Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийтийн тээвэрт 1500 автобус нэмж байж зай барих боломжтой гэв

Нийтийн тээвэрт халдвар хамгааллын дэлэм хэрхэн мөрдөгдөж байгааг Зорчигч тээврийн нэгтгэлийн Нисэх-Дөрөвдүгээр дэлгүүр чиглэлийн автобуснаас сурвалжлалаа. Өчигдөр өдрийн 12:00 цагт Дөрөвдүгээр дэлгүүрийн автобусны буудлаас Нисэх чиглэлийн автобусанд суулаа. Энэ үеэр бага насны хүүхдүүд хичээлдээ явах цаг таарч хөл хөдөлгөөн их байв. Хүүхдүүдээ дагуулсан эцэг эх, эмээ өвөө, асран хамгаалагч нар сургуулийн зүг явж байгаа нь энэ. Нисэх чиглэлээс ирээд эцсийн зогсоол нь Дөрөвдүгээр дэлгүүр байдаг бөгөөд ирсэн хүмүүс бүгд бууж, суух хүмүүс ойролцоогоор 50-аад хүн харагдав. Автобус ирэхэд бүгд шахцалдан арайхийн сууцгаана. Хүүхдүүд урдуур дайрч хөгшин настай эмээ өвөөдөө суудал авах гэж улайран зүтгэх нь өрөвдмөөр. Тэднийг буруутгах аргагүй. Хол замд хөгшин настай хүмүүс хөл нь өвдөж, удаан зогсож явахад хэцүү. Хажуугаар нь залуус хамгийн ард талын урт суудал дээр хөгшчүүлтэй суудал булаацалдахгүй, тухлан суухаар яаравчилна. Хамгийн арын суудал руу залуус зүтгэдэг нь хөгшчүүл тэр өндөр рүү гарч сууж чадахгүй, булаацалддаггүй учраас тэр.


Автобус буудлаас хөдөлж цааш Нэгдүгээр дэлгүүрийг зорив. Энэ хооронд жолоочтой ярилцлаа.


-Өдрийн энэ цагаар автобус хэр ачаалалтай явдаг вэ?

-Өглөө оройны ид ачааллын цагийг бодвол арай гайгүй. Гэхдээ хүүхдүүдийн сургууль орох цаг учраас хөгшид хүүхдүүд ихэвчлэн зорчдог цаг.

-Танайх өдөрт хэдэн тойрог явах хуваарьтай байдаг вэ?

-Өдөртөө нэг тойрогтоо 1:10 цаг явж 12 тойрог явах ёстой байдаг.

-Энэ түгжрэлийн үеэр нормоороо явж чаддаг уу?

-Чадахгүй, өглөө 07:30 цаг гэж эцсийн буудлаасаа гарахад 10:00-11:00 цагийн хооронд буцаж эцэстээ очдог. Оройны ид ачааллын үеэр 17:00 цагаас хойш гарахад 21:00-22:00 цагийн хооронд буцаж эцэстээ очиж байна.

-Энэ үеэр хэр их хүн зорчдог вэ?

-Эцсээс гараад төв рүүгээ гайгүй. Дөрөвдүгээр дэлгүүрээс буцаад наашаа явахад пиг ирнэ.


-Тэр үеэр хүмүүс халдвар хамгааллын дэглэмээ барих асуудал бол байхгүй л юм байна, тийм үү?

-Юун халдвар хамгаалал, Багтаж суугаад гэртээ очвол дээдийн заяа.

-Автобусанд байрлуулсан гар ариутгагчийг хүмүүс хэрэглэж байна уу?

-Өглөө бүр дүүргээд гарахад орой очоод үзэхээр заримдаа дуусчихсан байна. Заримдаа тал, заримдаа хүн хүрээгүй бололтой л байдаг. Янз янздаа.

-Автобусны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийж байгаа вэ?

-Өглөө гарахдаа цэвэрлээд гардаг. Өдөр цайны цагаар нэг цэвэрлэнэ. Орой цэвэрлээд бууна.

ТҮГЖРЭЛИЙН ҮЕЭР ДОР ХАЯЖ НЭГ ЦАГ АВТОБУС ХҮЛЭЭДЭГ

Энэ хооронд автобус Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн буудлаас хөдлөөд Тэнгис кино театр руу эргэх гээд ачаалал ихтэй тул түгжирч зогсоно. Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн буудлаас дахин нэлээд хүн нэмэгдэж орж иржээ. Зорчигч Х.Мандахтай ярилцлаа.

-Та хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхөөр явж байна уу. Энэ үеэр хүмүүсийн хөл хөдөлгөөн хэр байдаг вэ?

-Тийм. Ер нь энэ чиглэлийн автобус зорчигч ихтэй. Өглөө оройдоо бол битүү. Манай хүүхэд ХУД-ийн 18 дугаар сургуульд сурдаг. Тийшээ явдаг чиглэлийн хүүхдийн автобус байхгүй учир танхимаар хичээлтэй үед нь байнга зөөдөг.

-Энэ чиглэлийн автобус хэр хүртээмжтэй явдаг вэ. Хүлээлт хэр байдаг юм бол?

-Түгжрэлийн үеэр дор хаяж нэг цаг хүлээдэг. Түжрэлгүй үеэр гайгүй. 20-30 минутын хооронд ирээд байдаг. Заримдаа маш удаан хүлээнэ. Өвөл ингэж удаан хүлээвэл хүүхэд даараад яах билээ гэж бодох болсон. Сая л гэхэд 40 минут хүлээж байж суулаа. Тэсгим өвлийн хүйтэнд 40 минут гадаа зогсвол ханиад хатгаа хүрэх нь энүүхэнд биз дээ.

-Та халдвар хамгааллын дэглэмээ яаж баримталж байна. Автобус ковидын голомт болсон гээд байна шүү дээ?

-Автобусан дотор бээлийтэй явна. Давхар маск хүүхдэдээ зүүлгэж байгаа. Өөрөө ч зүүнэ. Нүдний шил бас зүүнэ. Сургууль дээр очоод хүүхдийнхээ гарыг нойтон сальфиткаар арчуулаад ариутгагчаар нь ариутгуулаад оруулдаг.

-Энэ арга хэр найдвартай байна?

-Одоогоор арай халдвар авчихаагүй байгаа учраас гайгүй л юм шиг байна.

-Автобус дотор та хүн хоорондын зай баримталж чадаж байна уу?

-Тэр бол үлгэр шүү дээ. Хөл хорионы үеэр л тэгэж хэсэг сүржигнэсэн. Одоо бол юун хүн хоорондын зай. Зогсоод явах ч зай олдохгүй үе олон байна. Нүүр нүүрээ харж амьсгална. Хүйтний улирал ойртож байгааг ч хэлэх үү, зүүсэн шил цантаад юм харагдахгүй. Ёстой халдвар авах нь цаг хугацааны асуудал болоод байна.

ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРИХ БОЛОМЖ ҮНЭНДЭЭ БАЙХГҮЙ

Үнэхээр ч энэ хооронд хүмүүс нэмж орж ирсээр бууж байгаа хүн цөөхөн. Ихэнх нь хол чиглэлд явдаг бололтой. Нөгөө пиг дүүрэх нь ойрхон болов. Хүмүүс хоорондоо түлхэлдэж, шахцалдан бие бие рүүгээ цаашаа гэсэн харцаар харах нь их юм. Ханиалгасан нэг рүүгээ хяламхийж ширүүн харах хүн цөөнгүй.

Нийтийн тээврийн газар руу холбогдож зарим зүйлийг тодруулсан юм. Нийтийн тээврийн үйлчилгээний хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Цэвээндоржтой ярилцлаа.

-Хүмүүс автобусыг ковидын гол голомт гэж ярих боллоо. Нийтийн тээвэрт цэвэрлэгээ ариутгалыг хэрхэн хийж байна вэ?

-Өглөө, оройдоо автобус компаниуд өөрсдөө цэвэрлэгээ ариутгалаа хийгээд гарч, буух ёстой. Өдөр нь аж ахуйн нэгжүүд өөрсдөө ариутгал хийснийг бид очиж шалгадаг. Одоогийн байдлаар өдөрт гурван удаа цэвэрлэгээ ариутгал хийдэг горимтой явж байна.

-Нийтийн тээвэр дотор хүн хоорондын зай барих боломж алга. Энэ тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Зайг бол барих боломж үнэндээ байхгүй. Өдөртөө нийтийн тээврээр 450 мянга орчим хүн зорчиж байна шүү дээ. Манайд 1000 орчим автобус л явдаг. Бид ковидыг анх гарч байх үед 12-15 хүн сууна гээд зохион байгуулаад явсан. Тэгэхэд зайлшгүй шаардлагатай 13 аж ахуйн нэгжийн хүмүүс зорчиж байлаа. Тэр үед зорчигч багатай зай барих боломж бүрдсэн. Харин одоо бол яг тэр чигээрээ явуулна гэх юм бол доод тал нь 2500 автобустай болж байж хүртээмжтэй болох гээд байгаа. Одоо бол үнэндээ хүн хоорондын зайг барих ямар ч боломжгүй. Иргэдийг буу гэх юм бол юу болох нь тодорхой биз дээ.

-Автобус бүрд гар ариутгах бодис бий юу. Хүмүүс хэр хэрэглэж байна вэ?

-Байгаа. Гол нь иргэд түүнийг ашиглах гэхээсээ илүү заваан бохир гээд хүрдэггүй. Олон хүн дарсан юманд хүрдэггүй юм байна. Гэхдээ бид хүрэхгүй, хэрэглэхгүй байна гээд түүнийгээ авчихаагүй. Байнга цэнэглүүлж байгаа.

-Шалгалтын үеэр зөрчил дутагдал хэр илэрч байна вэ?

-Нийтлэг зөрчил илэрдэг. Гар ариутгагч нь дуусчихсан, эвдэрчихсэн тохиолдол байна. Жолоочийн хаалт хийсэн гялгар нь урагдсан, хаалтгүй байх, жолооч нь маск зүүгээгүй байх зэрэг зөрчлүүд илэрнэ. Бид энэ зөрчлийг яаж байна гэхээр Засгийн газраас нэг чиглэл барьж байгаа шүү дээ. Аж ахуйн нэгжийг торгох шийтгэх гэхээсээ илүүтэй зөвлөх, зааварлах чиглэлээр ажилла гэж. Бид тэр чиглэлийг гол болгоод ажиллаж байна.

-Цаашдаа халдвар хамгааллын дэглэмийг нийтийн тээвэрт сайжруулах чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ?

-Парк шинэчлэл хийж тээврийн хэрэгслийн тоогоо нэмж чадвал хүн хоорондын зайгаа бариулж чадна. Түүнээс бусад халдвар хамгааллын дэглэмийг одоо ч гэсэн мөрдүүлээд л явж байна. Энэ эрчээ алдахгүй аль болох бууруулахгүйхэн шиг цаашлахыг л хичээж байгаа.

-Том оврын автобусны хүн багтаах стандарт хэмжээ хэд юм. Үүнээс хэдэн хувийн ачаалал хэтэрдэг вэ?

-Шугамын автобусны суудал 24-26 суудалтай. Голын зайгаараа нийлээд 80-90 хүн суух зориулалттай. 80-90 хүн суусан нь маш их хүн шиг харагддаг байхгүй юу. Ерөнхийдөө энэ нь цаанаасаа гаргасан стандарт багтаамж л даа.

-Хамгийн их ачаалалтай үед нийтийн тээвэрт хэчнээн хүн суудаг юм бол оо?

-Өглөө, оройны ачааллын цаг гэж байгаа. Өглөө 07:00-09:00 цагийн хооронд 200 мянга гаруй зорчигч зорчдог.

-Түүнийгээ 1000-аад автобусандаа хуваахаар нэг автобусанд ногдох хүний тоо гарч ирэх нь ээ?

-Ерөнхийдөө тэгэж ойлгож болно. Гэхдээ зарим чиглэл богино учраас 2-3 удаа тойрчихдог. Хол чиглэлүүд нэг л удаа тойрч амждаг. Тэгэхээр яг 1000-аад гэж тооцож болохгүй л дээ.

АМЬСГАЛАХ ЗАЙГҮЙ БОЛТОЛ ХҮН ИХТЭЙ ҮЕ БАЙДАГ

Автобус Нисэхийн эцэст хүрч зорчигчид бүгд буулаа. Нисэх-Дөрөвдүгээр дэлгүүр чиглэлд нэлээд түгжрэлтэй ачаалал ихтэйд ордог. Хол чиглэл учраас хүмүүс их бууж сууна. Энэ хооронд хүмүүс нийтийн тээвэр дотор янз бүрийн л байдал гаргах аж. Нийтийн тээврээр зорчиж явсан ХУД-ийн 75 дугаар сургуулийн сурагч О.Билгүүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Чи хэдэн настай вэ. Хичээлдээ ганцаараа явдаг юм уу?

-Би 10 настай. Намайг уг нь өвөө сургуульд хүргэж өгч, авдаг. Гэхдээ өнөөдөр өвөөгийн хөл нь өвдөөд явж чадахгүй гэртээ үлдсэн.

-Сургуулийн автобусандаа суудаггүй юм уу?

-Заримдаа таарвал суудаг, таарахгүй бол чиглэлийн автобусанд суучихдаг. Хүүхдийн автобусанд суучихвал уг нь амар. Шууд сургуулийн үүдэнд хүргэж өгдөг. Даанч ихэнхдээ сууж чаддаггүй.

-Яагаад?

-Цаг нь өөр байдаг юм шиг байна лээ. Заримдаа хоцорно, заримдаа хаана явааг нь мэдэхгүй болохоор зүгээр л ирсэн автобусанд суух нь амар санагддаг.

-Хүн хэр их байдаг вэ. Чи тэгээд автобусан дотор халдвар хамгааллын дэглэмээ баримталдаг уу?

-Маскаа зүүгээд л явдаг. Өөр нэг их баримтлаад байх юм автобус дотор байх биш дээ. Заримдаа амьсгалах зайгүй болтол хүн ихтэй үе байдаг. Газар хөл хүрэхгүй явах үе ч гарна шүү дээ гэв.

Нисэх-Дөрөвдүгээр дэлгүүр чиглэлийн автобус Зорчигч тээврийн нэгтгэлийн II баазад хамаардаг ба 90 автобустай юм байна. Ажлын өдөр уг чиглэлд 12 автобус гардаг гэнэ. Автобусаар зорчсон нэг өдрийн сурвалжлагын дүр төрх ийм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *