Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч Жанчивын Шагдарын 90 насны ой өнөө жил тохиож байна. Уг ойг тохиолдуулан хүү Суумэргэнийг нь “Миний аав” буландаа урьж ярилцлаа. Жан.Шагдар зохиолчийг “Эргэн дөрвөн цаг” тууж, “Түүчээ тогоруу” яруу найргийн бүтээл, “Хаврын найраг”, “Эх орон танаа”, “Тэмээн дээрээс наран ойрхон”, “Тод магнай”, “Дэлтэй шувуу” гээд ард түмний сэтгэлд явдаг олон гайхалтай дуугаар нь бид мэдэх билээ.
-Өнөө жил аавын тань 90 насны ой тохиож байна. Аавынхаа ус нутаг, удам гарал бага насных нь тухай ярихгүй юу?
-Аав минь 1935 онд Булган аймгийн Орхон суманд Шувуутын голын Арбулагийн Ямаа майлдагийн хондонд мэндэлсэн түүхтэй. “Би чинь Лодонгийн Түдэв, Далай лам хоёртой чацуу” гэж бахархан ярьдаг байж билээ. Ааваасаа нялх багадаа өнчирсөн гэдэг. Аав нь цэрэгт яваад эргэж ирээгүй юм билээ. Хожим “Бутач” роман, мөн Чин Ван Ханддоржийн тухай кино зохиол бичсэн. Аавыгаа бодож бичсэн нь мэдрэгддэг. “Тал дахь уулзалт”, “Болжмор хожимджээ” гэх номууд хэвлүүлж уран бүтээлийн гараагаа эхэлсэн. “Түүчээ тогоруу” яруу найргийн шилдэг бүтээлээрээ МЗЭ-ийн шагналыг 1979 онд хүртсэн. Энэ бол аавын минь хамгийн том шагнал. Жилдээ 2-3 хүнд л олгодог байсан нэр хүндтэй тэр том шагналыг хүртээд мөн их баярлаж байсан. 1958 онд МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг төгсөөд “Залуучуудын үнэн” сонинд ажилласан байдаг. Соёлын гавьяат зүтгэлтэн нэрт сэтгүүлч Мятав гуайн гар дээр очиж сэтгүүлчийн гараараа эхэлсэн гэж ярьдаг.
Улмаар тус сонины орлогч эрхлэгч,жинхэнэ эрхлэгчээр дэвшин ажиллаж байгаад 1963 онд өөрийн хүсэлтээр мэргэжлийн зохиолч болсон. Ингээд Монголын хөдөө аж ахуйн ууган баатар алдарт хоньчин Зундуйн Очиртой хонины бэлчээрт нь бүтэн жил хамт байж “Эргэх дөрвөн цаг” баримтат туужаа бичсэн. Мал маллагааны арга ухааныг хойч үеийн малчин залууст туршлага болгон өвлүүлэх бүтээл боллоо хэмээн уг номыг өндрөөр үнэлж, хүүхдүүдийн хичээлийн сурах бичигт хүртэл оруулж байсан түүхтэй. “Би муу малчныг харж сайн малчин болсон”, “Мал хайраар өсдөг амьтан” гэх Очир баатрын үгнүүд Монголын малчдын дунд афоризм болж “Нойрыг сэрж бардаг, ажлыг хийж бардаг” хэмээх ончтой үгнүүд одоо хэр нь яригддаг нь аавын минь бүтээл Монголын малчдын ширээний ном болсонтой холбоотой байх. Хоньчин баатар Очирын тухай ном бичсэний учир 30-аадхан насандаа “Алтан гадас” одонгоор шагнуулж байсан.
-Алдартай дуунуудынх нь тухай асууя. Хайдавын Сэргэлэн хөгжмийн зохиолчтой “Дэлтэй шувуу”, “Тэмээн дээрээс наран ойрхон”, “Хаврын найраг” гээд олон хит дуу хийсэн?
-“Тэмээн дээрээс наран ойрхон” дуу тэмээчдийн улсын зөвлөгөөн болох жил зохиогдсон гэдэг. Тэр чинь 1975 он байх. Хөгжмийн зохиолч Х.Сэргэлэн ах аав руу утасдаад “Шаагаа ах аа тэмээчдийн улсын зөвлөгөөн болох гэж байна. Тэмээний тухай дуу хийе, хоёулаа. Та нэг дууны шүлэг өгөөч” гэжээ. Аав хариуд нь утсаар “Соньхон зэрэглээт говь минь
Солонгын долоон өнгөтэй дээ
Солбио хүрэн ат минь хө
Сарын газрын жонжоотой доо” гэж хэлээд үндсэндээ эхний бадгаа шууд л утсаар хэлчихсэн гэдэг юм. Тэр хоёрын харилцан яриан дунд л гэнэт аавд минь тийм тансаг мөрүүд ороод ирсэн байгаа юм. Сэргэлэн ах хөгжмөө биччихээд дараагийн бадгуудыг нь ааваас нэхэж бичүүлж авсан.
“…Солбио хүрнээ унахаар
Тэнгэрийн наран ойрхон доо
Цолмон чамайгаа зорихоор би
Наран шингэхэд хүрнээ” гэдэг ч юм уу, мөн
“…Шижиртэн туяарах говь минь
Шинэхэн айл шиг өнгөтэй дээ
Ширээ атны минь жонжоонд нь
Тэнгэрийн хаяа тэлээстэй дээ…” гэх шүлгийн чамин мөрүүдтэй, уран гоё нугалаатай Сэргэлэн ах, аав хоёрын энэ дуу тэмээчдийн сүлд дуу болж алдарт дуучин Адарсүрэнгийн хоолойгоор ард түмний сэтгэлд хоногшсон. “Тэмээчдийн зөвлөгөөнөөр “Тэмээн дээрээс ойрхон дуу” дөнгөж төрөөд л, Адараа дуулаад мөн ч гоёхон юм болж байлаа” гэж малчдын, тэмээчдийн хоолой зангируулан ярихыг сонсож энэ сайхан бүтээлийг туурвисан ааваараа бахархдаг юм. Хайдавын Сэргэлэн гэж авьяас билигт гайхалтай хөгжмийн зохиолч, аав хоёр үнэхээр гар сэтгэл нийлсэн уран бүтээлчид байсан. “Тэмээн дээрээс наран ойрхон”, “Дэлтэй шувуу”, “Тод магнай”, “Хаврын найраг” гээд чухамхүү монгол хүний сүлд хийморийн дуудлага болсон энэ сайхан дууныг бүтээсэн. Ажнай хүлгээ, эрдэнэт мал сүргээ магтсан Монголын ард түмэн, ялангуяа малчин түмний өргөл болсон эдгээр бүтээлүүд зуун зуунд мөнхөрч үлдэх нь дамжиггүй. “Тахийн удамт монгол адуу, тахилга сүлдэнд мөнхөрсөн адуу, эрийн заяа молор эрдэнэ минь эргээд олдошгүй морин эрдэнэ минь” хэмээх “газраар нисдэг дэлтэй шувуу” бол аавын минь гайхалтай бүтээл. Адуугаа дээдэлдэг, ажнай хүлгээ молор эрдэнэ морио дээдэлдэг ард түмний сүлд хийморь болсон дуу. Уг дууны гэрэлт хөшөө төрсөн нутаг Булган аймгийн Орхон суманд Орхон голын хөвөөн дээр байгаа. Булганы морин холбооны Шар Даваа ах санаачилж уг дууны хөшөөг босгож байсан. “Тод магнай” бол бас л морины хийморьтой дуу.
“Доохноо болбол замын хар алхаатай
Дээхнээ болбол задгай суман хатираатай
Адуун сүргийн манлай болон дүүхэлзсэн
Эзэндээ ээлтэй эмнэг догшин морь мину зээ
Наадамд болбол торгон жолоо сунгаатай
Найман ганзага сугсран наадах гараатай
Согоо чих нь солбин солбин сортолзоод
Хулангийн шинжтэй хурдан гавшгай морь мину зээ” гээд дуулахад монгол эр хүний ид бах төрдөг болов уу. Олон сайхан дуучид дуулж байна. Мөн “Хаврын найраг” гэж дуу бий. Ёстой л малчин түмний хаврын найргийг бүтээсэн дуу гэж хэлж болохоор. Сүүлд гавьяат С.Жавхлан, Т.Баясгалан нар сайхан клип хийлгэсэн байсан.
“Аргалын удамт хонин сүрэг маань
Алагланхан сувдранхан өсөж байна
Халзан цагаанхан хурганууд нь хө
Хашаа дүүрэн тоглонхон байна
Янгирын удамт ямаан сүрэг маань
Ихэрлэнхэн ижилдэнхэн өсөж байна
Яргуй цэнхэр ишигнүүд нь хө
Ямаан хадандаа дүүлэнхэн байна
Ай хө зэ хө ай түмэн сүрэг ээ
Үй түмээр өсгөсөн
Малчин түмний минь алдар аа
Малчин түмний минь алдар аа” гэхэд хэн хүний сэтгэл хөдөлдөг.
-“Униар татсан хөндийд чинь
Унаган бие минь өсөн жаргав аа
Унаган бие минь жаргасны учир
Ухаан бодлоо тандаа зориулъя” гэж “Эх орон Танаа” хэмээх гайхалтай дуу бий. Эх орондоо найрагчийн ёстой л зүрхний угаас бичигдсэн шүлэг, хөгжмийн хувьд маш гайхалтай, мэргэжлийн том дуу юм даа?
-“Эх орон танаа” дуу бол хөгжмийн зохиолч Б.Цогоотой хийсэн бүтээл. 1975 онд төрсөн дуу болов уу. Тэр он жилүүд бол аавын минь жинхэнэ оргил бүтээлүүд нь төрсөн үе байж дээ. Цэргийн ансамблийн дуучин Гэрэлт-Од цэрэг хувцастай анх дуулж олноо хүргэсэн. Үндэсний телевизийн алтан сан хөмрөгт байдаг юм. Хөгжим судлаач урлагийн мэргэжилтнүүдийн үнэлснээр үнэхээр том дуу гэдэг. Уг дуунаас аавын минь эх орондоо хайртай, найрагчийнх нь халуун сэтгэл мэдрэгдээд байдаг.
Манай аав чинь “Шинэ хөдөө”, “Бодлын солбицол” сонинд ажиллаж, “281-ийн холбоо”-нд Төрийн шагналт найрагч Зундуйн Дорж, Очирбатын Дашбалбар нарын хамт тэргүүлэгч гишүүнээр хүчин зүтгэж байсан. Мөн “Монгол адуу”, “Монгол тэмээ” нийгэмлэгүүдийг үндэслэн байгуулсныг тэр үеийнхэн сэхээтнүүд шагшран ярьцгаадаг. Тийм л нийгмийн зүтгэлтэн олныхоо дунд явсан хүн. Зохиолч найрагч хөгжмийнхөнтэй үнэхээр шадарлаж явсан. “Спортын мэдээ” сонины эрхлэгч байхад нь Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг ажил дээр нь ирж уулзаад гарч л дээ. Чинжиг ахыг гарсны дараа аав ажлынхандаа “Энэ залуу удахгүй мундаг хөгжмийн зохиолч болно доо” гэж байж. Яг л Шаагаагийн хэлснээр Чинзориг мандаад гараад ирсэн шүү гэж ажлын нөхөд нь дурсдаг байв.
-Ер нь танайхаар хэн хэн орж гарч байв даа?
-Тэр үеийн сэхээтнүүд бүгд орж гарч ээжийн минь гарын цайг ууж, гэрийн босгыг элээсэн. Хүүхдийн нэрт зохиолч Гэндэнгийн Сэсмээ, Жамбалын Зана, за тэгээд Төрийн шагналт Пүрэвжавын Пүрэвсүрэн, Шаравын Сүрэнжав, шатрын Данзан гээд манай байнгын зочид. Мөн радиогийн боловсон хүчин Халтар, хожим “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч болсон яруу найрагч Сүхбаатарын Батмөнх, хүүхдийн зохиолч Самбуугийн Надмид гээд олон сайхан нар ирдэг байлаа.
Монголын утга зохиолын судлал шүүмжлэлийн эцэг гэгддэг Цэрэндоржийн Мөнх гуайнх 120 мянгатад манайтай нэг байр байлаа. Аав “Би дөрвөд, сартуул, буриад гурван найзтай” гээд л тас тас инээдэг сэн.Дөрвөд нь данхар Готов гэж хүүхдийн эмч. Их сургууль хамт төгссөн эрхэм. Сартуул гэдэг нь Завханы зохиолч Шаравын Ванчаарай гуай. Буриад нь шүүмжлэгч зохиолч Ц.Мөнх юм даа. Булганы Тэшиг сумын буриад хүн байсан. Аавыг бурхан болоод гуравдугаар эмнэлгээс гаргахад Ванчаарай ахтай би шарилыг нь өргөхөөр моорогт орсон. Хүүхэд байсан болохоор яах ч учраа олохгүй байхад Ванчаарай ах “Алив цээжнээс нь өргө” гээд өөрөө хөлнөөс өргөж ясыг нь барьж байлаа. Ц.Мөнх ах минь оршуулах ёслол дээр андын хувьд үгээ нулимстай хэлж байсан нь тодхон байна. Аавын минь найзууд тийм л үнэнч сайхан нөхөд байсан. 1994 онд аав минь 59 насандаа бурхан болсон. Одоо бодоход ид залуу хийж бүтээх насандаа бурхан болжээ гэж харамсдаг. “Шувууд буцах цаг” номыг нь бурхан болсных нь дараа Төрийн шагналт зохиолч Дамбын Төрбат хэвлүүлж байсан. Аавыг нутаглуулсан Далан давхарт Хадбаатар аваргыг оршуулсан газар их ойрхон байдаг юм.Том ахын минь хуримнаар Ж.Мөнхбат аварга, Д.Хадбаатар аварга нар ирж байсныг би мартдаггүй. Хадаа аварга манай орны пүршийг шаланд тултал сууж байж билээ. Хөгжмийн зохиолч Х.Сэргэлэн ах манайхаар ирж ганц нэг юмны бөглөө мултлан хундага жингэнүүлэн уран бүтээлээ ярьж суудаг сан. Тэр том хөгжмийн зохиолч мундаг хүн хэрнээ ааваас минь баахан жийрхдэг байж билээ. Яасан дэгтэй журамтай, ёс зүйтэй ах захаа хүндэлж биесээ хайрладаг байсан юм бэ гэж бодогддог. Бүгд л ээжийн минь цай хоолонд дуртай гэж жигтэйхэн.
Ээж минь Мишигийн Найдан гэж айлын том охин, араасаа найман дүү дагуулсан буян нь дэлгэрсэн бурхан шиг хүн байлаа. 1957 онд аавтай минь танилцаад тулгын гурван чулуу шиг гурван хүү төрүүлсэн дээ. Ээж минь залуудаа Найрамдалын районы эвлэлийн ажилтан хийж байгаад Багшийн дунд сургуулийн номын санчаар ажилласан.
-Пэрэнлэйн Лувсанцэрэн зохиолч, утга зохиол шүүмжлэгч Ж.Төмөр нартай явж байгаад осолд орсныг утга зохиолын хүрээнийхэн бүгд мэднэ. Удвал гуай тэр хүнд мэдээг танай ээжид ирж дуулгасныг Цогтжаргал ах ярьж байсан. Гаадамба гуай “Манай Шагдар 100 насална аа, тэр айхтар ослоос амьд гарсан” гэж хэлдэг байсан гэдэг. Өөрөө бол хамт явсан хоёр нөхөртөө их л харамсдаг байсан юм билээ. Тэр тухай та товчхон хэлэхгүй юу?
-Удвал гуай Зохиолчдын хорооны дарга байхдаа Азербайжан руу зохиолчдын ойд гурван зохиолчоо явуулсны нэг нь манай аав байсан. Унаж явсан машин нь том оврын машинтай мөргөлдсөн тэр айхтар ослоос аав маань машины хаалгаар шидэгдэн гарч эгмээ хугалаад амьд үлдсэн. Улсын баатар Жүгдэрнамжил гэж хүний хүү утга зохиол судлаач Төмөр газар дээрээ нас барж Лувсанцэрэн зохиолч түлэгдэлтийн айхтар хүнд шархаа дийлэлгүй удалгүй өнгөрсөн үнэхээр харамсалтай үйл явдал болсон. Далан хоёр онд би гурван настай хүүхэд байсан. Удвал гуай ирж ээжид тэр харамсалтай мэдээг халган байж дуулгасныг Цогоо ах ярьдаг. Сайхан нөхдөө алдаад аав минь их л харамсаж бараг л өөртөө бурууг тохох мэт санааширч, сэтгэл шимширч явдаг байсан. Сэтгэлийнхээ гунигийг үе үе сархдаар тайлж байсныг ч би бага хүүгийнх нь хувьд мэдэх юм.
Аав маань тухайн үед Болгар, Чехословак, Румын гээд олон орноор явж, утга зохиолын олон улсын хурал чуулганд их оролцдог байсан. Горькийд явж сурах байсан юм гэдэг. Тухайн үеийн Зохиолчдын хороон дарга явуулаагүй гэх яриа байдаг юм. Гэхдээ аав инээд алдаад тийм зүйлийг тоодоггүй, ач холбогдол өгдөггүй эрсхэн эр байж дээ. Аавдаа зориулж “Хэн нэгний ард сундалдаж яваагүй эр хүн” гэж бичиж байсан. Өөрийн сэтгэл зүрхний зангаргаар хүний хорвоог туулж ардынхаа дунд эгэл зөөлөн эгшиглэх сайхан хайр, сайхан найргийг үлдээж дээ гэж боддог. “Хүний хайрыг дааж явсан бол миний шагнал, хүмүүсийн хайрыг татаж явсан бол миний гавьяа” хэлдэг. Энэ л дөрвөн мөр аавын минь амьдралын мөр байжээ.
Ярилцсан Н.Г