Categories
мэдээ нийгэм

Нийт нутгийн 97 хувьд өвөлжилт хүндэрч байна

2015-2016 онд 21 аймаг, нийслэлийн 145.2 мянган малчин өрхөд 56.2 сая мал өвөлжиж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Тус газраас өгсөн мэдээгээр өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 85.7 хувьтай хангагдсан байна. Засгийн газрын тогтоолоор аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 29.454 тн өвс бэлтгэхээс 78.2 хувийг, 11.115 тн тэжээл бэлтгэхээс 30.1 хувийг тус тус базаасан аж.

ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян “Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий зэрэг нийт 12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 7-40 см (нягт 0.12-0.24 гр/см3) хүрээд байна.

Цаашид Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ аймгуудын зарим суманд нөхцөл байдал хүндэрч болзошгүй” гэлээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймаг, орон нутгийн удирдлага, УИХ-ын зарим гишүүдээс шаардлагатай өвс, тэжээлийг аймаг, орон нутаг дахь улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах хүсэлтийг Улсын онцгой комиссын нэр дээр ирүүлсэн байна. Дашрамд дуулгахад, Зарим аймаг шуурхай албаны болон түргэн тусламжийн автомашингүй байгаагаас өвөлжилт хүндэрч байгаа гэнэ. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд бэрхшээлтэй байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *