НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд хамтран ажиллах уриа: Өөрчлөлтийг түргэсгэхэд нэгдмэл шийдэлд хүрэх нь” сэдэвт салбар хуралдаан өнөөдөр боллоо. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс зохион байгуулсан сайд нарын түвшний арга хэмжээг НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгч С.Оюун нээсний дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ:
“Өглөөний мэнд хатагтай, ноёд оо,
Өчигдөр бид түүхэн маш чухал баримт бичиг болох “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг хэлэлцэж баталлаа. Хүн төрөлхтний түүхэнд дэлхийн 170 гаруй улсын төлөөлөл нэгэн дор цугларан ийм онцгой чухал баримт бичгийг баталсан тохиолдол цөөн байх. Харин одоо бидний өмнө энэ хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал тулгарч байна. Энэ тал дээр надад нэг санал байна. Юу гэвэл НҮБ-ын гишүүн орон бүхэн “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхтэй холбоотой хуультай байх юм.
Монголын парламент болон Засгийн газар ийм хууль боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд би үүнийг ихэд дэмжиж ажиллаж байна. Энэ хууль нь уг хөтөлбөртэй уялдах ёстой. Энэ хуулийн дагуу улс төрийн намууд дээрх хөтөлбөрийг биелүүлэх үүргийг хүлээх ба тухайн намын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол уг хөтөлбөрийн зорилго, зорилтуудыг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгах ёстой. Тэгэхээр тухайн нэр дэвшигч ялсан тохиолдолд уг хөтөлбөр нь шинэ Засгийн газрын ажлын гол хөтөлбөр болно гэсэн үг. Харин иргэд, олон нийт энэ хуулийн хэрэгжилт, хөтөлбөрийн биелэлтийг шууд хянах боломжтой болно гэсэн үг. Мөн тухайн улс орон энэ хөтөлбөрийн биелэлтийг хянах олон улсын байгууллага, тодорхой бүтэцтэй болох нь илүү үр дүнтэй байх болно.
Миний анхаарлыг татаж байгаа өөр нэг асуудал гэвэл Парист ирэх арванхоёрдугаар сард болох уулзалтын үр дүн юм. Энэ асуудалд томоохон улс орнуудын тэргүүнүүд анхаарлаа хандуулж, сайн зүйлийг амлаж, чамгүй зүйлийг хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай байна. АНУ, ОХУ, БНХАУ, Энэтхэг тэргүүтэй улс орнууд Парист оновчтой санал дэвшүүлж, чухал баримт бичгийг баталж, амжилттай ажиллана гэж найдаж байна. Иймээс бид үүнийг ажил болгохын төлөө үүнд томоохон улс орнуудын лидерүүдийг уриалах хэрэгтэй. НҮБ ч мөн энэ ажилд анхаарлаа хандуулна гэдэгт бид итгэлтэй байна.
Бид хөрш орнуудаасаа их зүйлийг суралцдаг. Манай хөрш болон бусад орнууд энэ чиглэлд чухал баримт бичгийг батлах асуудлыг дэмжиж байгаа. Намайг 2010 онд Копенхагений уулзалтад оролцох үеэр энэ асуудлыг анх удаа дэвшүүлэн ярилцаж байсан. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөц баялаг ихтэй. Салхины эрчим хүчийг ашиглан нэг киловатт цахилгаан гаргаж авахад 13-15 центийн зардал гарж байна гэж бодъё. Гэтэл бид энэ хэмжээний цахилгааныг нүүрснээс гаргаж авахад таван центийн зардал гарж байх жишээтэй. Тэгэхээр бид нүүрсийг сонгохоос аргагүйд хүрч байна. Тэгэхээр энэ сабарыг хөгжүүлэхэд бидэнд суурь, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг хэрэгтэй болж байгаа юм. Ингэвэл бид эрчим хүчээр дотоодын хэрэглээгээ хангаад зогсохгүй гадаадад экспортлох боломжтой болно. Иймээс байгаль орчинд хор хөнөөлгүй эрчим хүч үйлдвэрлэхэд суурь багана, хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй гэсэн үг.
Анхаарал тавьсанд баярлалаа” хэмээв.