Categories
мэдээ энтертаймент-ертөнц

О.Анужинтай “Хунт нуур” DNN.mn

УДБЭТ-ын уран бүтээлчид 62 дахь улирлын үзвэрийн нээлтээ энэ амралтын өдөр алдарт “Хунт нуур” бүжгэн жүжгээр хийлээ. Нээлтийн тоглолтын гол дүр үзэсгэлэнт хар, цагаан хун нь Монгол Улсын гавьяат жүжигчин О.Анужин байв.


“Гарын хуруунаас эхлээд хөлийн үзүүр хүртлээ яг хун”

Нуурын эрэгт үзэсгэлэнт хун гунигт бүжгээ хийх ажээ. Тэр уг нь гүнж болж төрсөн ховорхон хувь заяатай бүсгүй байв. Гэвч…

Түүнд ханхүү Зигфрид дурласан. Энэ дурлал түүний хувь заяаг өөрчилсөн юм. Энэ бол П.И.Чайковскийн үзэсгэлэнт гүнж Одеттагийн тухай Германы эртний домгоос сэдэвлэн бичсэн “Хунт нуур” балетын эхлэл билээ. Энэхүү гайхам, бас халаглам хайрын түүхээр сонгодог театр хамбан улаан хөшгөө нээж, анхны үзэгчдээ хүлээн авлаа. Театрын хаалгаар ороход л яруухан хөгжмийн аялгуу эгшиглэж, халуун дулаан энерги мэдрэгдэх ажээ. 62 дахь улирлын хөшгөө нээхээр яарсан уран бүтээлчдийн догдлол, сонгодог урлаг, театрт хайртай үзэгчдийн сэтгэл хөдлөлтэй холилдон нэгэн эрчмийг үүсгэх нь таатай. Тэгвэл Монголын дуурийн театрын тайзнаа хун болох хувь заяаг сонгосон, энэ цагийн үзэсгэлэнт гоцлооч нь О.Анужин байв. Тэрээр манай театрын залуухан, чадварлаг гоцлоочдын нэг. Түүний үйл хөдлөл, гарын хуруунаас эхлээд хөлийн үзүүр хүртлээ яг хун болохоор төрсөн мэт төгс ажээ. Бүжигчин бүсгүй цагаан хунгийн уян налархай байдал, цас шиг цагаахан гэнэн сэтгэлийг хар хунгийн эрхэмсэг байдал, хурц авир, зоримог төрхтэй тэрсэлдүүлж чадсан нь гайхалтай.  Хун шувуу үнэнч хайрын бэлгэдэл.  Монголчууд анх “Хунт нуур” балеттай 1975 онд танилцсан түүхтэй. Монголын анхны хун бол  гоо үзэсгэлэн, ур чадвар, эелдэг зөөлөн ааль, хурц ширүүн харцаараа өөрийгөө тунхагласан Ардын жүжигчин Ю.Оюун агсан билээ. Анхны “Хунт нуур” балетыг Оросын мэргэжилтнүүд тавьжээ. Тэд театрын бүжигчидтэй уулзахдаа л Ю.Оюун агсныг онцолсон гэдэг. Түүний уран нарийхан гар, хөнгөн хөдөлгөөн нь нисэж буй хун шиг харагдсан тухай дуурийн театрын архивт бичиглэн үлдээсэн байдаг. Тэр цагаас хойш Монголын театр олон хунг “өлгийдөн” авч, бойжуулсан. Түүний нэг нь О.Анужин юм.

Анх “Хунт нуур”-ын олны хэсэгт гарсан

Түүний хувьд 2016 онд буюу 21 настайдаа БНСУ-д болсон “Korea international ballet competition” Олон улсын балетын “А” зэрэглэлийн уралдаанд амжилттай оролцож, хүрэл цом, тусгай шагнал хүртсэн билээ. Түүний энэхүү амжилт балетын эмэгтэй бүжигчдийн амжилтын буухиаг 35 жилийн дараа үргэлжлүүлсэн юм. Тодруулбал, 1981 онд Ардын жүжигчин, Зууны манлай бүжигчин С.Оюун Японд болсон Олон улсын уралдаанаас гурван хүрэл медаль авчирч байсан түүхтэй. О.Анужин анх театр ороод “Хунт нуур” балетын 16 хунгийн нэгээр тайзнаа гардаг байжээ. Энэ тухайгаа “Олны хэсэг их хэцүү. Учир нь бүжигчид яг нэгэн зэрэг, нэг амьсгаатай бүжиглэх учиртай. Тэгэхээр гол дүрээс ч илүү хяналт хэрэгтэй гэсэн үг. Ингээд би 2016 онд анх  гоцолж байлаа. Манай бүжигчид “Хунт нуур” бол “Хунт нуур” л юм гэж ярьдаг. Бүжигчнээс техник шаарддаг хэцүү балет. “Хунт нуур”-т бүжиглэхийн тулд ур чадвараас гадна сэтгэл зүйгээ хүчтэй байлгах учиртай” хэмээн  энэхүү бүжгэн жүжгийн тухай сэтгэгдлээ илэрхийлсэн удаатай.

Цаг үе бүхэн өөр, өөрийн хунг бүтээдэг. Хэзээ ч хунд бүжиглэсэн балетчин өмнөх хунгаа хуулбарладаггүй ажээ. Учир нь тэд өөрсдийн мэдрэмж, дотоод сэтгэлээр өөрийнхөө хунг л бүтээдэг. “Энэхүү бүжгэн жүжигт зөвхөн өөрийгөө золиосолж, дүрийнхээ ертөнцөөр амьдарч, зовлонг дааж чаддаг тэнхээтэй бүсгүйчүүд бүжиглэдэг” гэж нэгэн ахмад уран бүтээлч ярьж байв. Яг л тэр сэтгэлийн тэнхээ болоод авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ энэ цаг үед театрын гоцлооч О.Анужин өөрийгөө “Хунт нуур”-аар тунхаглаж байна. Тэр үнэхээр төгс хун байв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *