Categories
мэдээ цаг-үе

Нутгаа орхиж хот бараадаагүй “Эгэл баатрууд”-тай нэг ангийнхан

Ховд аймгийн Үенч сумын бага сургуульд 1961 онд элсэн орж байсан нэгэн анги хамт олныг энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд онцолж байна. Үенч сумын бага сургуульд эдний анги 1961 онд ороход 1а, 1б гэсэн хоёр бүлэг байж. Тухайн үед Хивзэнгийн Загд, Шалайн Муужгай гэж хоёр багш нэгдүгээр ангийн хоёр бүлгийг хүлээн авчээ. Ангийн Н.Батсуурь ярихдаа “Бидний үеийн хөдөөний хүүхдүүд дотор сургуульд орохоосоо өмнө уншиж, бичиж сурсан хүүхэд байгаагүй. Бүгд л нэгдүгээр ангид юу ч мэдэхгүй орж ирцгээсэн. Тэр үед эрэгтэй хүүхэд хөх даалимбан хөвөнтэй тэрлэгтэй, охидууд нь ногоон даалимбан хөвөнтэй тэрлэгтэй сургуульд орж байлаа. Сумын сургууль нэг давхар навтгар шавар байшинд хичээллэдэг байсан юм. Хичээлийн дэвтэр ном их ховор. Сурагч цүнх ч ховор байсан” гэв. Тэр үеийн хөвгүүд охидуудын даавуун цүнхэн дээр улаан таван хошуу оёдог байжээ. Үзэгний тухай ойлголт бараг байхгүй. Нэгдүгээр анги төгстөлөө дан харандаагаар бичдэг байсан. Хортой харандаагаар тооны болон хэлбичгийн хичээл бичдэг байсан санагдаж байна гэж ангийн хүүхдүүд бие биеэсээ ам уралдан хуучилж байлаа. Хоёрдугаар ангиас л дүрдэг үзгээр бичиж эхэлсэн гэнэ. Сурагч чернилийг найруулж бичнэ. Жижигхэн цаастай нунтаг чернилийг (одооны хоолны приправ шиг) шилэн саванд хийж, усаар найруулж бичдэг байж. “Чернилийн сав олдохгүй. Өвөл болохоор нөгөө шилэн савтай чернил чинь хөлдчихнө маш хэцүү. Тэр савтай чернилээ халуун амьсгаагаар үлээж гэсгээнэ. Ингэж байж дүрж бичнэ. Чернилтэй саваа мартчих юм бол маш хэцүү хүүхдүүдийн чернилний сав руу сэмхэн гэтнэ шүү дээ. Хүүхдүүд чернилээ харамлаад дүрүүлэхгүй. Үзэгнийхээ хошууг нарийхан зэс утсаар ороогоод чернилэнд дүрвэл нэлээд хугацаанд бичүүлнэ. Бид нарыг тавдугаар ангид орох үеэс авторучкан үзэг нэвтэрч эхэлсэн. Тэгэхдээ л хүүхдүүд дүрдэг үзэгтэйгээ байж л байсан. Жолооч нарын хүүхдүүд л хамгийн түрүүнд авторучкан үзэг ширэн цүнх үүрдэг болж билээ. Хөдөөний малчдын хүүхдүүд бол тэр талаар санахын ч хэрэг байхгүй” гэж Н.Батсуурь гуай ярилаа. Тэрээр Орос хэлний багш, Хөнгөн үйлдвэрийн инженер механикийн чиглэлээр ажиллажээ.

Эдний ангийнхан сургуульд сурч байх үед гэрээ их санана, сургуулиас оргоно гэдэг асуудал байсан гэнэ. Дотуур байр олдохгүй. Таньдаг хамаатан садандаа зарагдаж, айлаар л хоноглодог байсан аж. Айлд байгаа хүүхдүүд өлсөнө, бөөстөнө. Дотуур байранд ч ялгаагүй. Дотуур байранд байгаа ахлах ангийн хүүхдүүд гал зуухаар эргэлдэж, гэдсээ цатгачихна, доод ангийн хүүхдүүдэд тийм алтан боломж олдохгүй. Айл л хэснэ. Тэгж байж гэдсээ дүүргэнэ. Тэсвэр тэвчээр шаардсан асуудал их байж дээ гэж ангийнхан бага насаа дурсан ярилаа. Бага ангид байхад багш нар нь үймүүлсэн хүүхдүүдийг укаасагддаг байж. Ингээд толгойн дээрээ булдруутай явдаг л байсан. Муу юм болоогүй. Хэрвээ одоо ийм үйлдэл гаргавал багшид нэлээн хариуцлага үүрүүлэх байх даа. Ер нь хүүхдийг хатуухан зан үйлээр сургах муу биш шүү дээ. Барууны сургалтын зан үйл орж ирээд хүүхдүүдийг үнэхээр эвдэж байна. Бид багш нартаа загнуулж, шийтгүүлснээр улам л зарчимч, хатуужилтай, үг даадаг, хариуцлагатай болж хүмүүжсэн шүү хэмээн хуучилсан юм.

Ангийн А.Харнүдэн нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй гэнэ. Тэрбээр 1968 онд хоёр анги долдугаар анги төгсч, зарим нь ТМС, зарим нь техникумд хуваарилагдаж суралцахаар явсан. 1969 онд ганц наймдугаар анги төгссөнөөс ихэнх нь Улаанбаатарын Санхүү эдийн засгийн техникум, Говь-Алтайн Анагаах ухааны дунд сургууль, Ховдын багшийн сургууль, Архангайн багшийн сургуульд хуваарилагдсан даа” гэлээ. Мөн тэрээр Д.Баатаржав бид хоёр Улаанбаатарын Санхүү эдийн засгийн техникумын хуваарь аваад ирж байлаа. М.Цэндхүү Ховдын Багшийн сургуульд, Ч.Бадамдорж ГовьАлтайн Анагаахын дунд сургуульд суралцахаар хуваарь авцгааж байсан юм. Наймдугаар ангиас долоо, найман хүүхэд л Булганы арван жилийн сургуулийн есдүгээр ангид суралцахаар хуваарилагдаж байсан. Тухайн үед олон дахин шигшиж байж сургуульд явуулдаг байсан. Одоо ч ийм шигших нөхцөл байдал багасчээ. Хүүхэд бүхэн л их дээд сургуульд сурах болжээ. Тэгээд сурч чадаж байгаа эсэх нь ер мэдэгдэхгүй юм. Сургууль боловсролын асуудалд манай төр засаг анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол төгссөн мэрэгжилтэн нь хаа нэгтээ пүүс компанид очиж ажил хийх гэхээр тэнцдэггүй болж. Бид өөрсдийгөө магтаж байгаа юм биш гэж байв.

Ховд аймгийн Үенч сумын найман жилийн дунд сургуульд суралцаж байхад олон сайхан багш нар хичээл зааж байжээ. Энгүй их ачтан багш нараа дурсахгүй байхын аргагүй. Математикийн хичээлийг Ш.Цэвлээ багш, уранзохиолын хичээлийг С.Банзрагч, орос хэлийг Б.Дэчин багш нар заадаг байсан гэнэ. Ялангуяа Ш.Цэвлээ багшийг тодруулж дурсаж яримаар байна гэв. Ш.Цэвлээ багш ямар ч дээд, дунд сургууль төгсөөгүй, Улаанбаатар хотод багш нарыг бэлтгэх нэг жилийн дээд курс л төгссөн аж. Ш.Цэвлээ багш гарын ур дүйтэй, үзүүлэн сургалтын материалыг өөрөө хийчихдэг. Математикийн хичээлийн томьёо физикийн хичээлийн агуулга ухагдахууныг гаргуун ойлгуулдаг байжээ.

Ангийн И.Баатар хэлэхдээ “А.Харнүдэнгийн ярьсан дээр нэг зүйлийг тодруулж хэлье. Тэрээр Үенч сумын сургуулийн наймдугаар ангийг 1969 онд төгсөөд Ховдын Булган сумын арван жилийн есдүгээр ангид суралцахаар хуваарилагдсан. 1971 онд аравдугаар ангиа төгсөөд УБДСийн математикийн ангийн хуваарьт конкурс өгсөн. Ингээд өрсөлдөж хуваарь авч УБДСийн математикийн ангид суралцсан юм. 1975 онд сургуулиа төгсөөд Ховдын төвийн арван жилийн сургуульд математикийн багшаар хуваарилагдаж очсон” гэж байлаа. Математикийн хичээлд сайн байсны ач гавьяа бол Ш.Цэвлээ багшийн заах арга ур чадвар гэнэ. Зааж буй хичээлийнхээ агуулгыг өөрөө гайхалтай сайн мэддэг байж. Ш.Цэвлээ багш тухайн үедээ гадаад дотоод дээд сургууль төгссөн багш нартай цуг ерөнхий боловсролын сургуулийн математикийн ангийн багш нарын аттестатчилалд оржээ. Ингэж шалгалт өгөөд хамгийн түрүүнд бодчихоод гараад ирдэг байсан гэнэ.

Р.Тариа, Н.Дамбий багш нарыг дурсах хэрэгтэй гэнэ. Н.Дамбий багш 1930 оноос Эрхүүгийн “Рабфак”-т Цэдэнбал даргатай цуг суралцаж төгсч байж. 1940 онд Үенч сумын бага сургууль байгуулагдахад анхных нь захирлаар томилогдон 1940-1948 он хүртэл ажилласан түүхийн бичээс байдаг ажээ. Эдний ангийнхныг долоо наймдугаар анги төгсөхөд Н.Дамбий багш дархны хичээл ордог байсан гэнэ. Тэр Махор тамхийг ёстой нэг уугиулж өгнө дөө хэмээн сонирхууллаа. Н.Дамбий багшийн тухай нэг товчхон түүх ярья хэмээв. Дамбий багш, Монголын багш нарын их хуралд очсон юм байна. Төрийн ордны гадна талбайд Багш нарын их хурлын төлөөлөгч нар Цэдэнбал даргатай зургаа авахуулж байх хооронд Дамбий багш ханиасан гэнэ. Тэгсэн чинь Цэдэнбал дарга:

Дамбий ханиаж байна. Хөөе Дамбий чи хаана байна гэсэн юм гэнэ лээ. Дамбий багш хөхүүлээд их содон ханиана л даа уртаар амьсгаа аваад хөхүүлж ханиадаг байсан санагдаад байна. Тэгэхээр Дамбий багш бүр багаасаа тамхи татсан болж таарах гээд байна. Дамбий багшийн дархны хичээл бушуухан ороосой гэж хүлээдэг байж билээ. Өөрөө ч их сайхан уужуу дотортой хүн байсан даа. Хүүхэд загнахгүй дандаа хөөрхийлж эрхлүүлнэ. Надад багш их сайн байсан. Учир нь дархны хичээлд би сайн байсан юм. Өөрөө олон хүүхэдтэй, охин Орломжав нь манай ангид сурдаг байлаа. Д.Орломжав одоо Эрдэнэтэд амьдарч байгаа.

Н.Дамбий багш насан өөд болтлоо Эрдэнэтийн Хялганат Хороонд хүргэн, охин, зээ нарынхаа хамт ажиллаж амьдарч байсан хэмээн Н.Батсуурь ярилаа.

Харин ангийн Н.Баатаржав санхүүч мэргэжилтэй. Тэрбээр Батсуурийн яриаг тасалчихлаа. Нэг зүйлийг энд бүр тодруулж хэлье. 2016 онд 55 жилийн дараа манай 1961 оны нэг ангийнхан Хараа голын захад Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич, Шийрэвийн Мардааны урилгаар цугларлаа. Насан өөд болж, бурхны орон руу явсныгаа эс тооцвол манай хоёр ангийнхан 90 хувьтай цугласан шүү. 55 жилийн дараа Улаанбаатар хот анх удаа орж ирж байгаа хүн ч байлаа. Чи хэн бэ… чи хэн бэ гэцгээгээд л байдаг юм байна. Долоо, найм, аравдугаар анги төгсчихөөд гадагшаа дотогшоо явсан нь биесээ таньж байна. Учир нь байнга биш ч гэсэн хааяа нэг уулздаг болохоор. Дөвөрдүгээр ангиас ч юм уу эсвэл нэг хоёрдугаар ангиасаа хөдөө мал дээр гарчихаад нутаг орноосоо хол яваагүй нь мартагдсан байсан. Одоо манай анги ирэх жил 2018 онд долдугаар анги төгссөнийхөө 50 жилийн ойгоор нутагтаа уулзахаар тохирсон. Ер нь нас ахих тусам багын найзууд их бодогдож, нутгаа их санадаг юм байна хэмээн тэрбээр онцлов.

М.Цэндхүү бага ангийн багш аж. “Ангийнхаа найзуудын хэлсэн ярьсан дээр нэг зүйлийг нэмээд хэлчихье. Биднийг бага дунд сургуульд байхад зуны даалгавар гэж багш нар өгдөг байлаа. Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй 50 зурам, хоёр тарваганы арьс. Тэр даалгаврыг заавал биелүүлнэ. Алтай сумаас Үенчид ирж суралцаж байгаа хүүхдүүд ч ялгаагүй намар хичээлд ирэхдээ хоёр шуудай өвсөө мориндоо ганзагалаад ирнэ. Энэ даалгавар биднийг хөдөлмөрч хичээнгүй болгоход их тус дэм болсон. Зунжингаа мал хариулаад л, намар хичээлдээ ирэхдээ хацар нь сайртчихсан бор банди нар, охидууд ирдэг байв” хэмээлээ.

Ангийн Яруу найрагч Н.Батсуурь ярихдаа “Би 15, 16 нас хүртлээ зун гутал өмсөж үзээгүй. Хөлийн ул бакалан гутлын ул шиг болчихсон байдаг байж дээ. Хайрцагны хадаасан дээр гишгэхэд нуга гишгэдэг байсан юм шиг байна лээ. (Инээв). Манай Аржаргалан зуны долоон сард уулаараа цас орчихсон байдаг. Цасан дунд хөл нүцгэн л гүйнэ шүү дээ. Тэрний ач гавьяа юм байлгүй. Би барагтай бол хамрын ханиад хүрдэггүй. Үенч сумаас төрж гарсан Монгол улсын хоёр хөдөлмөрийн баатар манай ангийнх. Хоньчин баатар Думаа маань хэдэн жилийн өмнө бурхны орноо явчихлаа. Жилээс жилд цөөрдөг л юм байна хорвоогийн жам юм хойно. Манай нутаг чинь Улаанбаатараас дэндүү хол. 1600 км гэдэг чинь хоёр хоног автобусаар тасралтгүй явж байж хүрдэг газар. Манай торгууд, захчин ард түмэн дэндүү ажилсаг. Баруун хязгаарыг олон зуун жилийн гадны халдлага, дээрэм, тонуул, дайн байлдааны хөлд сөхрөлгүй авч үлдсэн ард түмний үр хүүхдүүд юм шүү бид чинь” гэж байв. Эдний ангийн дарга нь И.Баатар гэдэг залуу байж. Тухайн үедээ зарчимч, удирдах чадвартай, онц сурдаг нэгэн байж.

Энэ дашрамд Ховд аймгийн Үенч суманд нутгаа харан сууж буй “Эх оронч” ангийнхандаа мэнд хүргэе. Та нар бол нутгаа орхиж хот бараадаагүй “Эгэл баатрууд” юм шүү гэж дурсамжаа хуваалцав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *