Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг иргэд нээлттэй хэлэлцэж байна DNN.mn

Улаанбаатар хотын 2023 оны төсвийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулах, тэдний санал, хүсэлтийг тусгах зорилгоор НЗДТГ-аас “Нийслэлийн төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Наранбаатар нийслэлийн төсвийн нөхцөл байдлыг танилцуулж, 2022 оны зарцуулалт, төсвийн хөрөнгөөр хийсэн томоохон ажил, бүтээн байгуулалтын тухай мэдээлж, ирэх оны төсвийн төслийг танилцууллаа.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2023 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь үйлдвэрлэлийг инновацад тулгуурлан хөгжүүлэх нөхцөл бүрдүүлэх, жижиг, дунд, үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд олгох санхүүгийн дэмжлэгийг нэмэх, гадаадын хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, хүний хөгжлийг дэмжих, ажлын байр, орлогыг нэмэхэд чиглэж байна. Түүнчлэн хотод тулгамдаж буй авто замын түгжрэлийг багасгах, нийтийн тээврийг сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бүрдүүлэхийн тулд 1 хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэхэд тодорхой ажил хийхээр төлөвлөж байгаа.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтээс санал авч, тусгасныг хэлэлцүүлгийн үеэр онцолж байв. Тодруулбал, цахимаар 179,925, цаасаар 960,451, нэмэлтээр 960,451 санал хүлээн авсны дийлэнх нь нийтийн эзэмшлийн талбайд амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх тохижилт, тоглоомын талбай байгуулах, авто зам шинэчлэх, өрхийн ЭМТ, сургууль, цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, гадна талбайн тохижилтын төсөл байжээ.

Хэлэлцүүлэгт нийслэлийн харьяа байгууллагын удирдлага, НИТХ-ын төлөөлөгчдөөс гадна 9 дүүргийн иргэдээс 300 орчим төлөөлөл оролцож, санал хүсэлтээ илэрхийллээ. Тодруулбал, дүүрэг хороодод хийж буй удаашралтай төсөл хөтөлбөрийг урагшлуулах, зарим хороонд төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барих, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэх, хотын ерөнхий төлөвлөлт, зохион байгуулалтыг сайжруулах саналыг иргэд хэлж байв. Иргэдийн саналыг нэгтгэн, Нийслэлийн 2023 оны төсөвт тусгахаар төлөвлөөд байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *