Categories
мэдээ нийгэм

Нийслэлээс төрийн албан хаагчдадаа орон сууцны дэмжлэг үзүүлнэ

Нийслэл иргэддээ зориулан Орон сууцны сан байгуулахаар болоод буй. Энэ дагуу иргэд урьдчилгаа төлбөрөө тус санд тодорхой графикийн дагуу бага багаар байршуулснаар 3-5 жилийн дараа орон сууцныхаа түлхүүрийг гардан авах боломжтой юм. Тэгвэл НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар тус сангаас төрийн албан хаагчдын орон сууцны урьдчилгаа төлбөр дээр ч бас дэмжлэг үзүүлэх боломжтой гэж үзэв.

Урьдчилгаа төлбөрийн 50 хувийг даана

Төсөлд тусгагдсанаар нийслэлийн харьяа төрийн албанд ажиллаж буй алба хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувиар дэмжлэг үзүүлэх аж. Хэрэв тухайн төрийн албан хаагч урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 50 хувиа өөрөө хариуцах боломжтой бол тодорхой шалгуурын дагуу ур чадвар, ажилласан жил зэргийг харгалзан худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хувийг нэг удаа буцалтгүй тусламжаар олгоно. Энэ хүрээнд Нийслэлийн орон сууцны корпораци, арилжааны банк болон төрийн албан хаагч гурвалсан гэрээ байгуулна. Хэрэв гэрээний нөхцөл зөрчигдвөл буцалтгүй тусламжаар олгосон мөнгөн дүнг эргүүлэн төлүүлэх арга хэмжээ авна гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат танилцууллаа. Түүнчлэн худалдан авах орон сууцны тухайд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах шинэ орон сууцнуудаас сонголтоо хийнэ. Энэ хүрээнд ирэх дөрөвдүгээр сарын 1 гэхэд цөөнгүй орон сууц ашиглалтад орохоор байгаа аж. Төрийн албан хаагчдын худалдан зээлээр худалдан авах орон сууц нь 80 метр квадратаас ихгүй талбайтай байх юм байна. Түүнчлэн заавал анхны орон сууцаа худалдан авах гэх зэрэг хатуу шалгуур байхгүй, гагцхүү ипотекийн зээлийн үндсэн шалгуурыг л хангаж байх ёстой аж.

Дахин төлөвлөлт хийж буй компаниуд борлуулалтын дэмжлэг хүсчээ

Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд хувийн хэвшлийн компаниуд хэд хэдэн газарт дахин төлөвлөлтөөр орон сууц барьж буй. Тэгвэл эдгээр компаниудын зүгээс орон сууцны борлуулалт дээр нийслэлээс тодорхой дэмжлэг үзүүлж өгөөч гэх хүсэлтийг тавьж байгаа аж. Төрийн албан хаагчдыг дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтад орох орон сууцанд ороход нийслэлээс дэмжлэг үзүүлснээр тэдгээр компаниудад ч бас давхар дэмжлэг болно гэж үзэж байгаа юм байна. Мөн энэ хүрээнд нийслэлийн Боловсролын газраас 11000 гаруй багш, ажилчдын дунд судалгаа явуулахад 79 хувь нь “Нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах шинэ орон сууцанд ороход асуудалгүй” гэсэн байна.

Харин энэхүү 79 хувь дотроо:

  • 57 хувь нь: Урьдчилгаа төлбөрийнхөө 10 хувийг л төлж чадна,
  • 8 хувь нь: Урьдчилгаа төлбөрийнхөө 20 хувийг төлж чадна
  • 4 хувь нь: Урьдчилгаа төлбөрийнхөө 30 хувиа төлж чадна
  • 31 хувь нь: Ямар ч төлөх бололцоогүй, гэхдээ орон сууцанд ормоор байна гэжээ.

Тиймээс нийслэлээс санаачилж буй журмаар орон сууцны урьдчилгаа төлбөр дээр төрийн албан хаагчдад 50 хүртэлх дэмжлэг үзүүлэх асуудлыг зохицуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *