Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ийн сугалаа татварын орлогыг нэмэгдүүлжээ

НӨАТ-ын тухай хууль хэрэгжээд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэхүү хуулийг далд эдийн засгийг ил болгож, улсын төсөвт бодит үр өгөөжөө өгсөн гэж үнэлдэг. Татварын ерөнхий газрын мэдээлж байгаагаар энэ хуулийн хэрэгжилтийн үр дүнд татварын орлогын бааз суурь нэмэгдэж, бүртгэлийн систем сайжирсан байна. Татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэнд тэгш бололцоог олгож, нээлттэй ил тод байдлыг бий болгосон нь үүнд нөлөөлжээ. УИХ-д өргөн бариад байгаа татварын шинэчлэлийн хуулийн төсөл батлагдвал шударга, ил тод байдлын тал дээр улам илүү боловсронгуй болж, сайжрах чиглэлтэй байгаа аж. НӨАТ-ын тухай хуулийн нэг том давуу тал нь худалдан авагч иргэн Монгол Улсынхаа эдийн засагт бодит хувь нэмрээ оруулах боломж бий болсон юм.

Учир нь иргэн худалдан авалтын и-баримтаа авдаг болсноор өөрийн болоод өрхийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ улс орныхоо эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг. Тухайлбал Нийслэлийн татварын газрын хувьд татварын орлого одоогоор 94.6 хувийн биелэлттэй байгаа аж. Мөн дүүргийн татварын хэлтсүүдтэй хамтран хууль хэрэгжилтийн талд эрчимжүүлсэн арга хэмжээг явуулж, иргэн, аж ахуйн нэгжээ тоолох тооллогыг хийж, цахим төлбөрийн системд холбуулах, төлбөрийн баримт олгуулах акцуудыг хийж байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн татварын газрын мэдээллийн баазад 138 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага, нэг сая иргэн бүртгэлтэй байгаа юм. Үйлчилгээ үзүүлсэн, бараа борлуулсан бүх татвар төлөгч үйлчлүүлэгчдээ төлбөрийн баримтаа өгдөг байх, татвараа төлдөг байх зарчмыг Нийслэлийн татварын газраас барьж ажилладаж буй аж.

НӨАТ-тай холбоотой санал, гомдлыг татварын албаны 1800-1288 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, харьяа татварын алба руу шилжүүлэн, 30 хоногийн дотор шийдвэрлэдэг байна. Гомдол гаргасан иргэнд арга хэмжээ авсан талаар хариу утсаар хариу мэдээлэл өгдөг ажээ. Иргэдээс ихэвчлэн хямдарсан бараанд и-баримт олгохгүй байна, зарим үйлчилгээний байгууллага баримт өгөхгүй байна гэсэн санал, гомдлууд ирдэг гэдгийг татварын байгууллагынхан хэлж байна. Ямар ч тохиолдолд НӨАТ-ын баримт заавал өгөх ёстой. Энэ тал дээр иргэд, худалдан авагч нар шаардлагаа тавиад хуулиараа баримтаа авах эрхтэй. НӨАТ суутган төлөгч биш байсан ч ажил үйлчилгээ эрхэлж, орлого олж байгаа бол аж ахуйн нэгжүүд төлбөрийн баримт олгох ёстой гэдгийг тэд онцоллоо.

Цахим төлбөрийн баримтын системд холбогдсон мөртлөө төлбөрийн баримт олгохгүй байгаа аж ахуйн нэгж, иргэнийг татварын албаны 1800-1288 дугаарын утсанд хандаж, шийдвэрлүүлэх боломжтой. Иргэдийн санал, гомдлын дагуу тухайн аж ахуйн нэгж дээр очиж асуудлыг шийдвэрлэдэг байна.

5 replies on “НӨАТ-ийн сугалаа татварын орлогыг нэмэгдүүлжээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *