Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн “BRT” төслийг үргэлжлүүлнэ

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зорчигчийн урсгал ихтэй тэнхлэг замуудаар нийтийн тээврийн багтаамж ихтэй тээврийн төрөл нэвтрүүлэхдээ эдийн засгийн боломж, зорчигч урсгалын байдлыг харгалзан эхний ээлжинд тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Тусгай замын гэгдэх энэхүү нийтийн тээврийн багтаамж ихтэй төрөл нь авто замын 2-4 дэх эгнээг тусгаарлан зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг явуулахаар байгуулдаг онцлогтой агаад нэг чиглэлд 8000-25000 зорчигч/цаг тээвэрлэх хүчин чадалтай аж.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулгадаа, хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас нийтдээ 215.9 сая ам.доллар, Дэлхийн байгаль орчны байгууллагын буцалтгүй тусламжаар 1.5 сая ам.доллар, манай Засгийн газраас 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг гурван үе шаттай хийх юм. Хөнгөлөлттэй зээл нь 32 жилийн хугацаатай, эхний 8 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх агаад зээлийн хүү нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаанд жилийн 1 хувь, үлдсэн хугацаанд жилийн 1.5 хувьтай байна. Харин хөрөнгийн эх үүсвэрийн зээл нь 20 жилийн хугацаатай, эхний 4 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм гэдгийг дурдав.

Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү танилцуулав. Тус байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийг хэлэлцээд соёрхон батлахыг дэмжсэн юм.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ төслийн тухайд энэ онд гадаад зээлийн ямар нэг асуудал байхгүй, зураг төсөв зэрэг тодорхой зардлыг нийслэлийн төсвөөс гаргана. Төслийг хэрэгжүүлэхэд Монголын талаас гаргах 57 сая ам.долларын хөрөнгийг нийслэл хариуцах юм гэдгийг тодотгов. Ер нь аль болох хөгжлийн чиглэлтэй хөнгөлөлттэй зээл авах замаар санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлэхэд Засгийн газар анхаарч, олон улсын банк санхүүгийн зарим байгууллагад хүсэлтээ гаргаад байгаа. Засгийн газар 2016-2018 оны дунд хугацааны өрийн удирдлагын стратегийн бодлогыг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Өрийг хэрхэн төлж барагдуулах схемийг Засгийн газрын тогтоолоор батлахаар бодлогын баримт бичгийн төсөлд тусгасан байгаа гэдгийг тэрбээр хэлсэн юм.

Харин нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр энэ төсөл хэрэгжсэнээр хотын замын түгжрэл 30-40 хувиар багасч, нийтийн тээврийн сүлжилдэх хөдөлгөөний эрчим 60, зорчигч урсгал 25-30 хувиар нэмэгдэж, нийтийн тээврийн автобусны хурд 15-20 км/цаг болно гэсэн тооцоо гарсан. Төслийн хугацаанд нийтдээ 151 автобус авна, энэ ажлыг олон улсын нээлттэй тендерийн аргаар шалгаруулах юм гэсэн хариулт өгөв. Мөн нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат нэмэлт тодруулга өгсөн юм.

Ингээд байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 93.2 хувь нь дэмжсэнээр санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл батлагдлаа гэжУлсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *