Categories
мэдээ цаг-үе

Нэхий боодол бохины үнэгүй болсны учир (II)

“Өдрийн сонин”-ы №199 (5464) дугаараас авч нийтлэв

-ЭХ СУРВАЛЖИЙН МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР ҮНЭНИЙГ ХАЙСАН НЬ-

Төрөөс үйлдвэрлэлийг дэмжиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого баримталж өмнөх дугаарт өгүүлсэнчлэн Засгийн газрын 300, 330 дугаар тогтоол гаргасан. Уг тогтоолд зааснаар хилээр хагас боловсруулсан арьс гаргахыг зөвшөөрч байгаа. Тэгтэл энэ тогтоол гарахтай зэрэгцээд “Эмээлт” дэх хятад ченжүүд боловсруулах үйлдвэрийг түрээслээд, хямд үнээр авсан арьс ширээ боловсруулаад гаргадаг болжээ. Тэд Монголд арьс, шир боловсруулсан өртгөө малчдаас түүхий эд авдаг үнээсээ хасчихсан. Тиймээс л малчдын нэхий бохины үнэ хүрэхээ больчихсон талаар өмнөх дугаартаа мэдээлсэн билээ.

ӨӨХ Ч БИШ, БУЛЧИРХАЙ Ч БИШ

Шинэчлэлийн Засгийн газар арьс ширний салбарыг бодлогоор дэмжиж, арьс ширний үйлдвэрүүд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаадад экспортлох зорилго тавьсан. 76 сая малтай малчдынхаа малаас гарах түүхий эдийг үнэд хүргэх зорилго төрд бас бий. Гэтэл Чингис бондоос 140 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан арьс ширний үйлдвэрүүд хятадуудын малчдаас хямд үнээр авсан арьсаа угаах дамжлага болчихсон. Малчид хониныхоо нэхийг бохины үнээр өгөхөөс түвэгшээгээд хотондоо хаячихдаг боллоо. Өнөөх эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангах, гадагшаа гаргах, малчдын түүхий эдийг үнэд хүргэх бодлогын үр дүн яагаад өөрөөр эргэчихэв.

Засгийн газрын 300, 330 дугаар тогтоолд арьс ширийг хагас боловсруулах буюу вет-блю техникийн шаардлагаар боловсруулж хилээр гаргах тухай заасан. “Вет-блю” гэж химийн аргаар үсийг нь унагаасан, үсний угийг нь бүрэн гүйцэд авсан, механик аргаар халимлаж шар махыг авсан, өнгөн болон шар махан тал нь цэвэр толигор, нугалаасгүй, толбогүй, сульфат хромын суурилаг давсаар нэвт идээлэгдсэн, жигд өнгөтэй нойтон хөх арьс, ширийг хэлж байгаа юм. Ингэж боловсруулсан арьс хилээр гаргахад асуудалгүй.

Гэтэл манайд хувиараа гутал, цүнх үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрүүд гутал хийх материалаа урд хөршөөс авдаг. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого эндээс алдагдаж байгаа хэрэг.

Засгийн газар ачир дээрээ “Боловсруулсан арьс л хилээр гаргана” гэсэн шийдвэр гаргалаа гэдэг. Гэтэл хятадууд энд үйлдвэрүүд түрээсэлж арьс ширээ хагас боловсруулаад явдаг, нутагтаа очоод гутал, цүнх хийх материал, савхи болгочихоод буцаагаад монголчуудад зарчихаж байна. Жинхэнэ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн тэндээс наашилж байгаа хэрэг.

Хэрвээ үйлдвэрлэгчид арьс, ширээ энд бүрэн боловсруулж гутал, цүнх, хүрэм, бээлий хийх материал бэлэн болгодог бол үндэсний үйлдвэрлэл хөгжиж байна гэж ойлгож болно. Гэтэл энд үйлдвэрүүд цөөн тооны арьс л бүрэн боловсруулдаг. Тэр нь өртөг өндөртэй учраас хятад бүтээгдэхүүнээс үнэтэй байхаас аргагүй. Харин үйлдвэрлэл маш сайн хөгжсөн Хятадад их хэмжээгээр боловсруулсан материал Монголд хамаагүй хямд зарагддаг. Тиймээс арьс ширний үйлдвэрүүд тоног төхөөрөмжөө хятадуудад түрээсэлж олсон мөнгөөрөө Чингис бондын зээлээ төлж байсан нь өлзийтэй байдаг гэнэ.

Тэгэхээр Засгийн газрын 300, 330 дугаар тогтоол үйлдвэрлэгчдийн хувьд өөх ч биш, булчирхай ч биш шийдвэр болж малчдын түүхий эд үнэгүйдэх нөхцөл болжээ.

Чингис бондоос санхүүжилт авсан үйлдвэрүүд арьс шир боловсруулах технологи, тоног төхөөрөмжөө шинэчилж чаджээ. Зах зээл байвал арьс, ширийг краст (хагас боловсруулсан арьсанд нэмэлт идээлэг хийж, элдэж, тэлж хатаасан, өнгө оруулаагүй арьс), савхи (хувцасны зориулалтаар гүйцэд боловсруулж, өнгө засал хийсэн хонины арьс), илэг, нубук (гүйцэд боловсруулсан арьс, шир), хром (гүйцэд боловсруулж өнгө засал хийсэн шир) болгох бүрэн боломжтой аж. Өөрөөр хэлбэл, Хятадаас орж ирдэг материалыг эндээ хийж чадна гэсэн үг. “Дархан нэхий”, “Монгол шверо” гэх мэт цөөн тооны үйлдвэр арьс, ширийг бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийж байгаа. Ихэнх нь түрээсээр хагас боловсруулалт хийж, гадагш нь гаргадаг.

Энэ салбарынхны ярьснаар төр бодлогоор зохицуулалт хийх бол гадаадаас экспортолж байгаа арьсан эдлэл, материалд татвар ноогдуулах ёстой гэнэ. Тэгвэл дотоодын үйлдвэрүүд арьс, шир бүрэн боловсруулж борлуулах боломж бүрдэх аж. Үндэсний үйлдвэрүүдийн дотоодод хийсэн арьсан гутал, цүнх 40, 50 мянган төгрөгөөр зарагддаг. Гэтэл Хятадаас арьсан гэх дуураймал бүтээгдэхүүн хэдэн мянгаараа татваргүй орж ирээд хямд зарагдчихдаг. Тэгэхээр үндэсний үйлдвэрүүдэд зах зээл байхгүй. Бүтээгдэхүүнээ БНХАУ, ОХУ руу гаргах гэхээр тэндээ өндөр татвар төлөхөөс өөр аргагүй. Ийм шалтгаанаар алдагдалтай ажилласнаар хятадуудад байраа түрээслээд зээлээ төлөхөөс аргагүй зовлонг бас ярьсан юм.

ЧИНГИС БОНДЫН 140 ТЭРБУМ МАЛЧДАД ҮР ДҮНГЭЭ ӨГСӨНГҮЙ

Чингис бондоос арьс, ширний үйлдвэрүүдэд 140 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан. Арьс, ширний салбарын 35 үйлдвэрийн ихэнх нь зээл авсан билээ. Зээл авч тоног төхөөрмжөө шинэчилснээр өдөрт 1000-аас дээш богийн арьс шир боловсруулах хүчин чадалтай 18 том үйлдвэр ажиллаж байна. Бусад нь өдөрт 200-1000 ширхэг арьс шир боловсруулах чадалтай. Судалгаагаар арьс, шир боловсруулах үйлдвэрүүд жилд 20 гаруй сая ширхэг арьс ширийг вет-блю болгох хүчин чадалтай гэсэн дүн гарчээ. Манай улс жилд 10 сая бог мал нядалдаг статистик бий. Тэгэхээр хагас боловсруулалт хийх боломж бүрэн гэсэн үг. Тэгсэн атлаа үйлдвэрүүд хагас боловсруулалт хийхэд анхаарч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоо нь буурчээ. Статистикийн мэдээнээс харахад 2012 онд 1.2 мянган тонн улны шир үйлдвэрлэж байсан бол 2014 онд энэ тоо 0.8 мянган тонн болж буурсан байна. Дөрвөн жилийн өмнө 1.7 мянган тонн хром, булигаар үйлдвэрлэсэн бол одоо 1.3 мянган тонн үйлдвэрлэжээ. Ерөөсөө үндэсний үйлдвэрүүд нийт арьс ширний 25 хувийг гүн боловсруулж, 75 хувийг хагас боловсруулж байгаа аж.

Арьс, ширний үйлдвэрүүдэд зээл олгосноор энэ салбар жилд 1.0 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, 460.0 сая америк долларын экспорт хийх, 20 гаруй мянган ажлын байр бий болгох боломж байна гэж тооцоолсон. Мөн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 28.6, хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 62.7, улсын нийт экспортын 18.2, аж үйлдвэрийн нийт ажиллагсадын 16.5 хувьтай тэнцэх хэмжээний үр дүн авчирах боломж бүрдэнэ гэж үзсэн. Харин өнөөдөр арьс, ширний салбар жилд 43 тэрбум төгрөгийн арьс, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Түүний ихэнх нь арьс хагас боловсруулснаас олсон орлого аж.

Төрөөс үйлдвэрлэгчдэд 140 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гаргасан ч тэднийг түүхий эдээр хангадаг малчдад энэ хөрөнгө оруулалтын үр дүн гарсангүй. Харин ч арьс, ширний үнэ навс унасан. Тиймээс Засгийн газар дахин шийдвэр гаргаж татвар төлөгчдийн мөнгөнөөс малчдад бэлэн мөнгө тараахаар болсон. Энэ нь үндэсний үйлдвэрүүдэд арьс, ширээ тушаавал урамшуулал олгох тухай Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоол юм. Хонины нэхийгээ үндэсний үйлдвэрт тушаасан малчинд 3000 төгрөгийн урамшуулал олгохоор болсон. Үүнийг энэ салбарынхан падаан гэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл, малчид үндэсний үйлдвэрээс падаан бичүүлж, түүгээрээ мөнгө авдаг байсан. 2014 онд 19 аймгийн 29811 малчинд нийт хоёр тэрбум 711 сая 691 төгрөгийн урамшуулал олгосон баримт байна. Төсвийн ачааллаас болж энэ мөнгийг тэгсхийгээд зогсоосон. Одоо малчдаас нэхий авдаг үндэсний үйлдвэр ч цөөн болсон. Энэ шалтгаанаа үйлдвэрийн эзэд “Дэлхийн зах зээл дээр арьс, ширний үнэ шалдаа буучихсан. Зах зээл алга. Итали руу цөөн тооны арьс гаргаж байна. Вьетнамчуудтай хэлэлцээр хийх гээд л байна. Эрэлт бага байна. Үүнээс гадна манай малчдын нэхий дэлхийн зах зээл дээр шаардлага хангадаггүй. Малчдаас авсан нэхийний таван хувь нь л шаардлага хангаж, бусад нь гологдол болдог. Малаа эрүүлжүүлээгүй цагт түүхий эдийн үнэ өсөхгүй ээ. Энэ өвөл өслөө, өслөө гээд 2000 төгрөг л болох биз” гэж тайлбарлаж байгаа юм.

НЭХИЙНИЙ ҮНЭ УНАСАНД МАЛЧИН БУРУУТАЙ

Нэгэн эх сурвалж “100 нэхий авахад тав нь л шаардлага хангадаг. Бусад нь гологдол байдаг” гэж ярилаа. Ийм мэдээлэлд үнэмшилгүй боловсруулах үйлдвэрт очлоо. Тэндхийн чанар шалгагч “Малчид малаа кралинд оруулчихаад байвал хачиг, хувалзанд бариулахгүй. Тэгтэл ихэнх нэхий хачиг, хувалзанд идүүлсэн сорвитой. Боловсруулахаар тэр арьс гологдол болчихдог” гэж ярилаа. Малчид малаа вакцинжуулж, эрүүлжүүлээгүйгээс арьс нь эцсийн бүтээгдэхүүн болох боломжгүй болчихдог аж. Вакцин хийлгээгүй малын арьсны хүзүү хэсгийг ашиглах ямар ч боломжгүй, өвчлөлттэй байдаг гэнэ. “Малчид малын эмчийг загнаж байгаад вакцин хийлгэсэн гэдэг бичиг авчихдаг. Зарим суманд тарилгыг шингэлж хийсэн ч тохиолдол гардаг. Хоттой хонь нь өсөөд байдаг. Гэтэл бүгд шахам өвчтэй, хачигт баригдсан байгаа. Ийм малын арьсыг гадныхан хараад л гологдол гээд үнэгүйдүүлдэг” гэж үйлдвэрийн ажилтан ярьсан.

Мөн цөлжилтт ихэссэнээр мал шивээнд баригдчихдаг болжээ. Шивээнд идэгдсэн малын арьсыг боловсруулахаар шүүрэн шанага шиг нүхтэй харагдах юм. Эхний боловсруулалт хийсэн арьсанд ч шивээ зоогдоостой байгааг харлаа.

Мөн мал гаргаад арьсыг нь хурдан хугацаанд давсалж хадгалдаггүй. Эвхээд хоёр цаг болгочиход л дотор нь бактери үрждэг гэнэ. Боловсруулаад харахаар өнөөх нь том, том толбо болж харагдах юм. Өлөн гэдсийг нь арьсан дотор удаан хадгалахад мөн л бактери үржиж, гологдол арьс болдог ажээ.

Үүнээс гадна малчид сүүлийн үед мал гаргахдаа арьсыг нь хутгаар салгадаг болсон. Ялангуяа Эмээлтэд мал гаргах үйлчилгээ үзүүлдэг нөхөд цаг хожихийн тулд хутгаар арьс хуулдаг. Өнөөх арьс үйлдвэрт ирэхэд зүсэгдчихсэн гологдол болдог байна. Монголд мал нядлах зориулалтын газар бараг байдаггүй. Махны хэдхэн компани нядалгаа хийдэг. Тэндээс гарсан арьсыг эс тооцвол ихэнх нь арьс зүсэгдсэн байдаг талаар үйлдвэрийнхэн ярилаа. Үнэхээр ч үйлдвэрт гологдол гэж ялгасан арьс овоолоостой харагдлаа. Энэ байдал, үйлдвэрийнхний яриагаар малаа эрүүлжүүлээгүй, шаардлагын дагуу нядлаагүй, арьс буруу хадгалсан малчид буруутай юм шиг.

ИРЭЭДҮЙ ХААНА БАЙНА ВЭ?

Энэ жил идэшний цагаар нэхий ямар үнэтэй болох бол гэхэд 2000-аас өсөхгүй дээ гэх хүн олон байлаа. Яавал түүхий эд үнэд хүрэх бол гэхэд малын удмын санг сайжруулж, эрүүлжүүлэхэд төрөөс бодит ажил хийх ёстой гэнэ. Энэ бол үр дүн хол гарах ажил.

Ирэх сард гадаадад арьс, ширэн бүтээгдэхүүний хэд хэдэн үзэсгэлэн худалдаа болох гэнэ. Тэр бүгдэд манай үйлдвэрүүд оролцож хагас боловсруулсан арьс, арьсан бүтээгдэхүүнээ танилцуулж зах зээл хайх гэнэ. Ирэх сард гурван улсын эдийн засгийн чуулга уулзалт, үзэсгэлэн болно. Түүнд манайхан оролцохоор бэлтгэж байгаа аж.

Дотоодын үйлдвэрүүдийн гол түнш нь италичууд аж. Мөн АСЕМ-аар ирсэн вьетнамчууд хөрөнгө оруулалт хийхээр судалж байгаагаа мэдэгджээ. Тэд монголчуудаас боловсруулсан арьс авах хүсэлтэй байгаа аж.

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас ирээдүй ямар байгааг тодруулахад “Сүүлийн хоёр сарын байдлаар хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний экспорт сэргэсэн. Хувь хүмүүс хүртэл экспорт хийж байгаа. Сүүлийн сард БНХАУ-ын үйлдвэрүүд сэргэж эхэллээ. Үүнээс болж тэнд эрэлт бий болж байна. Дотоодын зах зээлд хаягдаж байсан түүхий эд борлуулагдах боломж одооноос сэргэж байгаа” гэсэн юм.

Боловсруулах үйлдвэрүүд арьс шир экспортлоход мэргэжлийн хяналтын байгууллага, гаалийн байгууллага хоёрт яг адилхан баримт бичгийг хоёр удаа бүрдүүлэх шаардлага гардаг. Түүний дамжлага, төрийн албаны хүнд суртал үйлдвэрлэгчдэд хүндрэлтэй байдгийг ч бас ярьсан.

Үүнээс гадна манайхан хагас боловсруулсан арьс, шир гаргахаас илүүтэй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл ашигтай. Дагаад түүхий эдийн үнэ өснө. Үүн дээр үйлдвэрүүдэд баталгаа гаргаж өгвөл бодит дэмжлэг болно гэдгийг ч хэлэх хүн олон байлаа.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *