Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын зарим үйлчилгээ цахим боллоо

Нийгмийн даатгалын байгууллага иргэдийг коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор цахим үйлчилгээг санал болгож эхэлжээ. Засгийн газрын 2020 оны 64 дүгээр тогтоолын дагуу коронавирус (COVID-19)-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан нийгмийн даатгалын байгууллагаас иргэдийг олноор цуглуулахгүй байх, зарим төрлийн үйлчилгээг цахимаар авах арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Тухайлбал, ажил олгогчийн хоёрдугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуулийн хугацаанд цахимаар болон шуудангаар авч, хөл хорионы хугацаа дууссаны дараа НД-7, НД-8 цаасан тайланг хүлээн авахаар болжээ. Мөн сайн дурын даатгалын гэрээний хугацаа дууссан тохиолдолд заавал хэлтэс дээр очиж сунгуулах шаардлагагүй дараа сарын шимтгэлээ төлснөөр сунгагдсанд тооцох юм байна. Салбар болон орон нутгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоохдоо тухайн иргэнийг заавал оролцуулахгүй амбулаторийн карт, төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээний дүн, эмнэлэг хяналтын комиссын саналыг үндэслэн цахим болон бичиг баримтад тулгуурлан сунгаж, тогтооно. Харин шинээр тогтоолгож байгаа тохиолдолд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд төрөлжсөн мэргэжлийн эмч танилцуулж, шийдвэрлүүлэх юм байна.

Мөн хугацаанд аж ахуйн нэгж рүү чиглэсэн хяналт, шалгалтын ажлыг түр зогсоож байгаагаас гадна тэтгэврийн санхүүжилтийг урьдын адил хугацаанд нь олгох тул заавал тэтгэвэр олгох эхний өдөр банкинд дугаарлаж, ачаалал үүсгэлгүй, картаар эсвэл ачаалал багатай өөр өдөр үйлчлүүлэх зэргээр өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг тэтгэвэр авагчиддаа уриалж байна. Түүнчлэн нийгмийн даатгалын хэлтсүүдийн лавлах утсыг тасралтгүй ажиллуулах, нийгмийн даатгалын нэгдсэн лавлах 7777-1289 утасны мэдээллийн ажилтны тоог нэмэгдүүлж, дуудлага алдалгүй зөвлөгөө өгөх зэргээр иргэдийг олноор төвлөрүүлэхгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *