Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Ирээдүй цаг”

Бөх судлаач, спортын сэтгүүлчдэд төдийгүй бөхөд хайртай хүмүүст зориулсан нэгэн ном хэвлэлтээс гараад хэдхэн хонож байна.

Дундговь аймгийн харьяат, бөх судлаач О.Наранбаатарын “Ирээдүй цаг” хэмээх энэхүү шинэхэн номыг та бүхэнд танилцуулъя. О.Наранбаатар “Ирээдүй цаг” номоо бичихдээ сүүлийн 20 жилийн судалгаандаа тулгуурлаж, сумын заан цолтнуудын барилдааныг алгасалгүй үзэж тэмдэглэсэн барилдааны оноолт, тэдгээрийн мэхийн бүртгэл болоод буулгасан зургаа хавсаргажээ. Мөн дан ганц “Монгол бөхийн өргөө”-нд зохион байгуулагдсан биш хөдөө орон нутагт болсон сумын цолтой бөхчүүдийн томоохон барилдааныг дэлгэрэнгүй сурвалжилснаа энэхүү номдоо багтаасан нь олзуурхууштай. Түүнчлэн үзэгч, бөх сонирхогчдын төдийлөн дуулаагүй, мэдээгүй өнгөрсөн зарим барилдааны оноолт дансыг, шөвгөрсөн бөхчүүдийн зургийн хамт оруулсан нь нэн аятай.

Мөн сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдааны дээд амжилтуудыг жагсааж хавсаргасан нь судлаач хүнээс л гарах хөдөлмөр гэлтэй. Мөн 1994 оны зун МҮБХ-ноос анх удаагаа зохион байгуулагдсан “Сумын заануудын чуулга” барилдааны оноолтыг “Ирээдүй цаг”-аас олж үзэх хэн бүхний ч анхаарлыг татах нь лавтай.

Жүдо, чөлөөт бөхийн алдартнууд амжилтын замналаа өсвөр үе болоод залуучуудын ангиллын тэмцээнээс эхэлдэг. Харин үндэсний бөхийн мундагууд сумын цолтой бөхчүүдийн барилдаанаас амжилтын гараагаа эхлүүлдэг.

Өнөө цагт үндэсний бөхийн өнгийг тодорхойлж буй улсын арслан Энхтөгсийн Оюунболд, улсын гарьд Жанцангийн Бат-Эрдэнэ, улсын харцага Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй, Баярхүүгийн Бат-Өлзий, Оргихын Хангай, Нацагсүрэнгийн Золбоо нарын шилдгүүд сумын цолтнуудын барилдаанд амжилттай барилдаж, тэрхүү урам зоригоороо цааш цаашдын цолоо авсан байдаг. Мөн их спортоор хичээллэж тив, дэлхийн хэмжээнд амжилт үзүүлсэн олон улсын хэмжээний мастер Даваадоржийн Төмөрхүлэг, Ганы Түвшинжаргал, Отгонбаатарын Ууганбаатар нар үндэсний бөхөөр хэрхэн зодоглож байсан нь “Ирээдүй цаг”-т бий.

Өнөө цагийн бөхчүүд дүрэмтэйгээ уялдуулан биеийн жингээ нэмж уран хурц мэх ховордож устахад хүрээд байгаа талаар судлаачид төдийгүй бөхийн хорхойтнууд байр сууриа илэрхийлдэг. Ийм үед мориор зүйрлэвэл соёолон морьдын уралдаан шиг ширүүн гал гарсан шударга тэмцлийг сумын заанууд л харуулдаг. Үндэсний бөхийн мартагдах шахсан өмсөх, зайлах, бусгах мэхийг сумын заанууд л хийдэг. “Барилдаан үзье гэвэл сумын заануудын барилдаан үз, бөх үзье гэвэл бусдыг нь үз” хэмээн нэгэн бөх судлаач хэлсэн байдаг. Ийм ширүүн өрсөлдөөнтэй барилдаанд улсын арслан Э.Оюунболд, О.Хангай, Б.Бат-Өлзий нар сумын заан ахуйдаа хэрхэн хүч үзэж байсныг “Ирээйдүй цаг” номноос унших боломжтой. Түүнчлэн ирээдүйд үндэсний бөхийн өнгийг тодорхойлох шилдэг залуу сумын заануудын ховор гэрэл зургийг та энэ номноос үзэж болно.

2009 оноос хойш зохион байгуулагдсан сумын цолтой бөхчүүдийн 70 гаруй барилдааны оноолт данс, гэрэл зургийн цуглуулгатай энэхүү бүтээл бөх судлаач, спортын сэтгүүлч, бөх сонирхогчдын ширээний ном болох нь дамжиггүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *