“Nokia” компанийн гүйцэтгэх захирал Пекка Лундмарк 2030 он гэхэд гар утасны 6G сүлжээ нэвтрүүлнэ гэж найдаж буйгаа мэдэгдэв. Гэхдээ тэр үед ухаалаг гар утас хамгийн оновчтой шийдэл болно гэж бодохгүй байгаа аж. Финландад төвтэй “Nokia” компани утас болон интернэтэд холбогдсон бусад төхөөрөмжүүдийг өөр хоорондоо харилцах боломж олгодог харилцаа холбооны сүлжээ оператор юм.
Швейцарын Давост өчигдөр /2022.05.24/ болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Лундмарк энэ талаар ярьжээ. “Huawei” компани мөн зах зээлд 6G технологи гаргахаар төлөвлөж буй бөгөөд хоёр компанийн хугацаа давхцаж магадгүй аж.
Дэлхий нийт хэзээ ухаалаг гар утаснаас татгалзаж, нүүрэндээ зүүдэг ухаалаг шил болон бусад төхөөрөмж ашиглах вэ гэж Лундмаркаас асуухад тэрбээр “6G нэвтрүүлэхээс өмнө ийм боломж нээгдэнэ. Тэр үед бидний хэрэглэдэг ухаалаг утас хамгийн түгээмэл төхөөрөмж байхаа болино” гэж онцолжээ.
Элон Маскийн “Neuralink” гэх мэт зарим компаниуд хүний тархинд суулгаж, машин болон бусад хүмүүстэй харилцахад ашиглаж болох электрон төхөөрөмж үйлдвэрлэхээр ажиллаж буй. Түүнчлэн хүний хуруунд чип суулгаж болно гэж үзжээ. Эдгээр нь харилцаа холбооны технологийн шинэ эрин үеийн илэрхийлэл болох юм байна.
6G гэж яг юу болох нь тодорхойгүй байгаа бөгөөд дэлхий нийт одоогоор дөнгөж 5G-тэй танилцаж байна. 5G технологи гэж жолоочгүй машин, виртуал бодит байдал зэрэг технологиудыг дэмждэг, өндөр хурдтай шинэ үеийн гар утасны сүлжээ юм.
Өдгөө АНУ-ын технологийн томоохон компаниуд болох “Meta”, “Google”, “Microsoft” нар хэзээ нэгэн цагт ухаалаг гар утсыг орлох шинэ чихэвч бүтээнэ хэмээн ажиллаж байгаа ажээ.
Чуулга уулзалтын үеэр технологийн компанийн удирдагчид метаверсийн боломж, сорилтуудын талаар ярилцсан байна. Метаверсэд шаардлагатай бүх өгөгдлийг дамжуулахын тулд сүлжээнүүд одоогийнхоос дор хаяж 100 дахин, эсвэл бүр 1000 дахин хурдан байх ёстой гэж Лундмарк хэлжээ.