Барилгын хөдөлмөрийн аюулгүй байдалд НМХГ-аас хэрхэн анхаарч байгаа талаар Өнөөдөр /2020.09.18/ мэдээлэл хийлээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас, “Барилгажилт ихтэй дүүргүүдэд Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүд багтаж байна. Нийт зургаан дүргийн хэмжээнд 327 аж ахуйн нэгжүүд хяналт шалгалтад хамрагдсанаас 141 зөрчил илэрсэн. Зөрчлийн тухай хуулиар 134 сая 850 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагдаж, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагууд хүргэгдэж байсан.
Барилгын салбарт гарч буй дийлэнх зөрчлийг хувьчилж үзвэл хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль түүнийг дагалдан гарсан зөвлөмж стандартыг хэрэгжүүлж ажиллаагүй зөрчил 53 хувийг эзэлж байна. Байгууллага дотор хяналт шалгалтаар зөрчил илрүүлж ажиллаагүй 29 хувийг эзэлж байгаа юм” гэв.
Түүнчлэн Хөдөлмөр хяналтын улсын ахлах байцаагч Г. Гантөмөр:
“2020, 2019 оны эхний 9 сарын байдлаар 214 үйлдвэрийн осол бүртгэгдсэн. Үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн осол дээрх тоонд багтсан. 2019 онд 124 осол бүртгэгдсэн бол 2020 оны эхний 9 сарын бадлаар 90 осол бүртгэгдсэн. Энэ нь 7.9 хувь бүүрсан үзүүлэлт юм. Мөн үйлдвэрийн ослын улмаас нас барсан тоо 2019 онд 17 байсан бол 2020 онд 11 болж тохиолдлын тоо 6 хувиар буурсан. НМХГ-т ирсэн шуурхай 25 дуудлага ирж цагдаагийн байгууллагатай хамтран ажилласан. 2019 онд нийт 13 осолтой ажилласан бол 2020 оны эхний 9 сард 12 осолтой ажилласан.
Өртсөн хүний тоо 2020 онд 21 байсан нь бүлэг ослын тоо ихэссэнтэй холбоотой. 2019 онд гурван хүн барилга дээр нас барсан. Харин энэ жил 11 хүн нас барсан байна. Барилгын ослын шалтгаануудаас дурдвал, хувийн хамгаалалт олгосон боловч хэрэглээгүй 2 хүн осолдож, хамгаалалт хийгдээгүйн улмаас 4 хүн осолдож, технологийн осол гарснаас 5 хүн осолдсон байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас оны эхэнд урьдчилан сэргийлэх ажлын зөвлөмж хүрүүлээд дараа нь хяналт тавьж ажилладаг. Тухайн байгууллага энэхүү зөвлөмжийг дагаж ажиллан дотооддоо хяналт шалгалт тавих ёстой. Ийнхүү хяналт шалгалт тавиагүйн улмаас хүний амь хохирч байна” хэмээлээ.
Т. Анударь