Categories
мэдээ нийгэм

Номын худалдааны төвийн зүүн урд талыг тохижуулжээ

Улаанбаатар хотын 2016 оны хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам, засварын ажил, АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хийж буй ажилд 22 ажлын хэсэг хяналт тавин ажиллаж байна. Ажлын хэсгүүд хуралдаж нийслэлийн хэмжээнд хийж буй тохижилт, ногоон байгууламжийн ажлын талаар санал солилцлоо.

Энэ үеэр “Буянт Ухаа-2” хорооллын зүүн талын төв замд буцаж эргэх эргэлт хийж, Наадамчдын уулзварт байрлаж буй Замын цагдаагийн газрын постыг будаж, замын хажуу талын далангийн шороог тэгшлэн, хур хогтой жалгийг бүрэн цэвэрлэн “Торгоны зам” цогцолборт хавтан суурилуулж, Занбазарын гудамжинд гэрэлтүүлэг хийсэн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас танилцуулав.

Хурлын дараа ажлын хэсгийнхэн газар дээр нь очиж хийсэн ажлуудтай танилцсан бөгөөд Энхтайваны өргөн чөлөө Багшийн хөгжлийн ордны зүүн талд хийсэн явган хүний замын ажлын гүйцэтгэлийг шалгаж, сандал, хогийн саваас гадна голын суурин дээр цэцэг тарьж, “Үнсэлт” нэртэй баримал байршуулахаар болсон. Мөн Намьянжүгийн гудамжинд хийсэн цэгэн тохижилтын ажлыг замын зүүн талд үргэлжлүүлэн хийхээр шийдвэрлэсэн юм.

Харин Их тойруу буюу Бөмбөгөрийн даланд сувгийн цэвэрлэгээ хийх шаардлагатайг гүйцэтгэгч компанид нь уламжлан, Наадамчдын замд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ээр 1200 м2 талбайд эко хавтан тавиулахаар боллоо. Мөн бусад гудамж зам талбайд тохижилт хийж буй байгууллагуудад ажлын ерөнхий чиглэл өглөө гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *