Таксинд, автобусанд, кофе шопод, ер хаана ч уншаад суух боломжтой авсаархан хэмжээтэй цуврал номнуудыг “Монсудар” хэвлэлийн газраас “Нухацтай сэдэв” гэсэн тодотгол дор цувралаар хэвлэж буйг номонд дурлагчид андахгүй байх. Тэр цувралын эхнийх нь Дэвид Гребэрийн “Өр гэж юу вэ”. Эдийн засагч биш анпропологич хүн “өр”-ийн тухай юу бичиж, өр, мөнгө, худалдаа, зах зээл гэдгийг яаж харсан бол гэж сониучирхаж байвал зориод уншаарай гэж зөвлөе. Өдгөө “Амазон”-оор худалдаалж буй Дэвид Гребэрийн өрийн түүхийн тухай “Өр: Анхны 5000 жил” ном хэвлэгдсэн даруйдаа шуугиан тарьж байж. Танд сонирхуулж буй энэ жижигхэн номд түүний нэг эссээ, нэг ярилцлагыг онцолжээ.
Дэвид Гребэрийн эссээнээс “Зоосыг анх худалдаа наймаа хийх зорилгоор бий болгоогүй. Харин цэргүүдэд цалин хөлсийг нь төлөхийн тулд бүтээсэн бололтой бөгөөд магадгүй Бага Азийн Лидиягийн хаад грек хөлсний цэргүүддээ төлбөрийг нь төлөхөд анх ашигласан болов уу”, “Ойрхи Дорнодын зээлийн тогтолцоо зах зээлийн өрсөлдөөнөөс болж нураагүй, харин өдөрт хагас тонн мөнгөн гулдмайн цалин хөлс шаарддаг Александрын армийн хөлд устжээ”, “Зоосны хэрэглээ Грек, Энэтхэг, Хятадад бараг л нэгэн зэрэг бий болсон, … хамгийн хачирхалтай нь эртний зоос тархсан яг тэр газруудад, яг тэр цаг үед орчин үеийн дэлхийн томоохон шашнуудын эх үүсвэр зэрэг тавигдсан болохыг харж болно”, “Анхны ломбард нь ядуу тариачдад нутгийн мөнгө хүүлэгчдээс өөр сонголт бий болгох зорилгоор буддын сүмүүдэд үүссэн… Мөнгө эргэлдүүлэгчдийг сүмд эргүүлэн авчирч тэднийг хянах боломжтой болон, үр дүнд нь өндөр түвшний итгэлцэл дээр суурилсан нийгмийн институцууд цэцэглэв” гэх мэтээр сонирхолтой эшлэлүүд түүе гэвэл цаг, цаас хүрэлцэхгүй учраас ингэсгээд зогсъё. Товчхондоо өнөөгийн бидний мөнгө гээч зүйл, худалдаа, зах зээл гэж тодотгодог харилцааны бүр анхны үүсэл нь өр байсныг Дэвид Гребэр ухаалаг гаргалгаа, толгой дохим баримтуудтайгаар гаргаад тавьчихаж.
Дайн л татвар, мөнгө хоёрыг бий болгосон гэж харсан эдийн засгийн антропологич Дэвид Гребэр Ирландад амьдардаг сэтгүүлч Филип Пилкингтонд өгсөн ярилцлагадаа кредит картны өрөөс эхлээд ипотек гээд асар их өр хуримтлуулсан өнөөгийн хүн төрөлхтний талаар “Түүхийн өнцгөөс харвал энэ бол санаа зовмоор асуудал. Үнэндээ зарим нь энэ асуудалд Клинтоны өмнөх үеийг ч хамруулж болох агаад бидний одоогийн харж байгаа хямрал үнэндээ 1970-аад онд үүссэн хямралтай нэг гэдгийг харуулах баримтууд олж болно. Бид зүгээр л энэ хямралыг 30-35 жилийн туршид элдэв нарийн зээлийн зохицуулалтаар аргалаад ирсэн. Нийгмийг бүхэлд нь нураан унагаах хамгийн муу үр дагавартай явдал бол өрийн хямрал гэдгийг эртнээс бүгд л мэдэрдэг байсан… Өнөө үед зээлдэгчийг хамгаалах институци үүсгэхийн оронд зээлдүүлэгчийг хамгаалсэн дэлхийн хэмжээний ОУВС, эсвэл Стандарт энд Пүүр зэрэг асар том институцийг үүсгэчихсэн байна шүү дээ. Тэд ямар ч зээлдэгч төлбөрийн чадваргүй болох ёсгүй гээд тунхаглачихсан. Үр дүн нь сүйрэл гэдгийг хэлээд ч хэрэггүй биз. Эртний хүмүүсийн маш их айдаг байсан, хүн амын зээлдэгч хэсэг сүйрлийн ирмэг рүү гулсан орж буй яг тэр үзэгдлийг бид туулж байна уу даа гэж надад бодогддог” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна лээ.