Categories
мэдээ улс-төр

Ц.Мөнх-Оргил: ОУПХ-ноос УИХ-ын гишүүний эрхийг зөрчсөн эсэх асуудлаар шалгаж байна

Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ноос УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдсан асуудлаар Монгол Улсад хэрэг үүсгэсэн тухай УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил мэдээлэв.

ОУПХ-оос УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр, Ерөнхий прокурор асуудал оруулаагүй байхад хууль зөрчин цагдан хорьсон. Энэ хугацаанд шүүх хурал хийж ял оногдуулж байгаа нь Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын парламентын гишүүдийн эдэлдэг эрхэд халдсан байх магадлалтай гэсэн үндэслэлээр ОУПХ хэрэг нээсэн гэдгийг мэдээллийнхээ эхэнд тодотгов. ОУПХ-ноос энэ талаар УИХ-д мэдэгдэж, асуудлыг судлах ажлын баг гаргасан бөгөөд УИХ-аас холбогдох мэдээлэл хүссэн байна. Энэ дагуу холбогдох мэдээллийг УИХ-аас хүргэж байгаа аж.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, “Энэ асуудал УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хүрээнд ажилладаг УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны анхаарлын төвд байна. Энэ асуудал дотроо хоёр хуваагдаж байгаа юм. Нэг нь УИХ болон дэд хороонд огт хамаагүй, нөгөөх нь хамаатай. Энэ хэрэг ном журмаараа шийдэгдсэн эсэх, шүүхийн шийдвэр зөв эсэх нь УИХ-ын, тэр дундаа дэд хорооны асуудал биш, шүүхийн асуудал. Бидэнд хамаатай асуудал нь УИХ-ын гишүүнийг ажил үүргээ гүйцэтгэж явахад нь УИХ-ын зөвшөөрөлгүйгээр барьж, цагдан хорьж, ял оногдуулсан нь хууль зөрчсөн гэж байнгын хороо, дэд хороо дүгнэж байгаа. Учир нь энэ бол хувь хүн, нэг гишүүний, намын асуудал биш. Аль нэг гишүүн халдашгүй байдлаасаа өөрөө татгалзаж болохгүй, УИХ шийддэг. Монгол Улсад 180 мянган төрийн албан хаагчдаас Халдашгүй байдлын эрхтэй 77 хүн байдаг. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд. Учир нь төрийн эрх барих дээд эрх мэдэл ард түмэнд байна гэсэн Үндсэн хуулийн суурь заалтыг хамгаалж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбатын цаана ард түмэн байна, ард түмэн төр барих эрхээ хэрэгжүүлж байна гэж халдашгүй байдлын эрх олгодог. Тиймээс аль нэгэн гишүүн халдашгүй байдлаасаа татгалзах эрхгүй. Шаардлага гарвал зөвхөн Ерөнхий прокурор үндэслэлээ тайлбарлана, түүнийг нь дэд хороогоор авч хэлэлцээд, УИХ олонхоороо шийддэг. Гэтэл энэ тохиолдолд Ерөнхий прокурор УИХ-д энэ асуудлыг оруулж ирээгүй. Шүүх өмгөөлөгчид хандаж цагдан хорих арга хэмжээг ч танилцуулаагүй. Тиймээс ард түмний эрхэнд халдаад байна гэсэн үг” хэмээв.

ОУПХ нь аль нэг орны парламентын гишүүний эрх нь зөрчигдсөн эсэхийг судалж дүгнэлт гаргадаг. Тэгвэл Монгол Улсад парламентын гишүүний эрх зөрчигдсөн гэсэн дүгнэлт гарвал манай улсад шаардлага хүргүүлэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *