Нүүдэлчин монголчуудын шүтэн барилдлагат өдрийн нэг нь ханш нээх өдөр юм. Дорнын зурхайд улирал тус бүрийг зургаа хуваан, 24 улирлаар нарийвчлан үздэг. Тухайлбал, хаврын улирлыг хаврын урь орох, мөн хур усны цаг, ичигсэд хөдлөх, гэгээн тунгалгийн өдөр буюу ханш нээх, тариалангийн улирал хэмээн үзнэ. Үүн дотроос ханш нээх өдөр нь байгаль дэлхий сэрж өвсний үндэс хөдлөн амь орно. Хаврын дунд сараас хаврын сүүл сарын хоорондох хугацаа буюу өвлийн туйлын 108 хоногийг амьтай бүхний “зүрх” баяссан бурхны 108 хоног хэмээн бэлгэшээдэг нь ийм учиртай. Энэ утгаараа ханш нээх өдөр монголчууд уул ус, байгаль дэлхийгээ аргадаж, өвөг дээдэс, ижий аавынхаа ариун голомтыг шүншиглэн ном хуруулж буяны ерөөл өргөдөг.
Тэр жилийн хавар Төрийн шагналт найрагч Долгорын Нямаа тэргүүтэй найрагчидтай Дорнын говиор дөрөө харшуулан явахдаа “Хулангийн шанд” хэмээх газар дөрөө мулталж билээ. Тэр өдөр ханш нээх өдөр тохиосонд нутгийн өвгөд хөгшид бэлгэшээн “Оюун билгийн их хүмүүс ханш нээх өдрөөр нутагт минь дөрөө мулталлаа” хэмээн чин зүрхнээсээ баярлаж байсан сан. Цэдэндорж хэмээх сайхан хөгшин “Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж өвс ургамал тэгш ургахын тэмдэг юм” хэмээн хэлж билээ. Тэгэхээр малчид маань ханш нээх өдрөөр олон зүйлийг шинждэг нь мэдээж. Ангир ирвэл нуур амарлаа, агь нүдэлбэл тал амарлаа гэж баярладаг ард түмэнд минь өнөөдөр голын мөс баринтгаа задлан ангирын шаргал ганганаа сонсогдож урин цагийн дуудлага ирж байна.
Ханш гэдэг нь ээлтэй гэсэн утгатай үг. Хүн бүхэнд энэ өдөр ээлээ өгч, хаврын тунгалаг нарны цацраг шиг гэрэлтэн гийгүүлэх болтугай гэх билэг ерөөлийг өргөе.