Categories
мэдээ соёл-урлаг

Номин талст, Сүнс, Камертон, Салхи, Guys хамтлагууд хамтарсан тоглолт хийнэ

“Сүнс”, “Камертон”, “Номин талст”, “Салхи”, “Guys” хамтлагийнхан хамтран, ирэх аравдугаар сарын 9-нд “Ub Palace”-т “Мартагдашгүй” нэртэй тоглолтоо толилуулах гэж байна. Хэвлэлийн бага хурлын үеэр “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн “Би энэ тоглолтыг мөрөөддөг байсан. Олон жилийн өмнөөс ийм тоглолт хийхээр ярьсаар ирсэн. Энэ маань биеллээ олох гэж байгаад баяртай байна. Хэдийгээр бид тус тусдаа хамтлагууд ч гэсэн энэ удаад нэгдэн, нягтарч гарын таван хуруу мэт болох ёстой. Ингэж байж үзэгчдийг байлдан дагуулсан, бут авсан тоглолт хийх учиртай” гэв.

“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ “Мэдээж үзэгч олныг байлдан дагуулсан, тэдний дурсамжийг сэдрээх сайхан хайрын дуунууд эгшиглэх болно. Бид ч өөрийн уран бүтээлээсээ сонгож, хайрын сайхан дуунаасаа дуулна” хэмээн ярьсан юм. Харин “Guys” хамтлагийн дуучин М.Мягмар “Тоглолтыг жүжигчилсэн хэлбэрээр найруулан тавина. Хамтлаг тус бүр шилдэг уран бүтээлээсээ хүргэнэ. Гэхдээ манай хамтлаг ямар дуу дуулах вэ гэдэг нь сюрприз хэвээр байсан дээр болов уу” гэв.

Хамтлагийнхны хувьд дууны сонголтын асуудал маш хүнд байгаа хэмээн онцолж байв. Энэ талаар “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн “Нөгөө хамтлагуудынхаа дууны сонголтыг харахаар сүрдмээр сүрдмээр хит дуунууд байсан. Тийм болохоор манай хамтлагийнхан дууны сонголт дээр нэлээн эргэлзэж, бодож, хүнд сонголт хийхээс аргагүйд хүрсэн” гэв. Тоглолтын тасалбарын үнэ 40, 80 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *