Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн залуучуудын уриалга гаргалаа

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал хүндэрч, олон мянган аж ахуйн нэгж, компани хаалгаа барьж, ажилгүйдэл, ядуурал улам нэмэгдэж, ард иргэдийн амьжиргаа дордон, худалдан авах чадвар өдрөөс өдөрт муудаж байгаатай холбогдуулан Нийслэлийн НАМЗХ-ны Удирдах ажилтны зөвлөлгөөнөөс дараах уриалгыг төр засаг,одоогийн эрх баригчид болон ард түмэндээ хандан гаргажээ. Тэд уриалгадаа

  • 1.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтдээр улс төрийн намууд байр сууриа яаралтай нэгтгэн зөвшилцөж, засаглалын хямралыг даван туулах;
  • 2.Шинээр эмхлэн байгуулах Засгийн газрыг цомхон чадварлаг бүтэцтэй байгуулж, төр засгийн үр ашиггүй зардлыг багасгах, яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн олон орлогч, зөвлөхүүдээс татгалзах;
  • 3.Ам.долларын ханш 2012 онд 1349 төгрөг байсан бол 2014 оны 11-р сарын эхнийн 7 хоногийн байдлаар 1872 төгрөг болж 523 төгрөгөөр өсөж эдийн засагтдарамт учруулж байна. Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төр, засгийн байгууллагууд улсын болон аж ахуйн нэгж, компани, бизнес эрхлэгчдийн гадаад, дотоод өрийг олон улсын банк, санхүүгийн байгууллагад даатгуулах, ханшийн эрсдэлийг хязгаарлах арга замыг нээх;
  • 4.Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр улсын хэмжээнд нийт 54 мянга 800 гаруй ААН-үүд үйл ажиллагаагаа зогсоосон байна.Төр, засгаас ААН-үүд, бизнес эрхлэгчдэд тавьсан татварын акт /татварын нөхөн төлбөр, хүү, торгууль, алданги/-ын нөхөн төлөх хугацааг сунгах, эсвэл хүү, торгууль, алдангийг хүчингүй болгох, хаасан дансыг нь нээх зэрэг замаар ААН-үүд, бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих;
  • 5.Гадаадад ажиллаж, амьдарч байсан, гадаадын их, дээд сургууль төгссөн, техник технологийн өндөр боловсрол эзэмшсэн залуучуудын боловсруулсан үйлдвэрлэлийн төсөл, хөтөлбөрийг төр, засгаас урт хугацааны зээл, зээлийн батлан даалт, хөрөнгө санхүүгийн бодлогоор дэмжих;
  • 6.Төрийн албанд шинээр орж ирсэн, томилогдсон албан тушаалтан, албан хаагчдаа төрийн ажилд нэн тэргүүнд сургаж дадлагажуулж,тэдний мэдлэг, чадвар, туршлагаас шууд шалтгаалан эдийн засгийн салбарт учирч буй хүнд суртал, хүндрэлийг арилгах;
  • 7.Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд төрөөс олгож байгаа болон банкны зээлийн бодлого, үйл ажиллагааг шинэ итгэлцлийн түвшинд хүргэх
  • 8.Эдийн засгийн хямралыг давах гол арга замнь ард иргэд, аж ахуйн нэгжээсээ эхлэн төр, засгийн байгууллагууд үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэх явдал мөн гэж НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУД бид үзэж, үндэсний үйлдвэрлэлийг бодитоор дэмжихийг уриалж байна гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *