Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Техник технологийн олимпиад боллоо

Нийслэлийн Техник технологийн олимпиад 23 дахь жилдээ Баянгол дүүргийн лаборатори Ганзам XX сургууль дээр зохион байгуулагдлаа. 1994 онд МУ-ын гавьяат багш М.Цэрэнхандын санаачилгаар тус олимпиад анх зохион байгуулагдсан бөгөөд энэ жилээс Монгол Улсын гавьяат багш М.Цэрэнханд, Н.Лхагва, Н.Бавуудорж, Н.Батбаяр нарын нэрэмжит болжээ. Уг олимпиадад дүүрэг бүрээс шалгарсан 560 гаруй багш, сурагч дөрвөн төрлөөр оролцож байна.

Техник технологийн олимпиадад оролцож байгаа сурагчид нисэх онгоц, усан онгоц, стенд робот болон автомашины загварыг өөрсдөө зохион бүтээж, уралдуулдаг бөгөөд хувцасны загвар дизайны төрөлд ч олон хүүхэд бүтээлээрээ оролцсон юм.

НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал хэлэхдээ ““Монгол хүн” аяны хүрээнд бүтээлч, шинийг сэтгэгч, хөдөлмөрч Монгол хүүхэд бэлтгэхэд энэхүү олимпиад чухал ач холбогдолтой учраас НИТХ-аас дэмжиж, цаашид өргөн хүрээнд өндөр ач холбогдол өгч зохион байгуулна” гэлээ.

Загвар бүрийг хүүхдүүд өөрсдөө урлаж, инженерчилдэг учраас хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлж, техникт дур сонирхолтой болгодог, зохион бүтээх чадварыг дээшлүүлдэг, гарын ур, сэтгэлгээний мэдрэмж, үйлдлийн технологи эзэмшүүлдэг, аливаа хийж буй үйлд хянамгай, бүтээлч, чөлөөтэй сэтгүүлдэг, хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлдөг, багаар ажиллах чадвартай болгодог зэрэг давуу тал олгодгоороо онцлог гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *