Categories
xурдан-морь мэдээ нийтлэл

Нутаг нутгийн алдартай жороо хүлгүүд

Жороо хээрээ унах ийм бол

Жолоо татах дургүй

Зодог шуудгаа өмсөх юм бол

Газар хүрэх дургүй

/Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав/

ЛАМЫН ГЭГЭЭНИЙ ЖОРОО ХАР

Эрдэнэ Бандид Хутагт буюу Ламын гэгээний шавь нутгийн /одоогийн Баянхонгор аймгийнБаянговь, Баянлиг сумын нутаг/ Хөх-сум хэмээх “шилийн сайн эр” нутгийн баян Гомбоос унаа гуйх үедээ би Ховд, арван Баядаас адуу тууж ирнэ, аян даахаар дөмөгхөн унаа хайрлаач гэжээ. Гомбо тамхи нэрэн нилээд бодолхийлж сууснаа адууны хүнээ дуудан “Хонины загал”-ыг бариад өг гэжээ.Тэр даруй Хөх-сум ч мөнөөх загалыг унаад нутгаас гарахад, эхний хоёр өдөр шогшиж цогихоос хэтрэхгүй байснаа гуравдахь өдрөөс хазаар даран ам булаалдаж эхэлжээ. Хэлсэн ёсоор Хөх-сум Ховдын хязгаар нутаг хавиас гуч орчим морьд голдуу шигшмэл адууг шөнө нь хөөн, өдөр нь бүгсээр нутгийн захад ирээд адуугаа услаад мордох үед морьдны дунд туугдсан жороо боос гүүнээс эр хар унага төрж тэнцэн жороолоход, морьд ч түр хүч сэлбээ биз. Жороо хар унага ийнхүү чавхарсан морьдтой цуг нутгийн гүн рүү зуу гаруй километр туугдан, аргагүй эцсэн гэдэг. Хөх-сум ч тэр хар унаганы тухай баян Гомбод өгүүлээд, муу адуу гарахгүй сайн морь болгож аваарай гэсэн аж. Энэ цагаас хойш Ламын гэгээний хар морины тухай хошуу дамжин яригдах болжээ. Жил бүр болдог Майдар дом хэмээх шашины баяраар Баянзүрх уулын Хөшөөтийн хөндийд арав орчим км газар, нутгийн ардууд дөмөгхөн морьдоо унаж очин уралдуулдаг уламжлалтай. Энэ уралдаанд бусад морьд давхилын хурдаар уралдахад, хар морь жороогоороо хол тасархай ирдэг байжээ. Нэгэн удаагийн уралдаанд жороо харын ард ойрхон сүүл даран хонгор зүсмийн морь ирэхэд, хүмүүс …энэ морь, хар морьтой өрсөлдсөн яасан хурдан морь вэ? гэж сураглаваас үхэрчин залуугийн ганц морь байсан бөгөөд морины хорхойтнууд хонгор моринд үнэ хаяж байсан гэдэг. Хар морь ийм л эгэлгүй хүлэг аж. Тэрбээр хар морийг Богд Жавзандамба хутагтад өргөх тухай яригдахад, Ламын гэгээний нэгэн томоохон мяндагтан лам зүс нь хар юм гэж арга зааж, төлөөнд нь бор зүсмийн есөн жороо адууг Дээрхийн гэгээнтэнд хүргүүлж байсан гэнэ. Хожим нь хар морь болон Гомбо гуай мөнх бусийг үзэж, түүний өргөмөл ганц хүү “Хөлмөн” Цэрэнгив эцгийн хөрөнгийг хоёр ч удаа хураалган бусдын жишгээр цөөхөн хэдэн малтай амьдарч байсан тухай тэмдэглэж авснаа нэгдлийн дарга олон жил хийсэн С.Банди гуай дурсаж билээ.

ЖОРОО ХАЛТАР АЗАРГА

Засагт Хан аймгийн дайчин вангийн хошуу, одоогийн ГовьАлтай аймгийн Цээл сумын Тайж Данаажавын адуунаас, энэ зууны арваад оны орчим хавар хулжсан хээр, хул зүсмийн хоёр байдас хойтон жил нь хулангийн азаргатай бэлчиж байхыг анчид харсан гэдэг. Ийм мэдээ сонссон Данаажав нутгийн залуусыг дайчлан хөөцөлдөн байж хоёр байдсыг бугуйлдан барихад хээр байдас нь унагалах дөхсөн байж. Хулангийн азарга хэд хэдэн шөнө эргэлдэж байгаад буу тавьснаас хойш үзэгдэхээ больжээ. Хоёр байдсыг тогтоохын тулд аргамжихад дасахгүй савж унан байсан аж. Удалгүй хээр байдаснаас халтар зүсмийн эр унага төржээ.

Халтар унага томрох тусмаа явдал орж, сулдаа жороолдог азарга болжээ. Түүний онцлог шинж гэвэл дэл сүүл шингэн, цээж мундаа өндөр, их биерхүү цэвэрхэн, үргэлж салхи сөрж уулын орой харж зогсдог байсан гэнэ. Халтар азарга нас нийлэх үедээ нутгийн алдартай жороо морьдыг гаргалгүй жороолдгоороо алдаршиж байжээ. Тэрээр маш цөөхөн тооны гүү хураадаг, морь хасдаггүй агаад Данаажав гуайд гараар баригддаг байв. Хожим тэрбээр Данаажав тайжийг орсон буурны дайралтаас хөлийн хурдаар авч гарч, амийг нь аварсан гэнэ.

ӨӨД УРУУГҮЙ ЖОРОО УЛААН

Хотгойдууд хурдан болон жороо морьдоороо алдартай билээ. Тэр дундаа Бүрэнтогтох сумынхан алдарт “ногоон” мориноос эхлээд олон хүлгийн тухай домог хууч хүүрнэдэг юм. Одоогоос олон жилийн өмнө Хасаа захирагчийн “жороо улаан” гэж зартай хүлэг байжээ. Тэр морь өөд, уруугүй жороолдог байсан гэлцдэг. Нэг удаа Хасаа гуай Их Уулын овоо тайх ёслолд оролцохоор уулын бэлээс мөнгөн хазаар, хударга шаагиулан наадамчин олны дэргэдүүр жороо улаанаараа жороолуулсаар орой дээрх овооны дэргэд хүрсэн гэлцэнэ.

Уулын бэлээс орой дээрх овоонд морь жороолоод хүрэх нь байтугай шогшоод гарахад бэрх юм. Гэтэл ийм эгэлгүй усан тэлмэн жороо морь байсан нь гайхамшигтай. Нутгийнхан түүнийг олон тэмээт Хасаа захирагч гэж ярилцдаг байжээ. Тэднийх зуслан булагт буугаад тэмээгээрээ гэрээ тойруулсан байхад, гэр нь харагддаггүй байжээ.

ӨЛЗИЙ ТАЙЖИЙН ШАРГА

Өнгөрсөн зууны эхэн үед Засагт Хан аймгийн Засаг хааны хошуунд /Одоогийн Говь-Алтай аймгийн халиун Баян сум/ нутаг усандаа хүндтэй олон сайхан адуутай Өлзий- Баяр тайж гэж байжээ. Тайжийн адуунаас жороо шарга морь нутаг орчиндоо жороогоороо ихэд шагшигдсан бие том, согоо чихтэй, галбир сайхантай адуу юмсанжээ. Энэ үед шаргыг худалдаа эрхэлдэг Даашинхүүгийн пүүсийн данжаад хошуу ноёдтой хуйвалдан Өлзий тайжид төлбөр ноогдуулан, төлөөсөнд нь жороо шарга морийг нь тулгасанд тайж өврөө уудлан даалингаасаа үлэмж мөнгөн зоос гаргаж чулуудаад “шунахай илжгэнд өгч тамлуулснаас Хар азарганы нурууны долоон хөх чононд өгсөн нь дээр” гэж хэлээд жороолуулж одсон гэдэг. Хойтон жил нь домогт хар азарганы нуруун дахь Чингисийн морины туурайн мөр, уяаны чулуу бүхий газарт Өлзий гуай жороо шаргыг нутгийн өнөө цуут долоон чоно барьж идсэнийг үзэхдээ тайж гуай огт харамсаагүй гэдэг.

XIX зууны сүүлч, XX зууны эхээр аймаг, хошууны наадамд хэд хэд түрүүлсэн жороо шаргадаа Өлзийбаяр тайж сайхан мөнгөн хазаар хийлгэсэн нь хүндээс гадна том учир жороо шаргын удмынхнаас бусад хүлэгт таардаггүй байсан аж. Өлзий тайжийн хүү Батжаргал мөн сайхан жороо морьдтойгоос гадна сайн харваач учир дайчин мэргэн цол хүртэж, жороо шаргын минь удам тасраагүй шүү хэмээн гоё эмээл хазаартай сайхан хүлгээр холбилзуулж явдаг байсан ажээ.

ТҮМТИЙН ХОНГОР

Үндэсний спортын V их наадамд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Г.Болор-Эрдэний ягаан морь амжилттай оролцсон.

Дөчөөд оны эхэн үед Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын бийлэгжүү Раднаа гэгч зүүн сумдаас жороо хонгор морийг нэг түмэн төгрөгөөр үнэлж авснаас үүдэн олноо “түмтийн хонгор” хэмээн алдаршжээ. Сумын наадмын жороо морины уралдаан бүрийн түрүүг авдаг хонгор морины хурдыг сорихоор нутгийн залуус хуйвалдан, жороо биш ч наадамд хөнгөрүүлсэн дөмөгхөн морьтой нэгэн эрийг жороо морины уралдаанд сэм шургуулахад, тун удалгүй хонгор морь тэр морьтонтой жороо явдлаараа уралдан түрүүлэхүйд настангууд шургалагч залууг зэмлэн буруутгаж, хонгор морийг бүгд шагшин магтаж байжээ. Хожим 1953 оны аймгийн наадмын жороо морины уралдаанд “түмтийн хонгор” түрүүлсэн баримт бий. Мөн гучаад оны үед Дүүрэгч вангийн Буган халиун гэдэг алдартай жороо морь байсан тухай сонсож байснаа уг нутгийн уугуул Ардын хувьсгалын 77 жилийн ойгоор улсын наадамд их насны шарга морь нь айрагдаж байсан Төваймаг Батсүмбэр сумын харьяат уяач Дашням гуай хуучилж билээ. Мөн Хөвсгөл аймгаас 1945 оны улсын наадмын жороо морины уралдаанд Шинэ-идэр сумын Мөнхийн Дэндэвийн бор морь айрагдаж байсан байна. Хотонтын жижиг Дүгэржавын зээрд Архангай аймгийн Хотонт сумын жижиг хэмээх Дүгэржав гуай солио наймаатай, жороо морь их сонирхдог хүн байлаа. Тэрээр Эрдэнэзуугийн цам дээр сор залан жороо морь уралдуулахад Дүгэржав гуайн “луу” хэмээх хээр морь олон түрүүлжээ. Түүний хээр морь хондлой дээрээ отго мэт үстэй, өндөр морь байсан гэдэг. Луу хээрийн дараа залгаж зээрд морь нь алдаршсан аж. Зээрд морь үймээний жил буюу 1932 онд Ноёныхны угшлын арилжаа хатиртай хул гүүнээс төрсөн нутгийн унаган адуу юм. Мээрэн Сэрээтэрийн Чимиддоржоос Дүгэржав гуайн дүү Гиваа авч хожим нь Дүгэржав гуай дүүгээсээ худалдан авсан байна. Зээрд морь аймгийн наадамд Бат-Өлзийн халиуны дараа аман хүзүүдэж сумандаа хэд хэдэн удаа түрүүлж 1948 он, 1950 оны улсын баяр наадмын жороо морины уралдаанд 2 ч удаа түрүүлсэн гайхалтай сайн жороо байжээ. Улсын наадамд уралдаад ирсэн жил нь атаархсан этгээд зээрд морины ясан сүүлийг гартал нь тайрч хорлоход Дүгэржав гуай өтгөн сүүлтэй зээрд гүү төхөөрөөд сүүлийг нь халуун чигээр нь зээрд моринд залган суулгасан гэдэг. Уг морь нь бие жижиг бага зэрэг бөгтрөгтэй, 4 хөл бахим өтгөн дэл сүүлтэй гэх агаад 20 гаруй наслаад үхэхэд нь шүдийг нь үзэхэд “дор зах” байжээ. Энэ нутагт цуутай жороо морьд олонтойгоос 1900-аад оны эхэн үед Чимэддэлэг бээсийн “цэхэр бөндгөр” гэдэг хар саарал зүсмийн зартай жороо морь байсан ажээ. Дүгэржавын зээрдийн уралдаж байсан үед баян Тожилсүрэнгийн саарал, Тогтохын халтар зээрд, Тогоохүүгийн хар, энэ хар морины дүү “улсын начин” Чойндонсүрэнгийн хар морьд жороогоороо алдартай байжээ. 1950-аад оны үед Батцэнгэл сумын “ногоон” Очирбатын мөлүү чихтэй хүрэн, мөн сумын Баавайн цавьдир зээрд, Их тамир сумын улсын начин “халзан” Баасанхүүгийн хар морь (хожим нь Баянхонгор аймгийн Галуут сумын “есөн хуруу” Пүрэвсүрэнд зарсан) зэрэг сайн жороод байжээ.

“НУДАРГА” ГОМБОДОРЖИЙН ХҮРЭН

Өнгөрсөн зууны 70-аад оны сүүлч, 80-аад оны эхээр биднийг хурдан морь унаж байсан үед Яармагийн хурдан морины талбайгаар жороо хүрэн морь унаж соёмбо бүхий туг барьсан тавь эргэм насны эр Гомбодорж гуай “гийнгоо” хадаасан хурдан морины хүүхдүүдийг манлайлан, асар тойрч гаргадаг байсан нь сэтгэлд тодхон үлджээ. Тэрбээр нас насны хурдан хүлгүүдийг асар тойруулан гаргаж өгчихөөд 7 сарын 13-ны уяачдын баярын өдөр жороо морины уралдаанд хүрэн морьтойгоо ирдэг байв. Улсын наадмын жороо морины уралдааны цуваанаас түүний хүрэн морь 1977, 1983 онуудад айрагдаж байсныг харж болно.

Гомбодорж гуайг хүрэн морио Зэлтэрийн САА-н Тангадын Пүрэв гэгчээс нэг “түм” гаруй төгрөгөөр авсан гэж ярилцах нь бий. Хүрэн морь тэмээн жороо явдалтай, эрлийз том адуу байлаа.

ТӨЛӨӨЛӨГЧ УРТНАСАНГИЙН ЖОРОО ХЭЭР

Хилийн цаана орших Хар Шаар нутгаас 1940-д оны үед хэсэг Торгууд ястан Ховдын Булган суманд орж ирсэн гэдэг. Тэдэн дунд нэгэн лам жороо хээр даагыг авчирч байжээ. Жороо хээр даагаа Ирүү гэдэг хүнд 1 унагатай гүү, 10 хургатай хонь, 5 ишигтэй ямаагаар зарсан гэдэг. Ирүү гуай морь сайхан унаж эдэлдэг хүн байсан. Хээр даага хөдлөхдөө л жороогоороо явдаг. Дөрвөн настай жороо хээр үрээг дотоод яамны төлөөлөгч Уртнасан хул морь, тугалтай үнээ, унагатай гүүгээр авсан гэдэг. Төлөөлөгч Уртнасангийн жороо хээр үрээ нь сүүл шингэн нарийн өндөр зээрэн шилбэтэй зэгзгэр шаргал хээр зүсмийн морь болсон байна. Дээрээ маш зөөлөн, гэхдээ жороогоороо хурдлахаараа гүйцэгдэхгүй хурдан жороо хүлэг байсан гэдэг. Унаж байсан хүмүүсийн ярих нь газар эрээлжилж дээлийн хормой дээшээ эгц босож харагддаг тийм эрчтэй жороолдог байж. Тэр хавийн жороо морины уралдаан болгонд түрүү алддаггүй байсан гэдэг. Эх орны дайны дараа төлөөлөгч Уртнасангийн бие өвдөөд найдваргүй гэхээр нь Баян-Өлгий аймгийн Буянт уруу нүүхдээ хээр морь, бор морь хоёрыг авч явжээ. Уртнасан гуайн өвдсөн тухай өгүүлэхэд нэг оргодол Хятадын нутагт баригдсан байхад нь төлөөлөгч Уртнасан очиж авчирсан гэдэг.

Түүний анкет болон урьд нь тагнуулаар явж байсан баримт Хятадын цэргийнхэнд байсан тухай хожим нутгийнхан дунд яригдах болжээ.Хятад газар гэрт орж өгсөн хоол архийг нь уусан үүнээс болж үхсэн гэдэг. Баян-өлгий уруу нүүхээс нь өмнө 24-н гэх Орос эмч эмчлээд сайн эдгээж чадаагүй байна. Уртнасан гуай Урианхай ястан бөгөөд түүний эхнэр Хумба нь тухайн үед нутагтаа сайхан бүсгүйчүүдийн нэг байсан гэдэг. Уртнасангийн дүү Төмөрбаатар нь дэлгүүрийн худалдагч хийж байх үед нь дэлгүүрт нь хулгай орж их хэмжээний өрөнд орсон байна. Би өрөнд орлоо одоо яах тухайгаа ахынхаа эхнэр Хумбад дуулгахад жороо хээр морио зар гээд маш өндөр өртгөөр зарсан гэдэг. Гэвч өрөө дарж чадалгүй Төмөрбаатар шийтгэгдэн хоёр жил болж байхад хулгайч нь баригдаж суллагдсан боловч удалгүй нас баржээ. Хээр морь Баян-Өлгийд олон түрүүлсэн ажээ. Шагнал болох цай, дайлан торгоноос Ирүү гуайн эхнэрт хүртэл өгч байсан гэдэг. Жороо хээр шиг тийм сайн жороо дахин гараагүй байна. Хумба гуай саяхан хоёр мянгаад оны эхээр ер гаруй нас сүүдэр зэрэгцсэн хөгшин байсан гэдэг.

ХОВДЫН АЙМГИЙН ЦЭЦЭГ СУМ ХОЙД ОВОГТ С.ДАШЧИМЭД

Ажлын гараагаа адуунаас эхлэж насаараа адуу, тэр тусмаа жороо адууг өсгөн унаж эдлэж яваа хүн бол Ховд аймгийн Цэцэг сумын Баян овоо багийн малчин Хойд овогт Сандагийн Дашчимэд гуай юм. Тэрээр 1971 онд цэргийн алба хааж ирээд, Цэцэг сумынхаа “Цэцэглэх” нэгдэлд 1973-1985 он хүртэл адуу маллаж, сумын сайн адуучин болж явсан байна.

2004 он

1977 оноос жороо морь сонирхож унаж эдлэн өсгөн үржүүлж уралдуулж яваа ёстой л жороо морины “мэргэжлийн” уяач хүн гэж болно. Ойр орчмын аймаг сумдаас Говь алтайн Дарви, Тонхил Ховдын Булган, Мөст сумдын жороо морь сонирхогчид маань Цэцэг сумын адуучин Дашчимэд , жороо морьт Дашчимэд гээд андахгүй мэдэж байлаа.

1990 ээд оны эхээр түүний халиун морь, шар хээр морьд нь ойр орчмын сумдын жороо морины уралдаанд олон түрүүлж айрагдаж байснаас жороо шар хээр морь сумын ой 70,80 жилээр гойд сайн түрүүлсэн байдаг. 1995 онд нутгийн хүн болох Тулгын Мигаагаас арилжаа азарга вч тавин, Булган сумын гаралтай болон өөрийн унаган гүүнүүдээ хураалгаснаар жороо угшил ер тасраагүй байна. Одоо байгаа өсгий цагаан жороо хээр, жороо халтар, алаг морьд болон жороо төл өгч байдаг гүүнүүд нь энэ л халтар азарганы угшилаас байдаг гэнэ. Олон жил жороо морьд эдлэж уралдуулж байгаагийн хувьд Дашчимэд гуай Ховд нутгийн алдартай жороо морьдыг үнэхээр андахгүй, хамт уралдаж явсан нь цөөнгүй тухай ярьж байлаа. Жороо морьдын шимтэйхэн уралдаан үзэж оролцож явсан тэрбээр бөөн жороо морьд уралдах хол замд будлиулах сайн жороо морьдыг тэлүүлэн зэрэгцэн давхиж алдуулах, бүр жороо алдахгүй бол хоёр талаас нь хавчин давхиж эцээх зэрэг хорлодог булхайг харж байснаа үнэхээр жигшин ярьж байлаа.

Хүү Д.Азбаярын охин А.Мядагаа. 2004 он

Түүний ярианд алдартай жороо морьдыг эзэн морьтой нь танин магтахаас гадна жороо морины шидийг “жороо” шалгах шинэлэг орчин, шүүлт дутмаг байгаад их санаа тавьж байгаа нь байнга давтагдаж байлаа.

Цэцэг сумын 70 жил. Жороо морины уралдаанд түрүүлж айрагдсан морьд

ТОРГУУДЫН ЖОРОО МОРЬДЫН ЗУРГИЙН ЦОМОГ

Торгууд нар морь, ялангуяа жороо морийг эрхэмлэн дээдлэж ирснийг аман зохиол, дуу хуур, бүжиг, түүх домгоос нь үзэхэд ойлгомжтой. 1600 оны дунд үе болох Торгуудын Хо өрлөг ноёны үед жороо морь уралдуулж хуримладаг байсан тухай түүхэнд бичигджээ. 1940-өөд оны үед тусгай төлөөлөгч И.Уртнасангийн хээр гэж эгэлгүй жороо морь байсан бол Ховдын Мөст сумын Хавтгайн хээр бол торгууд жороо, Ховдын Булган сумын Ч.Булган гуайн хээр морьд нь домог мэт яригдах болжээ. Ч.Булган гуай 1920-иод оноос хойшхи жороо морьдын амьд түүх болсон хүн байсан. Жороо морины Булган минж өсгөдөгөөрөө нутгийн ард олондоо хүндлэгдсэн сайхан буурал байжээ.

Монгол Улсын Алдарт уяач Ч.Булганы Жороо хээр морь аймаг, сумаас 9 алт, 3 мөнгө, 1 хүрэл медалтай. Хээр морь унасан Ж.Билгээ 2004 он.

Торгуудын угшлын адуунд 1940-өөд оны дунд үед үеэр БНХАУ-ын нутгаас авч ирсэн нь нэг биш байдаг байжээ. Мөн 1960-аад оны дундуур Говь-Алтай аймгийн Халиун, Бугат, Тонхил сумдаас 1970 оны сүүл 1980-аад оны эхээр Ховд аймгийн Мянгад, Эрдэнэбүрэн сумд болон Увс, Завхан, Баян-Өлгий, Баянхонгор аймгуудаас гүү, азарга сонгон авчирч удмын санг сайжруулсан байдаг. Тийм учраас л Торгууд угшлын адуу суман товир цогцтой, эдэлгээ унаа сайн даадаг, хүдэр хадуун биетэй бярлаг булчинлаг чийрэг байдаг байна. Энэ нь байгалийн эрс тэс уур амьсгалтай уулархаг өндөр газрын адууны нийтлэг шинж боловч өөрийн гальбир төрхөөр бусад нутгийн адуунаас ялгардаг. Өвгөдийн энэ их удамт өвийг судлан хөгжүүлэхээр зорьж яваа хүн бол Булган сумын уугуул яруу найрагч А.Жаргалсайхан гуай юм. Тэрээр Торгуудын жороо морийг эзэнтэй нь бүтээл болгон олонд таниулсан эрхэм хүн.

Яруу найрагч, Торгууд жороо судлаач А.Жаргалсайхан

Монгол жороо морины тамирыг тодорхойлсон 20 гаруй км-т том хүн унаж асга сайр, бартаатай хол замын уралдаан Ховд нутаг тэр тусмаа Булган суманд хадгалагдсаар байна.

Мөн Торгуудын гайхалтай жороодын удам үндэсний жороо морин спортын уран жороо, жороо морины гарааны хурдыг шалгах тойргийн уралдааны түүхийг бичилцэнэ гэдэгт итгэлтэй байна.

Аймаг, сумын наадмаас 5 түрүү, 4 аман хүзүү, 6 айрагдсан аймгийн алдарт уяач Х.Өлзийбаярын хул морь.

Аймаг, сум, бүсийн наадмын 9 удаагийн уран жороогийн шагнал
хүртсэн Булган сумын Баянгол багийн уяач Г.ЦэндАюушийн хонгор морь

Ш.Магсаржаваас Д.Батмөнхөд худалдсан хул морь.

Булган сумын Алагтолгой багийн аймгийн алдарт уяач Б.Шагдаржавын халиун 7 алт 8 мөнгө, 4 хүрэл медалтай.

Баянгол багийн залуу уяач Эрдэнэбаатарын жороо хээр аймаг, сум, бүсийн наадмын 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл медалтай.

2004 онд Улсын наадмын жороо морины уралдааны 3-р байрны шагналт цагаан морины эзэн Монгол улсын алдарт уяач Г.Баярсайхан.

2004 оны Улсын наадмын жороо морины уралдаанд 3-р байр эзэлсэн Булган сумын Баянгол баг, Монгол улсын алдарт уяач Г.Баярсайханы жороо цагаан морь.

Баянгол багийн аймгийн алдарт уяач Бээжингийн хээр морь

Ч.Булганы жороо алаг морь. Монгол улсын алдарт уяач Д.Янсанд худалдсан. Аймаг, бүсийн наадамд 6 түрүү, 7 айрагдсан.

Гэнсээн бор 1990 он

Г.Шилэгийн хээр морь аймаг бүсийн наадамд 7 түрүү, 6 айрагдсан 1990 он

Жумаханы бор 1990 он

2004 оны жороо морины уралдааны түрүү аймгийн алдарт уяач Д.Нансалжавын халтар, Улаанбаатар хотын Монтед компаний Ц.Ганболдын хар морь. Хүй долоон худаг

АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.НАНСАЛЖАВЫН ЖОРОО ХАЛТАР

Жороо халтар морь Д.Нансалжавт ирж олон түрүүлсэн амжилтын түүх нь түүний аав П.Доржтой яалт ч үгүй холбоотой болно. П.Дорж гуай 25 жил Ховд аймгийн Булган сумын хилийн 0130-р ангид байлдагчаас ахмад цолтой ажиллаж 1990 онд тэтгэвэрт гарах хугацаандаа цэргийн агтнаас олон хурдан морьдыг уяж айраг түрүү авч алдаршуулж байснаас Отрядын дарга асан З.Хийстийн хар, Их Жаргалантын саарал, Байтагийн заставын хурдан бор хээр, Уушгийн гэдгэр хээр зэрэг морьд тодорчээ. 1979 онд өндөр ханшаар хурдан морь авсан нь “улаан” Лхагваас халтар морь 6000 төгрөгөөр авч хойтон жил нь 1980 оны ургацын баяраар тасархай түрүүлсэн гэнэ.

Нутгийн зөвлөлийн дарга Д.Янсанжав, аймгийн алдарт уяач Д.Нансалжав, Улсын алдарт уяач Г.Баярсайхан нар

Дорж гуай өөрийн дэлсдэг халтар, хамар цагаан хээр, өндөр хар, ардаг хээр, ярдаг хээр, солонго хар гээд олон хурдан морьдоо түрүүлж айрагдуулсан иртэй сайн уяач байжээ. Харин жороо морь авсан тухай 1997 онд Булган сумын Цагаачийн Бамбай 7 настай жороо халтар морийг зарчих бодолтой “Улаан” даваагаар хөтлөн өнгөрчээ. Дорж гуай араас нь нэхэн очиж гэртээ авчирч дайлж цайлаа биз. 3 дахь өдөр нь наймаа тохирч 1,5 сая төгрөгийн мал болон бэлэн мөнгөөр халтар морийг үнэ цохиж хүү Нансалжавдаа авч өгсөн гэдэг. 1999 онд Нансалжав 380 км хол замд хөлөөр нь авч очин “Алтайн унага 99” даншиг наадмын жороо морины уралдаанд түрүүлэн “Ижпланет 5” мотоцикл, “Сони” хөгжмөөр шагнуулсан нь анхны түрүү нь байжээ. Энэ уралдаанд жороо халтар ямар ч нэмэгдэл тэжээлгүй уралдсан гэдэг. 2001 онд Галдан бошигтын 270 жилийн ойн баяр наадамд Ховд аймагт ирж дахин түрүүлсэн. 2002 онд мөн аймгийн наадамд түрүү, Булган сумын 70 жилийн ойн жороод түрүү, 2004 онд Улсын наадамд ирж уяачдын баярын жороо морины тойргийн сорил уралдаанд түрүү, Ховд Мөст болон Цэцэг сумын жороо морины уралдааны түрүү гэгчлэн жороо халтар гайхалтай жороо хүлэг байжээ.

Булган сумын аймгийн алдарт уяач Ш.Магсаржавын жороо хээр аймаг, бүс, сумдын наадамд 8 түрүү, 5 айраг авсан.

Булган сум. Вангийн торгууд Ядамсүрэнгийн Гомбосүрэнгийн ганган халтар морь. Ховд хотод 1 түрүүлж, 3 айрагдсан сайн жороо адуу байжээ.

П.Доржийн Ардаг халтар морь Булган сумын наадамд түрүүлсний дараа. баруун гар талаас Аймгийн алдарт уяач Т.Алтанхуяг, Аймгийн алдарт уяач П.Дорж, эхнэр Д.Алтанцэцэг нар хүүхдүүдийн хамт. 1988 он

2004 оны улсын наадмын жороо морины түрүү Д.Нансалжавын халтар морь

Сүхтэйн Баатарын жороо бор морь. 1976 оны унага. 1987-1988 онуудад Ховд аймгийн түүхт ойн баяраар түрүүлж, бусад сумдад олон түрүүлсэн.

АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Т.АЛТАНХУЯГ

Унаач: аймгийн алдарт уяач Доржпаламын Нямдорж Сурагчийн ширээнээс аймгийн алдарт уяачийн болзол хангасан гэдэг.

2015 оны Улсын баяр наадмын жороо морины тойргийн уралдаанд анх удаа оролцож түрүүлсэн Ховдын Булганы нутагтаа танигдсан жороо хээр морь бол Аймгийн алдарт уяач Т.Алтанхуягийн “Буган хээр” морь юм. Алтанхуяг хээр морийг 2014 онд Мөстөд түрүүлэхэд нь Дамирангийн Эрхэмбаяраас 8 сая төгрөг, хазааранд нь хурдан удмын охин даага өгсөн гэдэг. Т.Алтанхуяг хээр мориныхоо угшилыгих дээрээс хэлж байлаа. Жороо хээр морь нь Балжир Баастын Түмбээн хээр азарганы төл болох гөөлэй жороо хонгор гүүнээс гарсан хонгор азарганы төл . Эх талдаа “Жаргалын зам” нэгдлийн адуучин Цэвдээ гуайн цагаан шил халтар азарганы төлийг Д.Эрхэмбаяр хээр азаргыг шүдлэн насанд нь худалдаж авсан. Түүний төл халтар гүү нь буган хээрийн эх болох аж. Эцэг талдаа олон жороо гарснаас Гэндэн Чулуунбатын халтар морь, Балжир Баастын халиун хар, Норовын шар хээр морь, Мөст суманд зарагдаж олон түрүүлсэн гэгддэг.

Т.Алтанхуяг жороо хээр морьтойгоо 2015 он. Хүй долоо

Хээр морины гуншин

Ардын хувьсгалын 92 жилийн ойгоор Цэцэг суманд Улсын начин Ганболдын ойгоор уралдаж 2-р байр, мөнгөн медаль.

2013 онд Дашваанжил тахилга 2-р байр мөнгөн медаль.

Ардын хувьсгалын 92 жил Манхан сумын 90 жилийн ойгоор 2-р байр

2014 онд Ардын хувьсгалын 93 жилийн ойгоор Мөст сумын түрүү

2014 Алтаа сум Алгир 90 жилд айрагдсан

Ховд 2014 онд тусгай шагнал уран жороо шагнал

2015 онд Улсын наадмын жороо морины түрүү

2015 онд Бүрэнхайрхан тахилгын аман хүзүү, Дашваанжил тахилгад айрагдсан. Манхан, Мөстд айрагдсан.

ХОНГОР НУТГИЙН ЖОРОО

Баянхонгор аймаг жороо морь элбэгтэйгээс Богд, Өлзийт зэрэг сумд Түйн гол, Ламын гэгээний хийд орчимд жороо морьд илүүтэй удамшиж ирсэн ажээ. Луу жилийн зуднаар одоогийн Баянлиг сумын орчмоос зээрд зүсмийн өнчин сарваа агтанд ирсэн гэдэг.

Энэ нь хожим хавийн аймагтаа уран жороогоор зард гарсан “Лимэндаваагийн зээрд” хэмээх морь юм. Зээрд морийг унаж үзсэн нутгийн хүний яриагаар, зээрд морийг намар оройгоор унаад ухасхийхэд өвдөг хага ташиж, салхинд нүдний нулимс өөрийн эрхгүй гардаг, баргийн хүн нуруун дээр нь тогтохооргүй эрчтэй туурайн тоос нь тээр хойно үлдэж харагддаг энгүй хурдан жороо морь байсан гэнэ. Зээрд морьтой ач тач үздэг морь бол хуучин Жинст сумын Сүхийн улаан морь байв. Энэ морь сэрвээ өндөр хүдэр том биетэй их дөлгөөн ааль зантай байж. Дээрх хоёр морь уралдахад ихэнхдээ зээрд нь түрүүлдэг аж. Зээрд морь бие жижиг бөгтрөг ихтэй шилбэ бүдүүн, бүргэд хоншоортой агаад ойр орчмын наадмаас гадна 50-иад оны үед Өвөрхангай аймагт түрүүлж байжээ. Зээрд мориноос хойно Баянлэг сум, аймгийн заан Д.Бэх-Очирийн унаган хээр морь гарч ирж удалгүй Богд сумын Гэндэндоржийн жороо шарга өрсөлдөх болжээ. Жараад оны үеэр анхны тойргийн уралдаанд шарга морь бусад морьдоос бүтэн нэг тойрог тасран, Гэндэндорж гуай эмээлээ засчихаад бэлэн тамхи асаагаад мордоход эхний морьд зэрэгцэн ирж байсан гэдэг.

ТЭСИЙН ГОЛЫН АДУУ

Тэсийн гол бол Булнайн нурууны араас эх авч 500 гаруй км урсан увс нуурт цутгахдаа Хөвсгөлийн Цагааннуур, Цэцэрлэг, Завханы Баян-Уул, Баянтэс, Тувагийн Хэрсэн, Самгалтай, Увсын Тэсийн нутгийг туулдаг байна. Энэ голыг даган нутаглаж ирсэн олон ястан Монголчуудын эрт цагаас өсгөн үржүүлсээр ирсэн, өөр хоорондоо ялгаатай омгйин адуу тэс голын усаар ундаалж хөндий шугуйд нь өвөлжиж зунд өндөр ууланд зусдаг учир экологийн хувьд ижил төстэй аж. /Д.Даваа Хүлэг Эрдэнэ/ Тэсийн голын сав нутагт төрж өссөн унага хурдан гоёмсгоос гадна чийрэг жороо голдуу байдаг. Эдгээр нутагт алдартай хурдан жороо морины удам тасраагүйн үндэс нь хурдан жороо морийг эрхэмлэх заншил эрт үеэс уламжлагдан ирсэн түүхэн цаг үетэй холбон үзэж болно. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Буган Халиун хэмээх алдартай жороо морь байсан, ер нь үе алгасалгүй “сайн” жороо морь төрдөг газар аж. Завханы Баян-Уул, Баянтэс суманд азаргаар жороо адуу байх нь ердийн ба Увсын Тэс сумын Баяд омгийн адуу нь ойр орчмынхоо жороо морьдын уралдаанд айраг түрүү авах нь илүүтэй. Ардын хувьсгалын 75, 76, 77,78 жилийн ойн улсын баяр наадмын жороо морины уралдаанд түрүүлсэн Цэвээнжавийн хүрэн халзан морь нь Увсын Тэс сумын “баяд” омгийн адуу байв. Мянгад адуу Мянгад адуу нь Сааяа гүний шовгор цэнхэр, чонон саарал зэрэг аймаг сум төдийгүй улс даяар нэрд гарсан хурдан хөлгүүдээс гадна алдар цуутай унаган жороо морьд олон ажээ. Шагжийн Батсуурийн урт шанхтай өтгөн дэл сүүлтэй улаан хээр морь жороо явдалтай, хурдны шинжээр бүдэг морь байсан боловч соёолон насандаа сумандаа гуравт, зургаан настайдаа аймагт их насны моринд ест давхижээ. Дараа нь аймгийн наадмын их насанд /1956-1949/ онуудад гурван жил дараалан, Баян-Өлгий аймагт нэг удаа түрүүлсэн байна. Нэгэн удаа наадамд түрүүлэхэд бага зэрэг амраагаад жороо морины уралдаанд явуулахад аман хүзүүлж байсан ажээ. Энэ нутагт дал даяад оны үед “өргөн” Содовын адууны угшилтай сахалт хээр гэдэг жороо морь Г.Баттулгын жороо хээр зэрэг морьд алдаршиж байжээ. /Д.Мянганцэвээн, Г.Даваасүрэн, “Мянгад түмэн эх “ Ховд хот 1994 он/

ОНОМ-МӨР АДУУНЫ ХЭЛБЭР ХИЙЦ

Нэрт уяач Оном-мөрийн адуунд хурдаас гадна цөөн тооны жороо морьд байсан тухай У.Буяндэлгэр, Т.Буяндаш нарын “Хүлэгч” номонд өгүүлсэн байна. Адууны дийлэнх нь хүрэн зээрд зүстэй бөгөөд хурдан адууны зэрэгцээ найр наадамд унадаг цөөн тооны жороо адуу үржүүлдэг байжээ.

Уядаг морьд нүд тогтуун хар хүрэн өнгөтэй, урт сормуустай, өргөн тэнэгэр хавтгай дух магнайтай, шанаа нь өргөн, эрүүний хонхор маш гүнзгий найлзуурхай булчирхайгүй, эрүүний нарийн үзүүр эрхий хуруу эргэх зайтай, хамрын нүх том, хошуу нь шөмбөгөр, доод уруул нь дээд уруулнаасаа илүү элбэг, шүд нь чимхүүр мэт нийлсэн, хэл буйл нь цагаавтар, шүд нь гадагш тэлүү, соёо нь гэдгэр махир, чихний үзүүр шовх, угаараа бүдүүн, эрүүний үзүүр хоншоороор нарийвтар овоо яс өндөр уртавтар толгойтой, гурван овоо тэгш, нуруу нь бөгтөргүй шулуун, олон ясны уулзвар харгам хондлой нь ацтай мэт, дэл сүүлний хялгас нарийн ширхэгтэй, аман хүзүү нь том, арьс нь сул, өвчүүний бүдэрхий урагш түрэнгэ овгор, ахар сүүл урттай, хошного цаана, баахдаа сүүлээ хажуу тийш эргүүлэн муруйлгаж баадаг, умдаг бага, туурай нь хомбогор хурц ирмэгтэй, гахай нь гүн, борви нь тэнүүн, сагаг босоо, хавирга бөөрөнхий, үс нь тачир, харцага нь тэлүү, урт хүзүүтэй, дээгүүр доогуур тэнцүү уртавтар, голдуу гүйн хар алхаатай, өргөн хэнхдэгтэй, жирийн унаанд уриалгахан хөнгөн, морь уургалахад авъяастай өөрийгөө ямар ч үед юүлүүлчихдэг.

Эмнэгтээ ороо, догшин, унаа эдэлгээнд сургахад түргэн номхордог биеэр онцгой томгүй. Жороо морьд нь биеэр том, гоё ганган хийцтэй адуу удам дамжин байсан юм. 1950-д оны үед тэгшхэн хууран халзан шавьдаргүй дэлтэй улаан шарга халзан морь жороогоос өөр явдалгүй маш уран гоё “загвартай” сайхан морь байв. Мөн тэр үед ягаан буурал морь жороогоор болон загвараар шарга халзангаас дутуу байв. Шарга халзан үнэхээрийн гоёмсог сайхан зурсан зураг, зорсон зорог мэт сайхан морь байж билээ. Эдүгээ Онон-мөр адууны галбир хийцтэй адуу үзэгдэхгүй болжээ. Удам угшил нь хадгалагдсаар байвч загвар төрх (хийц) нь яваандаа өөрчлөгддөг бололтой.

ГОВЬ ШАНХЫН АДУУ

Монгол говийн их мужийн Дорнод хэсгийн баруун этгээдэд орших Говь-Шанхын нэрийтгэлт адуу нь Их говийн малчин Монголчуудаас олон зууны турш ардын селекцийн аргаар геобиоэкологийн хувьд уналга эдэлгээ, арчилгаа маллагааны өвөрмөц нөхцөлд зохион бүтээсэн биологи, морфологи, физиологийн онцлог хэв шинж бүхий өвөрмөц угшлын адуу юм /Г.Цэвэгмид Говь Шанхын хурд УБ 1999 он 25-р хуудас/.

Цогтцэций, Цогт Овоо хэмээх уулсын нэрээр “овоглосон” Шанхын их хурдуудаас гадна жороо сайвар морийг дээдлэн уралдуулдаг заншил нь нэгэнт ном хэвлэл, түүхэнд үлджээ. Ялангуяа Мандал Овоо, Ханхонгор зэрэг сумд жороо морьдоороо илүүтэй юмсанжээ. Тухайлбал 1961 онд аймгийн 30 жилийн ойн баяр наадамд /тэр үед их хурлын дарга асан Ж.Самбуу гуай очиж үзсэн аж/ зургаан насны хурдан морьд уралдсанаас мөн жороо морь уралдаж Мандал-Овоо сумын “махан сахал” хэмээх Юндэнгийн бүдүүн бор морь түрүүлж байсан.

ӨВӨР МОНГОЛ НУТГИЙН ЖОРОО

2010 оны 5 дугаар сарын 27-нд Улаанбаатар хотод болсон Азийн жороо хүлэг морин спортын холбооны анхдугаар зөвлөгөөнд манай биеийн тамир спортын албаны хүмүүс болон Хятад, Буриадын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. Хятад улсын морин спортын төлөөлөгч хэлсэн үгэндээ:

– Манай улсын Өвөр Монгол, Синзянь, Гансү, Юуннань, Гүйжоу, Түвд, Шинжан зэрэг газруудад жороо морь байдаг. Монгол үүлдрийн удам гаралтай болон ялангуяа Өвөр монгол, Шинжан Уйгар, Түвдэд жороо адууг түгээмэл унаж эдэлдэг. Спортын болон аялал жуулчлалд ашиглах их нөөц байгаа тухайтанилцуулаад тус холбооноос санаачилсан тойргийн болон байгалийн саадтай уралдааныг хөгжүүлэхэд хамтран ажиллахаа албан ёсоор мэдэгдэж байсан. 13-р зуун Их Хаадын үеэс Хятадын өмнө зүг Гансү, Юннаний нутаг нь монгол адууны бэлчир газар байсан түүх бий. Ямартай ч жороо морь нь удамшсаар л байгаа юм байх.

КАЗАК АДУУ

Эртнээс Казакийн ард түмэн адууг уналга ачлаганд эдлэн, мах сүүг нь ашиглаж сүүгээр нь айраг бэлтгэж хэрэглэдэг байсан. Казак адуу жороо явдалтай байх нь элбэг бөгөөд энэ нь хээр тал нутгаар алс хол аялан явахад тохиромжтой гэжээ. Мөн үндэсний баяр болох Наурызийн баяраар жороо морийг уралдуулдаг уламжлал ч бий. Түүнчлэн Казакстан улсад өсгөн үржүүлдэг үүлдрийг “Жабэ” адуу гэдэг.

Эрс тэс уур амьсгалтай орчинд тэсвэртэй жабэ адууны өндөр нь 140-143 см гэж тэмдэглэгджээ. Мөн Буриад, Киргиз адууны бие галбир нь Монгол адуутай төстэй, унаж эдлэх арга, саалийг айраг хийж ашигладаг арга нь мөн адил байсаар иржээ. Мөн 1600-аад оны эхээр Баруун Монголоос явсаар Ижил мөрний газарт очиж суурьшсан “Хальж гарсан бүргэдүүд” хэмээн яригдах Халимагууд адуу малтайгаа тэнд очсон байдаг.

ШИЛИЙН САЙН ЭР КҮНГЕЙБАЙ

Шилийн сайн эр Т.Күнгейбай. 1970-аад он

Шилийн сайн эр Күнгейбай казах түмнээс Монголын түүхэнд жороо морьтой тэмдэглэж үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг. 1950 аад оны үед Күнгейбай цагаан шаргал зүсмийн алдартай жороо морь Баян өлгийн ард түмний нэрийн өмнөөс Маршал Х.Чойбалсанд бэлгэнд очиж байсан тухай Б.Ойдовын Ар халхын Шилийн сайн эрчүүд номын тав дугаар дэвтэрт өгүүлсэн байдаг. Түүх сөхвөөс 1912 оны үед Жа лам Дамбий жанцан Монголын баруун хязгаарт өөрийн дарангуйллын үед Абсалсай тэргүүтэй 300 казах өрх Шинжаны Алтай нүүхэд Күнгейбайн эцэг Тишабай тэндбайсан гэдэг. Энэ хүн Ононгийн Жантаг гэдэг шилийн эртэй нийлж Хан Хөхийн шил, тогтохын нуруу Байтагийн гүнээс адуу хөөн ядуу өрх айлуудыг тэтгэдэг байж. 1925онд өвөг эцэг Тишабайг нас барахад Хүү Күнгейбай эрийн цээнд хүрч байжээ. Күнгейбай баян айлд зарцлагдаж байгаад улмаар аавынхаа анд байсан Ононгийн Жантаг эртэй танилцан Күнтайбай, Ононгийн Жантаг нар Алтайн нурууг даваад Тогтохын шилээс жороо удмын адуу авчирч “Дүйнхэр” Урианхайн Додгойн адуунд нийлүүлэн цус холдуулснаар олон сайхан жороо морьдтой байж. 1940 онд Баян-өлгий аймаг Ховд аймгаас тусгаарлаж казахууд биеэ даасан аймаг болсон. 1950 онд Баян-өлгий аймаг байгуулагдсаны 10жилийн ойг казахууд маш сүрлэг тэмдэглэж, маршал Чойбалсанг төлөөлж намын төв хорооны Сүрэнжав дарга очсон байна. 150 жороо морь уралдсанаас Күнгейбай гуайн шарга морь хол тасархай түрүүлж, хар морь нь 3-т ирсэн байна.

Казак үндэсний мөнгөн эмээл жороо морь бэлэглэхээр тогтсоноор Күнгэйбайн жороо шарга Казакын ард түмний өмнөөс бэлгэнд очсон түүхтэй. Жороо шаргыг тэр үед хол ойрын баячууд үнэ хаяж босоо бөхтэй 10 тэмээ, 10 мянган төгрөгөөр авья гэхэд өгөөгүй байсан гэдэг.Эгэлгүй сайн жороо байсан тухай олон дурдатгал бий.

“Жабэ” азарга

Киргиз 2014 он

Наадмын дараа Сүрэнжав дарга Күнгейбайг дуудаж жороо шаргыг магтан шагшиж улсаас төсвөлсөн мөнгө байнаа хэдийг төлөх тухай асуухад Күнгейбай гуай миний муу даага төрийн хүнд төрд түмний өмнөөс үнэлэгдэж байхад би та бүхнээс юу авах вэ гээд үнэгүй бэлэглэчихсэн гэдэг. 1951 онд цагаан шаргал жороо морийг албан ёсоор Улаанбаатараас утасдаж, тэр үед УБ хотод оюутнууд маршалын жороо шаргал морийг авахаар параданд жагсаж байсан гэдэг. Энэ морины тухай ном найруулал , кинонд мөн мөнхөрсөн гэдэг. Күнгейбай гуайн 90 хүртлээ ёолж үзээгүй, 1894 онд төрсөн 90 гаруй насалж 1986 оны 5-11ны өдөр морин дээр нас барсан байна. Үнэхээр Алтайн бүргэд тэнгэрээс хальдагийн адил” домог” мэт эр байжээ. Күнгейбайн хүү Телегин одоо 60 гаруй орчим настай Ногооннуур сумын Чихтэй багийн нутагт адуу малаа малласаар байна. Тэрбээр аймгийн алдарт уяач. 25 морь аймаг сумандаа айрагдуулсан байдаг. Телегин ах намайг хүнээс сонсоод утсаар танилцсанаар бид 2 байнга утсаар ярина. Энэ зун аймгийн наадмаар жороо хээр морио айрагдуулжээ. Заримдаа залгахад уулан дээр морьтой явж байна гэнэ, гэхдээ утсаар ярьсаар л аргагүй дээ бид хоёрын яриа морь л байдаг…

Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан Баян-Өлгий, Увс, Ховд гурван аймгийн 150 гаруй жороо морьдын уралдаанд хол тасархай түрүүлсэн Т.Күнгейбайн жороо цагаан шарга морио Казак түмний өмнөөс маршал Х.Чойбалсанд бэлгэлсэнийг намын төв хорооны дарга Сүрэнжав хүлээн авч байгаа нь. 1950 он, Баян-Өлгий аймаг.


ХАЛИМАГ АДУУ


17-р зууны үед Орост нүүдэллэн суурьшсан Халимагууд адуу малтайгаа очсон байна. Тэгэхлээр Халимаг адууны үндэс нь угтаа Монгол адуу болж байна. Оросын Дон үүлдрийн шилдэг адууг үржүүлэн гаргасан хөрс нь Монгол \Халимаг\ адуу гэж Оросын эрдэмтэн А.Ф.Басов 1934 онд хэвлэгдсэн “Дон адуу” гэдэг номондоо бичжээ. Халимаг адуу нь эрс тэс цаг ууртай газар тэсвэртэй, уналга эдэлгээ чиглэлийн адуу юм. Нэгэн үе халимаг адууны тоо 20,000 орчим хүрч байжээ.

Морьтон дээдсийн минь хүлгэн жороо

Монгол нутгийн унаган жороо

Унаган жороо дуунаас…

ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН СААРАЛ

Завхан аймгийн Яруу сумын уугуул ахмад дайчин Х.Чойжилсүрэн жороо саарал морьтойгоо. 1968 он

Адуу хийморлог буян заяа их билээ. Нутаг нутгийн алдартай жороо хүлгүүдийг судлан сонирхож явахдаа далаад оны үед Завхан аймгийн Яруу суманд “сайн” жороо саарал морь байсан тухай тэмдэглэж билээ. Сүүлд нь нутгийн хүнээс сураглавал тэр нь гарцаагүй болж эзэн нь энх тунх Улаанбаатар хотод амьдарч буйг заалган уулзсан юм. Жороо саарлын эзэн, тус нутгийн уугуул /ахмад дайчин/ өндөр настан уяач, “Ма Баян” овгийн Хоролхүүгийн Чойжилсүрэн гуай юм. Хэрэг зорилгоо таниулахын завсар бага насны дурдатгалыг нь тэмдэглэн авсан минь бас сонин.

Долоон настай Чойжилсүрэн хүүд, аав Хоролхүү нь Галуутайн хүрээний Майдар эргэх шашины баяр үзүүлэх гэж нутгийн хүнээс шавилхан биетэй хонин жороо хээр морь авч өгсөн гэнэ. Хүү тэр жороо хээрийн нуруунд мордож хүлгийн зоотой танилцсан түүхтэй ажээ.

Д.Эрдэнэхуяг: Саарал морь таны унаган адуу юу, /гэсэн эхний асуултаар өвгөн уяач үүнийг л хүлээж байсан мэт ихэд мэрийх бололтой маш цэгцтэйгээр, жороо саарлын тухай ийн өгүүлсэн юм/

Х.Чойжилсүрэн: За саарал унага чинь 58 оны хавар манай бөгтрөгтэй саарал гүүнээс гарсан юм. Халтар хээр азарганы минь гал үр, Яруу сумын Зүйлийн голын унага шүү дээ. Төрөлхийн жороо, гөрөөсөн язгуурын хэлбэртэй их ороо, ааш зантай унага байсан. Дааганд нь би зайдан сургаж аажим аажмаар явдлыг нь тогтоож байлаа. Хавар цагаар, хязаалан насандаа нэгэн байдас хураан Их голоос Жаргалант уруу тогтох болсныг барьж аван хөнгөлөхөд дөнгөж хөнгөлүүлсэн үрээ Жаргалантын зүг янцгаан давхиж, шандас нь танигдаж билээ. Түүнээс хойш морь болсон цагаас зөвхөн миний уншаар жороо тогтсон гэж хэлж болно.

Д.Эрдэнэхуяг: Та саарал морио чухам ямар аргаар жороо явдлыг нь ахиулсан тухай?

Х.Чойжилсүрэн: Өдөр барьж уян, оройн сэрүүн болон уяж хоноод, өглөө эрт цагаар хажуудаа хүүхэд дагуулан тэгш хөндийгөөр их явуулна шүү. Энэ үедээ морьтой хүүхдээ түрүүлүүлж нэг үзэж, мөн жаахан хоцроон /морь их хор шартай учир/ нэг үзэж, морио тэвдүүлэхгүй амыг нь халааж улайлгахгүйгээр аль болох эвээр нь явуулах хэрэгтэй. Хэсэг хугацаанд дангаар нь голын урсгал сөрөн уруудуулан өөрийнх нь явдалдаа ахих тэнхээгээр нь шулуухан явуулах нь чухал. Мөн цаашид морьтой хөдөлгөж үзнэ. Энэ үед зөв сургасан морь хүрэхгүй байсан мориндоо хүрдэг болно шүү дээ. Бас нэг хэсэг саарал мориороо сумын төвд барьж байсан барилгын шавар элсийг зөөж байсан юм. Хөнгөхөн биетэй хүнийг сундлаад тэр хүнийхээ нэг талын гуян дээр шуудайтай элсээ тавин хэрхэн суухыг нь зааж өгөн жороогоор нь явуулдаг байлаа. Энэ үед явдал нь их ахисан ер нь сайн болсон шүү. Ер нь жороо морийг хавар харшаалгүй намар хүчийг нь нимгэлэх маягаар гамтай унаж амыг нь халааж улайлгахгүй, тэвдүүлж асгаруулахгүй байхыг эрхэмлэх хэрэгтэй.

Д.Эрдэнэхуяг: Та өөр бусад моринд жороо явдал оруулж байсан уу?

Х.Чойжилсүрэн: Зуны сард гарч хурдан морьдоо барилах цагаас л намар есөн сар хүртэл манай уяа ойр орчмын уяачдын салга сайвар морьдоор дүүрдэг байлаа. Гэхдээ хурдан морь, явдал ооруулах морьдын уяа тусдаа шүү дээ. Оройн сэрүүнд л морь моринд тааруулан ажил хийж олон ч хүний морины явдлыг нь тогтоож, ахиулж байлаа. Ямар сайндаа л нэгдлийн дарга Басбиш гэдэг хүн жороо морь унах гэж сайвар хээр морийг манай руу ирүүлж байлаа. Тэр үед нэгдлийн даргын “жороо хээр” гэж сайн морь гарсныг нутгийнхан ярьдаг байлаа.

Д.Эрдэнэхуяг: Саарал морины уралдсан байдал, явдлын хэр хэмжээ?

Х.Чойжилсүрэн: …Тийм. Манай суманд улсын баяраар 6 насны хурднаас гадна цөөн тооны жороо морьд уралдуулна. Саарал морь хол тасархай ирнэ шүү дээ. Ер нь ойр сумдын гайгүй гэгдэх жороо морьдтой тарлаж үзсэн жороод гүйцэгдэх удаа үгүй юм. Аймгийн наадамд 20 гаруй км орчим жороо морьд уралдахад ганцаараа л ирдэг байлаа.

Д.Эрдэнэхуяг: Саарал морийг худалдаж авъя гэж үнэ амлаж байв уу?

Х.Чойжилсүрэн: Саарал морийг ид залуу нас нийлж байх үед олон ч хүн үнэ хаяж хоргоодог байлаа. 70-аад оны үед байх, аймгийн наадамд очиход Алдархаан сумын “хоршоо” Доржийн Гомбожав гэдэг баян хүн унаж үзээд ах нь нас ч явлаа, ганц сайн жороо морь уная гэсэн юм саарал морь сэтгэлд таарч байна. 10 мянга хүрдэг адуу гэж юу байхав. Гэхдээ би энэ үнэний ханшид авъя гэж байсан. Унаган морь, мөн хүүхдүүдийн сэтгэлийг бодоод өгөөгүй юм. Саарал морь минь сэтэрлүүлж хорь гаруй наслаад 1984 онд бус болсон юм. Саяхных юм шиг л санагдах юм даа гэснээр бид саарал морины тухай яриагаа өндөрлөсөн юм.

Х.Чойжилсүрэн өөрийн унаган хээр морины явдал тогтоож байгаа нь. 2000 он

ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ЭРДЭНЭБАТЫН СААРАЛ

Ах Ч.Доржсүрэн 1968 он

Завхан аймгийн Яруу сумын харъяат Чойжилсүрэн гуай аймаг сумын наадмаас 76 түрүү, айраг авсан байдаг. Морь уяхаас гадна хатгана, жороо оруулна гээд тал бүрийн авъяастай хүн байсан. Аавыгаа саарал морио унаад наадамд явахад би дагаад явна. Миний морь хар хурдаараа давхиад байхад аавыг гүйцэдгүй байсан санагддаг. Тийм л хурдан жороо хүлэг байж. Намайг багад хүмүүс ааваар мориндоо жороо оруулуулна гээд манай гадаа дугаарлачихсан байдаг байсан юм даг. Аав маань огтхон ч цааргалалгүй зааж өгөөд, заримыг нь өөрөө унаад жороо болгодог байсан.

Яруу сумын уугуул өндөр настан уяач Х.Чойжилсүрэн гуайтай танилцаж алдарт жороо саарал мориных нь тухай ярилцлага хийж байсан нь 1999 он байлаа. 2000 онд Чойжилсүрэн гуай болон хүүхдүүдтэй нь миний аав Долгоржав нар сайхан танилцаж нутгийн улаан бор шүдлэн үрээгээ манай уяанаас мордуулж байлаа.

Наадмын дараа хүү “Могол ноос” ххк гийн захирал Эрдэнэбат ахтай үрээ морины наймаа ч хийсэн юм. 2005 оны үед Ч.Эрдэнэбат ах Төв аймгийн Баянцогт сумын уяачдын холбооны тэргүүнээр сонгогдсон гэхэд нь миний хувьд нэг их гайхсангүй. Учир нь түүний компаний үйл ажиллагаа ноос угаах, эсгийний үйлдвэр нь энэ суманд 1997 оноос л үйл ажиллагаагаа явуулж суурьшсаныг мэдэх билээ. Удалгүй энэ нутгийн унаган гэхээр цавьдар азаргаараа Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор азаргаа айрагдуулсан нь анхны томоохон амжилт нь байлаа. Ч.Эрдэнэбат ах “тод магнай” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “аавынхаа хүслийг түүхт ойн жил цавьдар азаргаа айрагдуулж биелүүлсэндээ омогшиж явдаг” гэсэн гарчигтай ярилцлага нийтлүүлжээ. Цааш нь азарганыхаа хөлсийг хусаад зогсож байтал аав маань ирээд өврөөсөө хадаг гаргаж, малгайгаа аваад сөгдөн сууж баруун хөлнөөс нь адис авсан. Би гайхаад ямар учиртайг нь асуутал “хурдан морины бүх шинжийг агуулсан ийм адуу ховорхон байдаг юм аа. Энэ сайхан буянгаас эр хүн адис авснаараа хийморь нь сэргэж муу бүхэн нь арилна гэж билээ. Тэгээд дараа нь “аавынхаа хүслийг биелүүлсэн хүүдээ баярлалаа гээд үнссэн.

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн Улсын баяр наадмын азарганы уралдаанд айрагдсан цавдар азарганаас аав Х.Чойжилсүрэн адис авч буй нь

Түүнээс хойш аав шигээ хурдан хүлгээс адис авдаг болсон тухай өгүүлжээ. Тэрээр жороо морийг уламжлуулан унаж эдлэж уяж яваа нэгэн. 2012 оны жороо морины уралдаан үзэж явхад. Жороо саарал морь хийц, жороо явдлаараа таалагдсан гэдэг. Асууж сургалваас улсын наадмын жороо морины тойргийн уралдаанд 2010 онд гуравт, 2011 онд “уран жороо”-гоор шалгарч байсан тэсийн голын унага гэсэн байна. Аав болон алдарт жороо саарлаа дурсан билэгшээж, Сант сум Цагаанбаатараас худалдан авсан гэдэг Ч.Эрдэнэбатын “тэс саарал” нь 2013 онд Төв аймгийн 90 жилээр түрүүлж 2014 онд дөрөвт, мөн онд Завхан аймгийн 90 жилээр түрүүлж ирэхэд нь нутгийн ахмад уяачид, өвгөд танай саарал морь яг энэ дов дээр олон жил хол түрүүлж байсныг дурсаж тэр сааралд хүрэхгүй ч сайн жороо саарал таарчээ гэж баяр хүргэж байжээ. “Тэс саарал” 2015 онд улсын наадмын дөрөвт , даншиг наадам хүрээ цам наадмын уран жороо авсан. Хурдан хурц адуунаас гадна сонирхолынхоо дагуу жороо адуу цуглуулах аж. Аавынхаа адууны угшилтай жороо хээр гүү болон дүүгийнхаа саарал гүү зэргийг саяхнаас Тува гаралтай жороо хүрэн азарганд тавьжээ. Ер нь эдгээр гүүний угшилийн унага дааганууд нь мөн л унаган жороо гарсаар байдаг гэнэ. Хэдийгээр Х.Чойжилсүрэн настан тэнгэрийн оронд одсон ч алдарт жороо сааралын угшил нь тасраагүй үргэлжилсээр авай.

Ч.Эрдэнэбатын “Тэс” саарал тойрог замаар

АМЬДРАЛД ХҮРГЭСЭН АЛАГ ГҮҮ

Монголчууд “сайн хүний үр савтай гүүний унага” гэж зүйрлэн хэлдэг. Ховд аймгийн Булган сумын уугуул Торгууд ястан Ж.Амарбаярынд 1941 онд хүү мэндэлсэнд Шагдарсүрэн гэж нэр хайрлажээ. /энэ хүү бол МУ-ын худалдааны гавъяат ажилтан, УИХ-ын гишүүн асан А.Шагдарсүрэн билээ/ Амарбаярынх цөөхөн хэдэн малтай ядуувтар айл байсан гэдэг. Нутгийн Жамба хэмээх хөрөнгөлөг айлын мал малладаг байв. Адуу маллаж, ноос унгас болон цагаан идээ бэлтгэдэг байсан байна. Тэрээр Амарбаяр гуайнд нэг алаг зүсмийн охин даага бэлэглэсэн. Алаг даага их номхон хавь ойрын хүүхдүүд унаж ноолж, 5 хүүхэд сундалж унаад л явж байдаг тийм л номхон адуу байжээ. Мөн эмээл нь гэдсэн дор орсон байхад зүгээр л зогсож байсан гэдэг. Хүрэн алаг гүү өөрөө жороо биш ч гарсан эр унага болгон нь жороо байжээ.

Учир нь Жамба гуайн жороо хээр азарганд байсан гэнэ. Жамба гуайтай худ ураг болсон учир тэдний адуунд алаг гүү нь байсан байх. Алаг гүү нь нийт 15 орчим унагалсан. Түүний тал орчим нь эр унага байсан.

Тухайн үед ядуу айлын хүүхэд сургуульд сурдаг, баян айлын хүүхэд бол сургуульд сурдаггүй тийм үе байсан. Тухайн үед Булган сум 14 багтай, сумандаа 4 жилийн боловсрол дүүргээд 500 км орчим явж аймгийн төвд үргэжлүүлэн сурдаг байв. Амралтаараа гэртээ ирдэг. Шагдарсүрэн аравдугааар анги төгсөөд их сургуульд орсон байна. Улаанбаатар хот уруу их сургуульд очих зардал нь жороо морьтой холбоотой гэж болно. Учир нь алаг гүүний төлүүдээс жил болгон сургуулийн зардалдаа зориулж нэгийг зардаг байсан гэдэг. Алаг гүүний зарагдсан эр төлүүдээс нутаг усандаа алдартай жороод гарсан.

Хамгийн алдартайд нь хоршоо дарга Жавсанжавд зарсан хээр алаг байлаа. Энэ алаг морь сумандаа болон зэргэлдээ суманд түрүүлж байсан удаатай. Мөн дараа нь Ирэнжээ гэдэг хүний жороо хүрэн болно. Эдгээр морьд алдартай байсныг дурсан ярьж байлаа. Тэрээр сургууль соёлд сурч өдий зэрэгтэй яваагаа хайрт аав ээж болон олон сайхан хүмүүсээс гадна алаг гүүнийхээ хишиг буян гэж бодож явдаг нэгэн билээ.

ДАРМААГИЙН ХҮРЭН

Гачууртын САА-н Шар-хоолойн бригадын малчин Дармаа гуай нилээд панз үсэргэдэг эр байжээ. Тэрбээр жараад оны эхээр Дорнод аймгийн Матад сумаас жороо хүрэн морь худалдаж авчээ. Хүрэн морийг түүний эхнэр “хөдөлмөрийн баатар” саалчин Надмид гуай унаж наадам үздэг байсан гэнэ. Надмид гуай наадам тараад Дамбадаржаагаас Сэлбийн эхэн дэхь зуслан хүрэх замдаа, хүрэн морио жороогоор нь, харин дүү Жигжиддавгын унаж яваа хөнгөрүүлж хоносон хээр морьтой ухасхийлгэхэд зам дахь айлын ноход хөөгөөд гүйцэлгүй алдаж байсныг харсан ойр орчмын хүмүүс бахдаж байхад, зарим айлын эхнэрүүд жороо хүрэн, Надмид “баатар” хоёрт битүүхэндээ атаархаж байснаа хожим хойно ярьж хөөрөлдөн баясалдаж байжээ. Бодохнээ сайн хүний үр, савтай гүүний унага гэж Монголын зүйр үгэнд байдаг.

Урьд бол сайхан хүн, сайхан жороо морь унасан байх нь одоогоор бол хамгийн үнэтэй, сайн машин хөлөглөсөн алдар хүндтэй хүн яваатай л адил байж. Тухайн үед улсын наадамд жороо морины уралдааныг орхигдуулж байсны улмаас хүрэн морь цаашид алдаршаагүй боловч унаж үзсэн хүмүүсийн яриагаар бол ямарч алдаагүй, хүзүү сунган маш эрчтэй жороолдог морь байсан гэнэ.

Хожим Дорнод нутаг руугаа хоёр ч удаа гүйхэд нь буцааж авчирсан аж. Харин гурав дахь удаагаа нутаг гүйх замдаа Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Бүдүүн гэдэг газар чононд идүүлсэн тухай Надмид гуай миний аав Долгоржавт хуучилсан байдаг.

АДУУГ ЭДЛЭХ УХААНААС

Нутаг усандаа морь сайн уургалах авьяас, бяр ухаанаараа гайхагдаж , 1000 гаруй адуу уургалаад уурга хугалж үзээгүй уран уургачид олон байжээ. Завхан аймгийн Нөмрөг сумын Цэвээн, Хөвсгөлийн Цэцэрлэг сумын Туваандорж, Хэнтий аймгийн Мөрөн сумын Намжил, Увсын Өндөрхангайн Хайдав зэрэг адуучид түмэн адуунд уурга хугалж үзээгүй явсан баримт архивт бий. Мөн нэг өдөрт машинаас дутахгүй хол газарт давхиж чадсан морьдын амжилт, баримттай үлджээ. Нэг өдөрт 10-15 өртөө газар давхидаг морьд байсан байна. Сүхбаатар аймгийн Дарьгангын Доржцэрэн бээсийн албат Гэндэнгийн “гуурст улаан” гэдэг морь Дарьгангаас өдөр шөнө хоёр давхиж Богдын хүрээнд ирээд мөн дээрхи хугацаанд буцаж очдог байсныг онцгойлон тэмдэглэжээ. Өвөрхангай аймгийн Хужирт сумын хөх Дэндэвийн “оломт хээр” гэдэг морь 1920 оны зун Хужиртаас өдөртөө Улаанбаатар хотод орж ирсэн байна. 1932 онд Улсын мэргэн харваач Ишчогдовын “жигүүр хээр” хэмээх морь Архангайн Сант сумаас Улаанбаатар хүртэл 270 км газрыг нэг өдөрт давхиж байсан тухай С.Дэжидбалын “Адуун сүрэг эрдэнэ” 1969 он номонд бичигдсэн байна.

Омбоо гуай хурдан хүрэн морь, унаач хүү Ж.Гантөмөрийн хамт. 1961 он

1980 иад оны эхээр Сүхбаатар аймгийн Халзан сумын “Омбоо” хэмээх Гаваадугарын Халзанбух гуай сумынхаа Сахиулын фермээс өөрийн унаган улаан морь, нэг хөтөлгөө морьтой өглөө эрт гараад Дорнод аймгийн Булган сумын “Уушгын тариа” орчмоос цэрэгт байгаа хүү Осоржамаагаа чөлөөгөөр аваад орой нь сумынхаа айлд хоол идээд шөнөдөө гэртээ ирэхэд \ талдаа 140км орчим\ цэргийн албанд хатуужсан хүү нь арай чамай морин дээрээ ирж байсан гэдэг. Омбоо гуайн хонгор азарганы төл улаан морь нь хол аянд цуцаддаггүй унаштайгаас гадна галбир хийц сайтай, тамиртай, мундаа өндөр дөрвөн хөл бахим харагддаг найр наадам, уяан дээр олон морьдоос сайхан хийцээрээ ялгардаг, харсан хүний хараа булаасан адуу байсан гэдэг. Түүний хонгор азарга нь 1960 иад оны үед нутагтаа олон түрүү айраг авч байсан 3000- ын хонгор гэж алдартай азарга байсан тухай Ш.Ганхуяг,Ж.Ганболдын “Унаган хүлэг” номонд бий. Мөн түүний хурдан хүрэн морь сайн байжээ. 1960 –аад оны эхээр хавар майн баяраар их морьд уралддаг, аймгийн дайтай чансаатай уралдаан болдог байж. Омбоогийн хүрэн морийг Цагаан Жажингийн Гантөмөр унаж цээжний морьдтой явах үед хүүгийн малгай унахад морио эргүүлээд малгай руугаа очсон гэдэг. Морь дагаж байсан аймгийн дарга, комиссын хүмүүс буц, эргээд уралд гэхэд аав загинана гээд малгайгаа аваад эргээд уралдаж түрүүлж байжээ.

3000-ын хонгор азарга уяан дээрээ. 1960-аад он

Омбоо гуайн үеийн Халзан сумын “унгаа” хэмээх Жамсран, “навшгай” Дулам, Ховоон толгой Сүхочир, Дарьгангын хүзүү Гончиг нар бол Сүхбаатар аймгийн нэгэн үеийн хурдыг “бүтээсэн” хоргүй сайхан өвгөд байж, тэдэнтэй л нөхөрлөж явсан гэдэг. Омбоо гуай наймаа ч хийчихдэг, морь сайхан эдэлдэг уядаг, нутаг усандаа морь уургалах авъасаараа гайхагдсан, мод ховор тал нутгийн заншлаар уургаа их арчилж хайрладаг хүн байжээ. Хурдан адуунаас гадна наадамд унадаг гоёлын алхаа сайтай морьд, зун тэр болгон эдлээд байдаггүй өвөл унадаг хур тарган ёстой л уулын цасыг ураад гарахаар тамиртай морьд нь байнга бэлэн байсан тухай Омбоо гуайн дүүгийн хүү болох зураач, уран бүтээлч Ж.Ганболд ярьж байлаа.Тэрээр Эрдэнэцагаан сумын тухайн үеийн “шилийн сайн эр“ болох Маруштай нөхөрлөж наймаа хийж сайхан цагаан хаш соруултай гаанс, хаш хөөрөг хэрэглэдэг байлаа. Нэгэн удаа намар цагаар зуны амралтаар очсон дүү Ганболд нь Омбоо ахын “зараалаар” наймааны талд хүргэж өгөхөөр эмнэг халтар байдсыг унаа морины хүзүүнээс холбон шогшиж явахад хүмүүсийн харц өөр дээр нь тусаад л хамт хэсэг явж үдэж өгөөд аминдаа их биеэ тоож байсан гэнэ. Тэгсэн хөтөлгөө байдас нь сулдаа жороолоод сонирхосон зарим нь хамт хөдөлгөж жороо явдлыг нь шалгаад байсан хэрэг. Сүүлд нь учрыг нь мэдээд өөрөөсөө ичсэн гэдэг. Мөн “Унаган хүлэг” номынхоо тухай Монголын алдартай хүлэг морьдын аугаа философийн ертөнцөд өчүүхэн “өнгө” гаргаж чадсан аваас Омбоо ахын уяа морьдтой ойр байсны үр дүн гэж байлаа. Монгол улсын манлай уяач А.Ухнаа агсаны хүү улсын алдарт уяач У.Эрдэнэбилэг танай Омбоо ахын хонгор азарганы угшилын хар гүү манайд олон хурд гаргаж өгсөн. 1970-аад оны дундуур тэр хөгшин хар гүүгээрээ би морь унаж сурч байлаа гэж Жагдарын Өлзийбадрахад ярьжээ. Монголын үндэсний жороо морин спортын холбооны гишүүн Ж.Өлзийбадрах нь “янзага” дуудлагат жороо хүрэн азарганд Эрдэнэцагаан сумын Данайгийн хүрэн халзан байдас, Халзан сумаас гаралтай жороо хүрэн байдас зэргийг тавьсан. Хурдан хурцын хувьд Сүхбаатар сумын улсын начин Чулууны хүргэн Б.Отгонбаатараас 2009 онд авсан хүрэн даагаар азарга тавьж Дүүдэн хар, Төв аймгийн Жаргалант гүү, Халзан сумын Цэндээгийн хонгорын угшил зэрэг Сүхбаатар аймгийн аль сайн хурдан угшлийн гүүнээс төл авч байна.

Адуу судлаач А.Батболдод даага бэлэглэж байгаа нь. У.Соронзонболдын адуун дээр 2015 он


Т.ЦЭВЭЭНЖАВЫН “АВАРГА” ЗЭЭРД

Миний зээрд халзан бол Увс аймгийн Тэс сумын унаган баяд омгийн адуу байлаа. Энэ адууны амжилтын тухай ярихаас өмнө төрж өссөн нутгийн адуу болон онцлогийн талаар жаахан зүйл өгүүлье.


Тэс сум бол хүний хүч, адууны шандас хурдын шалгасан говь хээр хосолсон нутаг, өвөлдөө 50 орчим хэм хүйтрэх, зундаа 40 хэм халах нь ч бий. Таван тэс гол нь Увс нуур луу цутгадаг, мөн нутгийн аль ч хэсэгт 30-50 км хурдан морь уралдах уудам нутагтай. Зуны улиралд Тэс голын урсгал ус нь хүйтэн байдгаараа онцлог. Энэ бүгдээс үзэхэд нутгийн адуу арай л өөр тэсвэртэй байх шиг санагддаг юм.

Мөн гүү барьдаггүй нь унаганы бойжилт өсөлтөнд нөлөөлөхөөс гадна элстэй газраар уралдуулах, нүүдлээр туулах зэрэг нь адуунд бяр их шаарддаг. Манай нутагт эртнээс хурдаас гадна хатирч, жороог илүү эрхэмлэсээр ирсэн. Хурдан морины хувьд миний нагац ах Т.Цэвээний хонгор морь олон түрүүлж, айрагдаж байсан. Энэ нутгийн унаган адуу бөгөөд Ховдын даншигт түрүүлсэн юм. Мөн миний авга ах Гиваагийн зээрд морьд баруун аймгуудад алдартай байсан. Миний аав аймгийн хурц арслан Я.Төгсжаргал гэж байсан. Аавын ах Тацан

“Аварга” зээрд уралдаж ирсний дараа

Халх голын дайнд оролцож байсан бөгөөд жороо моринд их дуртай, ер нь адуунд их “иртэй” хүн байсан. Түүний жороо хээр морь нь 1970-аад оны сүүл 1980-аад оны эхээр нутагтаа олон түрүүлж гайхагдаж байлаа.

Манай нутгаас 1980-аад оны үед Аман Шагдарын “Жороо хар” гэж их жижиг хар морь ямар ч том морьтой жороогоор явуулахад айдаггүй гайхалтай жороо байсан. Мөн Зундуйн хул, 1990-ээд оны үед Цэвээний Эрдэнэ-Очир, Ядамцоо нарын хээр морьд сайн байсан.

Баядууд жороог шүдлэн, хязаалан насанд нь намар оройн цагаан хяруу унах үед сургадаг уламжлалтай. Жороо морины талаар нэгэн хууч яриа байдаг нь Оросын алдарт аялагч Прежевалский Улаангомын хүрээнд “Бичээчийн буурал” гэдэг алдартай жороо морины хурдыгхэмжсэн байдаг. Гэхдээ хэрхэн хэмжиж байсан нь тодорхой бус ч гэлээ цагт 60 орчим км-н хурдтай байна гэж тодорхойлж байсан яриа бий.

Адууны бэлчээрт найз нөхдийн хамт

Ингээд зээрд мориныхоо талаар дахин өгүүлэхэд зээрд морь тэр хол Тэс нутгаас Улаанбаатарт ирж байсан. 1993 онд Увс аймгийн Тэс суманд түрүү, 1994 онд соёолон үрээ Улаангом хотод түрүүлээд, 1995 онд Улаанбаатар хот руу ирж байх замдаа Эрдэнэт хотын наадамд жороо уралдахад мөн түрүүлсэн. 1996 оноос 1999 онуудад улсын баяр наадмын довон дээр жороо морины уралдаанд түрүүлсэн нь сайхан санагддаг юм. Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байхад нь тэр үед хамт явж байсан сайн морьд хатираар гүйцэтдэггүй байсан. Зориудаар биеийг нь халааж байгаад хэдий хэр хурдтай жороолж буйг машинаар дагаж хэмжихэд 50 гаран км/цагийн хурд хүрч байжээ.

2000 оны хавар Батсүмбэрийн Бургалтай орчимд бэлчээрт байгаад үхсэнд их харамссан. Зээрд морио тэнгэрт хальсны дараа улсын наадмын жороод түрүүлээд байсан Ц.Ганболдын хар морь, Таван богд компанийн захирал Баатарсайханы “Шийлэгийн хээр” зэрэг сайн жороо морьдтой жороог нь сорьмоор бодогдоод байдаг минь аварга зээрдийнхээ уран жороог байнга санаж явдгийнх бизээ.

Сүүлийн үед нутгийн хурдан морь болон жороог сайжруулахыг бодох юм. Тэс сумын “Их улаан” одоо хөгшин морь аймаг сумандаа олон түрүүлсэн бөгөөд, энэ морьтой нэг адууны гүү байдас болон тогоруу угшлын азарганаас хурдан үрээ даага төрж байна. Дүнжингаравт хоёр удаа айрагдсан Их хурдад 18-т, улсад хоёр удаа 9-д ирсэн зээрд азаргыг хэлж болно.

“МОНТЭД”-ИЙН Ц.ГАНБОЛДЫН ХАР МОРЬ

Ц.Ганболд 1990-ээд оны сүүлчээр хурдан морь сонирхох болсон. Түүний аав Цэрэнжамц гуай 1940-өөд оны үед цэрэгт ирж тэр үеийн цэргийн сургуулийг төгссөн цэргийн дарга хүн байсан. 1950-1960-аад оны үеүдэд Улаанбаатар хотын морин тойруулгын даргаар ажиллаж байсан гэдэг. Энэ үеийн Ганболд хүү цэрэг ах нартайгаа хамт тэнд очих дуртай байсан. Тэр үеийн морин тойруулга нь цэргийн зориулалттай, морин цэргийн тоглолтыг хийж, түүнийг нь ард түмэн сонирхдог байсан. Мөн зуны амралтаараа аав ээжийн хөгшүүлийнд очиж хонь мал эргүүлэх зэргээр морь унаж өссөн. 1970-аад оны сүүлчээр барилгын цэрэгт алба хаших болсон. Тэр үед манай ээжийн хамаатан Дундговь аймгийн Адаацаг сумын харъяат “хулгар” хочит Лхагва-Очир ах улсын баяр наадамд морьдоо авч ирж уралдуулдаг байсан. Гийнаа, Данзанням гуай зэрэг лут уяачид манай ахын ойролцоо буудаг байлаа. Тэгээд би тэдний гэр майхнаар очиж морь уралдаж ирэхэд нь байлцдаг, зарим үед уяа морьд идүүлэх гэх мэтээр туслах гэж оролддог байлаа. Энэ зэрэг бага залуугийн туулж өнгөрүүлсэн бүгдээс үүдэн хурдан морь сонирхох болсон.

“МонТэд” компанийн захирал уяач Ц.Ганболд

Мөн МонТэд ХХК-ийн захирлын алба, барилгын ажлын зэрэгцээ, Азийн жороо хүлэг морин спортын холбооны тэргүүлэгч гишүүний сонгуультай учир жороо морины уралдааныг хөгжүүлэх их үйлсэд санаа бодлоо хуваалцаж байна. Миний хувьд 1998 оноос жороо морийг сонирхож эхэлсэн, тэр үед Төв аймгийн Батсүмбэр сумаас азарга адуу авахад жороо хар маань хамт ирж байсан. Жороо хар мориороо улсын баяр наадмын жороо морины уралдаанд оролцож, өнөөдрийн байдлаар чамгүй амжилт гаргаж, Азийн жороо хүлэг морин спортын холбоо маань “манлай хүлэгч” цол дэв олгосон. Сайн морь таарсан уу эсвэл аз хийморь юм уу хар морь маань улсын жороо морины уралдаанд дөрөв түрүүлж, хоёр айрагдсан. Жороо морийг явдлаа алдуулахгүй жороолуулах нь яалт ч үгүй унаж байгаа хүний чадвар, морь унах соёл, унаач хүний эрдэм овсгоотой холбоотой байдаг.

2000 оны Улсын баяр наадмын жороо морины уралдаанд түрүүлж ирсний дараа

Хар морийг маань улсын манлай уяач Түмэнбаярын дүү Гаагаа олон жил унаж түрүүлсэн бөгөөд түүний суудлаа солилгүй, амыг нь зуулгаад жаахан хазгайдуу сууж жороолуулж явах нь мөн их зохицсон байдагсан.

Монгол үндэснийхээ хувцастай, сайхан эмээл хазаартай жороо морь унаад наадамчин олны дунд явах нь монгол эр хүний бахархал юм даа. Архангай аймгийн даншиг наадмаар жороо хар мориороо хурдан морь гаргаж өгөхөд наадамчин олны харц жороо харын явдалд тусаж алга ташин зай тавьж, өөр хоорондоо шивнэлдэж байсан нь сайхан санагдаж байсан. Манай адуунд Хэнтий, Сүхбаатар чиглэлийнх зонхилж байна. Хурдан морьдын амжилт гэвэл улсын баяр наадамд хоёр айраг, бүсэд 3 айраг аваад байгаа. Араб, Будённийн үүлдрийн гүү, мал ч ганц нэгийг авсан. Цаашид адуу мал сонирхдог манай ах дүү нарын адуутай цус сэлбэх солилцох байдлаар өөрсдийн унаган адууг гаргаж авах бодол бий. Манай хүү Г.Мөнх-Эрдэнэ гадаадад сургууль соёл дүүргэсэн хэдий ч, ирээд адуу малтай ойр байгаад нь хүүдээ баярлаж явдаг. Удахгүй унаган адуугаараа айрагдах цаг байлгүй дээ.

Жороо морины уралдааны шүүгч Б.Батмөнх, Азийн жороо хүлэг морин спортын холбооны тэргүүн Д.Эрдэнэхуяг, Тод манлай уяач Аюуш, Монтед компаний захирал Ц.Ганболд, Азийн жороо хүлэг морин спортын холбооны нарийн бичиг Г.Баттөр. 2004 он

Дүүгийн хүү уяач Г.Энхболд, Монгол экүестрайн ХХК-ийн захирал А.Наранбаатар нар Тод магнай-2012 шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын гаралтай хээр үрээ 2015 оны Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 90 жилийн наадамд Ц.Ганболдын хязаалан түрүүлсэн.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум байгуулагдсаны 90 жилийн ойн их насны морины уралдаанд Ц.Ганболдын хар морь айргийн таваар ирсэн. 2014 он.

Хүү Г.Мөнх-Эрдэнэ даага мордуулж байгаа нь.

Налайх дүүргийн уяач Түмэнбаяраас авсан Ц.Ганболдын цавьдар азарга 1994 онд Улсын наадмын шүдлэн насанд 4-т, 1995 онд хязаалан насанд түрүү, өвлийн анхны уралдаанд түрүүлсэн. Батсүмбэрийн Бямбаагийн хамт.

МАНДАЛ СУМЫН АРВИНГИЙН ХЭЭР

Миний хоёр хээрийг Шилмэл малын үзэсгэлэн дээр түрүүлж айрагдахад нь Жороо морины холбоо болон олон түмэн том хээрт маань уран жороо, жижиг хээрт маань тэлмэн жороо өргөмжлөл өгч байлаа.

Д.Арвин том жороо хээр морины хамт. Сэлэнгэ аймгийн Мандал сум 2008 он

Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Ургац Эрдэнэ” ХХК-ийн захирал Доржпаламын Арвин гуайн уугуул нутаг нь Төв аймгийн Баян-Өлзийт сум /одоогийн Борнуур сум/ юм. Хүүхэд байхын л морь их зурдаг, морь унасан хүмүүсийг их харж, унаштай морь толгой хаян алхах, хатир дундаа цогион дундаа толгой шидэн яваа моринд л их дуртай байсан гэдэг. Түүний энэ сонирхол улмаар жороо моринд сонирхолтой болгосон гэж болно. Залуу цагийн л олон сайхан жороо алхаатай морьд унаж эдэлж иржээ. Өөрийн унаган сартай хонгор морио Бүргэд гэдэг хүнд зарснаар морины наймаанд дөртэй болсон байх.

1978 оны үед Баруунхараагийн “ногоон” хочит Амгаагаас жороо хул морийг авгайдаа унаа болгон авч өгч байсан бол, том хүү А.Дашзэвэгт Далайн жороо хүрэн гэж сайхан морийг авч өгч байлаа. Мөн Сэлэнгэ аймгийн соёлын ордны дуучин Жаргалаас жороо хүрэн морь авч унаж эдэлсэн. Тухайн үед энэ хавьдаа тооцогдох байсан бор морийг Лхагва гэдэг хүнээс 9 мянга 500 төгрөгөөр авч, харин маргааш нь 500 төгрөг нэм гэхээр нь наймаа буцсан. Тэр зунаа 1981 оны улсын наадмын жороо морины уралдаанд түрүүлж байсан нь номонд бичигдсэн байдаг. Энэ бор морийг ганган Доржоо Лхагваагаас авч Заамар сумын баян Лувсанцэрэн гэдэг хүнд 10 мянгаар өгч “арван мянгын жороо бор” гэж нэрлэгдэх болсон. Эх бор гүүг нь би худалдан авч байсан. Нутаг нугын Сүхболдоос мөн жороо хүрэн гүүг жороо төл авах бодолтой наймаалцсан билээ. Сүүлийн үед гэвэл өнгөрсөн намар Батсүмбэрийн Цогоогийн жороо хээр морийг Доржоос худалдан авсан. Ер нь би сайхан эмээл хазаар цуглуулж, жороо морийг шүтэн дээдлэж сонирхож, сайхан хүлэг морины дэлийг нь дарж, цэвэрхэн эдлэж, сайхан эмээл хазаараар гоёж байх дуртай.

Жороо морийг хүүхэд унадаггүй том хүн унах учир эрсдэл бага тэгээд ч тойргоор уралддаг болохоор олон хүн үзэх боломжтой. Нөгөөтэйгүүр бүхний нүдэн дээр уралдаж байгаа болохоор маргаан гарах үндэсгүй. Тэгээд ч үзэж байгаадаа ч, унаж байгаадаа ч нэг л сайхан санагддаг юм. Жороо морь гэдэг чинь бас л нэг өвөрмөц авьяас заяасан адгуус даа хөөрхий. Жороо морь унаад явж байгаа хүнийг хүн бүхэн олзуурхан хардаг. Олны нүдэнд тусдаг. Нүүр бардам жорооллуулаад өнгөрөх ч бас л эр хүний нэг хийморь шүү…

Д.Арвин

Түүхийн яриагаа дөтлөн гол сэдэв болох хээр морины тухай жаахан өгүүлье. Миний хээр морь улсын наадмын жороо морины уралдаанд 4 түрүүлж 2 айрагдсан. Энэ том хээр маань Мандалын унаган адуу, соёолон азарга байхад нь морь болгосон юм. “Хуурай” дүү болох Чойнарын Батнарангаас авч байлаа. Мөн том хээрийн соёолон азарга байхын үеийн төл жижиг жороо хээрийг Ч.Батнаран надад бэлгэнд өгсөн юм. Сүүлийн жилүүдэд уяачдын баяр наадмын жороо морины тойргийн уралдаанд эцэг болон төл 2 хээр морь маань түрүү айраг авч сайхан наадсан. Хоёр жороо хээрийг Чойнарын Батнаран адуулан, мөн жороод унаж дээрхи амжилтуудыг гаргасан адуунд эртэй сайн залуу бий.

“Ургац эрдэнэ” компанийн үндсэн чиглэл нь газар тариалан эрхэлдэг. Мандал сум нутаг маань олон жил буян өгөөжөө хайрлаж, эхнэр үр хүүхэд, найз нөхөд, олонтойгоо сайхан байна.

Хүй долоон худаг. унаач Ч.Батнаран 2009 он

Д.Арвингийн том хээр морь түрүүлж, жижиг хээр айрагдсаны дараа. 2009 он

Том хээр-1995 оны унага

1. Ардын Хувьсгалын 84 жилийн ойн баяр наадамд 2-р байр /2005-07-13/

2. Их Монгол улс байгуулагдсаны 800 жил, Ардын Хувьсгалын 85 жилийн ойн баяр наадмын дурсамж /2006-7-13 /

3. Ардын Хувьсгалын 87, 88, 89 жилийн ойн баяр наадамд дарааллан 1-р байр /2008-07-13 /

4. Ардын Хувьсгалын 89 жил, Сэлэнгэ аймгийн 79 жилийн ойн баяр наадамд 1-р байр / 2010-07-11 /

5. Ардын Хувьсгалын 89 жилийн ойн баяр наадамд 4-р байр /2010-07-13 /

6. Хүннү гүрний 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд 3-р байр / 2011 он /

7. МУ-ын арслан Эрхэмбаярын цолны мялаалга наадамд 2-р байр / 2011-8-28 /

8. Их Монгол улс байгуулагдсаны 806 жил, Ардын Хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд 2-р байр /2012-7-13 /

9. Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жил, Ардын Хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд 3-р байр / 2013-7-13 /

10. “Шилмэл мал” – 2013 үзэсгэлэн, мал эмнэлэг үржлийн алба 90 жилийн ойн баяр наадамд 4-р байр / 2013-9-20 /

11. Ардын Хувьсгалын 93 жилийн ойн баяр наадамд 1-р байр / 2014-7-13 /

12. Даншиг наадамд 2-р байр /2015-8-08 Хүй долоо/

Жижиг хээр-2003 оны унага

1. Ардын Хувьсгалын 86 жилийн ойн баяр наадамд 1-р байр / 2007-7-13 /

2. Ардын Хувьсгалын 88 жилийн ойн баяр наадамд 3-р байр / 2009-7-13 /

3. Ардын Хувьсгалын 89 жил, Сэлэнгэ аймгийн 79 жилийн ойн баяр наадамд 3-р байр / 2010-7-11 /

4. Хүннү гүрний 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90, 89 жилийн ойн баяр наадам тус бүрт 2-р байр /2011 он/

5. Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Ардын Хувьсгалын 90 жил, Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойн баяр наадамд 3-р байр / 2011-7-13 /

6. МУ-ын арслан Эрхэмбаярын цолны мялаалга наадамд 1-р байр / 2011-8-28 /

7. Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жил, Ардын Хувьсгалын 92, 91 жилийн ойн баяр наадам тус бүрт 1-р байр

8. МУ-ын манлай уяач Д.Ганбаатар агсны хурэн халзан морины хөшөөний хүндэтгэлийн наадамд 2-р байр / 2013-8-4 /

9. “Шилмэл мал” – 2013 үзэсгэлэн, мал эмнэлэг үржлийн алба 90 жилийн ойн баяр наадамд 1-р байр / 2013-9-20 /

10. Ардын Хувьсгалын 93 жилийн ойн баяр наадамд 2-р байр / 2014-7-13 /

11. Даншиг наадамд 1-р байр /2015-8-08 Хүй долоо/

МАНДАЛЫН ГАНГАН ДОРЖОО

1991 оны Улсын наадмын жороо морины уралдаанд 3 дугаар байр, намар нь Зүүнхараад НАХЯамны баярт түрүүлсний дараа. Ширхэнцэг хайрханы өвөрт

Хүй Мандалаас эх авсан тунгалаг уст Хараагийн гол, үзэсгэлэн төгс Хангайн сүрлэг уулсын нутагт Түшээт хан аймгийн Баатар вангийн хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Мандал сум оршдог. Энэ нутагт улс даяар цуутай хурдан хурц хүлэг морьд олноор төрдөг ба Монгол хүний дээд гоёл болсон уран жороо морьд мөн л олон байдаг.

Мандал сумын Түнхэлийн голд төрсөн унага “Цахилгаан” Дүвжирийн хээр морь улсын наадамд 2 жил дараалан түрүүлж байсан бол энэ нутгийн хүү Жигмэдийн Пүрэвсүрэнгийн унаган адуу Монгол төрийн уран дархан Дэмбэрэлийн Алтангэрэлийн хээр азарга 2001 оны улсын их баяр наадамд айрагдаж байлаа.Энэ хээр азаргыг даага байхад Пүрэвсүрэн нь дүү Доржоодоо бэлгэнд өгсөн ба шүдлэн насандаа улсын баяр наадамд аман хүзүүнд хурдалж хязааландаа 6-д, соёолон насандаа 7-д , хавчиг жилээ 8-д давхиж байсан хурдан буян юм.

Мөн энэ нутгаас улсын наадамд айрагдсан Бүргэдийн хар, өндөр Алтангэрэлийн шарга, саарал, Нядсүрэнгийн буурал, Эрдэнэбилэгийн хээр Валькагийн хул, Улсын наадамд 3 түрүүлж 1 айрагдан, Архангайн даншигт түрүүлсэн МУМ уяач Долгорын Ганбаатарын дархан түмэн эх хүрэн халзан морь зэрэг хурдан буянууд төрийн наадмын хурдан морины цуваанд тодоор бичигдсэн байдаг.

1981 онд 60 жилийн ойгоор улсын наадмын жороо морины уралдаанд Мандал сумын харъяат Чойжингийн Лхагвын бор морь түрүүлснийг, ганган Доржоо хэмээх Жигмэдийн Доржсүрэн арван мянган төгрөгөөр худалдан авч шуугиан тарьж байлаа.

1991 онд 70 жилийн ойн жороо морины уралдаанд Хөвсгөлийн Хишигбатын 25 настай жороо хар морь түрүүлж, Мандал сумын ганган Доржоогийн жороо саарал, Батсүмбэрийн Дашдэмбэрэлийн хар морь, Баруунхараагийн Лувсандоржийн хүрэн халзан зэрэг морьд айрагдаж байлаа.

Мөн Мандал сумын Бүргэдийн Хүрэлбаатарын хээр алаг морь улсын наадмын жороо морины уралдаанд аман хүзүүнд ирсэн баримт байдаг. Одоогоор Мандал сумын Баглаа хэмээх Цэрэндоржийн унаган, Доржпаламын Арвингийн 2 жороо хээр морь улсын наадмын жороо морины уралдааны өнгийг тодорхойлж, тус бүр 6-н түрүү, 10-аад айраг аваад байна.

2012 оны улсын наадмын жороо морины уралдааны эхний 4 морь Мандал сумын морьд байсан нь ганган Доржоогийн өсгий цагаан хээр, Арвингийн 2 хээр, Отгонбаярын хүрэн морьд байлаа.

Мандал сумын Жанчивын Отгонбаярын хүрэн морь улсын наадамд 1 түрүүлж, 4 айрагдсан аймаг сумын наадмаас олон айраг түрүү авсан жороо морь байдаг.

Ж.Доржоо эхнэрийн хамт хоёр жороо цавьдар морьтой, Х.Мягмардорж, хар азарганы Энхдаваа, Баруунхараагийн Цогтоо нар. Батсүмбэр сум 1994 он

Жороо зээрд үрээ, ногоон Асьяагаас авсан сайвар хонгор морь, Зэлтэрээс гаралтай жороо халтар морьд

Алтанхуягийн жороо хул үрээг хүргэн Г.Лувсангүнжав, Жороо хонгор морийг охин Г.Цэнгэлмаа унасан байна. 2014 он, Зүүнхараа

Д.Эрдэнэхуяг, Ж.Доржсүрэн нарын ярилцлага /2015.09.04/


Д.Эрдэнэхуяг: Сайн байна уу. Сайхан намаржиж байна уу?

Ж.Доржсүрэн: Сайн. Та бүгд сайхан намаржиж байна уу?

Д.Эрдэнэхуяг: Та аль нутгийн хүн бэ?

Ж.Доржсүрэн: Ах нь Түшээт хан аймгийн Баатар вангийн хошуу буюу одоогоор Сэлэнгэ аймгийн Мандал сум Төв аймгийн Батсүмбэр сумын зааг залгаа нутаг Түнхэл гэдэг газар төрсөн хүн. Манай аав Баатар вангийн адууны Навааны хүү, Өндөр Жигмэд гэж хүн байлаа.

Д.Эрдэнэхуяг: Таныг жороо морь, сайхан морь унаж эдэлдэг хүн гэлцдэг. Тэр тухайгаа ярих уу?

Ж.Доржсүрэн: Миний өвөг дээдэс болон аав маань олон сайхан адуутай сайн уяач байлаа. Би 7 настайгаасаа хурдан морь унасан. Олон ч айраг түрүү авч байсан. Тэр үед манай аав Төв аймгийн Баяндэлгэр сумаас онбо Навааншарав гэдэг хүнээс жороо хээр морь авсан юм. Тэр хээр морийг би их унасан. Манай өөрийн унаган жороо хул алаг гүү байлаа. Тэр 2 адуунаас л би жороо морины сайхан явдлыг мэдэрч жороо моринд дуртай болсон доо.

Д.Эрдэнэхуяг: Та ер нь хичнээн жороо морь унаж эдлэж байсан тухай?

Ж.Доржсүрэн: Би өөрийн унаган болон худалдан авч унаж байсан жороо морьдоо бичиж тэмдэглэсэн байдаг юм. Одоогоор дөчөөд морь болоод байгаа. Идэр залуу насандаа ах нь мөн ч олон жороо морь өндөр үнээр худалдаж авсан даа. 1980- аад оны үед арван мянган төгрөгөөр жороо морьд худалдаж авч байсан хүн надаас өөр олон хүн байхгүй байх.

Д.Эрдэнэхуяг: за.. Таныг яагаад Ганган гэж хочилдог юм бэ?

Ж.Доржсүрэн: Ах нь алтаар биш адуугаар гоёдог хүн. Хан уулын ард дөрвөн уулын дунд хатан туулын хөвөө Буянт-Ухаагийн ногоон дэнж дээр Халхын сайхан бүхэн цуглачихсан наадаж байхад би сайхан морио унаж буурлын буянаас үлдсэн эмээл хазаар, эд хэрэглэлээ эдэлж хэрэглэж яваад авсан хоч доо. Ер нь Монгол хүний дээд гоёл бол сайхан морь жороо морь юм шүү дээ.

Д.Эрдэнэхуяг: Саяхан Хүй Мандалд болсон Даншиг наадамаар Сэлэнгэ Баруунхараа сумын Мижиддорж гуайн охин М.Баярмаа маань жороо морины уралдаанд амжилттай оролцсон, тэгвэл 90-ээд оны эхээр манай аав амьд сэрүүн Батсүмбэрын 24-зөрлөг орчим нутагладаг байхад, Батсүмбэрын наадамд Мандалын ганган Доржоо эхнэртэйгээ хоёулаа жороо морины уралдаанд айрагдсан, Батсүмбэрийн унаган өнөө “МонТэд” ХХК-ийн Ц.Ганболдын хар морь түрүүлж байсан тухай сонссон юм?

Ж.Доржсүрэн: Манай эхнэрийг Алзахгүйн Эрдэнэцэцэг гэдэг.” Спирт БалБурам” компанид ажилладаг. Манайх хүү, охин хоёртой. Охин маань айл болж тусдаа гарсан. Хүү ХААИС-ийн 5-р курсийн оюутан. Малын эмчийн анги. Манайхан бүгд л моринд дуртай. Моринд сайн хүмүүс. Эхнэр бид хоёр ижил 2 жороо цавьдар морь уначихаад Батсүмбэр сумын наадмаар жороо морины уралдаанд уралдаж би 3-т, эхнэр маань 4-т ирж байлаа. 1994 онд юм даа.

Түүнийг л яриад байна даа. Тэр уралдаанд:

1-т Дашдэмбэрэлын хар морь, чи сайн мэднэ!

2-т Борнуурын Хаянгын бор

3-т миний унасан цавьдар

4-т Манай эхнэрийн цавьдар, удаах морийг сайн санадаггүй шүү

Д.Эрдэнэхуяг: Таньд одоо жороо сайвар морь олон байна уу?

Ж.Доржсүрэн: Нэг зээрд үрээ морь байгаа. Бас хуурай дүү А.Алтанхуягийн маань үрээхэн хул морь байгаа. Арвингийн том хээр Баглаа Цэрэндоржийн унаган морь юм шүү дээ. Тэр хул үрээ бас тэдний угшилтай. Одоо сайхан явж эхэлж байна даа. Түүнийг би унадаг юм. Ах нь ч одоо нас ахиад их жороо морины энийг гүйцэхээ байх нь. Биед амар бэлэн сайвар морьд л унаж байна даа. Ирэх зуны наадамд хэдэн морь ачиж очно. Хүү, эхнэр, хүргэн, охин маань бүгд л унаж уралдах байх.

Д.Эрдэнэхуяг: Таны энэ олон жороо морьдоос хамгийн их явдаг жороо морь аль нь бэ?

Ж.Доржсүрэн: 1981 онд улсад түрүүлсэн Чойжингийн Лхагвагийн бор морь, уяж байгаа шүдлэн үрээнүүд тарлахад нь эргүүлж өгөөд цуг хөдөлдөг байлаа. Хамгийн сайхан морь гэвэл Бүргэдийн Эрдэнэбаатарт өгсөн Бандиас авсан хар морь харсан хүн болгон гайхаж дуу алддаг байлаа. Хамгийн уран жороо морь гэвэл ёстой тэлмэн жороо МУА уяач Хорлоодой гуайгаас авсан саарал морь үнэндээ л гоё гишгэдэг морь байлаа. 1990, 1991 онд улсад 2 айрагдсан энэ саарал морийг эхнэр маань их унасан даа.

Д.Эрдэнэхуяг: Та манай жороо морины спортын талаар ямар бодолтой байна вэ?

Ж.Доржсүрэн: Үндэснийхээ энэ их өв соёл жороо морины уралдааныг хөгжүүлэх талаар асар их ажил жороо морин тойруулга бүтээж байгаа та нарт ах нь үнэхээр баярлаж байна. Та нарын бүтээн байгуулж байгаа энэ жороо морин спорт,хийморлог үйлсд чинь ах нь нутаг орныхоо олон түмэн найз нөхөдөө уриалан тус дэм болж ажиллана аа.

1991 онд Ширхэнцэг хайрханы өвөрт. Монгол улсын аварга Д.Хадбаатар НАХЯ-ны баярт түрүүлсний дараа жороо хээр морь, Б.Эрдэнэбаатар, Ж.Доржоо, улсын начин Мижиддорж, уяач Энхдаваа (Баруунхараагийн хурдан хар азарганы эзэн) нар


1991 оны намар. Ширхэнцэг хайрханы өвөрт

ӨЛЗИЙТИЙН ЛХАМАА БУЮУ АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ЛХАГВАСҮРЭН

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Аймгийн алдарт уяач Г.Лхагвасүрэн гуай 1973 оноос жороо морь унаж эхэлсэн байна. Анх Мандахын жороо хээр морийг аав Дэмчигийн Гомбожав нь 11 адуугаар авч өгч байсан гэдэг. Аав Д.Гомбожав нь морийг сайхан унаж эдэлдэгээс гадна жороо моринд дуртай хүн байсан нь Лхагвасүрэн гуайд” удамшсан” гэдэг. Хээр мориноос хойш олон сайн жороо морь унаж эдэлж наймаалж ч явсан байна. Өөрт нь байсан дөнгүүр жороодоо тоолоход 30 гаруйг нэрлэж байлаа. Ховд, Увс, Завхан, Булганаас гадна сүүлийн жилүүдэд л гэхэд Дорнод зүүн талаас арваад жороо морьд авсан аж. Өлзийт хороонд уяачид хурдан гэсэн адуу юугаа тэжээн өвөлжихөд Лхагваа гуайн жүчээнд жил болгон л хурдан хурцаас гадна жороо морины өвс тэжээл бэлтгэх нэмэлт зарлага байдгийг бусдаас сонсож байлаа.

Г.Лхагвасүрэн Төв аймгийн Цэгмид гуайн хамт. Хүй долоо. 2014 он

1994 оны орчим Хэнтийн Чандаганы уурхайн казак нөхрөөс Өвөрмонголын Үзэмчин гаралтай жороо хонгор морийг авч байсан нь дээрхи олон жороодоос сор нь байсан гэнэ. Энэ хонгор морийг жороогоор нь ухас хийхэд нүднээс нулимс гартал хөдөлдөг хурдан жороо байсан гэдэг. Хонгор морь ааш авир дөлгөөн, сайхан өндөр сэрвээтэй чацархаг морь. 1998 оны үед нилээд ахимаг насанд нь Мянгын Халтар гуай насны эцэст энэ сайн жороо морины нуруун дээр биеэ амраая гэж олон ч гуйснаар нь зарсан даа. Олон жороо унаж байсан ч Лхагваа гуай ер нь жороо морины уралдаанд оролцож байсан удаагүй. Түүний анхны уралдаан нь 2015 оны 8-р сарын 9-нд Хүй долоод болсон “Хүрээ цам-Даншиг наадам”-аар зохиогдсон жороо морины уралдаан юм. Энэ уралдаанд Дорнод гаралтай жороо зээрд морио унаж 5-р байрт орсон байна. Зээрд морийг хязаан насанд нь нутгийн дүү Баяндалайгаас авсан. Тойргийн уралдааны талаар Лхагваа гуай өгүүлэхдээ: Над шиг өвөл нь жороо морь тэжээж ордог хүнд их зүгээр “морин спорт” байна. Унаач, морь хоёр байнгын бэлтгэлтэй байж аль ч улиралд уралдаж болохоор юм. Том хүн тэгээд жороо морио мэдэх учир хөгжих юм байна.

Монгол жороо морины уран гайхамшигтай тэр агшин мөчийг хурсан олонд харуулж байхдаа цаашдаа эрлийз жороог тусад нь явуулахгүй бол жинхэнэ Монгол жороо морины ид шид нь гарахгүй шүү, ийм зайд эрлийз адуу биеийн том, алхалтаараа авчихдаг гэж захиж байсан. Жороо морин спортыг хөгжүүлж байгаа бидний хөтөлбөрийг уншсан мэт хэлэх энэ хүний захиас нь аргагүй насаараа жороо морины нуруунд “халсан” хүний сэтгэлээсээ хэлсэн ахын сургаал, урмын үг байсныг гээж боломгүй байлаа. Уяач, адуу сонирхогчид Лхагваа гуайг улс бүсэд олон адуу айрагдуулж байсан сайн уяач гэдгээр нь андахгүй. 1980 оноос хойш 35 жил Хан-уулын ард тасралтгүй морь мордуулжээ. Улсад 1 түрүү 2айраг авч, бүсэд 9 адуу айрагдуулжээ. Улс хувьсгалын 79 жилийн ойгоор Дарамренчингийн алаг соёолон аман хүзүүлж, Улс хувьсгалын 80 жилийн ойгоор хавчиг азарга түрүүлсэн. Улс хувьсгалын 90 жилийн ойгоор Өвөрхангай Уянга сумын Бямбасүрэнгийн их морийг 4-өөр оруулж байсан.

2013 онд Архангай аймагт болсон Хангайн бүсийн соёолон насны уралдаанд 4-р ирсэн хүрэн морь, унаач хүү У.Тэмүүжин, Г.Лхагвасүрэн жороо зээрд морьтойгоо

Аав Д.Гомбожав Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 1970-аад оны эхээр

ЖААЛИЙН БАТЖАРГАЛ

Ж.Батжаргалын төрсөн нутаг ньТөв аймаг Бөхөгийн гол. Цэргээс халагдсан залуу нутгийн ах нарийг даган морины наймаанд орсон түүхтэй. Энэ нутаг голоос 60, 70-иад оны үед данхар Доржсүрэн гэдэг хүн сайхан жороо цавьдар морьтой халамцуухан их хэнхийж явдаг нутгийнхан их хүндэлнэ. Нутгийн хөгшчүүлийн ярьснаар энэ хөндий орчим Богд хааны жороо сүрэг байсан гэнэ. Түүний эмээ нь зуун жороо цагаан морьдтой лам нар явдаг байсан, лам нар хөдөөлөхдөө жороо морь л унадаг, мөн алдартай үзэмчин саарал морь байсан тухай ярьдаг байжээ. Мөн жаж Дашдоржийн хонгор халзан гэж сайн жороо байсан гэдэг. Өөрийн тухай тэрбээр 1997 оны үед түүний Хэнтийн Цэнхэрмандалын Алтан Мажиг гуайгаас зарагдсан хээр морийг Машбатаас авч унаж байлаа.Сүүлд Хөлөнбуйрын Сумьяагийн Лайтаваас зэгэл цавьдар үрээхэн морь авсан. Энэ сайн жороо болсон. Жороо морийг хөнгөрүүлж байгаад сэрүүнд, орой бүрийд сургахад жороо явдал нь илүү ордог. Жороо морь явдалдаа толгой дор, дөрвөн хөл бахим бүдүүн байвал сайн тухай хуучилж байлаа. Мөн залуудаа Баян-өнжүүл гаралтай Вандан-ишийн алаг морийг унаж үзсэн үнэхээр сайн жороо байсан гэдэг. Ж. Батжаргал гуайнд очиход гаднаа 2,3н жороо морьд уяж ойр зуур хөдөлгөж байлаа. Тэрбээр 2009 онд Борнуурын урьхан Ганбаа-гийн уяач Лхагваагаас биеэрхэг жороо хээр морь авсан нь 2010 оны жороо морины уралдаанд хүмүүс Мандалын Арвины хээртэй андуурч байсныг санаж байна. Хойтон жил нь Дашинчилэн сумаас авсан жороо хээр морьтой ижилсүүлэн говийн Тагарваа багшид зарсан байна. Ж.Батжаргал гуайн адууны суурь нь Жаргалант гаралтай ч цус их сэлбэсэн нь ярианаас нь мэдрэгдэж байлаа.

Сүхбаатар гаралтай жороо хүрэн морийг хөдөлгөж байгаа нь

Бүр 1989 оны үед түүний уяж уралдуулж сум болон аймагт 3-иар давхиулаад Алтанбулагийн Батмөнхөд очсон, Батмөнхөөс Өндөрширээтийн Дамбийнямд зарагдсан бор морь бол улсад айрагдаж байсан Дамбийнямийн бор морь юм.Түүнээс хойш ер нь морь уяагүй шинжтэй. Харин олон жороодыг унаж зарсан байна. Ер нь эртнээс жороо адууг сургаж унаа болгож зарна гэдэг нь одоогоор хүнд сайн машин 570,бенз-г нь бэлдэж өгч байгаатай адил гэж байлаа.Айл саахалтын залуу /хуурай дүү/ Раднаагийн Баатартогосуугуул нутаг Архангайн Хашаат сум аж. Анх Улаанбаатар хотын Сүлжмэлийн 2-р үйлдвэрээс илгээлт авч энэ нутагт мал маллаад 21 жил болжээ. Бас жороо моринд сонирхолтой. Унаж яваа жороо хул морь нь Төв аймгийн Аргалант гаралтай гэнэ. Ж.Батжаргал гуай цааш нь: ах нь хонь голлон хэдэн азарга адуутайгаа эртнээс удмын хурдтай, жороотой энэ сайхан нутагтаа адуу малын буянд олонтойгоо сайхан байна аа гэх, үнэхээр сайхан үгээр нь тэмдэглэлээ дуусгалаа.

Хүү Б. Хэнмэдэх жороо хар морио хөтөлжээ.

Уяач Лхагваагаас авсан жороо хээр морь. Хүй долоо жороо морины уралдаанд дүү Баясах 2010 он

Р.Баатартогос Төв аймгийн Аргалант сумын гаралтай жороо хээр морио хөдөлгөж байгаа нь

ЭРДЭНЭЦАГААНЫ ЖОРОО АДУУНУУД

Уудам дэлгэр Монгол орныхоо зүүн өмнөд хязгаарыг үеийн үед сахиж хамгаалж ирсэн Үндэсний Эрх чөлөөний хөдөлгөөний томоохон төлөөлөгч Богд Хаант Монгол Улсын зүүн хязгаарын монголчуудыг дагуулан тохинуулах сайд, Ардын засгийн үед зарлигаар залсан засгийн газрын сайд явсан төрт шашины нэрт зүтгэлтэн хатгин Егүзэр хутагт Жамсранжавын Галсандашын шавь ард, Сэцэнхан аймгийн хурц ван Түддэнгийн хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум нь эдүгэй 30 000 /гучин мянга/ гаруй адуугаараа Монгол улсад эхний гуравт ордог. Жороо удган, хурдан хурц адуугаараа алдартай нутаг билээ. 2005 онд Өндөр гэгээний даншиг наадамд айрагдаж, 2007 оны Улсын баяр наадамд түрүүлсэн Сумъяагийн Амартайваны унаган Б.Энхболдын дүүгүүр саарал болно. Улс бүсийн чанартай олон наадамд айрагдсан Б.Батболдын унаган /Егүзэр хээр/ морь улсын наадамд соёолондоо айрагдсан, Л.Бадарчийн унаган, Н.Лутбаярын зул шарга, мөн Туушин компанийн Зоригтын хар азарга энэ жилийн бүсийн наадмуудад айрагдсан Д.Арсланбаатарын унаган Дорноговийн Жаргалсайханы хул алаг азарга, Ө.Батсайханы халиун морь, Нүүдэлчин группийн ерөнхийлөгч Шүхэртийн Лхамсүрэнгийн босоо хүрэн /Ц.Амгаланбаатараас авсан/ гээд тоочвол олон хурдан буяныг нэрлэж болно. Хурдан адуунаас гадна жороо морьдоор гайхуулдаг ард түмэн бол миний нутгийн зон олон юм. Егүзэр хутагт маань өөрөө хэдэн сууриар адуутай, моринд эрэмгий нэгэн байсан гэдэг.

Хутагтын сан жасын адуу Хатиган хошууны ардын сүрэг Хутагтад шавь орж харъяалалд нь явж ирсэн буриадууд 1910-аад онд Өвөрмонголоос нүүж ирсэн Хуучид Вангын хошууны ардын адуун сүрэн нийлж энэ нутгийн гол цөмийг бүрдүүлж байсан байна. Энэ үед Егүзэр хутагтын адуучин уяач Дэндэв, Гэлэгсэнгэ нарын хүмүүс хурдан жороо морьдыг нь найр наадамд уяж сойдог байсан гэдэг. Сумын өндөр настаны зөвлөлийн дарга А.Буяндэлгэр /71настай/ 1960-аад оноос Урт, Зотол 2 сум нийлж Эрдэнэцагаан сум болсон юм. Энэ үеэс сумын наадамд жороо морь уралддаг байсан зарим үед жороо морийг даагатайгаа хамт эргүүлж зэрэг уралддаг байсан. Тэр үед Гэзэгшаравын жороо цагаан морь түрүү даагатайгаа зэрэг ирж Шарав гуайн гэзэгнийхээ үзүүрт уясан зоос нь хангир жингэр дуугараад барианд ордог байсан. Энэ үед Хоржийлаагын саарал морь, Хэлгүй Шарав буюу Дагаазын хээр морь, Босоо Жигжидийн хээр морь гээд сайн жороо морьд байсан. Мөн үзэмчиний Хоржийлоо баяны жороо саарал адуу гэж байсан. Намайг 1962 онд тэр бригадад тоо бүртгэгчээр очиход жижигхэн жороо саарал морь миний ноормонд өгч байсан. Нэг үе жороо морийг галбирын согогтой адуу гэж үзэж байсан үе бий. Хөдөө Аж Ахуй яамны ерөнхий мал зүйч Гомбодорж гэдэг зоо техникч ирж Гөөг Төмөрийн жороо халиун азаргыг агталж байсан тухай дурсан ярьлаа. Миний аав Гончигийн Сумъяа нь 17 настайгаасаа эхлэн Жаргалын зам нэгдэлийн адууг 33 жил хариулсан адуучин хүн байсан юм. Аав маань наадмаар махирдуухан зоотой жороо улаан хээр морь унадаг, бригадынхаа тугийг барьж морьдоо гаргадаг байсан нэг удаа наадмын талбай дундуур жороо хээр мориороо морь гаргаж байхыг нь харсан хилийн отрядын орос сургагч энэ жинхэнэ монгол хүн байна гэж хуруугаа гозойлгож байсан тухай тэр үеийн сум нэгдэлийн дарга байсан Балын Ядамсүрэн /агсан/ дурсаж байжээ. Тэр хээр мориор чөх гээд дайрахад ямар ч морийг жороогоороо уургалдаг байсан юм. 1990-ээд оны дунд үед миний бие жороо морь сонирхож 1992 онд болсон Сүхбаатар аймгийн 50 жилээр унаган жороо цавьдар морьтойгоо 200 гаруй километр явж очиж оролцож байлаа.

Сэнгийн Хүрэлбаатар агсанаас дэлтэй жороо хүрэн морь худалдан авч өөрийн унаган жороо хээр морь мөн Өвөрмонголоос орж ирсэн жороо улаан морьдыг унаж эдэлж 1994 оны Алтан дарь овооны тахилгад очиж уралдаж байлаа. Түүний дараа миний дүү Сумъяагийн Нэргүй үзэмчиний Пилжээгийн Арсланбаатар гэдэг хүнээс сайн жороо хонгор морь худалдан авч түүгээр нь би хэдэн жилийн наадам гоёсондоо. Миний хувьд нутгийн жороод санаа тавин өнгөрсөн жил Хүйдолоо-д болсон “Шилмэл мал”-ын үзэсгэлэнгээс Ховдын Булган сумын Торгуудын жороо хонгор гүү охин хээр даагатай нь хамт, мөн хязаалан жороо хээр үрээг азарга тавихаар авсан. Угшилтай хэдэн байдас хураалгана даа. Эрдэнэцагаан сумын жороо адууг үзэмчин жороо адуугүйгээр тодорхойлох боломжгүй юм. Өвөрмонголын зүүн, баруун үзэмчин хошуу бол эртнээс жороо адуу өсгөн үржүүлж ирсэн нутаг юм. Тэр дундаа өвөр Хянганы нуруунаас эх авсан нарийн голын тэгш уужим хөндий хөвдөрхөг зөөлөн нугаар идээшиж өссөн адуу төрөлхийн жороо явдалтай байдаг. Одоо ч тэнд Мандахбулагын жороо адууны удам байна. 1945 оны чөлөөлөх дайны үеэр үзэмчинээс 3 хэсэг нүүдэл 60 гаруй өрх Эрдэнэцагаан суманд баруун үзэмчиний нэлээд өрх айл Дорнод аймгийн Сэргэлэн суманд суурьшиж амьдарсан байдаг. Тэд бол тэр үеийн цагийн ороо бусгаа байдалд шийдвэр гаргаж ар монголын ардын засгийн уриалгыг дэмжин зөвшөөрч /тогтсон төрийн усыг ууна/ хэмээн зорьж зүтгэж ирсэн Авга, Цахар, Хуучид нарын нэгэн адил халуун сэтгэлт хөдөлмөрч хичээнгүй ард түмэн юм. Эдүгэй 79 настай Төмөрийн Ренчин гуай ярихдаа бид 1945 онд Орос монгол цэргийн цувааг дагаж орж ирсэн эхний 16 өрх айлын нэг нь миний аав Мөнхийн Төмөрийнх байсан юм. Аав маань сайн жороо цагаан морьтой байсан мөн хонгор азарга, жороо халиун гүүний дундаас халиун азарга гарсан нь сулдаа тэлмэн жороо адуу байсан. Би тэр айлын ганц охин байсан болохоор аль сайн жороог нь унаж өссөндөө. Сүүлд бүх адуугаа нэгдэлд өгсөн унааны хэдэн адуу үлдсэн нэгдэлд очоод юу болсоныг бүү мэд хэмээн ярьлаа.

Мөн эдүгэй Улаанбаатар хотод амьдарч байгаа 81 настай Хоржийлаагын Батаа гуай: Миний аав Чулууны Хоржийлаа нь 4000 гаруй малтай үзэмчиний баян Нямаарихын дараа орох баян хүн байсан. Би тэр хүний охин нь юм. Аав нь жороо саарал морио өөрөө унаад уралддаг байсан наадамд олон түрүүлсэн тэр саарал морийг миний ээжийн ах Төмөржа /морин спортын гавъяат тамирчин Цэрмаагийн аав/ Улаанбаатарт уралдуулсан байхаа. Аав минь жороо адуугаа тэр сайн энэ сайн чи ав гээд л амьтан ах дүүд харамгүй өгдөг хүн байсан. Гөлөгөөгийн аав Бадамсүрэн гуай сайн жороо морь авч байсан гэж ярьлаа. Үзэмчиний сүүлийн сайн жороо морь бол Абу буюу Амьбөх гуайн хар морь байсан бөгөөд 1990 оны Алтан овооны тахилгын анхны наадамд П.Арлсанбаатар унаж түрүүлж байсан ба гэргий Х.Цэцгээгийн хамт сайхан хос моритоны тэмцээнд түрүүлж байсан байна. Хамгийн сүүлийн алдартай жороо морь бол Тамзавын Доржпаламын халиун морь юм. Энэ халиун морь 2010 онд болсон Егүзэр хутагтын 140 жилийн баяр наадам, 2012 онд болсон Хатгины 2 дугаар наадамд тус тус түрүүлсэн алдартай хүлэг юм.

Эрдэнэцагаан сумын Засаг дарга, Монголын үндэсний жороо морин спортын холбооны гишүүн, яруу найрагч С.Амартайван

Морьтой Монгол аян арга хэмжээний гараа

ДАВААСҮРЭНГИЙН ОЙНБАЯР

Унаач Наран жороо хээр морьтой, Д.Ойнбаяр хонгор морьтой. 2014 он

Говь алтай аймгийн Цээл сумын Бүрэн Жаргалан багийн уугуул Даваасүрэнгийн Ойнбаярын унаган адуу. Түүний өвөг эцэг С.Бадамцэрэнгийн адууны гаралтай хурдан болон жороо гаргадаг хээр гүүний унага. Эцэг талдаа бугат сумаас гаралтай хар азарга юм. Хээр морь 2014 оны үндэсний спортын 5-дугаар их наадмын сорилго уралдаанд шилдэг 9-н жороод шалгарсан. 2015 онд нутгийн ах уяач Д.Батмөнхөд зарсанаар нутагтаа жороод түрүүллээ. Жороо хээрийн дүү хязаалан үрээ мөн жороо юм.

Д.Ойнбаярын Жороо хээр

ГОВЬ-АЛТАЙН П.ГАНТӨМӨРИЙН ЦООХОР МОРЬ

Жаргалан сумандаа тэргүүн уран жороогоор шалгарч, аймагтаа тусгай байрын шагналтай.

Аймгийн алдарт уяач, Шувуун хээр уяачдын холбооны тэргүүн Пүрэвжавын Авирмэд, Монголын үндэсний жороо морин спортын холбооны захирал Т.Төмөрбат нар Говь-Алтай аймгийн Жаргалант суманд. 2015.11.01

ЖОРОО МОРЬ СУРГАГЧ, УНААЧ Д.ГАНЗОРИГ

Монголын үндэсны жороо морин спортын холбооны гишүүн, сургагч унаач Д.Ганзориг

Сүүлийн үед жороо морин “спорт” сонирхогч залуус олон болсон. Тэдний нэг болох Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Даваасүрэнгийн Ганзориг гэгч залууюм. Тэрээр анх танилцахдаа лнутаг сумандаа хэдэн сайхан жороо гүү малтай, төл нь жороо гарч байгаа одоо аавынх нь дүү Батэрдэнэ гэдэг хүн малладаг, жороо алаг үрээний эх жороо цоохор гүүгээ аавын минь жороо хонгор азарганы угшилтай хэмээн ярьж байсныг санаж байна. Хожим аавынхаа дурсамжаас ийнхүү өгүүлсэн юм. Миний аав Ч.Даваасүрэн 1950 онд малчин Чүлтэмийн гэрт мэндэлсэн. Багадаа хурдан морь унаж өссөн гэж ярьдаг байснаас гадна, 13 наснаасаа эхлэн өөрийн жороо голдуу адууг өсгөн адууны угшилаа хадгалсаар ирсэн гэдгийггэдгийг хүүдээ захиж өгүүлж байсныг хэллээ.

Ч.Даваасүрэн гуай цэргээс халагдаад тухайн үеийн залуусын адил техник сонирхон хуучнаар 25-р баазад 10 гаруй жил тээврийн жолоо барьж, мөн сум, аж ахуйн даргын жолооч хийж явжээ. Ажлын хажуугаар адуу малын наймаа хийж явсан гэнэ. Энэ үед адуу малыг нь Даваасүрэн гуайн ээж Цэрэндулам, дүү Батэрдэнэ нар маллаж адуулдаг байжээ. Д.Ганзоригийн эмээ Цэрэндулам гуай ер нь адуунд эрэмгий хүн байжээ. Эмээ нь залуудаа 1960-аад оны үед нарийн хээр хэмээх хөтөлгөө 1 морьтой нутгийн тууварчидыг бараадан Улаанбаатар хот орж Ганданд мөргөчихөөд буцаад 2 хээр морьтойгоо талдаа 400 км орчим газар ергүүлээд ирж байсан гэдэг.


Эмээ Цэрэндулам “нарийн хээр” морьтойгоо. 1960 он

Ч.Даваасүрэн гуайн хувьд жороо болон сайн морины наймаа их хийдэг хүн тул нутгийхан нь “панз” хэмээн хочилдог байсан гэнэ. Панз Даваасүрэн морины дэл сайхан засдаг тул нутгийн олон наадамд унах морьдын дэлийг засуулдаг байжээ. Түүний хэдэн жороо морьдноос Их Уул сумаас гаралтай арилжаа саарал, дараа нь жороо цавьдар морьд нь сумандаа сайхан морьдын тоонд ордог байжээ.

1980-аад оны дундуур Тариалангийн Бөөрөлжингөөс жороо хонгор азарга авч тавьснаас одоо угшилаас нь жороо хонгор гүү, жороо цоохор гүүд бий.

СТАНДАРТ ЖОРОО АДУУНЫ ҮҮСЭЛ

Аливаа спортын чиглэлийн адууг бий болгох, өсгөн үржүүлэх явц нь тухайн спортын төрөл онцлогт тохирсон хамгийн дээд амжилт гаргаж болох галбир бие цогцос бүхий адууг сонгон шалгаруулж ашиглах нь чухал.

Тойргийн болон байгалийн саадтай уралдаанд ашиглагдах жороо адууны гол суурь нь нутгийн шилмэл жороо адууны генийн сан бүрдүүлэх төр засгийн зохистой бодлого, эдийн засаг, шинжлэх ухааны үндэслэлтэй судлан зөвхөн спортын хэрэглээ зориулалтаар үржүүлэх ажлыг эхлүүлээд байна. Энэхүү ажлын гол суурь бааз жороо адууг бэлчээрийн маллагааг гаршиж адуулж яваа адуучин бол аймгийн алдарт уяач Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уяач Усны Эхийн Соронзонболд юм. У.Соронзонболд хурдан хурц адууны зэрэгцээ “Янзага” дуудлагат жороо хүрэн азарганы тодорхой сүрэг бий болгон төлүүд нь одоо ид үржилд орж эхэлсэн нь бидний судалгаанд жороо морины спортыг хөгжүүлэх адуун сүрэгт маш их ач холбогдол өгөх болно.

Монголын Үндэсний жороо морин спортын холбооны гишүүн Аймгийн алдарт уяач У.Соронзонболд нь Монгол улсын алдарт уяач Б.УсныЭх агсаны том хүү юм. Монгол улсын алдарт уяач Б.Усны-Эх гэхээр морь сонирхогчид Орлой хонгорын эзэн гэдгээр нь андахгүй. Б.Усны-Эх гуай Хэнтий аймгийн Галшир болон Тонгоон Жамъяангийн адууны угшилтай адуутай юм. Түүний уяаны багш болох “шилбэ” хэмээх Дамдинсүрэн гуай бол Тонгоон адуутай хүн байж. Багшийнхаа адуунаас азарга авч тавьсан гэдэг. Ингэхээр Соронзонболдын адууны уг гарал нь аавын адууны угшил болж байна.

У.Соронзонболд 2007 онд аймгийн алдарт уяач цол авсан. Түүнээс хойш 2008 онд шүдлэн нь аймагтаа 5-д, 2010 онд Хэнтий Мөрөнд шүдлэн түрүү, соёолон аман хүзүү, Баянхангай /Атарт/ шүдлэн аман хүзүү, даага түрүү, соёолон түрүү, хязаалан гуравт.

2011 оны хавар “Жавхлан шарга”-д хээр хязаалан аман хүзүү зэрэг олон айраг түрүү хүртжээ.

Одоогоор У. Соронзонболд англи хээр,А. Сүхбат аваргын халтар, Англи бор, Араб бор, Галширын шарга, Тод манлай Г.Сандуйжаваас авсан Тогоруу угшилын халтар зэрэг олон азарга тавьж цус холдуулсан. Хурдан хурц адуугаа уяж өсгөн, жороо сайвраа унаж адууны тэнгэрээ шүтэж яваа залууд улсын цол ойрхон байнаа.

УЯАЧ Н.ЦООЖИЙН ЖОРОО БОР МОРЬ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум Н.Цоож жороо бор морьтойгоо. 1994 он

1970-аад онд БаянӨндөр сумын Арвингийн Шарав гуайн хүү Доржид мөн нутгийн уугуул нутаг усандаа хүндлэгдсэн “хувилгаан” Жамбалдорж бор даага бэлэглэсэн гэдэг. Энэ бор даагыг уяаад үзээрэй уяан дундаа жороолбол болиорой, жороолохгүй бол чамд 5 түрүү авчрах адуу шүү гэсэн гэдэг. Улсын аварга тууварчин А.Шарав гуай бор даагыг шүдлэнд сурган уяахад жороолж хүндтэй эрхэм хүний бэлэгний адуу учир бэлэгшээн азарга тавьжээ. Шарав гуайн бор азарганд ах дүү нарын гүү, байдас хураалгаж бага дүү А.Даваа маллаж байжээ. А.Даваа нь морь сайн уядаг, морийг сайхан ч унаж эдэлдэг нутаг усандаа нэр хүндтэй хүн байж. Ах Нэмэх нь нутгийн “анчин”Даржаа гэдэг хүнээс шүдлэн хээр байдас авч бор азарганд тавьжээ. Энэ байдас арилжаа хээр гүү болж олон сайн жороо төрсөн байна. Ер нь бор азарганы төл 10-аад сайн жороо гарснаас дээрхи хээр гүүний төл Нэмэхийн Цоожийн бор морь, Д.Чулуунбаатарын бор, Нарангийн Болдын бор, Балдандоржийн бор, Ажаа Гомбодоржийн цагаан, Сантын Мэндсайханы бор морь гэхчлэн олон сайн жороо морьд гарчээ. Эдгээрийг залган гарч ирсэн Д.Нарангийн зээрд гэж сайн жороо морь говь руу зарагджээ. Эдгээрээс 1985 оны унага Нэмэхийн Цоожийн бор морь ойр орчмын сумууддаа жороогоороо алдаршиж уралдсан сум болгондоо түрүүлсэн байдаг. Тэр үед хайрцагтай “Иж-5”-ыг нэг бус удаа өгж байсан гэдэг. Мөн Цоожийн жороо борийг авах гэж зорьж ирээд хоосон буцахгүйн тулд дүү бор болох Сантын Мэндсайханы жороо бор морь өмнөөс нь зарагдан 1996 оны үеийн 10 эр хонь, 20 ишигтэй ямаа, 5 бяруутай үнээ, 2 сайн мориор өгсөн гэдэг. Н.Цоож жороо бор мориныхоо дүү борлог гүүг Пунцагын Баяраас авсан хүрэн халзан азарган үрээнд хураалгажээ. Халзан үрээ дэлбэгнэсэн сул явдалтай учир жороо болно гэж бодож байсан ч хурдалж олон түрүү айраг авчээ. Хүрэн халзан азарга борлог гүүний дундаас хүргэн С.Мөнх баярын жороо харлаг төржээ. Сайн адуу эзнээ дагаж төрдөг гэж сайхан үг байдаг. 2006 оны хавар 5-р сард эр алаг унага гарахад А.Нэмэх гуай зээ хүү Мөнхбаярын Энхсайханд зүслэж өгсныхөө хоёр хоногийн ард Бурханы орондоо морилсон гэдэг. Н.Цоож унаган адууны угшилаас ялангуяа дүү С.Мөнхбаярын жороо харлаг өнөө цагийн Монголын алдартай жороо буянуудтай айраг түрүүнд өрсөлдөн Хүй мандалын дэнжид жороогийн ид хавийг гайхуулж нутаг усныхаа нэрийг гаргаж байдагт бахархаж байлаа. Хурдан морины амжилтын хувьд сумдад олон айраг түрүү авч байснаас Улсын наадамын их моринд манлай уяач Батчулууны хоёр халзан морь түрүү аман хүзүүнд ирдэг жил Н.Цоожийн хоёр халзан азарга сумандаа түрүү, үзүүрт ирж байсныг дурсаж байлаа. Намар нь бага халзан хавчиг азарга нь Өндөр гэгээний 360 жилд 11-р орж байжээ.

2014 онд өвөг Арвин ахайд зориулж босгосон суварганы уралдаанд муруй хүрэн морь аман хүзүүдлээ. Баян-Өндөр сум. Их Хадан бууц

С.МӨНХБАЯРЫН ЖОРОО ХАРЛАГ

А.Нэмэхийн бор азарганы угшлын С.Мөнхбаярын жороо харлаг морь аймаг болон ойр орчмын сумандаа олон удаа түрүүлсэн. 2014 оны Үндэсний спортын V их наадмын жороо морины тойргийн сорилго уралдааны түрүү, улсын наадмын уран жороо болон 3-р байрт удаа дараа шалгарсан.

Хүй долоо. 2015 он

С.Мөнхбаярын жороо харлагт сумын Засаг дарга С.Хишигдорж Үндэсний Спортын V их наадмын жороо морины тойргийн сорилго уралдааны 1-р байрын шагналыг гардуулж байгаа нь. 2014 он

АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Л.АМГАЛАН

Аймгийн алдарт уяач Жанчив овогт Ламзавын Амгалан

1990-ээд онд нийгэм даяар зах зээлд шилжиж, аж ахуй руу хошуурсан хүнд үед жороо адуу цуглуулж эхэлсэн хүн бол Аймгийн начин Л.Амгалан байлаа. Энэ үед хүн болгон ямар нэгэн бизнес, ганзагын наймаа хөөсөн цаг. Жороо адуу өсгөх байтугай, жороо морины уралдаан бүр орхигдсон үе байсныг бид мэднэ. Харин Л.Амгалан гуай олон сайхан жороо морьдтой болно. Үнэ ханш алдахгүй гэж зориглосон гэдэг.1975 оноос нутгийн уяачдыг даган хурдан морь уяж явсан залууг жороо моринд ороход нь төрсөн ах Аймгийн хурц арслан Ж.Сундуй аргагүй нөлөөлсөн байдаг.

Ах Ж.Сундуй олон сайхан жороо морьд унаж эдэлдэг байжээ. 1997 онд жороо адуундаа нутгийн уяач, сургуулийн багш Гүрсэдээс азарга тавихаар хар зүсмийн жороо шүдлэн үрээ авч, бас нэг жороо халтар азарга нэмэж авснаар азаргаараа жороо адуутай болсон түүхтэй. Үүнээс онцолбол том жороо халтар азарганы олон жороо сайвар байдас гарснаас , хар гүүг сонгон жижиг хар азарганд тавьснаар нэг эцэг эхийн төлүүдээс долоон жороо эр унага гарсан. Жороо хар морьд аймаг сумдын жороо морины уралдаанд айраг түрүү авч сайхан уралдсаар байна. Эдгээрээс хамгийн том амжилт нь 2014 оны 9-р сарын 10нд болсон Үндэсний спортын 5-р Их наадамын жороо морины улсын аварга шалгаруулах тойргын сорилго уралдаанд эцэг хар азарга, 2 жороо хар мориор оролцсноос соёолон жороо хар үрээ 2-р байр эзэлсэн. Харин хурдан адууны хувьд 2007 онд аймгийн алдарт цол авсан байна. Хурдан хонгор азарга, түүний төлүүд нь мөн аймаг сумдад олон ч айраг түрүү авчээ. Ер нь Л.Амгалан гуай ярихдаа хурд, жороо хоёр нэг саванд байдаг. Мөн хурдан тайга нохой сонирхон тэжээдэг. Гальбир хийц сайтай хурдан морь, хөдөлдөг жороо морь, анч нохой адил гэж үздэг гэж ярьж байлаа. Одоо 300 гаруй адуутай орон нутагтаа сайхан амьдрах ажээ.

Ах дүү 7 жороо морины эцэг хар азарга

Ах дүү жороо хар морьд, өсгий цагаан жороо шүдлэн үрээ. Хүй долоо 2015 он

ӨВӨРХАНГАЙН БАЯН-ӨНДӨР СУМ ЗАЛУУ УЯАЧ Д.БАЯНМӨНХ

Миний аав Туухай овогт Бадарчийн Далайхүү Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, залуудаа бригадын дарга, тоо бүртгэгч, мал тууж байсан, сумын заан цолтой бөгөөд хурдан морь уядаг, жороо морь их сонирхдог хүн байлаа. Сүүлийн унаж байсан сайн морь нь гэвэл 2000 оны эхээр Архангай аймгийн Хайрхан сумын харъяат Түвшинбаяр гэдэг хүнээс авсан Булган аймгаас гаралтай жороо хээр морь юм.

Б.Далайхүү 2010 оны эхээр нутагтаа

Жороо хээр морь хийц сайтай, алдаагүй сайн жороолдог морь байлаа. Аав энэ хээр морио 2010 он хүртэл унаж эдэлж байсан. Үүнийг залгаад манай адууны унаган жороо хонгор морь гарч ирсэн. Хонгор морины дээд угшил нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян хэмээн Шаравдоржийн угшилтай. Эх талаасаа манай унаган зээрд азарганы төл хонгор гүү болно. Сумын 90 жилийн ойгоор миний аав ойн медаль, Алтангадас одонгоор шагнуулж байхад жороо хонгор морь минь аман хүзүүдэж байсанд баярлаж явдаг.

Д.Баянмөнхийн Хонгор морь сумын 90 жилийн ойгоор аман хүзүүдэв. 2014 он.

2011 онд Есөн зүйлийн даншигт түрүүлж байсан, 2013 онд Улсын баяр, наадамд ирж анх спортын тойргоор уралдсан, тэр жилээ Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 90 жилд түрүүлсэн.

Мөн 2014 онд Баян-Өндөр сумын суварганы баярт аман хүзүүдэж байсан. Миний хонгор морь биеэр жижиг их уран явдалтай, гэхдээ морьтой хамт хөдөлгөхөд хурд ихтэй баргийн адуунд дийлдэхээргүй тамиртай жороолдогоороо онцлогтой.

Хонгор морь унагандаа жороолж байгаад больсон. Дааганд нь уралдуулж байсан нь бие нь задарч дөрвөн хөлийн тамир суусан гэж боддог. Миний сонсоноор сайн хурдтай жороо морь сулдаа жороолдоггүй гэдэг үг бий. Энэ нь үнэн байх.

Хонгор морио залгуулж Дорнод аймгийн Баянтүмэн сумын гаралтай жороо хүрэн шүдлэнгээ авсан. Ирэх жилээс явдлыг нь засч эхлэнэ. Уяач хүний унаган адуунаас хурдан морь, сайн жороо морь заяана гэдэг адилхан хамгийн сайхан билэгдэл гэж боддог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *