Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэг сар хичээллэсэн нэгдүгээр ангийнхан DNN.mn

Хичээл эхлээд яг нэг сар болж байна. Сарын хугацаанд шинэ сурагчид болох зургаан настнууд маань сургуульдаа хэрхэн дассан бол.

Анх хаана ирж байгаагаа ч ойлгохгүй үеийнхнийхээ дунд бужигнаж явсан балчрууд хэр нийгэмшиж байгааг сонирхохоор сургуулийн зүг зорилоо. Хүүхэд байгаа газар үргэлж гэрэл гэгээ цацарч байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тиймдээ ч инээд цалгисан эрдмийн өргөө болсон сургууль хамгийн сайхан газар. Тэндээс л бид бүгд амьдралын хамгийн нандин, мартагдашгүй мөчүүдээ дурсан санаж амьдардаг.

Их хотын чимээн дундуур бодол тээн алхсаар гурван давхар цэнхэр барилгын бор модон хаалгыг татахад хүүхдүүдийн инээлдсэн, тоглосон, бужигнасан өвөрмөц ертөнц угтан авлаа.

Энэ бол 100 гаруй жилийн түүхтэй Нийслэлийн ерөнхий боловсролын 3 дугаар сургууль.

Цүнхээ дааж ядсан, цүнхнээсээ жижиг гэмээр хөвгүүд, цагаан цэцэгтэй үсний боолтоор гоёсон охид сургуулийн хаалгаар найзуудтайгаа чихэлдэн байж орж ирээд инээлдсээр сургуулийн зүүн жигүүрийн хоёр дахь хаалгыг зорив. Цүнхээ ширээн дээрээ шидчихээд ангийн охиныхоо пеналыг цамцан доогуураа нууж аваад жуумалзсаар зугтааж буй хүү, гурвуулаа тойроод суучихсан нэгнийхээ хавтсыг үзэж байгаа охид гээд энэ анги адал явдлаар дүүрэн байв. 23 дахь жилдээ багшилж байгаа, эдүгээ 37 хүүхэдтэй 1 дүгээр ангийг дааж авсан Ч.Ариунаа багш бид хоёрын яриа “Хүүхдүүдийг сууж сургахын тулд 13 мэхээ хэрэглэж байна даа” хэмээн инээмсэглэснээр эхэлсэн юм.

Хүүхдүүд хичээлдээ хэр төвлөрч байгаа талаар багш “Сахилгагүйтэхдээ нүд нь сэргээд, хичээл орохоор байхгүй болчихдог хүүхдүүдийг мундаг байна, сайн байна гэж онгироовол арай дээр байдаг. Зарим нь бол мэдэж байгаа ч юм алга. Яаж ч хэлээд мэдрэмж байхгүй. Хичээл орохоор өмдөндөө бие засах энүүхэнд, мөн унтана, ер нь янз бүр л болно. Нэг нойтон, нэг хуурай сальфеткатай тэгээд нусаа татаж байгаа хүүхдийн нусыг нь нийлгэнэ. Хүүхдийн бие даах чадварыг цэцэрлэгт нь хөгжүүлмээр юм шиг санагддаг. Тэгэхгүй бол хар нялхаараа хүүхдүүд юу ч мэдэхгүй. Дүүтэй, айлын том, дунд хүүхдүүд хүний үг ойлгоод арай илүү ачаалал даах чадвартай байдаг. Одоо тэгээд хичээл орж байх дундуур “Манай дүүд гоё машин байгаа. Би тэрүүгээр тоглоно” гээд шууд хэлчихдэг. Толгойд нь тоглоом л бодогддог шиг байгаа юм. Зарим нь сургуульд орсон чинь муухай байна гэхэд нөгөө хэсэг нь гоё байна гээд ярьдаг хэмээв.

Ийнхүү биднийг ярилцаж байх зуур багш нэг хүүг хэд хэдэн удаа “Чи нааш ир суу, яагаад хүний амандаа хийсэн юмыг ам дамжуулаад байгаа юм, нэгнийгээ өвтгөж тогло гэсэн үү” ямар ч үед хүүхдүүдээсээ анхаарлаа хором ч салгахгүй байгаа нь илт байлаа. Ингээд бид яриагаа үргэлжлүүлэв. “Зургаан настнуудад худлаа ярьдаг үе гэж байдаг юм. Жишээ нь, хичээл хийх гэсэн чинь манай ээж “Чи хичээл хийж яах юм гээд миний дэвтрийг булааж аваад өөрөө авсан, мэдэхгүй. Намайг загнасан” гэж байгаа юм. За багш нь утсаар асууя даа гэхээр “За за, багш аа би ерөөсөө андуурчхаж” гэнэ. Энэ бол бараг ердийн зүйл.

Үнэхээр хөгжилтэй хөөрхөн зүйл их тохиолддог. Хүүхдүүд маань өдөр ангидаа орж ирэхдээ манарсан, гайхсан гээд янз бүрийн царайтай орж ирнэ ээ. Намар анх хичээл эхлэхэд нэг хүүхэд уйлбал дагаад бүгдээрээ уйлчихна. Одоо бол уйлалдах болоогүй байна. Үсэг үзээд ирэхээр их ч уйлалдана даа. Манай ангийн нэг хүүхэд ээждээ манай багш ууртай юм шиг мөртлөө хөөрхөн ааштай, гоё юм шиг мөртлөө муухай гэж хэлсэн байдаг юм” хэмээн инээмсэглэв.

Хамгийн урд талын ширээг тойроод дөрөвлөөд суучихсан, өнгийн цаас нугалж тоглож байгаа хөөрхөн алаг нүдтэй охиноос “Сургуульд сурах юу нь хамгийн гоё байна вэ” гэхэд “Сургуульд их гоё байгаа. Би есдүгээр сарын нэгэнд уйлаагүй. Одоо бараг жаахан хүүхдүүд надаас том харагдахгүй байгаа. Би зураг зурах, аавтайгаа хамт хичээл хийх дуртай. Бас нэг найз маань намайг загнаад байдаг, гэхдээ найзлахаараа зүгээр болчихдог. Өнөөдөр биеийн тамир орно. Хүүхдүүд биеийн тамирынхаа хувцсыг авчраад хичээлдээ ордог” хэмээн ярьж байх зуур ангийнх нь охид бидний дунд гүйж ирээд хэрэгт дурласан харцаар ширтэцгээх нь өхөөрдмөөр.

Ийнхүү ангиас гарахад зэргэлдээ ангид ээж аав нь хүүхдүүдийнхээ том цүнхийг үүрчихсэн хүргэж өгөөд гарч байгаа нь харагдлаа. Ангийн хаягийг нь хартал нэгдүгээр анги байв. Ийнхүү багшаас зөвшөөрөл авсны дараа цөөн хором ярилцаад амжлаа. “Намайг Д.Мөнхномин гэдэг. Би 13 дахь жилдээ багшилж байна. Манай анги 29 хүүхэдтэй. Нэгдүгээр ангийн багш байхад хөгжилтэй, хөөрхөн зүйлс их тохиолдоно. Хүүхдүүд заримдаа аниа, өө биш ээ багш аа гээд андуурч хэлдэг. Одоо дөнгөж тоо орж байгаа. Нэгээс дөрөв хүртэлх тоо үзсэн. Хоёр хуруугаа гаргаад за нэг хуруугаа хасаарай гэхээр дунд хуруу нь үлдэхээр өө биш ээ гээд өөр хуруугаа гаргачихдаг. Үнэхээр хөөрхөн. Одоо бол нэмж, хасаад, үржээд, зурлагаа зураад овоо зүгширч байна. Хичээл дээр барагтай бол унтахгүй. Хичээлдээ ер нь сонирхолтой. Гэхдээ зургаан настнууд чинь сууж чадахгүй, дороос нь юм хатгаад байгаа юм шиг хавчганаад, урагшаа хойшоо хараад, одоо багш аа ёстой тэгэхгүй ээ гээд ам өчиг өгсөн мөртлөө нэг минутын дараа мартчихна”.

Ийнхүү биднийг ярилцаж байх хооронд гаднаас нэг охин “багш аа баярын мэнд” гээд зүрхэн хэлбэртэй цаасан дээр өнгийн харандаагаар бичсэн мэндчилгээний үг, өөрөө нямбай гэгч нь будсан зурагтай цаас гаргаж, нүүрэндээ мишээл тодруулсаар багшдаа өглөө. Багш бүсгүй үнэхээр баярлаж байгаа нь нүднээс нь илт.

Магадгүй энэ л багш хүний хамгийн сайхан мөч байх. Цөөхөн хором ч гэсэн эрдмийн өргөөнд саатан хүүхэд насны дурсамжаа сөхөж, сургуулийн алтан босгыг анх алхан орсон тэдний гэнэн цагаахан ертөнцөөс бага ч атугай мэдэрсэн маань энэ өдрийн хамгийн гэгээлэг зүйл байлаа.

Г.Балгармаа

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *