улсад очсон биднийг хоолонд оруулна. Гадны гэдэг байдлаар нь хэн нэгэн хүмүүстэй хоолонд орж, хоолонд оруулсан эсэх асуудлыг бид өнөөдөр шууд утгаараа шүүмжилж огт болохгүй. Үүнийг би найман жил төрд байсан хүний хувьд хэлмээр байна. Ч.Хүрэлбаатар гэдэг хүн надад таалагддаггүй байж болно. Гэхдээ зарчим гэж байна. Зочноо дайлах нь хувь хүний асуудал. Улс орны тэр дундаа монгол төрийн нэг шаардлага байхгүй юу даа.

-Энэ тэгэхээр дипломат ёсонд байдаг л харилцаа, ойлголт гэж хэлэх гээд байна уу та?

-Та өөрөө энгийнээр нэг бодоод үзээрэй. Гадаадад явж байсан бол биднийг янз бүрийн дайллага цайлгад аваад л ордог. Үгүй юм уу. Хоолонд орж, оруулахын цаана өөр өөрсдийнхөө улс оронд ашигтай юу байна тэрийг бүгд л яридаг. Гэхдээ Ч.Хүрэлбаатар сайдын хувьд үнэхээр Элчин сайдын яамнаас зохион байгуулсан уулзалт байв уу, үгүй юу. Би мэдэхгүй байна. Гэхдээ үүнийгээ тодруулах, ил болгох шаардлагатай. Миний хувьд Ч.Хүрэлбаатарыг өмөөрч байгаа зүйл огт байхгүй шүү. Түүний хэлсэн тайлбараас харвал тодорхой зочинтой хоолонд орсон гэдэг асуудал л байгаа юм шиг байна лээ. Тэгвэл дипломат ч байна уу юу ч бай хамаагүй, ийм зүйл байдаг. Нөгөөтэйгүүр гаднаас ирсэн зочинтойгоо хоолонд орсон бол тэнд юу яригддаг вэ. Мэдээж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрөө л ярина. Өөр юу ярих вэ дээ. Би хэлээд байна шүү дээ. Хамгийн гол нь үнэхээр ийм уулзалт болсон уу. Уулзалт боллоо гэхэд проткол бий юу. Бүр болохгүй бол түүнийгээ ил тод олон нийтэд зарлачихаж болохгүй юу. Эцэст нь хэлэхэд адны зочид төлөөлөгчтэй орой үдшийн цагаар ч байна уу хамаагүй уулзаад хоолонд орох нь байдаг л харилцаа, байдал л хүндэтгэл шүү. Үүнийг ёс зүйгээ алдлаа, хариуцлагагүй үйлдэл гаргалаа гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *