Categories
мэдээ нийгэм цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Хол биш”

Асуудлыг маш энгийнээр дэвшүүлэх Чадраабалын Ганжавхлангийн “Хол биш” номын талаар ярьж өгье. Шууд утгаараа ч, хийсвэр утгаараа ч Эверест биднээс хол биш…

Номын эхний хэсэг Эверест бейс кэмп буюу EBC 5364 руу гарсан адал явдлын талаар өгүүлнэ. Яг тухайн мөчид мэдэрсэн эмоци, үйл явдлаа бичсэн болохоор ч тэр үү Эверестийн оргил руу өөрийн биеэр мацсан мэт сэтгэл догдлуулсан, түгшсэн, бахархсан мэдрэмж төрүүлнэ.

Долоо хоногийн өмнө эмнэлэгт хэвтэж байсан хүн Эверест явна гээд Инчеоны онгоцны буудал дээр американо уугаад суух энэ хэсгээс зорих л юм бол зорилго ойрхон гэдгийг мэдэж болох юм. Эндээс л түүний Гималайн уулс дунд ядарч туйлдаж, даарсан ч бүхий л үйл явдлыг тухайн орчинд очоод ямар мэдрэмжтэй байсан тухай бичвэр эхэлнэ. Тэрбээр аав, эхнэр, дүү, хүргэн, найзуудынхаа хамт явжээ. Эверест бейс кэмп дөхөх тусам улам л ядарч, өндрийн нөлөөнд автжээ. Тэгээд хоноглох газартаа ирээд гар нь бээрсэн ч бичвэрээ бичих аж. Хүүхдийнхээ угаагаагүй хувцаснаас албаар үнэртэй, жижигхэн хиртэй цамцыг аваад гарсан юм. Яг хүүхдийн маань үнэр ханхийж, хүүхдээ тэвэрсэн юм шиг санагдаж, тайвшраад унтаад өгчээ. Хүн гэдэг нээрээ л сэтгэлийн амьтан юм.

Тэд өгссөөр л… Замд нь олон жилийн өмнө уул руу авирч яваад хөл алдаж унаад, амь насаа алдсан уулчдын цогцос ч харагдах аж. Өөр өөр улсынх ч гэлээ ядарч, ухаан алдсан нэгэндээ туслах, хүн байхын талаар өгүүлнэ. Хэцүү бэрх замуудад ядарч, даарсан ч аяллын тэмдэглэлээ кофетой хослуулан эморч, инээлдэж ядарсан мэдрэмжээ баяслаар дүүргэж өнгөрүүлжээ. Ингэж бартаат замуудаа давсаар нэг л мэдэхэд хүссэн газартаа иржээ. Тэр бол Эверест бейс кэмп буюу EBC 5364 юм. Бүгд л өөрсдийгөө ялж, зорилгодоо хүрчээ. Эхэлж чадвал төгсгөл хол биш гэдгийг энд харуулдаг.

Гэхдээ аяллын багийнхнаас дөрөв нь 6197 метр Лобучэ хайрхны оргил руу авирахаар шийдэж, үхсэн ч гомдолгүй гэсэн цаасан дээр гарын үсэг зурах аж. Нэг л эвгүй гишгэхэд үхэх аюултай замыг сонгосон ч зорилгодоо хүрчихээд буцаад ирсэн байна. Ийм л адал явдлын тухай тус номд өгүүлнэ.

“Эверест хол биш”-ийг магадгүй уулнаасаа бууж, нутагтаа ирсний дараа бодоод бичсэн бол тухайн үеийн агшинг хэзээ ч мэдэрч уншихгүй байсан болов уу.

Эндээс өөр онцлох маш олон эшлэл бий. Тодруулбал, “Аавынх манайхаас хол биш” хэмээх эссээ олон хүнийг “Энэ чинь юу билээ, нээрээ тийм шүү дээ” гэх бодол руу хөтлөх байх.

“…Алхаад очвол 20 минут, машинаар явбал 5 минут. Ийм л зайд аав, ээж хоёр байдаг. Засмал замын нөгөө талд бараг манай гэрийн тагнаас гараа сайн даллавал дүү маань олоод харчихна. Дүүгийндээ би жилдээ нэг юм уу хоёр удаа л очдог. Ер нь яагаад очиж байснаа ч сайн санахгүй байна. Гэхдээ түүний хаагуур аялж, ямар ажлууд хийж, юу бодож сэтгэж байгааг өдөр бүр шахуу утсан дээрээсээ цахим ертөнцөөс олж хардаг…” гэх хэсэг хүн бүрийн сэтгэлд ойр буух биз ээ.

Сошиал хөгжсөнөөр хажуудах нэгнээ анзаарахгүй, ойрхон байж уулздаггүйн тод жишээ шүү дээ.

Нимгэн хуудастай ч гэсэн энэ номд “Өөрийгөө уучлах хол биш, аз жаргалыг түгээх хол биш, өтлөх үхэх хол биш, өндрөөс унах хол биш, хэл сурах хол биш, эх орон хол биш, эхэлж чадвал том зорилго хол биш, үүр цайтал хол биш, сайн хүмүүс хол биш гэх мэт жижиг хол биш сэдвүүд багтах юм. Ер нь л бидний хүсэж тэмүүлэх бүх зүйл хол биш байдаг билээ.

Чөлөөт уран бүтээлч Ч.Ганжавхлангийн өөрийн амьдралд олж мэдсэн, түүнээс авсан сургамжийг энэхүү номоос уншаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *