Categories
мэдээ нийгэм

“Нүүрс хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэхийг хүсэв

 “Шинэ зуун” ТББ-аас “Нүүрс хөтөлбөр”-ийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлж  өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хоёр жил нүүрс хөтөлбөр хэрэгжиж гэр хорооллын иргэд 40 кг-аар савласан нэг шуудай нүүрсийг 3200 төгрөгөөр авч байв. Энэ нь амьжиргааны төвшин доогуур өрхөд таатай байсан гэнэ. Мөн нүүрс борлуулагчаар нийслэлийн хэмжээнд 170 гаруй хүн ажиллажээ. Тэднээс цөөнгүй нь насаар ялгаварлагдан ажилд орж чаддаггүй иргэд байсан аж. Тэд жолооч, ачигчаар ажиллаад орлоготой өвөлждөг байжээ. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны 35 дугаар цэгийн борлуулагч В.Сувдаагаас дараах тодруулгыг хийлээ.

-Та борлуулагчаар хэдэн жил ажиллаж байгаа вэ. “Нүүрс хөтөлбөр”-т иргэд хэр сэтгэл өндөр байдаг бол?

-Борлуулагчаар ажиллаад 2 жил болж байна. “Нүүрс хөтөлбөр” өгөөжөө өгсөн гэдгийг ард түмэн хүлээн зөвшөөрч байгаа. Энэ жил хэрэглээ нь илүү нэмэгдсэн. Танай нүүрс хямд, арвин, хоггүй байдаг гээд сураглаад ирдэг байсан.  Нэг шуудай нь 3200 төгрөгийн үнэтэй, 1600 төгрөгөөр үнэлэгддэг нүүрстэй жишихэд үнэ нь хоёр дахин их ч гэлээ хэмжээ нь их. Дулаахан өвөлжлөө л гэж иргэд ам сайтай байсан.  Би сарын 900 мянган төгрөгийн цалин авдаг, нүүрс борлуулахаар. Бидэнд энэ хэмжээний цалин өгч ажиллуулах газар хаа ч байхгүй. Тээвэрлэж ирсэн нүүрсийг хүлээж авна, шигшиж шуудайлна. Хэн, хэндээ хэрэгтэй хөтөлбөрийг энэ жил дахиад үргэлжлүүлмээр л байгаа юм.

А.Жасрай: Нүүрс борлуулсныхаа төлөө АТГ-т байцаагдсан

(Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэгт нүүрс борлуулагч А.Жасрай)

-Таныг Авлигатай тэмцэх газраас шалгасан гэж сонслоо. Чухам ямар асуудлаар шалгасан юм бэ?

-Би ойлгохгүй байгаа, нүүрс борлуулсныхаа төлөө АТГ-т байцаагдсан. Авлига өгсөн гээд байгаа юм уу, авсан гээд байгаа юм уу, бүү мэд. Ямар ч байсан хоёр удаа дуудаж асуусан. Тэтгэврийн хөгшин гэрт зүгээр сууж байхаар гээд төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжиж ажилласан. Үүнийхээ төлөө хөгширсөн хойноо цагдаа, сэргийлэх гээд явах болж байх шиг. Уг нь сард 900 мянган төгрөг хэн надад өгөх билээ. Өдөрт хэдэн машин нүүрс авсан, хэдэн шуудай болсон, хэдэн төгрөгийн орлого орсон нь бүгд баримттай байгаа. Тийм болохоор айж, эмээх зүйл алга.

-Багануураас нэг тонн нүүрсийг 27500 төгрөгөөр үнэлж авчихаад 80 мянган төгрөгөөр үнэлж зарж байгаа нь илүү ашиг олоод байгаа гэх хардлагыг төрүүлээд байх шиг?

-Тийм ээ,  цаанаасаа 27500 төгрөгөөр авдаг гэж байсан. Гэхдээ тээвэрлэлт, бусад зардлууд бий шүү дээ,  энэ бүхэн нь үнэдээ шингээдэг нь бизнесийн бичигдээгүй хууль. Үүнийг хүн бүр мэднэ. Тэгэхээр дор хаяж 800 гаруй хүний цалин гээд тооцвол гарах зардал их бий. Энэ бол миний л бодож байгаа зүйл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *