Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нүүрсний тухай сайн мэдээнүүд

Урд хөрш Америкаас авдаг нүүрсэндээ 25 хувийн импортын татвар ногдуулсан нь Монголын нүүрсний зах зээлийн хувьд сайн мэдээ. Эдийн засагт өрнөж буй үйл явдлаас ганц гэгээтэй нь нүүрсний үнэ гэчихэд хэтрүүлэг болохгүй. Коксжих нүүрсний ханш энэ ондоо өгсөх зураг гараад буй. Таамаг эвдсэн элдэв өөрчлөлт өнөөдрийг хүртэл гарсангүйг бодоход цаашдаа ч давгүй явчих төлөвтэй байна. Нүүрсний үнэ дажгүйн дээр гадаад орчинтой хамаатай сайн мэдээ дуулдсан нь сая онцолсон татварын нэмэгдэл. Австралийн үер нэг хэсэг монгол нүүрсийг моданд оруулж байсан бол өдгөө АНУ, БНХАУ-ын гадаад худалдааны таагүй харилцаа бидэнд боломж өгөх нь тодорхой болчихлоо.

Трамп, Си хоёрын “худалдааны дайн” өнгөрсөн хавраас хүчээ авсан. Хоёр сарын өмнө Америкийн ерөнхийлөгч 258 хувийн татварт хамруулах 1300 хятад барааны жагсаалтыг нийтэлсэн юм. Трампын хар жагсаалтад багтсан бүтээгдэхүүнүүд жилдээ 50 тэрбум ам.долларыг урд хөршийн зах зээлд цутгадаг. АНУ-д зардаг энэ бараанууд нь Хятадын ДНБ-ий гурван хувийг эзэлдэг гэсэн тооцоо бий. Трампын шийдвэр урд хөршид хэр нөлөөлөхийг энэ тоонуудаас харчихаж болно. Си дарга ч тэр дор нь хариу барьж, Америкаас Хятадад нийлүүлдэг 106 бүтээгдэхүүний татварыг нэмсэнээ зарласан юм. Урд хөршийн дарга нэр төрлөөрөө хэд дахин бага ч үнийн дүнгээрээ Трампын хатгасан шийдвэртэй эн зэрэгцэхээр бүтээгдэхүүнүүд жагсаасныг онцолъё. Хятадууд АНУ-ыг яана, яг тийм хариу барина гэж шийдсэнийг энэ шийдвэр нотолж байна. Хятадын Арилжааны орлогч сайд “Энэ дайнд ялагч байхгүй ч бидэнд айх юм алга” гэсэн үгийг зүгээр ч нэг унагаагүй. Ганц намтай, социалист засагтай энэ улсын сайд нар сэтгэлийн хөөрлөөр мэдэгдэл хийдэггүйгээрээ бусад улсаас ялгардаг. Тэгэхээр Хятадын сайдын үгнээс анзаарахад энэ “дайн” багагүй хугацаанд үргэлжилж магадгүй.

БНХАУ-ын бараагаа зардаг чухал зээл нь АНУ. Харин АНУ-ын 1.2 их наяд ам.доллараар тоологдох үнэт цаасыг хятадууд барьж буй. Товчхондоо харилцан ашигтай хамтын ажиллагаатай түншүүд. Тухайн үед шинжээчид Си, Трамп нарын энэ толхилцлыг удаан үргэлжлэхгүй гэж байв. Тэд Хятад, Америкийг хэлэлцээр хийж гар барилцана хэмээн таамаглаж байсан юм. Гэтэл Хятад улс энэ сард АНУ-аас авах нүүрсэндээ 25 хувийн татвар тавьчихлаа. Энэ шийдвэрээс анзаарахад хоёр тал өнөөхөндөө хэлэлцээрийн ширээний ард сууж ойлголцолд хүрэхийг хүсэхгүй байгаа бололтой.

Зарим шинжээч Трамп түрүүлж барьцаа сулруулж бууж өгөхгүй бол Си дарга гэдийсээр байж магадгүй гэцгээж буй. Америкийн компаниудын Хятадын зах зээлд оруулсан хөрөнгө Хятадын компаниудын Америкт оруулсан хөрөнгөнөөс дөрөв дахин их учраас Трампийн шийдвэр өөрийнх нь улсад л хүнд тусна гэх таамгууд хөвөрч байна.

Хоёр гүрний “худалдааны дайн” дэлхийн бусад орнуудад эерэг, сөрөг нөлөөлөл үзүүлэх тухай тооцоо эхнээсээ дуулдаад эхэллээ. Германы машин үйлдвэрлэгч “Daim­ler” гэхэд л ашгийн таамгаа бууруулчихлаа. АНУ, Хятадын харилцан ногдуулахаар төлөвлөсөн импортын тариф “Daimler”-ийн Хятад дахь борлуулалтад сөргөөр нөлөөлөх нь тодорхой болжээ.

Трамп, Си хоёрын “дайн” эерэгээр нөлөөлөх улсын нэг нь манайх. АНУ-ын коксжих нүүрсний экспорт дэлхийн нийт экспортын дөрөвний нэгийг эзэлдэг, Хятадын зах зээлд коксжих нүүрс нийлүүлдэг гол тоглогчдын нэг. Ийм нөлөөтэй тоглогч татварын “хориг”-т орчихоор нүүрсний үнэ нэмэгдэх нь гарцаагүй. Нүүрсний эрэлт өсч, үнэ нь өнөөдрийнхөөс өсөх нь тодорхой. Лав л энэ жилдээ нүүрсний үнэ тун таатай байх нь ойлгомжтой боллоо. Манайхаас урд хөрш рүү экспортлох нүүрсний хэмжээ огцом нэмэгдэж, тэр хэрээр төсвийн орлого зузаарна гэдэг бол эдийн засагт маш сайн мэдээ. Ер нь дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний дээд үнэ 200 ам.доллар байгаа бол Австралийн бирж дээр 180 ам.доллар орчим байна.

Нүүрсний зах зээлд дуулдаж буй өөр нэг эерэг мэдээ нь өндөр чанарын коксжих нүүрстэй “Нүүрстэйн орд”. Хөвсгөлийн Мөрөнгөөс баруун урд зүгт арав орчим километр орших энэ ордыг ЖОРК стандартаар 4.7 сая тонн таамаг, 8.1 сая тонн боломжит нүүрсний нөөцтэй гэж тогтоожээ. Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр майнинг” Нүүрстэйд хайгуул хийж байна. Тус компани хоёр байршилд хайгуул хийж байгаагийн нэг нь “Нүүрстэй”, нөгөө нь “Овоот” юм. Энэ хоёр орд 50 градусын өргөргийн зүүн зүгт байрладаг. Хоёулаа сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй нь Хөвсгөлийн газар нутгийн онцлогтой холбоотой гэж геологичид онцолдог. Тус аймгийн газар нутгийн 80 хувь нь цэвдэгтэй учраас нүүрс нь дээд зэргийн чанартай байдаг аж. Тус компанийн эзэмшдэг Овоотын коксжих нүүрсний дээжийг коксын шатаах зууханд турших туршилтыг 2013 онд хийж байж. Туршилтаар Овоотын коксжих нүүрс дээд зэргийн цэвэр нүүрс болохыг тогтоожээ. БНХАУ, Орос, Зүүн Европ, Хойд Азийн хэрэглэгчид тус ордын нүүрсний чанарыг “маш сайн” гэж үнэлжээ. Овоотын хувьд 255 сая тонн сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй гэсэн мэдээлэл бий. “Аспайр майнинг” компанийн тэргүүн Дэвид Паул “Нүүрстэй төслийн коксжих нүүрсийг Япон, БНСУ-ын ган үйлдвэрлэгчдээс гадна өндөр чанарын нүүрс хэрэглэдэг БНХАУ-ын ган хайлуулах үйлдвэрүүд худалдан авах боломжтой” хэмээн онцлоод байна. Нүүрстэйн ордын тухайд Овоотын ордоос баруун зүгт 160 километр оршдог.

“Аспайр майнинг” 2014 онд “Занаду майнс”-аас Нүүрстэйн төслийн 45 хувийг худалдаж авсан бол 2017 онд хувь эзэмшлээ 90 болгож өсгөсөн юм. “Аспайр майнинг лимитед” Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй компани. Зах зээлийн үнэлгээ нь 20 сая ам.доллар. 2300 орчим хувьцаа эзэмшигчтэй, 2.5 сая хувьцаатай. Хамгийн том хувьцаа эзэмшигч нь “Нобел” групп. “Нобел” групп компанийн нийт хувьцааны 19.9 хувийг эзэмшдэг бол компанийн удирдлагууд нь нийлээд 13 хувь эзэмшдэг. Хувьцааных нь дийлэнх хэсгийг олон нийт эзэмшдэг гэсэн үг. “Аспайр майнинг” Овоотоос Эрдэнэт хүртэл төмөр зам барих төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Уг төмөр замын маршрут дагуу Нүүрстэйн орд оршдог. Тодруулж хэлбэл тус компани Овоот-Эрдэнэтийн төмөр замыг барьснаар нүүрс тээвэрлэх асуудлаа бүрэн шийдчихнэ гэсэн үг. Тэдний хэрэгжүүлэх төмөр замын төслийн талаар Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Ажил нь дажгүй яваа төслүүдийн нэг. ТЭЗҮ нь дуусаад зургийнхаа ажилд ороод явж байна. 2019 оны гуравдугаар сараас ажил нь эхэлнэ гэсэн амлалт өгсөн. Яамнаас энэ төслийг бүх талаар дэмжинэ” гэсэн үг унагаад байна.

Овоотыг Эрдэнэттэй, цаашдаа Оростой холбох төмөр зам барина гэсэн хэтийн зураг бий. “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд тодорхой хэмжээний санхүүжилтийг Хятадаас авах магадлалтай гэсэн таамаг дуулддаг. Орос, Хятадыг холбох хойд зүгийн төмөр зам баригдвал Нүүрстэйгээс гадна хойд зүгийн бусад уурхайнуудаас олборлох нүүрсийг өндөр үнээр Орос, цаашлаад Япон, Солонгост экспортлох боломжтой гэж төсөл хэрэгжүүлэгчид онцолж байна. Энэ төмөр замын өгөөж ашгийг “Эдийн засгийн хойд коридор” гээд байгаа нь ийм учиртай. Хойд коридорын төмөр замыг экспортын шинэ үүд хаалга хэмээн тодотгож буй. Төсөл хэрэгжүүлэгчид Оросоор дамжин Солонгос, Японы хэрэглэгчдэд сайн чанарын угаасан коксжих нүүрс экспортолно гэж төлөвлөжээ. Төслийн хүрээнд герман технологийн угаах үйлдвэр барихаар болж. Өнгөрсөн оны аравдугаар сард Нүүрстэйн төслийн олборлолтын тусгай зөвшөөрлийг авсан бол ирэх оны эхээр олборлолтоо эхлэхээр тооцжээ. Нүүрстэйн төслийн олборлолтыг нарны эрчим хүчээр явуулах гэнэ. Олборлолт эхлэхэд 200 шинэ ажлын байр бий болно гэж төслийн танилцуулгад онцолжээ. Төслийг ашиглалтад оруулахын тулд 13 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм байна.

Төмөр замын тухайд өөр нэг сайн мэдээ дуулдаж байна. Өмнөд болон хойд Солонгос улс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ны өдөр дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ хоёр улсын хооронд төмөр болон авто зам холбох, эх газрын төмөр замын холболтыг сайжруулах судалгааг эрчимтэй явуулахаар болсон юм. Хэрвээ энэ яриа ажил болбол Орос, Хятадаар дамжиж Өмнөд Солонгос гэх өндөр үнээр нүүрс худалдаж авдаг аварга зах зээлд хүрэх боломж нээгдэнэ. Юутай ч далайд гарцгүй Монгол эх газраар гуравдагч зах зээлд хүрэх том боломжийн тухай яриа хэлэлцээ хойд, өмнөдийн хооронд эхэлнэ гэдэг аятай мэдээ.

Ц.Баасансүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *