Эх оронд
маань анх удаа зохиогдож буй нисэх загварын чөлөөт нислэгийн Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнд Монголын тамирчин
М.Гонгор аваргалжээ. F1B буюу резинэн хөдөлгүүрт төрөлд Япон, Өмнөд болон Хойд
Солонгос, Хятад, Швед, Швейцарь, Герман, Франц, Итали зэрэг 30 гаруй орны
тамирчид өрсөлдсөнөөс долоон нислэгийн нийлбэр дүнгээр тэрбээр тэргүүлж,
дэлхийн аварга хэмээх цолыг хүртлээ. Харин хоёр, гуравдугаар байрт Украйны тамирчин
Стефанчик Стефан, Кулаковски Олег нар шалгарчээ.
М.Гонгор
1968 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд өдгөө 47 настай хэдий ч залуустай мөр
зэрэгцэн нисэх загварын онгоц зохион бүтээж, дэлхийн чансаатай тэмцээнд ийн
амжилт гаргажээ. Тэрээр 13 дугаар бүрэн дунд сургуулийн бага ангийн сурагч
байхаасаа л тухайн үеийн Залуу техникчдийн ордонд хичээллэдэг байж. Харамсалтай
нь 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны нийгэм эдийн засгийн шилжилтийн үед ихэнх
дугуйлан, ордон үүдээ барьсан агаад тэдгээрийн тоонд Залуу техникчдийн ордон ч
мөн багтжээ. Энэ нь хийж бүтээх ирмүүн хүсэл зорилготой, зохион бүтээх
авьяастай түүнд хүндхэн цохилт болсон гэдэг. Гэсэн хэдий ч тэрээр хэсэг нөхдийн
хамт 1996 онд Монголын нисэх загварын спортын нийгэмлэгийг байгуулжээ. М.Гонгор
“Хүүхэд ахуй цагаасаа энэ спортоор чин сэтгэлээсээ хорхойсон хичээллэж байсан
учраас дугуйлан татан буугдлаа гээд энэ спортоо орхиогүй. Нисэх загвараа хэсэг
хугацаанд гэртээ хийсэн. Ганцаараа учраас тэр бүр шинэ санаа орж ирэхгүйгээс
гадна бусад зохион бүтээгчидтэй харьцуулахад өөрийгөө ямархуу түвшинд явааг
мэдэхээ больдог. Тиймээс Б.Амарсайхан тэргүүтэй найзуудтайгаа нийлээд Монголын
нисэх загварын спортын нийгэмлэгийг байгуулсан. Нийгэмлэгийн зүгээс идэвх
санаачлагатай ажилласны үр дүнд 2006 оноос улс, бүсийн аваргаас гадна “Монголын
цом”, “Түвшингийн дурсгалын цом” зэрэг тэмцээнийг давхар зохиох болсон. Эдгээр
тэмцээнүүд 2011 оноос дэлхийн цомын тэмцээний ангилалтай болсон. Бас 2012 онд
чөлөөт нислэгийн Азийн аварга, 2014 онд Ази Номхон далайн бүсийн орны аварга
шалгаруулах тэмцээнийг Монголдоо тус тус амжилттай зохиолоо. Харин энэ жил
дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хийж, дуусах шатандаа орлоо.
Хоёр жил тутам зохиогддог энэхүү тэмцээнийг энэ онд Монголд хийх эрхийн төлөө
Итали, Серби гэсэн улстай өрсөлдсөн. Эдгээр орнууд бол Европ тивтэй ойр, замын
зардал бага, аялал жуулчлал хөгжсөн. Гэсэн хэдий ч манай тамирчдын өсөн
нэмэгдэж буй ур чадвараас гадна Монгол дахь салбар нийгэмлэгийн өнгөрсөн
хугацаанд хийсэн нөр их хөдөлмөр, хүчин чармайлт зэргийг үндэслэн Дэлхийн
агаарын спортын холбоо манайхыг сонгосон болов уу.
Дэлхийн
аваргын тэмцээнд 2007 оноос манай тамирчид оролцож эхэлсэн. 2009 онд Хорват
Улсад болсон дэлхийн аваргын тэмцээнд багаараа орж, амжилтаараа 42 орноос 16
дугаарт эрэмбэлэгдсэн. 2011 оны Аргентиний тэмцээнээс манай тамирчин н.Батзориг
хувийн амжилтаараа дөрөвдүгээрт шалгарсан. 2013 онд Францын тэмцээний резинэн
хөдөлгүүрт загварын уралдаанд багаараа мөн дөрөвдүгээр байрт орсон. Харин энэ
жил буюу Монголд нисэх загварын спорт үүссэний 50 жилийн ойгоор би эх нутагтаа
дэлхийн аварга боллоо. Энэ бол ганц би гэлтгүй Монголын нийт тамирчдын ур
чадвар, амжилт тасралтгүй өсөн нэмэгдсээр байгаагийн илрэл” гэсэн юм.
Дэлхийн
агаарын спортын дүрмийн дагуу резинэн хөдөлгүүрт төрөлд оролцох онгоцыг 200
граммаас багагүй жинтэй, 19 дм-ээс ихгүй хэмжээтэй байхаар зохион бүтээх ёстой
аж. Энэ шаардлагын дагуу тэрээр Бразилд ургадаг бальза хэмээх хөнгөн хэрнээ бат
бөх мод, карбон зэрэг материалаар онгоцоо хийжээ. Онгоцыг агаарт хөөргөсний
дараа удирддаггүй онцлогтой учраас тамирчид салхины хурд, чиг, газрын тогтоц
зэргийг сайтар тооцоолж, онгоцоо хөөргөдөг байна. Ийнхүү тус төрөлд 30 гаруй
орны тамирчид хүч үзсэнээс финалын шатанд 14 нь үлджээ. Эхний удаад дөрвөн
минут, дараагийн зургаан удаад тус бүр гурван минутаар нислэг хийлгэж чадсан нь
финалд шалгарсан байна. Финалд үлдсэн тамирчид онгоцоо таван минутаар нисгэжээ.
Цөөн хэдэн зохион бүтээгч энэ босгыг давсан агаад тэдгээрээс ганцхан М.Гонгор
дараагийн шат буюу долоон минутын чөлөөт нислэгийг хийж чадсанаар дэлхийн
аварга болжээ.
М.Ууган-Эрдэнэ