Гадаад худалдааны 2022 оны эхний долоон сарын гүйцэтгэлээр нийт бараа эргэлт 11.2 тэрбум ам.доллар болж 2021 оны мөн үеэс 2.6 тэрбум ам.доллар буюу 31 хувиар өсөж, 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
Экспорт өнгөрсөн оны мөн үеэс 36.3% өсөж, 6.5 тэрбум ам.доллар болсон ба экспортод нийлүүлсэн барааны 99.4 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлжээ.
Экспортын барааны нийт дүнд
- эрдэс бүтээгдэхүүн 5.5 тэрбум ам.доллар буюу 85.5 хувь
- сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 517.9 сая ам.доллар буюу 8%
- нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 312.3 сая ам.доллар буюу 4.8 хувийг тус тус эзэлсэн нь
нийт экспортын дүнгийн 98.4 хувийг эзэлж байгааг Гаалийн ерөнхий газрын статистикт дурдсан байна.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
Монгол Улс дэлхийн 59 оронд бараа экспортолсноос
- БНХАУ-д 84.2 хувь
- Швейцарт 7.6 хувь
- Сингапурт 4.3 хувь тус тус ногдож нийт экспортын 96.1 хувийг дээрх орнууд эзэлж байна.
Гол нэрийн барааны экспортыг харвал нүүрсний экспорт өнгөрсөн оныхоос 11.2% өсөж, 2020 оны түвшинд дөхөж очжээ. 2022 оны эхний долоон сард нийт 11.1 сая тонн нүүрс экспортолсон байна.
Зэсийн баяжмалын экспорт 2020 оны түвшнээс 7.8%, 2021 оныхоос 14.5% өсөж, 860 мянган тоннд хүрчээ.
Харин төмрийн хүдэр, боловсруулаагүй нефтийн экспорт өнгөрсөн хоёр жилийнхээс буурсан үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар