Шинээр худалдан авах шаардлагатай дизель хөдөлгүүртэй, их багтаамжийн автобусны техникийн үзүүлэлтийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал танилцууллаа.
Тэрбээр “Монгол Улсын Авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” зэрэг дотоодын болон олон улсын зохих стандартуудын дагуу шинээр нийлүүлэх автобуснуудад дараах шаардлагуудыг тавьж байгаа. Тухайлбал, 2023 онд үйлдвэрлэсэн, жолооны хүрд зүүн талд байрлалтай, суудлын тоо 26-30, зогсоо зорчигчийн тоо 50-аас дээш, нийт зорчигчийн багтаамж 80-аас дээш байх ёстой. Мөн дизель Eвро-5 хөдөлгүүртэй, 280-350 морины хүчин чадалтай, шатахууны сав 200 литрээс дээш хэмжээтэй, дээд хурд 70 км цаг байх юм. Автобусны хана, тааз, шал нь өвөл, зуны улиралд халуун, хүйтнийг тусгаарлах, галд тэсвэртэй материалаар хучигдсан байх, шал нь зорчигчийг гулгаж, халтирахаас сэргийлсэн, эдэлгээ даах материалаар хийгдсэн байх шаардлагатай. Түүнчлэн зорчигчийн зааланд зургаагаас багагүй халаалтын төхөөрөмжтэй, нэмэлтээр урьдчилсан халаагууртай байна. Мөн үйлдвэрлэгчийн итгэмжлэл хоёр жилийн баталгаатай байх юм. Энэ мэтчилэн ослын гарц, гэрэл, агааржуулалтын систем, хяналтын систем, арал, хаалга, жолооны механизм, тосолгооны систем, тоормос, хурдны хайрцаг зэргийн техникийн шаардлагыг тодорхой заасан” гэв.
Үүний дараа сэтгүүлчид асуулт асуусан юм.
-Тендерийг хэд хоногийн хугацаанд шалгаруулж дуусах вэ?
Нийтийн тээврийн автобус худалдан авах Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б.Батмөнх: -Хуульд заасны дагуу 30 хоногийн дотор үнэлгээ хийх ёстой. Бид аль болох богино хугацаанд шалгаруулна. Тендерийн бичиг баримтад 600 автобусыг 183 тэрбум төгрөгөөр авахаар тусгасан.
-Автобусны гараашны талаар мэдээлэл өгөхгүй юү?
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал: -Нийтийн тээврийн гарааш орон нутгийн өмчит компаниудад хүрэлцээтэй, хувийн хэвшилд нийтийн тээвэрт явж байгаа автобусны 70 орчим хувьд нь гарааш байгаа. Энэ оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар 12-аас дээш жил болсон 465 автобус үйлчилгээнээс хасагдана.
-Нийтийн тээврийн үйлчилгээнд хэчнээн жолооч ажиллаж байна вэ?
-Нийтийн тээврийн салбарт нийт 1887 жолооч шаардлагатай гэдэг судалгаа гарсан. Өнөөдрийн байдлаар 221 жолоочийн орон тоо сул байна. Жолооч нарын гар дээр авч байгаа цалин 1.7-2 сая төгрөг байна. Автобусны хүртээмж хангалтгүй байгаагийн нэг шалтгаан нь жолооч. Иймээс нийтийн тээврийн салбарын цалинг нэмэгдүүлэхээр НИТХ-д санал гаргаад буй. Жолооч нарын 23 хувь нь 10-аас дээш жил ажиллаж байгаа.