Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Никола ТЕСЛА DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


“Монголын пси­хот­роникийн хүрээлэн” хэмээх даруухан ТББ байгуулагдаад өнөө жил бараг 14,15 жил ч болж байна уу. Гоц гойд, эгэл бус алдартай хүмүүсийг бүртгэж судалж олон нийтэд сурталчлах үйл ажиллагаа голчлон хийдэг газар л даа. Энэ ажлынхаа хүрээнд дэлхийн содууд суутнуудын талаарх судалгаа, бестселлер болсон бүтээлээс эх хэл дээрээ хэвлүүлж соён гэгээрүүлэх үйл мэтгэсээр гаршиж байна даа. Манайд хандаж шинээр гаргасан номынхоо дээжийг байнга хүргүүлэх агаад тэр нь маньд хаяглагдан ирдэгт гүнээ талархаж явдгаа дашрамд хавчуулсуу. Зарим номыг нь уншсаныхаа дараа тэсгэлгүй сонин дээрээ нэлээд дэлгэрэнгүй биччихдэг. Тэр нь эрхэм нөхдөд тус болдог уу эсвэл хамаг орлогыг нь хаачихдаг уу бүү мэд. Энэ удаа аанай л тэссэнгүй “Тесла”-гийн тухай бичмээр санагдаад…

Тесла брэндийн төрөл бүрийн цахилгаан бараа байдаг билүү. Орчин цагийн шинжлэх ухааны нээлтүүдийн оргил үе болох ХIХ-ХХ зууныг дамнан ажиллаж амьдарсан Югославын Серби гаралтай Никола Тесла гэдэг агуу эрдэмтний нэрийг дэвшилтэт хүмүүн мэдвэл зохих ёстой аж. “Америкийн империалист” олон эрдэмтэн зохиолчдыг өмнөх хаалттай нийгэм биднээс нуун дарагдуулж байсны нэг нь бол энэхүү харь гаригаас ч илгээгдсэн байж болзошгүй “Цахилгааны инженер” нөхөр болой.

Одоо хаа сайгүй нийтийн хэрэглээ болчихсон өчнөөн эд хэрэгслүүдийн анхны санаануудыг 100 гаран жилийн тэртээд бодож ологсдын амьдрал уран бүтээлийн замнал гэж бөөн адал явдал байжээ. “Өөр ертөнцөөс илгээгдсэн икс хүн” хэмээх баримтат номонд энэ тухай гарна.

Никола Тесла 1856 онд одоогийн Хорватын Смиляна гэдэг уулын буйдхан гацаанд санваартан гэр бүлд айлын дөрөв дэх хүү болон мэндэлжээ. Эднийхний өмнөх удам судар лам эсвэл офицер гэх хоёрхон мэргэжлээр хэдэн зуунаар үргэлжилсэн агаад тэрнийгээ цөмөөрөө мэддэг аж. Гэр бүлийн энэ хатуу жаягийг зөрчин физик, технологийн чиглэл рүү тэрээр анх удаа зориглон гажигтсанаар багагүй саад бэрхшээлтэй тулгарсан байдаг. Теслаг долоотой байхад аав нь багашаархан тушаал дэвшин хөдөөнөөс Госпич гэдэг хот руу нүүж ирцгээлээ. Хот газрын соёлд балмагдан бүгд гоё цэвэрхэн хувцаслах гэж үйлээ үзнэ. Харин бяцхан хүү хотын номын санд нь сууж тэнд байсан бүх номыг уншсан ба одоогоор бол ПС тоглоомонд донтогсод шиг шөнө ч унтахаа больсон аж. Харин гэрт нь хогоороо байдаг шашны урт урт судар маани мэгзимээс шал өөр физик бусад шинжлэх ухааны сэдэвтэй зохиолууд хөдөөний жаалд гойд сэтгэгдэл төрүүлж улмаар насан туршийнх нь амьдралд нөлөөлжээ. Ном уншихаас бусад үед ер зүгээр сууж чаддаггүй “дайсантай” хүү ямагт хэрэг тарина. Үеийнхэнтэйгээ байлдаж тоглох зуураа гурван санжийн зузаан банзыг цоо харвадаг арбалет нум сум хийчихсэн томцуулын үнхэлцэг зүрхийг хагалахаа шахсан нь наад захын асуудал.

Хотын гал командын алба хувин савнаасаа салж голоос шахуурга ашиглан түймэр унтраах шинэ төхөөрөмжтэй боллоо. Энэ чухал үйл явдлын нээлтийг үзэхээр иргэд удирдлагууд бүгдээрээ цугларцгаав. Сургуулийн модон байшингийн хажууд гал асаан түүнийг дор нь нам шүршиж унтраагаад л…Гэтэл үзүүлэх сургууль ид дундаа явж байтал гэнэт ус тасарч улмаар сургууль ч шатах аюул нүүрлэж бүр баларсан юм болов. Тэнд байгсад бүгдээрээ балмагдан яахаа ч мэдэхээ байх тэр агшинд үзэгчдийн дундаас долоо найман насны бяцхан хүү гол руу үсрэн орж шахуургыг шалгаж үзээд тэр хавьд нь шланк нугаларсан бололтойг тэнийлгээд дор нь засаад өгчээ. Хүмүүс хүүг мөрөн дээрээ суулган хотыг бүтэн тойрон явснаар түүний алдрын замнал эхэлсэн түүхтэй. Сонирхолтой нь хүү энэ талын ямар ч мэдэгдэхүүнгүй анх удаа л усны шахуурга насос, шалаанк гээчийг энэ өдөр харжээ.

Том хүүгээ цаг бусаар алдсан эцэг Милутинд Теслагийн үйл хөдлөл бүхэн түгшүүр төрүүлнэ. Учир нь үл мэдэх өвчин байнга ороохоос гадна тэр үеийн Европыг нөмөрсөн аюулт урвах тахал тусч явчихаа алдсан. Биеэ огт боддоггүй зөрүүд Тесла хэтэрхий их уншиж судлан яс арьс болтлоо турж эцэх тул түүнийг Прагийн техникийн их сургуулиас гаргаж төлбөрийг нь төлөхөөс татгалзаж, онц сурсан баярын бичигнүүдийг нь шатааж хүртэл үзсэн байна. Залуу хүү сэтгэлээр унаж улмаар улаан мөрийтэй тоглоомчин болон орон гэрийнхээ хамаг хөрөнгийг самрангаа алдсан. Залуу насандаа ийнхүү баахан “гайрийдаж” бүр гуларч гүйцсэн нөхрийг хамаатнууд нь тусалж нэгэн радио станцын газар ажилд оруулав. Ажилтан болсноор баахан адал явдалтай учирснаас гадна өчнөөн олон санаачилгууд зохион бүтээж бүр том нээлтүүдийг ч бодож олов. Бодсоноо ажил болгохоор Францыг зорьсон боловч тэнд хүнд сурталтнуудад айхтар мэхлэгдэн дахиад л дампуурав. 1884 онд шинэ тив буюу Америкт хөл тавьжээ. Зам зуур тээшээ хулгайд алдаж юу ч үгүй хоцорсон, сууж явсан хөлөг онгоцон дээр бослого гарч золтой л мажийчихаа алдсан зэрэг яаж зүгээр байхав гэсэн шиг. Тэгж нэг юм сохор зоос ч үгүй Нью-Йоркт буугаад эхний гудамжинд тааралдсан дэлгүүрийн эзний засах гээд ноцолдож буй цахилгааны генераторыг дор нь янзалж 20 ногоон хармаалаад авав. Нөгөөдөх нь бүр баярлаад манайд ажилд орооч бариач гэхэд бушуухан салахын түүс болов. Тэр бүр агуу их рүү зорьж яваа шүү дээ. Тэр үед цахилгааны талаар Америкт төдийгүй дэлхийд хамгийн цууд гарсан эрдэмтэн бол одоогийн бидний хэрэглээ болсон чийдэнг дөнгөж нээгээд байсан агуу Томас Эдисон байлаа. Тесла найзаараа зуучлуулан түүнд бараалхаж компанид нь багашаархан зиндааны инженерийн ажил олж авав. Эдисон чийдэнг нээх гэж мянга гаруй удаа туршилт хийн цөхрөлтгүй зүтгэснээ гайхуулахад нь

-Нэг муу чийдэн асаахын төлөө юун ч сүртэй юм бэ дээ гэх ухааны юм хэлчихсэн нь хожим Эдисоны мөнхийн өстөн болох юм гэж яаж санахав. Чийдэн нээгч эрдэмтэн цахилгааны салбарт тогтмол гүйдэлийг шүтэн түүгээр олон ч төсөл санал болгон ивээн тэтгэгчээ олоод байсан үед Тесла гэгч гай гарч ирээд наадах чинь бишээ гээд оронд нь хүн үнэмшиж ойлгохын аргагүй бөөн нээлт нотолгоо гаргаад ирэв. Шинэ тив ардчилсан орон болохоор Теслаг арай ч “мээк” нөхөр гэж шоолсонгүй. Гэхдээ л хувьсах гүйдлийн цахилгааны онолыг нь санхүүжүүлэх зоригтон олдсонгүй. Хэрэг бишдэж байгааг Эдисон тэнэг хүн биш болохоороо зөнгөөрөө гадарлаж далдуур Теслаг хорлох ажиллагаа явуулж түүндээ мөнгө харамгүй зарцуулсан байдаг. Яг л өнөөдрийн манай нийгэм шиг шар хэвлэлүүдээр захиалгат нийтлэл хөврөн, эх орончид цээжээ балбан “Тесла гэгч нөхөр мөнгөний төлөө тог цахилгааны зарчмыг өөрчилж ард түмнийг өчүүхэн ч өрөвдсөнгүй. Түүний бүтээл дотор хүнд аюултай 65 ширхэг зүйл байна Үүнд…” гэж ирээд л авч өгчээ. Харин энэ нөхрийн бүтээлээр гэмт хэрэгтэнг цаазлах сандал хийвэл зохилтой гэснийг нь парламент шүүрэн авч хууль санаачлан анхны цаазын цахилгаан сандал үүсвэй. Тэгээд эхний үйлчлүүлэгчээр цуутай алуурчин Кеммлер гэгчийг суулгаад тогоо залгасан чинь үхдэггүй ээ. Нөгөөдөх нь бүр ял завшихаа алдаж цаазаа та нар гүйцэтгэсэн гээд гүрийчихэв…Хожим Тесла өөрийн нээлтээ биен дээрээ нотлон 6000 вольтын тог гүйлгэж олныг алмайруулсан байдаг.

1890 он гэдэг чинь одоогоос 120-иодхон жилийн өмнө эрчим хүчийг 500 метр зайд ч хүргэж чадахгүй замд нь алдаад барчихдаг байсан юм уу даа. Харин “тэнэг” Тесла Ниагрын хүрхрээнээс эрчим хүч гаргаж аваад гучин километрийн зайд орших Буффало хотыг цахилгаанжуулах боломжийг хэлж өглөө. Энэ солиотой санаанд мөнгөө шидэх зоригтоноор Ж.Вестангауз хэмээх орос гаралтай саятан бас таггүй зохион бүтээгч нөхөр тодров. Мөнгөний ханш чулуу байсан тэр үед Теслагийн зохион бүтээгчийн 40 гаран патентийг нь нэг бүрийг нь 25 мянгаар үнэлж нийтдээ сая гаран доллар бэлнээр төлөн өөрийг нь ч уг төсөл дээрээ ажиллахыг санал болгов. Ингээд л ганц өдрийн дотор саятан болсондоо бус хувьсах гүйдлийн талаарх багын мөрөөдөл нь ийнхүү хэрэгжсэнд туйлын их баярлажээ.

Фаз, трансформатор гээд тог цахилгааны салбар дахь бидний мэдэх мэдэхгүй баахан нээлтүүдийг энэ Тесла гэгч нөхөр нээсэн ба улам боловсронгуй болгосон юм билээ. Юм л шинээр нээж байвал ганц жаргалаа эдэлдэг шунал дэвгүй энэ эрдэмтэн цахилгаан станц дээрх ажлуудаа заримыг нь дундаас нь хаяж бусад эрдэмтэд, бизнесмэнүүдийн хоол болгоод өөр салбар шинжлэх ухаанууд руу тэнээд явчихжээ.

Хүүхэд байхдаа гайхаад л байдаг аянга цахилгааны учир начрыг жаал мөнгөтэй болмогцоо олохоор хорхойсч энэ тал дээр баахан цагаа барсан байдаг. Тэгээд Коларода муж дахь байнга аянга буудаг газар нүсэр лаборатор барин хиймэл аянга үүсгэн туршиж үзсэн. Аянга төдийгүй дэлхийн бусад цаг агаар хур тундасыг захиран хүссэн газраа ган тайлах боломжийн талаар яриад эхлэв. Мөн өөрийнхөө Нью-Йорк дахь урландаа хиймлээр оюун ухаан бүтээх, хөргөгч, агаараас азотын бордоо гаргах төхөөрөмж санаачлан макет схемийн заримыг нь бичил хэлбэрээр хийчихээд байтал гал гарч урлан нь юу ч үгүй шатаж дэлхий даяар сенсаац тарив. Нөгөө аянгын төхөөрөмж нь бас аянганд ниргүүлж будаа болов???

Үүнтэй зэрэгцээд бие нь дахиад л муудаж олон хоног сараар өвдөж үхэнгээ алдсан. Тэр үедээ рентген зураг ба цахилгаанаар анагаах эмчилгээн дээр баахан нээлт хийж орхилоо. (Тэрээр биеэрээ тог гүйлгэн хачин аргаар өөрийгөө эмчилдэг байсан ба энэ сул биетэн гайхалтай өндөр насалж бараг 90 хүрээд 1943 онд өөд болсон. Хоёр метр шахам өндөртэй атлаа тавь гаранхан килограмм жинтэй хэрзийсэн нөхөр) Түүний гоёлын шаахайн дотор байгаа хөлний рентген зураг алдарт эрдэмтэн Рентгений нээлтээс өмнөх цаг үеийг гэрчилдэг. Бидний дунд сургуульд заадаг байсан физикийн сурах бичиг дээрх Морзоор ярих, Герцийн долгион, Оросын Поповын радио нээсэн түүхүүд эргэлзээтэй болоод явчихлаа. Германы Герц гэх лаг эрдэмтэн Эдисон лугаа үй олон туршилтанд толгойгоо гашилгаж агаар дахь цахилгаан соронзон оронг хариугүй нээчихээ алдаад байхад нь Тесла уулзаад “Энэ л байхгүй юу даа” гээд хэлээд өгчихсөн. Яахав хүүхдийн урам байна чиний нэрээр Герцийн долгион гэж байя тэрнээс наадахыг чинь би бүр оюутан байхдаа нээчихсэн юм. Худлаа гэвэл энэ гээд баахан патент бүр зайнаас ярьдаг гар утасархуу юм хүртэл хийснээ үзүүлсэн гэдэг. Утасгүйгээр хол зайд хүмүүс хоорондоо ярих ба радио нэвтрүүлэг цацахад тулгарсан антени гэгч юм хийхээс өгсүүлээд баахан “хар ажлуудын” ихэнхийг шажигнатал угсруулаад зохион бүтээчихсэн, тэнд бараг хийх ажилгүй болсон шахуу хойно Попов, Маркони нар орж ирэн олны хүртээл болгожээ. Мөн энэ үед онол дээр ажиллаж байсан Английн О.Лож гэх эрдэмтэнд хандан “Та наадахыгаа ашиглан хүмүүст мэдээ дамжуулдаг хэрэгсэл зохиогооч” гэхэд тэрээр ихэд уурлан “За за одоо бүр байтлаа шуудан хүргэгч болчих юм байна л даа” гэсэн гэдэг. Хожим энэ үгэндээ маш их харамссан байдаг. Радиог хэн зохиосон тухай маргаан дэгдэж олон улсын шүүхийн шийдвэр Теслагийн талд гарахад тэрээр төдийлөн тоогоогүй. Тэр байтугай Нобелийн шагналаа авах гэж ч очоогүй. Нобелийг мань эрээс түрүүлээд Эдисон, Рентген, Герц энэ тэр авчихсан учир уг шагнал түүнд доромж мэт санагджээ.

Теслагийн аяыг дааж түүний хэлснээр нь юм хийх гэдэг их хэцүү. 1901 онд Лон-Айлонд хотод “Даян дэлхийн цахилгаан холбоо” гэгч 80 га талбай бүхий бүрэн хотхон барихаар болж саятан Морган санхүүжүүлээд дампуурчээ.Америкийн хямрал, дэлхийн дайн ч давхцсан байх. Тэрнээс хойш санхүүгийн олигтой дэмжлэггүй болсон Теслагийн санаанууд зөнөглөж байгаа өвгөний үг мэт улам л үнэмшилгүй сонсогддог болсоор. Тухайлбал “Хүн бол машин техникээс нэг их ялгаагүй ш дээ. Уураг тархийг нь гаднаас өөр юм удирддаг. Мэдлэг акумлятор шиг тархинд хадгалагддаггүй. Байнгын өдөөлтөнд өсгөсөн байдлаар сэргээгддэг төдий.Цуурайтай яг адилхан процесс. Мэдлэгт хамгийн их нэмэр болдог эрхтэн бол нүд. Нүдний салст бүрхэвч өөртөө харагдсан болгоныг буулган авч дамжуулдаг юм. Тэгэхлээр оюун ухааны мэдрэмжийн тал нь нүдэнд оногдох агаад түүнд үл харагдах өөр олон хэмжээс зүй тогтол байгааг бид мэдэхгүй өнгөрч байна. Би мэдлэгийг хуримтлуулж хадгалдаг төдийгүй биеэ дагаад сэтгэх чадвар бүхий технологи нээчихлээ. Түүнийг төмөр металл дээр ч юм уу эсвэл яс махбодиор ч хийсэн болно” гэж ярьсан байдаг.

1920-иод онд шинэ тутам байгуулагдсан Зөвлөлт улс цахилгаанжуулалт хийх гээд тэвдэж байхад Тесла Ленинтэй ярилцаад Америкийг хаяхаар шийджээ. Мөнгө хөрөнгө ёо ёо гэдэггүй нийгэм журамтай газар очиж дураараа нээлт хийж суухад надад яг тохирно гэж дотроо тооцсон юм билээ.Тэгтэл түүний зуучилж байсан орос найзыг нь коммунистууд Америкийн империалисттэй холбоотон боллоо гээд буудчихаж.

Насаараа авгай аваагүй, үр хүүхэдгүй гэр оронтой байж үзээгүй тувтан буудлаар амьдарсан хажиг, сэжигч Тес¬лад дотны найз гээд байхаар хүн цөөхөн. Маш цэвэрхэн цагаан даавуутай ширээн дээр өглөөнийхөө цайг ганцаараа уух агаад өдөр хүмүүстэй уулзахаас зугтан бүгж байгаад шөнөжингөө ажиллана. Идэх уухдаа өндөр шаардлага тавих агаад сүүлдээ хоолоо сэжиглэж голсоор байгаад талх сүү хоёроос өөр юм идэхээ больсон аж. Том тансаг зэрэглэлийн буудлаар голдуу гэрээ хийж байсан ба сүүлийн хэдэн жилээ “Нью-Йоркер”-т өнгөрөөжээ. Буудлын төлбөрөөр үе үе сууна. Тэгмэгц гялс нэг юм сэтгээд л мөнгө. Автомашины спидометр “мийл”-ийг ганцхан шөнийн дотор бодож олоод үйлдвэрт аваачиж өгсөн нь одоо хүртэл дэлхий даяар анхны хувилбараас төдий л өөрчлөөгүй хэрэглэсээр л. Иймэрхүү гарын дорх “нээлт” өч төчнөөнийг тоочоод баршгүй.

Марк Твентэй үе үе буу хална. Твений “Артур вангийн өргөө” зэрэг зохиолд цахилгааны тухай их л мэдэмхий адал явдал гардаг нь тийм учиртай юм билээ. Нэг удаа Альберт Эйнштэйн “Нью-Йорк таймс” сонины сурвалжлагч К.Суиза гэгч хархүүг зааж “Их ирээдүйтэй сэтгүүлч болох хүн. Тесла чи түүнтэй ярилцлага хий “ гэж хэлүүлжээ. Тэрнээс хойш Теслаг насан эцэслэтлээ сэтгүүлч Суизагаас өөр хүнтэй дотно нөхөрлөөгүй. Суиза энэ агуу эрдэмтний хувийн амьдралыг олны хүртээл болгож, зарим нэг эд өлөг, баримтуудыг цуглуулснаар судлах боломжтой болжээ. Нэг иймэрхүү ном сая орчуулагдан гарлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *