Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Сонирхолтой физиологи

Энэ ном айл болгоны номын санд байдаг байлаа. Одоо харин цөөрч, хаа нэг хуучин номын худалдаанд харагддаг болжээ. Оюутан байхдаа Арслантай гүүрний арслангийн баримлын дор ном зарж суусан хуучин номын худалдаачнаас 300 төгрөгөөр авсан “Сонирхолтой физиологи”-оо энэ удаад сонирхуулъя. 1977 онд ЗХУ-д хэвлэгдсэн даруйдаа шуугиан дэгдээж, одоогийнхоор бол Бестселлер болж байсан ном. Харин монгол хэлнээ 1988 онд Н.Төмөрбаатарын орчуулгаар бууж. Тухайн үед хүүхэд залуус номын сан орж “Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь”-ийг шагайж Монголын болон дэлхий дахины мэдээллийг тоо баримттай нь уншдаг байлаа. Уг ном хэд хэдэн ботьтой. Бүх ботиудыг уншиж дуусгасан сурагч, оюутан бол ер нь л боломжийн мэдлэгтэйд тооцогддог байлаа. Харин “Сонирхолтой физиологи” монгол уншигчдын гарт хүрсэнээр дээрх ботиудын хэмжээнээс давсан, бараг өөр хэмжээст нэвтэрч байгаа юм шиг мэдлэг, мэдээллийг өгч чадсан юм. Б.Сергеевийн энэ бүтээл тухайн үедээ социалист орнуудад түгж нэрд гарахын хэрээр шүүмжлэгчид, няцаагчидтай олон удаа нүүр тулсан.

Жишээ нь, усны тухай өгүүлэхдээ шинж чанарыг нь бичээд химийн томьёогоор нь дулдуйдаагүй. Энэ номонд “Буцалгаагүй усыг хэрэглэх явдал бие махбодод буцалсан уснаас илүү тустай юм” гэсэн байдаг. Манайхан түүхий ус уувал түүхий гарна гээд хүүхдүүдээ загнаад эхэлнэ. Гэтэл яагаад түүхий ус уух нь сайн бэ гэдгийг маш дэлгэрэнгүй тайлбарласан байгаа юм.

Матрын нулимс гаргалаа гэцгээдэг. Гэтэл үнэндээ матар уйлдаггүй. Матар, яст мэлхий зэрэг далай амьтад нүднээсээ нулимс дуслуулан элсэн дээгүүр мөлхөөд ус руу шумбачихдаг. Гэтэл энэ бол илүүдэл давсаа гаргах давсны булчирхай нь ажиллаж байгаа үйл явц аж. Тэгэхээр энэ номноос ургуулаад бодохоор монголчууд тэмээ уяхан амьтан, уйланхай гэж андуурдаг байж мэдэх юм шүү.

Энэ номонд одоо ч бидний төдийлөн мэддэггүй, google-ээс хайгаад байдаггүй асуултуудад хариулт өгсөн байдаг. Загас ус уудаг уу. Агаарыг шахаж болохгүй юу. Бүх зүйл юунаас эхлээ вэ. Өндөгнөөс хэдэн дэгдээхий гарч болох вэ гэсэн асуултуудын хариулт “Сонир-холтой физиологи”-д бий. Галт шувуу гэж яриад байдаг. Гэтэл яг тийм шувуу байдаг уу, үгүй юу гэдгийг мэдэж авна.

Бас гермафродитын тухай сонирхолтой өгүүлсэн байдаг. Грекийн домогт гардаг үзэсгэлэнт охин тэнгэр Салмакида Гермес, Афродита хоёрын хүү ер бусын гоолиг залуу Гермафродитад ухаангүй дурладаг. Салмакида өөрийг нь Гермафродитагаас хэзээ ч битгий салгаж өгөөч гэж бурхнаас гуйна. Бурхан гуйлтыг ёсоор болгож тэднийг нэг биед нийлүүлдэг. Тэр жигтэй амьтан хоёр хүйстэй болсон хэрэг. Грекийн бурхад төдийгүй байгаль ч гэсэн тохуурхах дуртай. Дэлхий дээр нэг биетэй мөртлөө эм, эр хүйс зэрэгцэн байдаг гермафродит амьтад олон бий. Гаднаас эр эс хайхгүй, дотроо боловсруулаад л үр тогтоогоод үр төлөө гаргачихна.

Энэ мэтээр “Сонирхолтой физиологи” номонд гаж, сонин олон сэдвийг шинжлэх ухааны үндэстэйгээр гаргаж тавьсан байдаг. Тийм болохоор энд тэнд байвал эргүүлээд нэг үзээрэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *