Categories
мэдээ улс-төр

Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд НЭМГ-т ажиллав

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр /2021.07.30/ Нийслэлийн эрүүл мэндийн газарт ажиллаж, тус газрын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ харьяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Батлут, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ц.Сандаг-Очир, П.Анужин, Д.Өнөрболор нар, мөн Нийслэлийн эрүүл мэндийн газрын болон дүүргүүдийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газар, тусгай мэргэжлийн төвийн удирдлагууд, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нарын албан тушаалтнууд танхимаар оролцсон бол өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, удирдлага, төлөөллүүд цахимаар оролцлоо.

Уулзалтын эхэнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, удирдлагууд тус тусын ажлын чиглэлээр ажлын хэсгийн гишүүдэд товч мэдээлэл өгөв. Газрын дарга Б.Бямбадорж тус газрын бүтэц зохион байгуулалт, санхүү, хөрөнгө оруулалт, тулгамдсан асуудлыг танилцуулсан. Тэр дундаа нийслэлийн эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн хөрөнгө оруулалтын ажил, 2022-2024 онд хийгдэх ажлуудын хөрөнгө оруулалтын төсөөлөл, цалин хөлс, урамшууллын өсөлт, эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүд буюу халдварт өвчин, төрөлт, эх, хүүхдийн эндэгдэл, нас баралт, анхан болон лавлагаа шатны тусламж, үйлчилгээ, “Ковид-19”-ийн хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгч, ажлын ачааллаас шалтгаалсан хүний нөөцийн хомстлыг шийдвэрлэх, эмнэлгийн хагас бие даасан засаглалд шилжих бэлтгэл ажлыг хангах, цахимжуулалтыг нэвтрүүлэх, эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжийн хангалтад эрс шинэтгэл хийх, барилга, инженерийн байгууламжийг шинээр барих зэрэг тулгамдсан асуудлыг танилцууллаа.

2020 оны наймдугаар сард Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд эдгээр хуулийн өөрчлөлтөөр бүх төрлийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг болсон. Ингэснээр эмнэлгүүдийн хооронд чөлөөт өрсөлдөөн бий болж, өмчлөлийн хэлбэр харгалзахгүйгээр иргэдэд үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, үр дүн буюу гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх тогтолцоонд шилжээд байгаа юм. Өнөөдрийн уулзалтад оролцсон ажлын хэсгийн гишүүд болон эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд гүйцэтгэлийн санхүүжилтийг нэвтрүүлснээр энэхүү шинэчлэл бүх шатлалын эмнэлгүүдэд хэрхэн хэрэгжиж байгааг бүх талаас нь хөндөн асуулт, хариулт өрнүүлж, санал бодлоо солилцов. Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын төсөв, төсвийн хүрэлцээ, дүүргүүдийн эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн бүтцийг оновчтой болгох, өрхийн эрүүл мэндийн төвд нэг иргэнээр тооцож олгодог санхүүжилтийн тариф хүрэлцээтэй эсэх, цар тахлын үед цахим технологийг нэвтрүүлэх, амжилттай ашиглах, эрүүл мэндээ хамгаалах чиглэлээр иргэдийг соён гэгээрүүлэх зэрэг олон асуудлын талаар ажлын хэсгийн гишүүд, оролцогчид асуулт асууж, салбарын удирдлагууд хариулт өглөө. Үргэлжлүүлэн оролцогчид болон ажлын хэсгийн гишүүд санал, байр сууриа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлийн санхүүжилтээр дамжсан шинэчлэл хийж байна. Санхүүжилт, хариуцлага хоёрыг хамтад нь авч үзэж байж гүйцэтгэлийн санхүүжилтийг нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлууд шийдэгдэнэ. Системийн хэмжээний гажуудлуудыг засах нь манай ажлын хэсгийн үүрэг, зорилго. Гүйцэтгэлийн санхүүжилтийн шинэчлэлээс ухрах ёсгүй. Харин энэ шинэчлэлийг хэрэгжүүлэхэд ямар алдаа, дутагдал гарч, ямар асуудал шийдвэрлэх шаардлагатайг тооцоо судалгаан дээр үндэслэн зөв тогтоож, эрүүл мэндийн салбар, Засгийн газар, Улсын Их Хуралтайгаа хамтран, хамтын хүчээр засаад явна хэмээн байр сууриа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэл, хуулийн хэрэгжилт хөрсөн дээр хэрхэн бууж байна вэ, юуг нь засаж сайжруулж байж цаашид үр өгөөжтэй болгох ёстой вэ гэдгийг тодорхойлохын тулд эрүүл мэндийн шат шатны байгууллагын түвшинд уулзалт зохион байгуулж байна. Найм, есдүгээр сард газар дээр нь танилцаж ажиллаад, аравдугаар сард намрын чуулганд асуудлыг танилцуулна. Шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах санал, дүгнэлтээ оруулна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ц.Сандаг-Очир эрүүл мэндийн салбарт нөхцөл байдал ямархуу байна вэ, нэн түрүүнд тулгамдсан, шийдвэрлэх асуудал аль нь вэ гэдэг нь хоёр удаагийн уулзалт болон бодлого тодорхойлох байгууллагад ажиллахад нэлээн тодорхой боллоо. Цаашид дүүрэг, аймаг, сум, хорооны эмнэлэгт очиход ойлгомжтой болно. Эрүүл мэндийн салбар ажлаа хэвийн, чанартай явуулахад эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байвал бид түүнийг хийгээд явна гэв.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн П.Анужин эрүүл мэндийн салбарт чамлахааргүй хөрөнгө оруулалт хийгддэг. Харамсалтай нь үрэн таран болгочихдог асуудал байна. Тэгсэн хэрнээ хэн ч хариуцлага хүлээдэггүй. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн барилга дээвэр ч үгүй, ашиглалтын шаардлага хангахгүй байхад хүлээгээд авчихсан, одоо шаардлага хангадаг болгохын тулд дахиад төдөн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй, шийдүүлж өгөөч гээд сууж байна. Ийм хариуцлагагүй байдал гаргахгүйн тулд ямар хяналт хэрэгжүүлэх вэ, дахиж давтагдах ёсгүй гэсэн байр суурийг илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд ажлын хэсгийн гишүүд Нийслэлийн эрүүл мэндийн газрын албан хаагчдын өрөө тасалгаагаар орж, ажил байдалтай нь танилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *