Categories
мэдээ цаг-үе

Номхон зантай Усны цагаан сүүлт БҮРГЭД

Монгол оронд олон зүйл бүргэд байдаг талаар шувуу судлаачид онцолдог. Энэ удаагийн сав шимийн буландаа Монгол орны бүргэд тэр дундаа усны цагаан сүүлт бүргэдийн талаар онцолъё. Бүргэд нь харцагын овогт багтах, том биетэй махчин шувуу юм. Дэлхий дээр 60 гаруй зүйлийн бүргэд байдгаас ихэнх нь Евроази, Африкт нутагладаг бол манай оронд бахим бүргэд, бор бүргэд, тарважи бүргэд, цармын бүргэд, хан бүргэд, усны цагаан сүүлт бүргэд, усны нөмрөг бүргэд, уулын согсоот бүргэд хэмээх зүйлүүд амьдарна. Бүргэд нь бахим хошуу, хүчирхэг том биеэрээ бусад махчин шувуунаас онцгойрдог. Махчин шувуудыг өдрөөр ангуучилдаг, шөнөөр ангуучилдаг гэж ангилбал өдрөөр ангуучилдаг махчин шувууны хамгийн том төлөөлөгч нь бүргэд юм.

Усны цагаан сүүлт бүргэдийн талаар шувуу судлаач, доктор Г.Майнжаргал, мал судлаач, ахмад зохиолч А.Далхжав нараас дараахь зүйлийг тодрууллаа. Улаан номд багтсан энэхүү зүйлийн бүргэд нь харцагын овгийн, нөмрөг бүргэдийн төрөлд багтдаг. Монгол орны Орхон, Сэлэнгийн сав газар, Их нууруудын хөндий тэр дундаа Хөвсгөл нуур, Хар-Ус нуур, Хар нуур, Өгий нуур, Булган, Тамир, Сэлэнгэ гол зэрэг усны ундарга ихтэй нутгуудаар цагаан сүүлт нөмрөг бүргэд нэлээд тархжээ. Олон улсын нэр нь “HaliaeeTus albiciLa” буюу оросоор “Орланбелохвост”, англиар “White-Tailed Eagle” гэнэ. Энэ бүргэдийг анх 1758 оны үеэс шувуу судлаач эрдэмтэн, докторууд сонирхон судалж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж эхэлжээ. Нэн ховорт тооцогдох бөгөөд 1997 онд Монгол Улсын “Улаан ном”-д, мөн ОХУ-ын “Улаан ном-“д орсон дархан цаазат нүүдлийн шувуу юм.

Усны цагаан сүүлт бүргэд нь цайвар толгой, бараан хүрэн бие, бахим том хошуу, цав цагаан сүүл, тод шар сарвуу болон хошуугаараа бусад зүйлээсээ ялгардаг. Мөн биеийн хэмжээгээрээ бусад бүргэдээс ялимгүй том.

Биеийн ерөнхий урт 69-92 см, зарим үед 100 см ч хүрдэг. Элин халин нисэхэд далавчны урт нь 182-244 см хүрдэг байна. Эм бүргэд эрээсээ ялимгүй том бөгөөд өргөн, урт далавчтай байна. Эм бүргэд нь 4-6.9 кг жинтэй бол эр нь 3.1-5.4 кг хүрнэ. Манай оронд цагаан сүүлт бүргэд хамгийн уртдаа 25 насалжээ. Тус зүйлийн бүргэд дунджаар 21 насалдаг юм байна.

Бүргэд бол тэнгэрт амьдрах заяатайгаа зохицсон хүчирхэг, догшин, анч жигүүртэн билээ. Энэ ч үүднээс монголчууд бид хүчирхэг, эрэмгий, омог бардам хэн нэгнийгээ “бүргэд шиг” гэж зүйрлэдэг. Яруу найрагч Б.Ичинхорлоо

“…Миний Монголын тэнгэрт өдөлсөн шувуу

Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй

Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд

Будант газар ясаа тавьдаггүй …” хэмээн шүлэглэсэн байдаг. Харин цагаан сүүлт бүргэд нь бусад зүйлээ бодоход харьцангуй дөлгөөн тайван амьтан аж. Энэ зан чанар нь түүний хооллолтоос ч гэсэн анзаарагддаг. Ихэнх бүргэд өндрөөс элин хальж, үнэг, хярс, туулай зэрэг амьтдыг ангуучлан барьдаг бол энэхүү бүргэд нь гол мөрөн, нуур цөөрмийн орчмоор амьдран голдуу загас жараахайгаар хооллоно. Мөн амьтдын сэг зэм, гол мөрөн хөлдсөн үед жижиг хөхтнөөр хооллох нь ч бий. Өдөртөө 500-600 гр хоол тэжээл иддэг аж. Мөн гол, нуурын хөвөө дагаж айл малтай ойр амьдардаг нь энэ бүргэдийн хэрцгий догшин бус номхон дөлгөөн зантайг харуулна.

Цагаан сүүлт бүргэд нүүдэллэн амьдардаг гэх боловч Монголд өвөлжих нь элбэг байдаг ажээ. Голдуу гол мөрөн, нуурын эрэг дагуух цавчим хясаа, өндөр модны оройд үүрээ засдаг аж. Монгол оронд энэ зүйл бүргэд ойролцоогоор 60 орчим хос байдаг бөгөөд жилдээ 1-2 өндөг гаргана. Харин дэлхий нийтийн хэмжээнд 2008 оны байдлаар 9-11 мянган хос цагаан сүүлт бүргэд бүртгэгдсэн байна.

Энэхүү бүргэдийн ангаахай 4-5 нас хүрээд бэлгийн бойжилт нь гүйцэж хосоо олдог. Нэгэнт хосоо олсон бол амьдралынхаа турш түүнтэйгээ амьдрах боловч хос нь амь үрэгдсэн тохиолдолд өөр нэгнийг сонгох тохиолдол ч байдаг гэнэ. Хосоо сонгохдоо эр нь түрүүлж тохиромжтой газар сонгон үүрээ засна. Хэрэв гоё үүр зассан байх юм бол эм бүргэд нь таалснаар тэд нийлдэг байна. Тэд амьдралынхаа туршид хэд хэдэн газар үүрээ солин амьдардаг. Нэг хосын эзэмших нутаг нь ойролцоогоор 30-70 км ам.дөрвөлжин талбай байдаг ажээ.

Хосууд өвлийн сүүлч буюу хаврын эхэн сард үржилд орж гурав, дөрөвдүгээр сарын хооронд өндөг гаргадаг байна. Эр, эм бүргэдийн аль аль нь өндгөө ээлжлэн дарах бөгөөд 38 хоногийн дараа хагарч ангаахай гарна.

Эцэг эх нь эхний 5-6 долоо хоногт ангаахайнхаа аманд хоол хийж өгөх бөгөөд тэрнээс цааш өөрсдөө хооллох чадвартай болдог байна. Мөн 11-12 долоо хоноод даль жигүүр нь ургаж гүйцдэг ажээ.

Монголчууд эртнээс шувууны өндгөөр оролдох, тэр битгий хэл сүүдрээ ч тусгахыг цээрлэн, үр хүүхдүүддээ сургаж ирсэн уламжлалтай. Энэ нь тэрхүү бяцхан өндгийг эх нь голж хаях вий, улмаар устаж ховордох вий гэж сэрэмжилсэн малчин ардын ухаан билээ. Үүний жишгээр нутгийн иргэд усны цагаан сүүлт бүргэдийг хороох, үүр оромжоор нь оролдохыг ихэд цээрлэдэг юм.

Э.Номин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *