Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 80 орчим төслийг хэрэгжүүлнэ

Шангрила зочид буудалд “Улаанбаатар худалдан авалт-2016” бизнес чуулга уулзалт үргэлжилж байна. Энэ жил нийслэлд 426.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх аж. Харин харьяа байгууллага, дүүрэг, иргэдээс 847 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийх 530 санал ирүүлжээ. Үүнээс 203.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 80 орчим төслийг нийслэлд хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн 2016 онд Европын хөрөнгө оруулалтын банкнаас Монголд анх удаа Засгийн газрын баталгаагүйгээр Улаанбаатарт 24.8 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Энэ зээлийг Эмээлт-Аргалантын аж үйлдвэрийн шинэ парк, 30 мянган шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжид зарцуулахаар төлөвлөж буйг чуулганы үеэр дуулгав. Үүнээс гадна хог боловсруулах төслийг ч эхлүүлэх аж.

Нийслэл энэ онд “ногоон” худалдан авалт хийхээр болжээ. Нийслэлийн зүгээс хувийн хэвшлийнхний санал болгож буй төсөл нь орчин үеийн, дэвшилтэт, шилдэг шийдэлтэй байх, хүрээлэн буй орчинд ээлтэй, эрчим хүчний бага зарцуулалттай “ногоон технологи” байх зарчмыг баримтлах юм байна. Энэ хүрээнд ямар худалдан авалт хийх талаар мэдээлсний дараа хувийн хэвшил, бизнес эрхлэгчид төсөл, технологио танилцуулах ажээ. Ингээд танилцуулсан төслийг ямар байдлаар хэрэгжүүлэх боломжтой, эдийн засгийн үр өгөөжтэй эсэх, нийгмийн үр нөлөө гэх зарчмаар эрэмбэлнэ. Үүний дараа нийслэлд үр өгөөжтэй төсөл дээр төр, хувийн хэвшлийнхэн хамтран ажиллах юм.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөөгөөр 18-20 тэрбум ам.доллар шаардлагатай. Энэ хөрөнгийг хувийн хэвшилтэй хамтрахгүй бол нийслэл дангаараа бүрдүүлэх боломжгүй. Монгол Улс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг л хөгжүүлчихвэл олон улсад “ногоон гэрлээр” гарах боломжтой” гэв. Тэрээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирснаар зөвхөн дотоодын зах зээл бус, олон улсад өрсөлдөхүйц үр дүнтэй төсөл, хөтөлбөр боловсруулах орчин бүрдэнэ хэмээн онцолж байлаа.

Одоо гурван салбар хуралдаан болж байна. Салбар хуралдаан төсвийн хөрөнгө оруулалт, ногоон хөгжил ба олон улсын санхүүжилт, хувийн хэвшлийн санаачилга ба концесс сэдвээр болж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *