ЭМЯ-ны харьяа Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор Д.Нарантуяа, дэд захирлаар Д.Бат-Ундрах нарыг тус тус томиллоо.
Анагаах ухааны доктор Д.Нарнтуяа нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд зүрх судасны чиглэлээр мэргэшсэн зөвлөх эмч юм. Тэрбээр 2001-2003 онд “Халдварт бус өвчин” Артерийн гипертензийн удирдамж, Цусны эргэлтийн өвчний оношилгоо, эмчилгээний талаар судалгаа, Шинжлэх ухаан технологийн төсөл, 2005-2006 онд Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа, 2009-2010 онд Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа STEPS 2010, зэрэг нийгмийн эрүүл мэндийн асуудлаарх судалгаанд тус тус артерийн гипертензийн үндэсний зөвлөхөөр ажилласан.
Түүнчлэн Монголын Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн EPOS /THL/Danyalnt,олон улсын төлөөлөгчийн газрын зүрх судасны үндэсний зөвлөх, Дэлхийн зүрхний холбооны албан ёсны гишүүн, Монголын зүрхний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ЭМЯ-ны Яаралтай тусламжийн салбар зөвлөлийн гишүүнээр тус тус ажилладаг юм.
Дэд захирал Д.Бат-Ундрах нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд Удирдахуйн ухааны докторант, нийгмийн эрүүл мэндийн удирдлага чиглэлээр удирдахуйн ухааны магистр зэрэгтэй, мэргэшсэн их эмч юм. Тэрбээр Нийслэлийн түргэн тусламжийн төв 103-д дуудлагын их эмчээс, “Сургалт гадаад харилцааны менежер”, Баянзүрх дүүрэг хариуцсан салбарын эрхлэгч, дарга, тус төвийнхөө Хяналт үнэлгээ шинжилгээ дотоод аудитын асуудал хариуцсан даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн ажээ.
Тэрбээр АSEM буюу Ази Европын дээд хэмжээний уулзалтын үед “Яаралтай тусламж” үзүүлэх эмнэлгийн тусламжийн багийг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах, “Насанд хүрэгчдийн амилуулах тусламж”-ийн удирдамжийг мөрдүүлэх, Яаралтай тусламжийн сургалтыг 21 аймаг 9 дүүргийн “Эрүүл мэндийн төв”, нэгдсэн эмнэлгүүдэд зохион байгуулах, Түргэн тусламжийн үйлчилгээний судалгаа шинжилгээний бүтээлүүдэд хамтран ажиллах зэрэг ажлыг санаачлан удирдан зохион байгуулж ажилласан.
Түүнчлэн АМДА-олон улсын байгууллагын зөвлөх багийн гишүүн, Яаралтай тусламжийн мэргэжлийн холбоодын дэд тэргүүлэгчээр тус тус ажилладаг юм.