Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2025 оны 01 дүгээр сарын 06-нд боллоо.
Нийт шүүгчийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс ирүүлсэн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2/651 дүгээр албан бичигт хариу өгөхөөр шийдвэрлэж, харин 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 102/АБ2025/00001 дүгээр албан бичгээр ирүүлсэн асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа.
Түүнчлэн, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүхийн байршилтай холбоотой Улсын дээд шүүхэд гаргасан саналыг хэлэлцэж, Шүүхийн ерөнхий зөвлөлд албан бичиг хүргүүлэхээр тогтов.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс танхим байгуулахыг шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол бүхий саналд танхим байгуулах хэрэгцээ шаардлагын талаарх холбогдох судалгаа ирүүлээгүйг үндэслэн уг асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа. Харин зарим орон нутгийн шүүхүүдийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс ирүүлсэн танхим байгуулах тухай саналуудыг хэлэлцэж, тухайн шүүхүүдэд танхим байгуулах шаардлагагүй гэж үзсэн тул татгалзаж шийдвэрлэв.
Мөн Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой өргөдөл хүлээж авах дотоод ажлын зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбоотойгоор Улс төрийн намын бүртгэл хөтлөх журамд өөрчлөлт орууллаа.