Categories
мэдээ нийгэм

“Нүүдэлчний өвөл 2017” наадам ирэх сарын эхээр болно

Монгол ёс заншил, өв уламжлалыг олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилгоор БОАЖЯ-наас санаачлан ирэх сарын 02-07-нд “Нүүдэлчдийн өвөл 2017” наадам зохион байгуулна. Нүүдэлчний өвөл “Бүргэдийн баяр”, “Тэмээний баяр” болон “Хөх сувд” мөсний баяраас бүрдэх юм.

“Хөх сувд 2017” олон улсын мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал суманд ирэх сарын 02-05-нд болно. Энэхүү мөсний баяр нь Хөвсгөл аймгийн үзэсгэлэнт байгалийг нийтэд таниулах, хамгаалах, орон нутгийн иргэдийг дэмжих, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм. Мөсний баярын нээлт тэшүүрчид, морин болон нохой чарганы жагсаалаас гадна Оросын уран гулгалтын үзүүлбэр аялагч, жуулчдад зориулсан урлагийн тоглолтоор эхлэх юм. Тус арга хэмжээний үеэр чаргатай морьдын уралдаан, бөөгийн зан үйлтэй танилцах галын наадам, жуулчдад зориулсан хөгжөөнт тэмцээн, тэшүүрийн тэмцээн, мөсөн дээрх сумо барилдаан зэрэг олон сонирхолтой уралдаан зохион байгуулна. Мөсний баярт оролцогчид мөсөн гэрт зочилж, мөсөн аяганд амтат дарс, ундаа зооглох, Хөвсгөл далайн тунгалаг мөсөн дээгүүр морин чаргаар аялах, тэшүүрээр гулгах, мөсөн урлан бүтээх уралдаанд оролцох боломжтой. Түүнчлэн мөсөөр хийсэн ахуйн хэрэглэл сонирхож, цаа буга, бөөгийн урц, Хөвсгөлчүүдийн гар урлалыг сонирхох боломжтой юм.

Харин “Бүргэдийн баяр 2017” нь ирэх сарын 05-нд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Бүргэдийн баяр”-аар казах түмний бүргэдээр ан хийх өвөрмөц уламжлалыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлах юм. Бүргэдийн баярт оролцсоноор казах гэрт зочлох, бүргэдтэй зураг авахуулах, морин чаргаар аялах, мөсөн хотхонд тоглох боломжтой юм. Мөн бүргэдээр ан бариулах, тулам булаалдах, газраас мөнгөтэй алчуур шүүрэх, хаан бүргэд шалгаруулах зэрэг тэмцээн уралдаан болох ажээ.

“Тэмээний баяр” баяр нь гуравдугаар сарын 06-07-нд Өмнөговь аймгийн Булган суманд болно. Уг баярын 20 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд уг наадамд гадаадын 86 жуулчин тэмээтэйгээ оролцохоор бүртгүүлжээ. Энэ үеэ хурдан торомны уралдаан, Шилмэл буур, ингэ шалгаруулах тэмцээн, Тэмээчдийн буухиа тэмцээн болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *