Билгийн тооллын 17 дугаар жарны УРВУУЛАГЧ хэмээх шороон ГАХАЙ жилийн сар шинийн баярт зориулсан Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд 160 бөх зодоглосноос Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, МУИС-ийн Б.Хаш-Эрдэнэ найман даван түрүүлж, ӨМӨЗО, Улаанхад хишигтэн хошууны Г.Бүрэнболор үзүүрлэв. Их шөвөгт Баянзүрх дүүргийн Ч.Хүрэлбат шалгарлаа.
Харин өсвөр бөхийн барилдаанд 28 бөх зодоглосноос Завхан аймгийн Тэс сумын харьяат Б.Баярболд түрүүлж, Багануур дүүргийн бөх Ц.Эрхэмбаяр үзүүрлэв. Их шөвөгт Төв Заамарын Б.Ган-Эрдэнэ, Сэлэнгэ Сайханы Э.Тэлмүүн нар шалгарлаа. Маргааш Бөхийн өргөөнд Хавдрын эсрэг үндэсний төвийн нэрэмжит Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болно.